Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2021/ДШМ/221

 

 

 

 

   2021              3             4                                         2021/ДШМ/221

 

Ө.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

хохирогч П.Мөнхбаатарын өмгөөлөгч Г.Мөнхбат,

шүүгдэгч Ө.Аын өмгөөлөгч Д.Батбаяр,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/782 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч П.Мөнхбаатарын гаргасан давж заалдах гомдлоор Ө.Ад холбогдох 1810005150451 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ө.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Кинг таур хотхоны 123 дугаар байрны 131 тоотод иргэн П.Мөнхбаатартай унтаж байхад сэрээлээ гэх шалтгаанаар маргалдан, нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “баруун, зүүн дух, зулай, гүүрний зүүн дэлбэнгийн аксоны тархал гэмтэл, цус хуралт, няцрал, духанд зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ө.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Өлзийбатын Ө.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ө.Ад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, тус эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ө.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч П.Мөнхбаатарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.Мөнхбаатар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан цалин хөлс, цалин хөлсний зөрүү, цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ө.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч П.Мөнхбаатар давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолыг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Би Ө.Ад зэрлэгээр зодуулан тархиндаа хүнд гэмтэл авч, өнөөдөр тал бие минь мэдээгүй, хүний асаргаанд /гал тогооноос хоолоо аваад ширээн дээр өөрөө аваачиж чаддаггүй/ 300.000 төгрөгийн тахир дутуугийн тэтгэмжтэй, эрүүл болж дахин хуучин хэвэндээ орохгүй гэсэн эмчийн хариутай, хүний сүг болж байна. Биеийн эрүүл мэндийн шалтгаанаар өөрөө ч шүүх хуралдаандаа ороогүй, өмгөөлөгчөө оролцуулсан. Учир нь, миний ярьж байгааг хүн бүрэн ойлгох хэмжээнд би өөрийгөө илэрхийлж чадахгүй юм. Одоо ч хэвээрээ хэл яриа дульдарч ярихад хүндрэлтэй байдаг.

Шүүх хуралдааны өмнө ажилгүй байсан хугацааны цалин, цалин тэтгэмжийн зөрүү мөнгийг чинь бүрэн өгнө, нэг дор хамт олон жил ажилласан найз намайгаа бодооч ээ. Миний эхнэр, хүүхдүүдийг бодооч гэж олон удаа гуйгаад урьд ажиллаж байсан байгууллагын захирлаар хүртэл гуйлгаж хохирлыг чинь өгнө гээд байхаар нь би өөрийн өмгөөлөгчдөө намайг төлөөлөн оролцохдоо “гомдолгүй гэж хэлээрэй” гэж хэлж захиад шүүх хуралд оруулсан.

Би ухаангүй 22 хоног гэмтлийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт байсан. Тэр өдрөөс өнөөдрийг хүртэл ийм хэмжээнд очтол /харьцангуй дээрдсэн/ миний эхнэр, төрсөн дүү нар, хадам ээж маань их хэмжээний мөнгө зарж европ, ардын гэсэн эмчилгээг хийлгэж манай гэдэг айл эдийн засгийн маш хүнд байдалд орсон. Би Е ангиллын үнэмлэхтэй 25 жил хүнд даацын автомашин барьж өндөр цалинтай, хэнээс ч дутахааргүй орлого олдог байсан хүн.

Ө.Ад хууртаж 24.443.000 төгрөгийг минь өгчих байх гэж бодож гомдолгүй гэж хэлсэн. Гэрээ хүртэл байгуулж хуваагаад ч гэсэн төлнө хэмээж олон удаа хуурсан. Би гомдолгүй, ял шийтгэл дээр нь хэлэх зүйлгүй гэсэн болохоос хохирол, төлбөрөө нэхэхгүй гэж хэлээгүй. Миний өмгөөлөгч ч гэсэн хохирол төлбөрөө бүрэн төлүүлж авна гэж хэлсэн байна. Миний эмчилгээний зардлыг шүүх хурал дээр л өгч гүйцээсэн. Энэ эмчилгээний зардлаас ч илүү мөнгө зарцуулагдсан. Тэр болгоныг оролцуулаад яахав дээ гээд зарим жижиг мөнгөн дүнтэй өдөр тутмын уудаг эмний мөнгө зэргийг нотлох баримтаар өгөөгүй байсан. Өнөөдөр хүнийг насан туршийн өвчтэй тахир дутуу болгочихоод иргэний шүүхээр мөнгөө нэхээд аваарай гэж байгаад би маш их гомдолтой байна. Би 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр группээ сунгуулах цахим хуралд орсон. Сунгагдах эсэх нь эргэлзээтэй, хариу хэлээгүй байна.

Миний ажилгүй байсан хугацааны цалин, цалин тэтгэмжийн зөрүү болох 24.443.000 төгрөгийг минь гаргуулж шийдвэрлэж өгнө үү. Иргэний журмаар өвчтэй, хүний асаргаанд байдаг хүн тэрийг олж авна гэдэг маш хүнд. Өнөөдөр ирээдүйгээ төсөөлж чадахгүй, цаашид яаж амьдрах ухаанаа олохгүй, амьдрах, амьд явах хүсэл төрөхгүй, хүнээр тэжээлгэж, ад шоо үзэгдэж, сэтгэл санааны асар хүнд байдалд орсон, шаналал ихтэй байна. ...” гэжээ.

Хохирогч П.Мөнхбаатарын өмгөөлөгч Г.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчээс “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, цалин тэтгэмжийн зөрүү болох 24.443.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн гомдол гаргасан. Шүүгдэгч Ө.А өөрөө хохирогчид мөнгө төгрөгийг өгч барагдуулна гэж хэлдэг болохоор хохирол төлбөр төлөгдсөн гэж бодсон байх. Гэтэл одоо болтол хохирол төлбөр төлөгдөөгүй байна. ...” гэв.

Шүүгдэгч Ө.Аын өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 782 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирогч П.Мөнхбаатарын хувьд хохирлын асуудлаа иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх асуудлыг шүүхээс нээлттэй орхисон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 782 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирогч П.Мөнхбаатарын хувьд хохирлын асуудлаа иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх асуудлыг шүүхээс нээлттэй орхисон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.  ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, шүүгдэгч Ө.Ад холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол  хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “...тодорхой эрхэлсэн ажилтай, энэ талаар “Русский Город Алтай” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн “Ө.А нь 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн инженерээр ажиллаж байгаа бөгөөд сарын 1.000.000 төгрөгийн цалин хөлстэй талаарх тодорхойлолт болон цалингийн жагсаалт, Нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолт зэрэг баримтуудад үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн сар бүрийн орлогын хэмжээг харгалзан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож...” гэж дүгнэн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Хохирогч П.Мөнхбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзэв.

Анхан шатны шүүхээс Ө.Ад оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилго, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ. ...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл зэрэгт тус тус нийцээгүй байна.

Түүнчлэн, хувийн байдлын тухайд Ө.А нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 552 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэн 10.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

Энэ нь хэдийгээр тодорхой хууль зүйн үр дагавар үүсгэхгүй боловч шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох нэгэн үндэслэл болно.

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа цалин орлоготой эсэхийг нь үндэслэж торгох ял оногдуулахаас илүүтэй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “...шударга ёсны зарчим...”, 5.1 дүгээр зүйлд заасан “...эрүүгийн хариуцлагын зорилго...” зэргийг тус тус хангасан байх ёстой.

Анхан шатны шүүхээс энэ талаар бодитой дүгнэлт хийж чадаагүй тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/782 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Ад холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Хан-Уул дүүргийн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх Ө.Ад холбогдох хэргийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн аваад 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: 1.1.яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, 1.2.хэргийг прокурорт буцаах, 1.3.хэргийг түдгэлзүүлэх, 1.4.хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх. ...”, 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ. ...” гэж хуульчилсан.

Анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хэргийг хүлээн авч 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар Ө.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд даргалагчаар шүүгч Д.Доржсүрэнг томилсон атлаа үүнээс хойш ямар нэгэн ажиллагаа хийлгүй хуульд заасан хугацааг хэтрүүлэн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 2020/ШЗ/1671 дугаартай шүүгчийн захирамжаар урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоож, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/1798 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн.   

            Түүнчлэн, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаа хийгдсэнээс хойш 2 удаа шүүх хуралдааны товыг хойшлуулж, 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “даргалагч шүүгчийг татгалзан гаргах” хүсэлт гаргасныг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр буюу 21 хоногийн дараа шийдвэрлэсэн. Үүнээс хойш хэргийн хугацаа сунгах зэрэг хуульд заасан ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй атлаа 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ө.Ад холбогдох эрүүгийн хэргийг хуулинд заасан хэрэг хянан шийдвэрлэх хугацааг тус тус хэтрүүлэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина. ...”, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. ...” гэсэн хуулийн заалтуудыг илтэд зөрчсөн байгааг тэмдэглэж байна, цаашид анхаарвал зохино.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/782  дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Ад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Б.Ө.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.ПҮРЭВСҮРЭН

 

                                  ШҮҮГЧ                                                              Б.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ