| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2018/01076/И |
| Дугаар | 101/ШШ2018/01691 |
| Огноо | 2018-05-16 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2018/01691
| 2018 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 101/ШШ2018/01691 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Иын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б-т холбогдох
2,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.И, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Г.И миний бие Б.Бт 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 2,500,000 төгрөг зээлүүлсэн. Б.Бт 2,500,000 төгрөгийг өөрийнх нь ХААН банкин дахь дугаартай дансанд шилжүүлсэн. Б.Б нь мөнгийг чинь удаахгүй өгнө гэсэн боловч 2017 оны 10 дугаар сараас хойш утсаа авахгүй алга болсон бөгөөд өнөөдрийн байдлаар зээлээ төлөхгүй байна.
Г.И нь Б.Бт 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 2,500,000 төгрөгийг өөрийнх ХААН банкин дахь дугаартай дансанд шилжүүлсэн. Б.Б нь тухайн үед мөнгийг биелэгдэхгүй боломжгүй хууль бус амлалт өгч мөнгийг шилжүүлэн авсан байх ба мөнгийг чинь удаахгүй өгнө гэсэн байдаг боловч 2017 оны 10 дугаар сараас хойш утсаа авахгүй алга болсон бөгөөд өнөөдрийн байдлаар мөнгийг амласан ёсоор буцааж өгөөгүй байна.
Иймд Б.Бээс 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус шүүхээр дамжуулан гаргасан иргэн Г.Иын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 2,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан байна. Иргэн Б.Б миний бие дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа илэрхийлье. Г.Иын гаргасан нэхэмжлэлд дараах хариу тайлбар гаръя. Миний бие нэгдүгээрт иргэн Г.И гэх хүнийг танихгүй төдийгүй зүс харж байгаагүй. Хоёрдугаарт иргэн Г.И нь 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр өөрөө миний дугаар луу залгаж ...би чиний дугаарыг өөрийн найзаасаа авлаа. Би чамаас гуйх гүйлт байна аа чи надад тус болооч би хөдөө орон нутаг ажлаар явж байгаа манай БХХК нь М ХХК-д 2,500,000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 08-ны дотор өгөх ёстой юм аа чамайг харин найз маань хэлэхдээ уг компаний нэг ажилтантай найз нөхөд гэж сонслоо. Чи Монгол хүн байна даа бие биедээ туслах боломжтой юу... гэхэд тухайн үед би татгалзсан амаржаад удаагүй, нярай хүүхэдтэй байгаагаа тайлбарласан боловч зөвшөөрч тус хүргэсэн. Ингээд Г.И нь тэр өдөр миний данс руу 2,500,000 төгрөгийг шилжүүлж би 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр М ХХК-ийн санхүүгийн албаны ажилтан н.Бтай холбогдож дээрх мөнгийг БХХК-ийн нэрийн өмнөөс тушаасан юм аа эдгээр үйл явдал бүгд баримттай болно. Тухайн үед н.Б надад хэлэхдээ дээрх хоёр компани өөр хоорондоо бараа худалдан авсан, барааны нэмэгдсэн өртгийн албан татварын үнэд Г.Иын компани нь 2,500,000 төгрөгийг манай М ХХК-д төлөх ёстой байсан юм аа хэмээн надад хэлж байсан. Гэтэл өөрт нь тус болсон хүний өөдөөс ус цацаж байгаа мэт уг мөнгийг Б.Б зээлдэн авсан, зээлсэн мөнгөө төлөхгүй байгаа мэтээр шүүхэд худал мэдүүлэг, шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Зохигчдын хооронд зээлийн харилцаа үүсээгүй бөгөөд хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн мөнгө шилжүүлсэн утга зэргээ харахад Б.Б нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, эсхүл биелэгдэхгүй боломжгүй хууль бус амлалт өгч мөнгийг шилжүүлэн авсан асуудал байхгүй юм.
Иймд шүүх хэргийн үнэн зөвийг нотлох баримтуудыг шинэчлэн судалж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.И нь хариуцагч Б.Бт холбогдуулан 2,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлээ зээлийн гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг гаргуулахаар гэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З нь ... мөнгийг биелэгдэхгүй боломжгүй хууль бус амлалт өгч мөнгийг шилжүүлэн авсан ... гэж тодорхойлон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилсөнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гардуулсан бөгөөд тэрээр хуульд зааснаар тайлбар гаргах 14 хоногийн хугацааг авах шаардлагагүй гэсэн хүсэлтийг гаргасан болно.
Г.И нь 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн 5035147186 тоот данснаас Б.Бийн 5018039840 тоот данс руу 2,500,000 төгрөгийг Бумбат хоолой НӨАТ мөнгө гэж шилжүүлсэн байх бөгөөд ийнхүү мөнгө шилжүүлсэний хувьд зохигчдын хэн алин нь маргадаггүй болно.
Харин хариуцагч нь ... Г.И нь ... би хөдөө орон нутаг ажлаар явж байгаа манай Бумбатхоолой ХХК нь М ХХК-д 2,500,000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 08-ны дотор өгөх ёстой юм аа чамайг харин найз маань хэлэхдээ уг компаний нэг ажилтантай найз нөхөд гэж сонслоо... гэсний дагуу мөнгийг надруу шилжүүлж, би цааш нь М ХХК-д аваачиж өгсөн ... гэсэн тайлбарыг гаргаж, мөн Г.Иаас мөнгө зээлээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй, энэхүү тайлбар, татгалзлаа баримтаар нотолсон байна.
Учир нь Г.И 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 2,500,000 төгрөгийг Б.Бт шилжүүлэхдээ Бумбат хоолой НӨАТ мөнгө гэж шилжүүлсэн болох нь зохигчдын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгуудаар тогтоогддог бөгөөд улмаар Б.Б нь 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр уг мөнгийг М ХХК-д Бумбат хоолойгоос барааны төлбөр гэсэн гүйлгээний утга-аар тушаасан болох нь тус компанийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Кассын орлогын ордер-ын баримт зэргээр тогтоогдож байна.
Энэхүү үйл баримтаас үзэхэд зохигчдын хооронд зээлийн харилцаа үүсээгүй, түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчид мөнгийг биелэгдэхгүй боломжгүй хууль бус амлалт өгч шилжүүлэн авсан гэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд Б.Б нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй, зохигчдын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар үүргийн харилцаа үүсээгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагч түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Бт холбогдуулан 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Иын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ