Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 3025/ШЦТ/46

 

 

 

 

   2025        02          12                                         2025/ШЦТ/46

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,

Улсын яллагч Ж.У....,

Хохирогч Б.О...,

Хохирогчийн өмгөөлөгч О.О...,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П...,

Шүүгдэгч Б.А...,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.... овогт Б..... А.... холбогдох эрүүгийн 2......... тоот хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ....-ний өдөр Архангай аймгийн .... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн .... сумын ... багийн .... тоотод оршин суух, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, .... ургийн овогт ..... А..... /РД:...../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.А... нь согтуурсан үедээ 20... оны ... дүгээр сарын ....-ээс ....-нд шилжих шөнийн 01 цагийн үед А аймгийн Ц.... сумын .... хорооллын гудамжинд таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.О--ын нүүрэн тус газарт нь өшиглөж, түүний эрүүл мэндэд нь баруун нүдний нэвт гэмтэл, склер, эвэрлэг бүрхүүлийн урагдал, нүдний агуулагдахууны гадагшлалт, баруун нүдний хараагүйдэл, баруун нүдний алимыг авах мэс заслын дараах байдал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.А...ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Ж.Ундармаа яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Хохирогч Б.О: “насан туршдаа хараагүй болсондоо их гомдолтой байна, зүүн нүдэнд нөлөөлчихвий гэсэн айдастай байна. Одоогоор зовуурь ихтэй. 38 настайдаа ажил хийж чадахгүй, эмзэг бүлгийн хүн болсондоо гомдолтой байна, хүүхдүүдийн маань ирээдүй бүрхэг боллоо, хохирол гаргуулна” гэсэн

Хохирогчийн өмгөөлөгч О.О... “улсын яллагчийн байр суурьтай ижил байна, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг дахин тогтоолгох хүсэлтээсээ татгалзсан, хохирол гаргуулж хохирогчийн эрх ашгийг хамгаалж оролцоно, хохиролтой холбоотой баримтуудыг шинжлэн судлуулна” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П____ “гэм буруу зүйлчлэл дээр мэтгэлцэхгүй, хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судалж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно” гэсэн,

Шүүгдэгч Б.А... “маш их гэмшиж байна, уучлалт гуйсан, хохирол төлнө” гэсэн  байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.

 

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...Миний бие Архангай аймгийн ,,,,, суманд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ....туслан гүйцэтгэгч .....-д оператор буюу жолоочийн ажил хийдэг. 20,,,, оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад гэртээ очсон. 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө би хот руу явах ажилтай байсан. Хот явна гэсэн Батгэрэл гэх найзтайгаа 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр очиж уулзсан. Б... гарч ирээд 23 цагийн үед орой нутгийн найзууд болох Б...., П.... гэх хоёр хүнтэй таарч бид хэд хамт ... сумын төв гудамжинд байрлах дэлгүүрийн гадаа зогсож байтал нутгийн гэх 1 машинтай 4 залуу араас ирээд "та архи авах гэж байгаа юм уу би мөнгийг нь шилжүүлчихье нэмээд авчих” гэж машин дотроос нэг нь орилсон. Тэгэхээр нь би дэлгүүрээс 2 шил архи аваад нэгийг нь өөрөө нөгөөдхийг нь тэр залуучуудад өгсөн. Тухайн залуучуудыг би бүгдийг нь таньдаг бөгөөд А.А...., Б.А..., Ө.А...гэх 3 ижил нэртэй залуу, Билгээ гэх хүмүүс байсан. Тэр хэд архиа авчихаад дэлгүүрийн үүднээс хөдлөөд явсан. Би 2 найзтайгаа хамт хөдлөөд сумын төвөөр жаахан тойрч байгаад гэрийнхээ ойролцоо буюу О... хороололд бараг хашааныхаа гадаа ирээд байж байтал дэлгүүрийн урд таарсан залуучууд бид нар дээр хүрээд ирсэн.

Тэгээд 21-ээс 22-нд шилжих шөнө буюу 01 цаг өнгөрч байхад Б.А... гэх залуу машинаасаа бууж ирээд над руу дайраад агсам тавих гээд байгаа нь мэдэгдэхгүй орилоод байсан. Би тухайн үед машиндаа жолоон дээр сууж байсан. Би машинаасаа буугаад иртэл Б.А... миний урдаас дайраад байсан. Бид 2 барьцалдаад автал би хөл алдаад газар унаж байх зуур миний нүүр хэсэг рүү тосгуулаад өшиглөчихсөн. Чирч татаад шанаа руу цохиж аваад байсан. Тэгээд би "нүд болох оо байлаа болиоч ээ" гэж хэлтэл Б.А... үйлдлээ зогсоосон. Тэр үед манай хашаанаас ээж Э...., аав Б... нар гарч ирээд тухайн үйл явдлыг хараад над дээр ирсэн. Тэр үед Б.А... зугтаад явчихсан байсан. Удалгүй манай дүү ирж сумын эмнэлэг рүү намайг аваад явсан. Тэр шөнөө аймгийн эмнэлэг рүү ирсэн. Аймгийн эмнэлгээс “хот руу яв” гэж хэлсэн. Хотод 1-р эмнэлэг дээр ирж хагалгаанд орж эмчилгээ хийлгэсэн. Миний баруун нүд ямар ч харах боломжгүй болсон. Цаашаагаа нэлээн гүн, олон оёдол тавиулсан. Баруун нүдийг ширгээх эмчилгээ хийлгэсэн.

...Б.А... гэх нутгийн залуу миний баруун нүд рүү өшиглөсний улмаас миний нэг нүд харах боломжгүй болсон. ...тухайн үед 3 А...., Э..., нэгнийх нь эхнэр гээд нэг эмэгтэй, надтай хамт явж байсан П.., Б.. гэх 2 залуу байсан. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгоно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9-р хуудас/,

        - Гэрч А.А....ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өчигдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр би эхнэр Пүрэвсүрэнгийн хамт Ц.... сумын төвд байдаг ангийн болон гэр бүлийн найз Бат-Эрдэнийн А.... гэх найзынхаа гэрт түүний эхнэрийг төрөөд удаагүй байгаа учраас эргэж очсон. Тэгээд тэднийд хоол унд идээд байж байтал баз С... эхнэртэйгээ ирсэн. Б.А... бид нарт 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво гаргаж өгсөн. Бид нар тэр пивыг уучхаад харьж амарцгаая гээд бүгд гэр гэр рүүгээ явцгаасан. Тэднийхээс явах гэж байтал Б.А... манай хадам дүү С... бид хоёрыг “гэртээ эхнэрүүдээ хүргэж өгөөд буцаад хүрээд ирээрэй, өнөөдөр хэдүүлээ жоохон суучихъя” гэхээр нь бид 2 эхнэрүүдээ гэрт нь хүргэж өгчихөөд буцаад тэдний гэрт ирсэн. Тэгээд бид гурав Б.А...ын гэрт уугаад сууж байтал манай ангийн найз Э.А.... гэх залуу ирээд бид дөрвүүлээ нийлээд гэрээс гарч сумын төвийн дэлгүүр орж нэг шил архи, нэг ширхэг 2.5 литрийн пиво аваад сумын төвийн ар руу С... машинаар очиж архи пивоо хувааж уусан. Бид 4 архи, пивоо ууж дуусчихаад харья гээд манай гэр рүү хөдлөөд явж байтал сумын төвийн төв зам дээр 2 Приус зам хаагаад зогсчихсон байхаар нь бид нар ард нь очиж зогссон. Б.А... машинаасаа буугаад тэр хоёр машинтай хүмүүс дээр очтол таньдаг хүмүүс байсан. Нутгийн хүмүүс болох Б...., Батка, П... гэх 3 хүн байсан. Б.... нь ганцаараа тусдаа машинтай явж байсан. Дэлгүүр ороод нэг шил цагаан архи бид нарт авч өгсөн. Б..., П...а, Б... нар 2 машинтайгаа хөдлөөд яваад өгсөн. Бид нар араас нь хөдлөөд өмнө архи ууж байсан газар болох сумын төвийн ард буцаж очсон. Бид нар Б....гийн авч өгсөн архийг дунд нь ортол ууж байтал шөнийн 01 цаг өнгөрч байсан. “хэдүүлээ харьцгаая” гээд сумын төвийн араас хөдөлсөн. Бид нар сумын төвийн Овоот хорооллын 2-22 тоотод байдаг С....ийн гэрийн хойно 2024 оны 09 дүгээр сарын 22-ны шөнийн 01 цаг өнгөрч байхад ирээд зогсоод байж байтал нөгөө 2 машинтай хүмүүс бид нарын араас ирээд хажууд зогссон. Тэгээд Б.А... түрүүлж буугаад Б....гийн машин дээр очоод юм ярьсан. Юу яриад байгаа нь сонсогдохгүй байсан. Тэгтэл Б.А... машины жолоон дээр сууж байсан Б....г машиных нь цонхон дээр очоод хэд хэдэн удаа цохиод автал Б.... өөрөө машинаасаа бууж ирээд машиныхаа урд очсон. Яг тэр үед нь С.... Б.... тэр хоёрыг салгах гээд машин дээр нь гүйж очоод Б.А...ыг бариад автал Б.А... Б...нэг удаа хөл рүү нь өшиглөсөн чинь Б.... газар уначихсан. Тэгээд Б.А... газар унасных нь дараа ахиад нүүр хэсэг рүү нь 2 удаа өшиглөчихсөн чинь Б.... нүүрээ дараад завилаад суучихсан. ...Б.... баруун талын нүдээ дараад суучихсан байхаар нь очоод үзтэл нүднээс нь цус гарчихсан бид нар руу “нүд сохорчихлоо, яаралтай эмнэлэг хүргээд өг” гэж хэлсэн. Б....гийн дүү охин ээжтэйгээ ирээд гэр рүүгээ аваад явсан. ...Са... бид 2 Б... гэрт очоод эмнэлэг рүү авч явсан. ...яг юунаас болсныг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,

 - Гэрч С.Са... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр би нутгийн хуурай ах Б.А...ын гэрт нь эхнэртэйгээ хамт очсон. Б.А...ын эхнэр нь төрөөд удаагүй байсан тул эргэлтээр айл хэсэж очсон. Тэгээд тэдний гэрт ороход манай баз А.А.... эхнэр хүүхэдтэйгээ, Б.А... эхнэр хүүхэдтэйгээ байсан. Тэгээд тэдний гэрт хоол унд хийж идээд Б.А... 2.5 литрийн Сэрүүн нэртэй пиво гаргаж ирсэн. А.А.... тэр хоёр пивыг уусан. Дууссаны дараа бүгд гэртээ харьцгаасан. Би тэднийхээс гараад А.А....ын гэрт ирээд байж байтал Э.А.... буюу манай нутгийн залуу А.А....ын гэрт ирж мотоциклыг нь буцааж өгсөн. Өглөө гуйгаад аваад явчихсан юм байна билээ. Тэгээд тэндээс бид гурав жижиг А.... буюу Б.А...ын гэрт очиж Б.А...ыг аваад бид 4 нийлээд сумын төвийн ард очиж 1 шил архи, 2.5 литрийн Боргио нэртэй пиво хувааж уусан. Тухайн үед харанхуй болчихсон 23 цаг өнгөрч байсан. Тэгээд бид нар архиа ууж дуусаад гэр рүүгээ харих гээд сумын төвийн төв гудамж өгсөөд явж байтал 2 машин төв зам руу ордог туслах зам буюу Хишиг-Өндөр гэх дэлгүүрийн урд хөндлөн зогсож байсан. Тэгээд би тэр 2 машин дээр очтол Б.... гээд таньдаг ах байсан.Тэр ах бид нарт Агар нэртэй архи авч өгөөд зэрэгцээ байсан машинтайгаа хамт хөдлөөд яваад өгсөн. Бид нар Б... ахын авч өгсөн архийг аваад өмнө ууж байсан газраа буцаж очоод хувааж ууж дуусчихаад шөнийн 01 цаг өнгөрч байхад тэндээсээ гэртээ харихаар болоод би Ц.... сумын төвийн Овоот хорооллын 2-22 тоотод байх гэрийнхээ гадаа хүргүүлж гэрээсээ гар утсаа авах гээд байж байтал нөгөө төв зам дээр таарсан 2 машин араас бид нар дээр хүрээд ирсэн. Тэгээд жижиг Б.А... машинаас буугаад Б...ах дээр очоод юм ярьж зогсож байгаад машины наана цаанаас цохилцоод эхлэхээр нь би яваад очтол тэр 2 машинаасаа бууж ирээд машины урд барьцалдаад зодолдоод эхэлсэн. Тухайн үед том буюу А.А.... бид 2 очиж, би голоор нь ороод Б.... ахыг түлхэж, А.А.... Б.А...ыг хойш нь татаж авсан. Салгаж байх явцад Б.А... нь 2 удаа ташаа орчим руу өшиглөсөн. Тэр нь оноогүй өнгөрөх шиг болсон.Тэгээд би Б.... ахтай хамт салгаж байсан эрчиндээ газар унасан. Босоод ирсэн чинь цаана Э.А.... Пүрэврагчаатай машин дотор зодолдоод байсан. Би тэр 2 дээр очиж салгасан. Яг тэр үед баз ах А.А...., Б.А..., Б.... хоёр дээр үлдсэн. Удаа ч үгүй миний араас ирж Э.А.... Пүрэврагчаа нарыг салгасан. Бид хоёр Э.А.... Пүрэврагчаа нарыг салгачхаад Б.... ах дээр очтол машиныхаа урд нүдээ дарчихсан завилаад сууж байсан. Тэр хооронд Э.А...., Пүрэврагчаа нар ахиад барилцаад авахаар нь ахиж би очиж салгачхаад эргээд иртэл Б.... ах машиндаа суучихсан гэр рүүгээ машинаа бариад яваад өгсөн. ...яг яаж цохисныг нь хараагүй. Ер нь согтуу байсан. Тасраагүй юу хийж байснаа мэдэж байсан байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

         - Гэрч Э.А....ын “...2024 оны 09 дүгээр сарын 22-ны шөнийн 01 цагийн үед манай сумын нутгийн дүү С...., 10 жилийн ангийн хүүхдүүд болох том буюу А.А.... жижиг буюу Б.А... нарын хамт С....ийн машинтай түүний гэрийн хойно буюу Ц.... сумын Жинст багийн Овоот хорооллын 2-22 тоотод байх хашааны хойно ирээд С.... гэрээсээ гар утсаа авах гээд байж байтал нутгийн танил ах Б...., П... бас нэг танихгүй ахтай хамт 2 машинтай хүрээд ирсэн. Тэгээд том, жижиг А....ууд машинаас буугаад Сайханбилэг бид 2 үлдсэн. 3-5 минутын дараа гадаа түр тар гээд зодоон болоод эхлэхээр нь С... бид 2 машинаасаа бууж Б.А... Б.... ах 2-ын зодооныг салгах гэж байтал Пүрэврагчаа гэх ах надтай маргалдаж бид 2 цохилцоод эхэлсэн. Бид 2-ыг том А...., Билэгээ 2 ирээд салгасан. Нэг их удаагүй зодолдох оо болиод байж байсан чинь Б.... ах машиныхаа урд тонгойгоод өвдөглөөд суучихсан байхаар нь би очоод "Зүгээр үү ах аа" гэсэн чинь юм дуугарахгүй байсан. Тэр үед Б.... ахын нэг нүдэн дээр нь цус болчихсон байсан. Тэгээд бүгд машиндаа суугаад нөгөө 2 приус түрүүлээд яваад өгсөн. Дараа нь бид 4 гэр гэртээ харьсан. Б.... ахын нүдийг хэн яаж цохиж гэмтээснийг би хараагүй. Тэр талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 22-23 дугаар хуудас/,

          - Яллагдагч Б.А...ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 106-107 дугаар хуудас/

           -  А аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 421 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “1. Б.Оын биед баруун нүдний нэвт гэмтэл, склер, эвэрлэг бүрхүүлийн урагдал, нүдний агуулагдахууны гадагшлалт, баруун нүдний хараагүйдэл, баруун нүдний алимыг авах мэс заслын дараах байдал. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 2.21.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувь тогтонги алдагдуулах тул хохирлын хүнд зэрэгт тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

          -   Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна...” гэсэн /хх-ийн 120-121 дүгээр хуудас/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 дугаар хуудас/ зэрэг болон хохирол төлсөн талаар шүүгдэгчээс хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримт, хохирогчийн хохиролтой холбоотой хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтуудыг мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

2024 оны 09 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнийн 01 цагийн үед Архангай аймгийн Ц.... сумын Овоот хорооллын гудамжинд иргэн Б.О нь бусдад зодуулж,  түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Шүүгдэгч Б.А... нь хохирогч Б.О-ыг нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь

хохирогч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид 2 барьцалдаад автал би хөл алдаад газар унаж байх зуур миний нүүр хэсэг рүү тосгуулаад өшиглөчихсөн. Чирч татаад шанаа руу цохиж аваад байсан. Тэгээд би "нүд болохоо байлаа болиоч ээ" гэж хэлтэл Б.А... үйлдлээ зогсоосон...” гэх мэдүүлэг,

гэрч А.А....ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Яг тэр үед нь С.... Б.... тэр хоёрыг салгах гээд машин дээр нь гүйж очоод Б.А...ыг бариад автал А.... Б....г нэг удаа хөл рүү нь өшиглөсөн чинь Б.... газар уначихсан. Тэгээд Б.А... газар унасных нь дараа ахиад нүүр хэсэг рүү нь 2 удаа өшиглөчихсөн чинь Б.... нүүрээ дараад завилаад суучихсан...”  гэх мэдүүлэг,

гэрч С.С....ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тухайн үед том буюу А.А.... бид 2 очиж, би голоор нь ороод Б.... ахыг түлхэж, А.А.... Б.А...ыг хойш нь татаж авсан. Салгаж байх явцад Б.А... нь 2 удаа ташаа орчим руу өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

гэрч Э.А....ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгээд том, жижиг А....ууд машинаас буугаад Сайханбилэг бид 2 үлдсэн. 3-5 минутын дараа гадаа түр тар гээд зодоон болоод эхлэхээр нь Сайханбилэг бид 2 машинаасаа бууж Б.А... Б.... ах 2-ын зодооныг салгах гэж байтал Пүрэврагчаа  гэх ах надтай маргалдаж бид 2 цохилцоод эхэлсэн. Бид 2-ын том А...., Билэгээ 2 ирээд салгасан. Нэг их удаагүй зодолдох оо болиод байж байсан чинь Б.... ах машиныхаа урд тонгойгоод өвдөглөөд суучихсан байхаар нь би очоод "Зүгээр үү ах аа" гэсэн чинь юм дуугарахгүй байсан. Тэр үед Б.... ахын нэг нүдэн дээр нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг,

өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.А...ын мэдүүлэг,

хохирогчийн биед хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 10 дугаар сарын. 23-ны өдрийн 421 дугаартай  дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

 Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбодод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

 

Б.А... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.О-ыг хөлөөрөө өшиглөж, гараара цохиж зодон эрүүл мэндэд нь баруун нүдний нэвт гэмтэл, склер, эвэрлэг бүрхүүлийн урагдал, нүдний агуулагдахууны гадагшлалт, баруун нүдний хараагүйдэл, баруун нүдний алимыг авах мэс заслын дараах байдал бүхий хүнд хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч Б.А...ын үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэн шүүгдэгч Б.А...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.А...ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо түүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр хууль сануулж авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж үнэлээгүй ба шүүгдэгчээс хууль сануулж гэрчээр мэдүүлэг авсан нь шүүгдэгчийн мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх зэрэг эрхийг тус тус зөрчсөн ноцтой зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй. 

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн зохимжгүй хэрэглээ, биеэ авч явах чадвар дутмаг байдал нь шууд нөлөөлжээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ гэж, 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.А...ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.О-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тогтоогдсон тул шүүгдэгч Б.А... энэ хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг барагдуулах үүрэгтэй.

 

Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.О-ын эрүүл мэндэд тусламж үйлчилгээ үзүүлсэн даатгалын сангаас гарсан төлбөр болох 2,289,058 төгрөгийг нэхэмжилсэн баримт хэрэгт авагдсан, улсын яллагч уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн тул шүүгдэгч Б.А...аас 2,289,058 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлэх нь үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.О, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй ба шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардалд 2,830,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7,643,120 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 15,173,400 төгрөгийг нэхэмжилж, мөн цаашид эмчилгээ хийлгэх зардал нэхэмжлэхээ илэрхийлэв.

 

Шүүгдэгч Б.А..., түүний өмгөөлөгч С.П._.. нар хохиролд 4,500,000 төгрөг төлсөн талаар тайлбар гаргаж, холбогдох баримтыг хэрэгт өгсөн, уг мөнгийг хохирогч, түүний өмгөөлөгч авсан талаараа мэдүүлсэн.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.1-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтооно гэж тусгасан. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр 29-ний Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 03 дугаартай дүгнэлтээр: “...Б.О--ын сэтгэцэд хор уршиг учирсан байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэжээ.

Хохирогчийн уг гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж, хөдөлмөрийн чадвар алдсан талаар мэдүүлж буй мэдүүлэг, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, цаашид шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөхцөл байдлыг тус тус харгалзан Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 3.4, 4-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс хувьчилж 15 хувиар тооцож 14,850,000 төгрөгийг хохирогч Б.О-ын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт гаргуулахаар шийдвэрлэв.  

Мөн хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардал 2,830,200 төгрөг нь баримтаар болон тайлбараар тус тус тогтоогдсон гэж үзэж шүүгдэгчээс гаргуулахаар, хохирогчийн нэхэмжилсэн олох ёстой байсан орлого 7,643,120 төгрөгийг нолтох баримт бүрдээгүй үндэслэлээр /хохирогч нь ажил эрхлээгүй саруудад хэдэн төгрөг олох ёстой байсан, цалин авсан эсэх талаарх холбогдох баримт байхгүй гэж үзэж/ хэлэлцэхгүй орхиж хохирогчийг цаашид гарах зардлаа болон өөрт учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.   

Иймд шүүгдэгч Б.А...аас 19,969,258 төгрөг гаргуулан үүнээс 2,289,058 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлэхээр, хохирогч Б.О-т 17,680,200 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэхэд шүүгдэгч нь хохирол төлөхөөр шүүх хуралдаанаас завсарлага авч, шүүх хуралдааныг завсарлуулав.

Шүүх хуралдааны завсарлагын хугацаанд шүүгдэгч Б.А..., түүний өмгөөлөгч нар Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2,289,058 төгрөгийг, хохирогч Б.От 17,680,200 төгрөгийг тус тус төлж, хохирогчид цаашид гарах эмчилгээний болон бусад зардалд 32,819,800 төгрөгийг нэмж төлж, урьд нь 4,500,000 төгрөгийг төлснийг мөн нэмж нийт 54,500,000 сая төгрөг хохиролд төлж, 36,819,800 төгрөг илүү төлж хоорондоо эвлэрсэн болох нь хохирогч, түүний өмгөөлөгчийн тайлбар, шүүхэд гаргасан хүсэлт, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын тайлбараар тус тус тогтоогдсон, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэж тайлбар гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

        Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

           Улсын яллагч Ж.Ундармаагаас “шүүгдэгчийн хохирол төлсөн байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэн үзэх нөхцөл байхгүй, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн,

Хохирогч Б.О “хорихоос өөр төрлийн ял оногдуулахад татгалзах зүйлгүй” гэсэн,

Хохирогчийн өмгөөлөгч О.Оюунчимэг “хохирлыг төлж эвлэрсэн, торгох ял оногдуулахад татгалзах зүйлгүй” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн “хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, шүүхийн шийдвэрээр гаргуулсан хохирол дээр нэмж төлсөн хохирлыг тогтоолд дурдуулах саналтай байна, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байхгүй, харин мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлуудыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, уг зүйлд заасан торгох ялыг хамгийн бага нэгжээр торгож, хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэсэн,

Шүүгдэгч Б.А... нь “гэмшиж байна, торгох ял багаар оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Б.А... нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн,

шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.А...ад 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байдлыг тус тус хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тус тус үзэв.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А...ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                               

                                                                       ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Э... ургийн овогт Б... А....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Шүүгдэгч Б.А...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Б.А...ад шүүхээс оногдуулсан 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.А... нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

       4. Шүүгдэгч Б.А... хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хохирогчид 36,819,500 /гучин зургаан сая найман зуун арван есөн мянга таван зуу/ төгрөг нэмж төлсөн болохыг дурдсугай. 

       5. Шүүгдэгч Б.А... нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг ирээгүй, түүнд хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 

       6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

       7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А...ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ОРХОНТАМИР