Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 219

 

 

 

 

 

 

   

  2017           05            30                                         219       

 

                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Р.Очирсүрэн,

хохирогч Н.Цэрэнпүрэв,

хохирогчийн өмгөөлөгч Г.Баяржаргал /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0491/,

шүүгдэгч Б.Нямдаш,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0165/, Д.Буянхишиг /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 1867/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153  дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн Айргийнхан овгийн Баатарын Нямдашид холбогдох эрүүгийн 2017 2601 0160 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Айргийнхан овгийн Баатарын Нямдаш Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, “Миний Сайншанд” ХХК-нд мужааны ажилтай, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 21 дүгээр гудамжны 52 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэл:

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 28 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан. (РД:ПК85021518).

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Б.Нямдаш нь согтуугаар 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байсан иргэн Н.Цэрэнпүрэвийн 22-14 УБЯ улсын дугаартай “Тоёото Приус-20” маркийн автомашинд сууж улмаар Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын арын зам дээр хүргүүлэн таксины үйлчилгээний мөнгөө төлөлгүй, автомашинаас буухгүй гэж маргалдан, “намайг цагдаагийн хэлтэст аваачиж өгөх гэлээ” гэж жолооч Н.Цэрэнпүрэвийн жолоодож явсан автомашины жолооны рулийг булаацалдан замын хажуугийн хашлага мөргүүлэн машины урд буферын сетка, хуванцар хамгаалалтыг хагалан бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн,

-Мөн иргэн Н.Цэрэнпүрэвийн автомашиныг хашлага мөргүүлсэний дараа автомашины хаалгыг онгойлгон зугтаж байгаад Н.Цэрэнпүрэвт баригдан, бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газарт цохиж зодон, цээжин хэсэгт нь хөлөөрөө өшиглөж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нямдашаас:

Мэдүүлэг гаргахгүй. Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Цэрэнпүрэв мэдүүлэхдээ:

Би 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гадаа их хүйтэн өдөр байсан ба, 22-14 УБЯ улсын дугаартай “Тоёото Приус-20” маркийн автомашинтай явж байгаад 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол, “Чингис Сосо” их сургуулийн урьд талаас гар өргөсөн нэг охиныг аваад 1 дүгээр хорооллын хойд талын замаар такси үйлчилгээнд явж байсан. Тэр охин “Говь” саун орно гээд хүргэж өгөхөөр явж байсан. 1 дүгээр хорооллын ард зам түгжрээд явж байхад энэ Б.Нямдаш их согтолттой, даарсан байдалтай эсрэг урсгалд такси барихаар зогсож байгаа харагдсан. Миний явж байсан замын урсгал хөдөлгөөний нягтрал ихтэй, эсрэг урсгал хөдөлгөөний нягтралгүй байсан. Тэгсэн нөгөө залуу буюу энэ Б.Нямдаш миний машины жолоочийн эсрэг талын хаалгыг гэнэт онгойлгоод миний автомашинд орж ирээд суучихсан. Би “миний дүү хаашаа явах гэж байгаа юм, би хүнд үйлчлээд явж байна” гэхэд  Б.Нямдаш дуу нь гарахгүй, шүд нь тачигнаж, юу ч ярьж чадахгүй чичрээд байсан. Ойролцоогоор 10 минут ямар ч дуу гаргахгүй машин дотор дулаацаж байгаад “Баянхошуу явна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Баянхошуу явах гэж байгаа бол нөгөө урсгалаас такси барь, миний машинаас буу” гээд түлхэхэд буухгүй, Баянхошуу явна гээд маргаад байхаар нь би гартаа бахь бариад бууж очоод нэг цохисон нь үнэн. Тэгээд замд суусан охиныг “Говь” сауны гадна хүргэж өгөөд 4500 төгрөг хөлсөнд нь авсан. Тэгээд энэ залууг одоо буу гээд буухгүй болохоор нь машинаасаа татаж буулгасан чинь машины гупер рүү өшиглөөд байсан. Тэгээд дахиад машинд суучихсан. Тухайн үед “Говь” сауны харуул гадаа цас цэвэрлэж байсан, энэ байдлыг харсан. Тэгээд би Б.Нямдашийг “автомашинаас буу” гэхэд “1 дүгээр хорооллын арын замд миний автомашин байгаа тэнд хүргээд өг” гэхээр нь Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс өнгөрөөд хүргэж өгөөд за одоо буу, чиний таксины хөлс 2000 төгрөг байна, гэхдээ би авахгүй буу гэсэн. Тэгтэл буухгүй байсан. Тэгээд би “чи миний толгой руу цохиод байна, чамайг цагдаагийн хэлтэст хүргэж өгнө” гээд автомашинаа эргүүлсэн. Тэгтэл гэрлэн дохион дээр эргүүлийн машинтай цагдаа зогсож байхаар нь би “энэ согтуу залууг автомашинаас буулгаад өгөөч, миний автомашинд суучихаад буухгүй байна” гэж хэлэхэд тэр цагдаа “ойрхон Цагдаагийн хэлтэс байгаа, хүргээд өгчих” гэж хэлээд явсан. Тэгээд ногоон гэрэл асахад Б.Нямдаш миний автомашины жолооны хүрдийг  булааж, боржур мөргүүлж автомашины гуферийг хагалсан. Одоо ч тухайн газрын зам шалгах юм болох боржур нь байгаа. Тэгээд эргээд Замын цагдаа руу явтал автомашины явдал дунд Б.Нямдаш машины хаалга онгойлгоод зугтаад гүйхээр нь би машинаасаа бууж барьж аваад бахьтай гараараа нэг удаа түүнийг цохиход эргүүлээд намайг нүүр рүү 2 удаа, цээж рүү 2 удаа өшиглөж миний эрүү, хамрыг хугалсан. Шүүгдэгч Б.Нямдаш нь намайг өшиглөсөн үйлдлээ ярихгүй, автомашин дотор толгой руу нэг удаа цохисон үйлдлээ ээ ярьж байна. Шүүх эмнэлэг үзлэг хийхэд миний цээжинд зөөлөн эдийн няцралтай гарсан. Тухайн өдөр өмсөж явсан хувцас өмсөх аргагүй болж, биедээ би гэмтэл авсан. Тухайн өдөр цагдаа дээр оччихоод “алчихдаг байж” гэж намайг хэлж байсан зэрэгт нь гомдолтой байна. Би тодорхой зорилготой амьдрах гэж яваа хүн. Энэ хүнээс болж өдрийн олдог орлогоо алдсан. Нүүрэндээ сорвитой болсон. Мөрдөн байцаалтад эмчилгээний болон бусад зардлаа нэхэмжилсэн баримтыг өгсөн. Өнөөдөр шинээр мөн баримт гаргаж өгсөн байгаа. Нийт 1,311,950 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнд эмчилгээний зардал, шинжилгээ, оношилгоо, хувцасны төлбөр болон бусад зардал орсон байгаа. Үүнээс өмнөх шүүх хуралдаанд 520,000 төгрөгийг хүлээн авсан. Үлдэх төлбөрийг нэхэмжилсэн. Мөн миний эрүү хатуу юм идэж болохгүй, хамар гэмтэлтэй болохоор шөнө унтаж болохгүй байна. Нүүрэнд маш том сорви үлдсэн. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа гэв.

Эрүүгийн 2017 2601 0160 дугаартай хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох:

3.Хохирогч Н.Цэрэнпүрэвийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн:

“...2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 15 цаг өнгөрч байх үед би охин Золзаяагийн эзэмшлийн “Тоёота Приус-20” маркийн 22-14 УБЯ улсын дугаартай автомашинаар таксинд явж байхад Сонгинохайрхан дүүргийн 21-р хороололд 18-20 орчим насны нэг охин гар өргөхөөр нь авсан. Тэр охин 3, 4 дүгээр хорооллын эцэс “Говь” саун хүрнэ гэж байсан. Би 1-р хорооллын арын гэр хороолол дунд засмал замаар явсан. Тухайн үед зам түгжрээтэй байсан. Гудамжны үзүүрт байх худгийн урд нэг согтуу залуу хоёр гараа куртикныхээ халаасанд хийчихсэн, хөлдөх шинжтэй зогсож байсан. Тэгээд түгжрээнд зогсож байтал гэнэт машины зөв талын урд хаалга онгойж нөгөө согтуу залуу машинд суучихсан. Би хүүе буу гэж хэлэхэд таг дуугуй суугаад байсан. Тэгээд түгжрээнд нилээн сууж байснаа “Баянхошуу явна” гэхэд нь би чи замын нөгөө талаас машин бариад суу, би явахгүй гэж зөндөө хэлсэн боловч миний үгэнд ороогүй. Тэгэхээр нь түгжрээнд зогсож байсан болохоор би машинаасаа буугаад тэр залууг 2 удаа татаж буулгасан боловч эргээд машинд орж суугаад байсан. Машин дотор миний толгой, мөрөн дээр гараа тавиад Баянхошуу яв, таксинд сууж байсан охиныг танилцъя гэж тайван байлгаагүй. Би түүнд “чи яасан хүний үгэнд ордоггүй залуу бэ, буу” гэж янз бүрээр хэлээд ойлгохгүй болохоор нь бахь барьсан баруун гараараа зүүн шанаанд нь нэг удаа цохисон. Тэгэхэд миний урдаас хариу үйлдэл хийгээгүй. Миний буруу би одоо машин руугаа хүргүүлчье гэсэн. Тэгээд замын түгжрээ гараад машинууд явахад буухгүй байсаар 3, 4-р хороололд байх “Говь” саунд ирсэн. Такси барьсан охин буугаад явсан. Харин би тэр залууг тэнд нь үлдээх гэж 2 удаа буулгах гэж оролдсон боловч дийлээгүй буцаж машинд суусан. Тэр үедээ машины арын гупер рүү нэг удаа өшиглөсөн. Гэхдээ машины гупер эвдрээгүй. Тэгээд намайг “банди минь би чамаар заавал 1-р хорооллын арын зам руу хүргүүлнэ, тэнд миний машин байгаа” гэхээр нь 1-р хорооллын арын зам хүргэж өгсөн. Тэнд ирэхэд Баянхошуу яв гэсэн. Би явахгүй гэж хэлээд машинаас буухгүй болохоор нь эргээд цагдаад өгөхөөр Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасаг руу явсан. Замд явж байхад 24-р байрны ертөнцийн зүгээр зүүн өнцөг дээр цагдаагийн эргүүлийн машин зогсож байсан. Дэргэд нь очиж зогсоход жолооч цагдаа машиндаа ганцаараа байсан. Би машиныхаа цонхоороо “энэ согтуу хүнийг аваач машинаас буухгүй намайг дарамталаад байна” гэж хэлэхэд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтэс дээр оч гэж хэлээд явчихсан. Тэгээд хөдөлтөл согтуу залуу машины жолоог өөр рүүгээ дараад замын хашлага мөргөөд зогссон. Би зууралдаад машинаа эргүүлээд ямар ч байсан цагдаагийн хэлтэст аваачина гэж бодоод явсан. Тэгтэл зам дээр машины хаалга онгойлгоод буугаад зугтсан. Би машинаа зогсоогоод араас нь явган хөөж барьж автал миний энгэрээс хоёр гараараа заамдаж бариад газарт унагааж, нүүрэнд 2 удаа, цээжинд 2 удаа өшиглөөд зугтсан. Үүнээс болж миний хамар гэмтэж цус гарч, хувцас нил цус болсон. Тэгээд би машинаараа араас нь хөөж холдоогүй байхад нь зам дээр такси барих гээд гар өргөж байсан залуугаас гуйж байгаад хамжиж барьж замын цагдаагийн тасагт хүргэж өгсөн. Тэгээд тэндээ дуудлага өгч эргүүлийн цагдаа нар ирээд согтуу залууг авч явсан. Би такси барьсан охин, намайг зодсон хүнийг барилцсан залуугийн нэр утсыг нь мэдэхгүй. Тухайн үед тэгээд явцгаасан. Би гомдолтой...” гэх мэдүүлэг [1] ,

 

4.Гэрч Л.Бүдсүрэнгийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12, 13, 14, 31-р хорооны чиглэлд Бүргэд-114 автомашинтай эргүүлийн үүргийг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд жижүүрийн шуурхай албанаас “Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасагт зодуулсан хүн байна” гэсэн дуудлага өгсөний дагуу шуурхай очиход жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч цолтой цагдаа, зодолдсон хоёр хүн энэ гээд зааж өгөхөд 50 орчим насны эрэгтэй нүүр хэсэг нь цус болж, хамрын төвгөр язарсан шархтай, нөгөө нь 30 орчим насны согтууруулах ундаа үнэртүүлсэн ухаан мэдрэлээ алдатлаа согтоогүй хүний хэлсэнийг ойлгож байсан. Зодуулсан гэх хүн “энэ залуу намайг зодчихлоо” гэж харин зодсон гэх хүн “ хоёрын хооронд юм дээрээс шоронд орох гэж, нэг мөсөн зодчих байж” гэж хэлж байсан. Тэгээд зодсон гэх залууг цагдаагийн хэлтэс дээр авчирч шалгахад Баатарын Нямдаш гэдэг хүн байсан. Би таксины жолоочийг дагуулаад машин дээрээ хүргүүлэх гэж байсан чинь явахгүй гэхээр нь зодъё гэж зодсон гэж хэлсэн. Түүний биед үзлэг хийхэд ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Протокол хөтөлж саатуулах байранд хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг [2],

 

5.Гэрч Ц.Гомбожавын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хэлтсийн байрны угтах үйлчилгээнд ажиллаж байсан. 16-17 цагийн үед байх гаднаас зодуулсан гэх 40 гаран насны нүүр, хамар нь цус болсон эрэгтэй, зодсон гэх 30 гаран насны залуу, хөөж барьж авсан гэх 20 гаран насны залуу орж ирсэн. Зодуулсан гэх ах такси бариад таксиныхаа мөнгийг өгөхгүй зодчихоод зугтахаар нь хөөж барьж авсан залууг бариад ав гэж байгаад барьж ирлээ гэсэн. Харин зодсон гэх залуу нь олигтой зүйл яриагүй. Тэд нар хоорондоо маргалдаад байсан. Тухайн үед хэлтсийн байранд олон хүмүүс ирсэн шуугиантай байсан болохоор тэд нарын яриаг сайн ойлгож сонсоогүй. Тэгээд манай харъяаллынх биш учир Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтэст дуудлага өгч шилжүүлсэн. Өөр зүйл мэдэхгүй. Би бүртгэл тэмдэглэл хөтлөөгүй...” гэх мэдүүлэг [3] ,

 

6.Гэрч Б.Ганболдын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн:

“...2017 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө Нямдаш бид хоёр манай гэрт 0,75 литрийн архи ууж байгаад би тасраад унтчихсан байсан. Үүнээс өмнө бид хоёр буудалд архи уусан. Намайг унтаж байх хооронд Нямдаш утсаар яриад гараад явсан гэж манай эхнэр хэлсэн. Тухайн үед бид хоёр нилээн согтсон. Сүүлд ууж байсан архиа дуусгаагүй би согтоод тасарч унтсан. Нямдаш манай гэрээс өдөр тийшээ гарсан гэсэн. Яг хэдэн цагийн үед  гэдгийг мэдэхгүй. Нямдаш бид хоёр уулзаж манайд архи ууж байхад түүний нүүр царайнд ямар нэгэн шарх, сорви, гэмтэл байхгүй байсан...” гэх мэдүүлэг [4],

 

7.Гэрч Ц.Золзаяагийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн:

“...Энэ машин миний эзэмшлийн машин бөгөөд ихэвчлэн манай аав Цэрэнпүрэв унадаг. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр аав Цэрэнпүрэв унаж явсан. Тэгээд орой гэрт ирэхэд хүнд зодуулсан, хамар нь хугарч шалбарсан, машины урд гуперны урд сетик хуванцар хамгаалалт болон гупер эвдэрсэн байсан...” гэх мэдүүлэг [5],

 

8.Б.Нямдашийн сэжигтнээр 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө 11 цагт Сонгинохайрхан дүүргийн 33-р байрны арын зам дээр найз Ганболдтой уулзаад 33 байрны ертөнцийн зүгээр баруун өнцөгт байдаг буудалд хоёулаа 0,75 литрийн шилтэй архи нэгийг уусан. Тэндээс гараад 34-н гүүрний арын гэр хороолол руу Ганболдын гэрт очиж хоёулаа дахин 0,75 литрийн шилтэй архи уусан. Тэгээд тэндээ би согтоод Ганболдын гэрээс хэрхэн яаж гарсанаа санахгүй байна. Нэг мэдэхэд хохирогчийн “Тоёота Приус-20” маркийн машинд суучихсан байсан. Хохирогч тухайн үед нэг эмэгтэй зорчигчтой явсан. Би тэр эмэгтэй хаана буусныг санахгүй байна. Тэр эмэгтэйтэй машинд юу ч яриагүй. Тэр эмэгтэйг буусны дараа би та километрийн заалтаа нойллочих надад мөнгө байгаа 1-р хороололд хүргээд өгчих гээд Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн тасгийн баруун талд ирсэн. ...Тэндээс энд ирэхэд 4,500 төгрөг боллоо” гэхээр нь ийм мөнгө гарахгүй, би өөрөө таксинд явдаг гэсэн чинь чамаас мөнгө авахгүй гээд машинаасаа чирч буулгах гэхээр нь би буугаагүй. Тэгтэл машинаасаа бахь, отверка барьж бууж ирэхээр нь би машинаас нь буусан. Тэгээд шууд миний зүүн шанаанд бахьтай гараараа нэг удаа цохисон.  Би хариуд нь заамдаж байгаад нүүрэнд нь атгасан гараараа 2 удаа цохиход хохирогч газарт унасан. Тэгээд надаас зуураад байхаар нь би шууд зугтаасан. Тэгэхэд өөр нэг залуу гүйж ирээд намайг барьж замын цагдаагийн тасаг дээр авчирч эргүүлийн цагдаа ирээд саатуулахад оруулсан. Би машинд хаанаас суусанаа санахгүй байна. Замд юу болсоныг мэдэхгүй, замын цагдаагийн тасгийн баруун талд ирээд юу болсоноо санаж байна. ...” гэх мэдүүлэг [6],

- яллагдагчаар 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн:

“...Надад сонсгосон Эүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Машин нь надаас болж гэмтсэн. Гэхдээ би хохирогчийг цохиод зугтаахад араас хөөж байхдаа машинаа мөргүүлж гэмтээсэн. Мөн Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан  ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэр хүн намайг эхэлж бахьтай гараараа цохиогүй бол би зодохгүй байсан. Тэр хүн намайг цохисоноо анх хэрэг шалгаж байсан Нармандахад хэлсэн. Тиймээс би танхайраагүй. Тэр хүн эхэлж танхайрч намайг цохиогүй бол би танхайрахгүй байсан.

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 12 цагийн үед би найз Ганболдтой нийлж архи уусан. Бид хоёр 1-р хорооллын арын зам дээр таарч 33-р байрны баруун талд байх буудалд 0,75 литрийн шилтэй архи нэгийг уучихаад гарсан. Гараад би тэр буудлын үүдэнд машинаа үлдээчихээд Ганболдтой такси бариад гэрт нь очсон. Ганболдын гэр 1-р хорооллын арын дэнжид буюу 34-н гүүр гараад дээш өгсөөд байсан. Бид хоёр гэрт нь ороод 0,75 литрийн шилтэй архи нэгийг уусан. Би ууж байгаад согтоод тасарсан. Гэрээс нь яаж гарсанаа мэдэхгүй байна. Нэг мэдсэн “Тоёота Приус-20” маркийн машинд суучихсан “Саппоро”-гийн арын замаар хойш гэмтэл рүү эргэдэг дээр явж байсан. Машинд жолооч нь, арын суудал дээр нэг охин байсан. Би машины урд талын суудал дээр суусан байсан. Тэгээд 3, 4-р хороололд байх “Говь” саун дээр ирээд охиныг буулгасан. Би жолоочид та намайг 1-р хорооллын ар руу машин руу хүргээд өгчих, километрийн заалтаа нойллоод явчих гэхэд зөвшөөрсөн үгүйг мэдэхгүй байна. Тэндээс хөдөлж яваад Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн тасгийн урд ирээд зогссон. Би хэдэн төгрөг болсон бэ гэхэд 4,500 төгрөг гарсан гэж хэлсэн. Би ингэж гарахгүй, би бас таксинд явдаг хүн, арай хэтэрнээ гэсэн чинь намайг машинаасаа буу гэсэн. Би машинаас нь буугаагүй маргаж байгаад жолооч бууж ирээд бахь, отверктай гараараа миний зүүн шанаа руу нэг удаа цохисон. Тэгэхээр нь би жолоочийг заамдаж барьж байгаад баруун шанаа руу нь гараараа 2 удаа цохиод зугтаасан. Тэр жолоочоос нилээн цус гарсан. Жолооч намайг машинаараа хөөж байгаад замын брожур мөргөж гуперээ хагалсан. Тэгэхэд өөр нэг залуу гарч ирэн намайг барьж аваад жолоочийн хамт замын цагдаагийн тасагт аваачиж эргүүлийн цагдаад өгсөн. Тухайн үед миний зүүн шанаа шалбарч бага зэргийн цус гарсан байсан. Одоо бол зүгээр, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо барагдуулна...” гэх мэдүүлэг  [7],

 

9.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1098 тоот актын:

“...1.Н.Цэрэнпүрэвийн биед эрүү яс болон хоншоор яс /гайморын хөндийн дотор хана, мөн гадна хажуу хана/, хамар ясны хугарал хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, дээд уруул зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /Шинжээч М.Энхтайван/...” гэсэн дүгнэлт [8],

 

10.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2616 тоот актын:

-хэсэг газрын үзлэгт: биед ил харагдах гэмтэлгүй.

“...1.Б.Нямдашийн биед гэмтэл тогтоогдсонгүй /Шинжээч Ө.Сарангэрэл/...” гэсэн дүгнэлт [9],

11.Дуудлага, мэдээллийн бүртгэлийн хуудас [10], хохирлын баримтууд [11],  шүүх хуралдаанд гаргасан шинэ баримтууд, 22-14 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн үнэлгээний тайлан, автомашины эвдрэлийн гэрэл зураг [12], тус автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар[13] хохирогч Н.Цэрэнпүрэвийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон баримтын хуулбар [14], хохирогч Н.Цэрэнпүрэвийн гэмтлийг харуулсан гэрэл зураг [15]

 

            Шүүгдэгчийн хувийн байдлын талаар баримтууд.

 

12.Гэрч В.Отгоны 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн:

 “...Баатарын Нямдаш нь 1985 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд Баатарын 5 дахь хүүхэд болон мэндэлсэн. Эгч дүү долуулаа. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж цэцэрлэгээр хүмүүжиж 8 настайдаа ерөнхий боловсролын сургуульд элсэн орж суралцсан. Сургуульд суралцаж байх хугацаандаа хөдөлмөр, биеийн тамирын хичээлд онц сайн сурдаг, тооны хичээлдээ их сайн, хэрэг зөрчилд орж байгаагүй, нийгмийн идэвхи сайтай хүүхэд байсан. Ерөнхий боловсролын сургуулийн 10-р ангийг дүүргэж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 18 настайдаа Увс аймагт 1 жилийн хугацаат цэргийн алба хаагаад гэртээ байх болсон. 2007 онд хамаатныхаа хүнтэй маргалдаж зодооны хэрэгт холбогдсон. Түүнээс хойш хэрэг төвөгт холбогдоогүй хувиараа барилгын ажил хийдэг болсон. Одоо Нямдаш нь эхнэр хүүхэдгүй, надтай хамт амьдарч хувиараа мужааны ажил эрхэлдэг. Нямдаш түргэн ууртай, архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй, хааяадаа найз нөхөдтэйгээ уудаг. Хүнтэй эвтэй, хүнд их тусархаг тусалъя гэж боддог, ажилсаг, надад их халамжтай, өөрийн гэр орон эгч дүү нараа авч явж тэжээдэг, даруухан, худал хуурмаг зангүй, нийтэч төлөв даруу зан ааштай...” гэх мэдүүлэг [16],

 

13.Гэрч Б.Нямжавын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн:

 “...Нямдашийн төрсөн эгч ба, Нямдашийн архи дарс ууж догшин авир гаргаж байгааг би ерөөсөө харж байгаагүй. Хүнтэй харьцах харьцаа зан чанарын хувьд маш сайн гэж боддог.  Багаасаа бид нар нэг гэрт байж, одоо ч байнгын холбоотой байдаг.  Бидэнд их тусалж манай гэрийн эгч, дүү бид нартаа ганц эрэгтэй ноён нуруу нь байгаа юм. Нямдаш хувиараа барилгын болон мужааны ажил хийж их зав чөлөөгүй, бид нарын төлөө ажиллаж зүтгэдэг. Хүнтэй муудалцаж зодолдлоо гэж би сонсож байгаагүй, цагаан цайлган сэтгэлтэй, хүнд их тусч зан чанартай. Нямдаш архи согтууруулах ундаа хэрэглээд агсам согтуу тавьдаггүй, элдэв муу зуршил, зан авиргүй. Одоо ээжийн хамт хоёулаа амьдардаг...” гэх мэдүүлэг [17],

 

14. Шүүгдэгч Б.Нямдашийн иргэний үнэмлэхийн лавлагаа [18],  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [19], Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4 дугаар шийтгэх тогтоолын хуулбар [20], Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2557 дугаар тогтоолын хуулбар [21], суллагдсан хүмүүст олгосон тухай тодорхойлолт [22], “Миний сайншанд” ХХК-ний тодорхойлолт [23], Б.Нямдашийн албадан саатуулагдсан тухай баримт [24] болон бусад бичгийн нотлох баримтыг талууд шинжлэн судалсан болно.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Нямдашийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт холбогдуулах яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч Б.Нямдашид холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримталж Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэж, шийдвэрлэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:

Нэг: Шүүгдэгч Б.Нямдаш нь согтуугаар 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байсан иргэн Н.Цэрэнпүрэвийн жолоодож явсан 22-14 УБЯ улсын дугаартай “Тоёото Приус-20” маркийн автомашинд зөвшөөрөлгүйгээр сууж, улмаар Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын арын зам дээр хүргүүлэн, автомашинаас нь буухгүй гэж маргалдан, “намайг цагдаагийн хэлтэст аваачиж өгөх гэлээ” гэж жолооч Н.Цэрэнпүрэвийн жолоодож явсан автомашины жолооны хүрдийг булаацалдан замын хажуугийн хашлага мөргүүлэн машины урд буферын сетка, хуванцар хамгаалалтыг хагалан бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн, мөн иргэн Н.Цэрэнпүрэвийн жолоодон явсан автомашиныг замын хашлага мөргүүлсэний дараа автомашины хаалгыг онгойлгон зугтаж байгаад Н.Цэрэнпүрэвт баригдан, бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газарт цохиж зодон, цээжин хэсэгт нь хөлөөрөө өшиглөж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад:

-хохирогч Н.Цэрэнпүрэвийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн:

“... Би 1-р хорооллын арын гэр хороолол дунд засмал замаар явсан. Тухайн үед зам түгжрээтэй байсан. Гудамжны үзүүрт байх худгийн урд нэг согтуу залуу хоёр гараа куртикныхээ халаасанд хийчихсэн, хөлдөх шинжтэй зогсож байсан. Тэгээд түгжрээнд зогсож байтал гэнэт машины зөв талын урд хаалга онгойж нөгөө согтуу залуу машинд суучихсан. Би хүүе буу гэж хэлэхэд таг дуугуй суугаад байсан. Тэгээд ...“Баянхошуу явна” гэхэд нь би чи замын нөгөө талаас машин бариад суу, би явахгүй гэж зөндөө хэлсэн боловч миний үгэнд ороогүй. ...би машинаасаа буугаад тэр залууг 2 удаа татаж буулгасан боловч эргээд машинд орж суугаад байсан. ...намайг банди минь би чамаар заавал 1-р хорооллын арын зам руу хүргүүлнэ, тэнд миний машин байгаа гэхээр нь 1-р хорооллын арын зам хүргэж өгсөн. Тэнд ирэхэд Баянхошуу яв гэсэн. Би явахгүй гэж хэлэхэд машинаас буухгүй байсан. ...Замд явж байхад 24-р байрны ертөнцийн зүгээр зүүн өнцөг дээр цагдаагийн эргүүлийн машин зогсож байсан. ...Би машиныхаа цонхоороо энэ согтуу хүнийг аваач машинаас буухгүй намайг дарамталаад байна гэж хэлэхэд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтэс дээр оч гэж хэлээд явчихсан. Тэгээд хөдөлтөл согтуу залуу машины жолоог өөр рүүгээ дараад замын хашлага мөргөөд зогссон. Би зууралдаад машинаа эргүүлээд ямар ч байсан цагдаагийн хэлтэст аваачна гэж бодоод явсан. Тэгтэл зам дээр машины хаалга онгойлгоод буугаад зугтсан. Би машинаа зогсоогоод араас нь явган хөөж барьж автал миний энгэрээс хоёр гараараа заамдаж бариад газарт унагааж, нүүрэнд 2 удаа, цээжинд 2 удаа өшиглөөд зугтсан. Үүнээс болж миний хамар гэмтэж цус гарч, хувцас нил цус болсон. ...зам дээр такси барих гээд гар өргөж байсан залуугаас гуйж байгаад хамжиж барьж замын цагдаагийн тасагт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг [25] , мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд,

-гэрч Л.Бүдсүрэнгийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн:

“...Үүрэг гүйцэтгэх хугацаанд жижүүрийн шуурхай албанаас “Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасагт зодуулсан хүн байна” гэсэн дуудлага өгсөний дагуу шуурхай очиход 50 орчим насны эрэгтэй нүүр хэсэг нь цус болж, хамрын төвгөр язарсан шархтай, нөгөө нь 30 орчим насны согтууруулах ундаа үнэртүүлсэн ухаан мэдрэлээ алдатлаа согтоогүй хүний хэлсэнийг ойлгож байсан. Зодуулсан гэх хүн “энэ залуу намайг зодчихлоо” гэж, харин зодсон гэх хүн “хоёрын хооронд юм дээрээс шоронд орох гэж, нэг мөсөн зодчих байж” гэж хэлж байсан. Тэгээд зодсон гэх залууг цагдаагийн хэлтэс дээр авчирч шалгахад Баатарын Нямдаш гэдэг хүн байсан. Би таксины жолоочийг дагуулаад машин дээрээ хүргүүлэх гэж байсан чинь явахгүй гэхээр нь зодъё гэж зодсон гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг [26],

-гэрч Ц.Гомбожавын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн:

“...16-17 цагийн үед байх гаднаас зодуулсан гэх 40 гаруй насны нүүр, хамар нь цус болсон эрэгтэй, зодсон гэх 30 гаруй насны залуу, хөөж барьж авсан гэх 20 гаруй насны залуу орж ирсэн. Зодуулсан гэх ах такси бариад таксиныхаа мөнгийг өгөхгүй зодчихоод зугтахаар нь хөөж барьж авсан залууг бариад ав гэж байгаад барьж ирлээ гэсэн. ...” гэх мэдүүлэг [27] ,

-гэрч Ц.Золзаяагийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн:

“...Энэ машин миний эзэмшлийн машин бөгөөд ихэвчлэн манай аав Цэрэнпүрэв унадаг. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр аав Цэрэнпүрэв унаж явсан. Тэгээд орой гэрт ирэхэд хүнд зодуулсан, хамар нь хугарч шалбарсан, машины урд гуперны урд сетик хуванцар хамгаалалт болон гупер эвдэрсэн байсан...” гэх мэдүүлэг [28],

-Б.Нямдашийн сэжигтнээр 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн:

“...найз Ганболдтой уулзаад 33-р байрны ертөнцийн зүгээр баруун өнцөгт байдаг буудалд хоёулаа 0,75 литрийн шилтэй архи нэгийг уусан. Тэндээс гараад 34-н гүүрний арын гэр хороолол руу Ганболдын гэрт очиж хоёулаа дахин 0,75 литрийн шилтэй архи уусан. Тэндээ би согтоод Ганболдын гэрээс хэрхэн яаж гарсанаа санахгүй байна. Нэг мэдэхэд хохирогчийн “Тоёота Приус-20” маркийн машинд суучихсан байсан. ...би та километрийн заалтаа нойлолчих надад мөнгө байгаа 1-р хороололд хүргээд өгчих гээд Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн тасгийн баруун талд ирсэн. ...машинаасаа чирч буулгах гэхээр нь би буугаагүй. ...нүүрэнд нь атгасан гараараа 2 удаа цохиход хохирогч газарт унасан. Тэгээд надаас зуураад байхаар нь би шууд зугтаасан....” гэх мэдүүлэг [29],

-яллагдагчаар 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн “...Би машинаас нь буугаагүй маргаж байгаад жолооч бууж ирээд бахь, отвёркатай гараараа миний зүүн шанаа руу нэг удаа цохисон. Тэгэхээр нь би жолоочийг заамдаж барьж байгаад баруун шанаа руу нь гараараа 2 удаа цохиод зугтаасан. Тэр жолоочоос нилээн цус гарсан. Жолооч намайг машинаараа хөөж байгаад замын брожур мөргөж гуперээ хагалсан....” гэх мэдүүлэг [30],

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1098 тоот акт дүгнэлт [31], дуудлага, мэдээллийн бүртгэлийн хуудас [32], 22-14 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн үнэлгээний тайлан [33]  зэрэг бичгийн нотлох баримтаар  тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Нямдашаас “...хохирогч Н.Цэрэнпүрэвийн автомашиныг би гэмтээгээгүй, араас хөөж байхдаа машинаа мөргүүлж гэмтээсэн, тэр хүн эхэлж бахьтай гараараа цохиогүй бол би зодохгүй байсан. ...” гэж маргаж мэдүүлсэн.

 

Мөн шүүгдэгчийн сонгон авсан өмгөөлөгч Д.Буянхишигээс “...хохирогч бахиа барьж очоод Б.Нямдашийг буух гэж байхад нь цохисон бөгөөд хохирогчийн энэхүү зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна. Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсгийг зөвшөөрөхгүй буюу автомашиныг боржур руу мөргүүлээгүй байх тул учирсан гэмтлийн төлбөрийг төлөх үндэсгүй...” гэж,

-өмгөөлөгч Н.Одонтуяагаас “...Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна, хохирогч эхэлж зэвсгийн чанартай зүйл хэрэглэж Б.Нямдашийн хацрыг шалбалсан хохирогчийн буруутай үйл ажиллагаа байна. Мөн таксины төлбөрөөс болж маргасан нь хувийн сэдэлттэй гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Танхайрсан, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл болоогүй байна. Хохирогчийн автомашиныг гэмтээсэн гэдэгт Б.Нямдаш зугтахад хойноос нь хөөж ирээд баруун талаар боржур мөргөсөн гэдэг. Иймээс хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсгээр зүйлчилж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцсэн.

 

Нийгмийн хэв журам гэдэгт бусдын амгалан тайван байдал, хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж буй нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон аж төрөх ёсны хэм хэмжээг,

-нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчих гэдэгт хүний халдашгүй чөлөөтэй байх, амьд явах, амрах, амгалан тайван амьдрах талаар нийгэмд тогтож хэвшсэн ёс журмыг зөрчихийг,

-хүч хэрэглэсэн гэдэгт хүнийг зодох, бие эрхтэнд нь гэмтэл учруулах зэрэг биеийн хүч хэрэглэсэн аливаа үйлдлийг,

-догшин авирлах гэдэгт “олон нийтийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрсөн ичгүүр сонжуургүй авирлаж, харгис хэрцгий аргаар зориуд удтал үргэлжүүлэх, танхайрах явцдаа бусдын бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан, эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн зэргийг тус тус ойлгоно.

Танхайрах гэмт хэрэг нь нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулах, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчих, урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн, үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх зэргээр үйлдэгддэг.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл хохирогч Н.Цэрэнпүрэвийг зам дээр автомашинаа жолоодоод түгжирэлд ороод явж байхад түүний автомашинд шүүгдэгч Б.Нямдаш нь зөвшөөрөлгүй суусан, хохирогч машинаасаа буухыг түүнээс удаа дараа шаардахад буулгүй, улмаар өөрийнхөө автомашин байгаа газарт хүргүүлнэ гэж хохирогчоос шаардсан, хохирогч Н.Цэрэнпүрэв нь шүүгдэгч Б.Нямдашийг автомашинаас нь буухгүй болохоор түүний хэлснээр өөрийнх нь машин байгаа гэх газарт буюу 1 дүгээр хороололд хүргэж ирэхэд мөн л хохирогчийн машинаас нь буулгүй, Баянхошуу яв гэж шаардаж, дарамтлан бүдүүлэг авирлажээ. Энэхүү хугацаанд хохирогч Н.Цэрэнпүрэвийн автомашин дотор буухгүй гэж удаан хугацаанд маргалдаж, хохирогч нь “Говь” сауны гадаа такси үйлчилгээгээр үйлчлүүлсэн иргэнийг буулгасаны дараа Б.Нямдашийг машинаасаа буулгахад машин руу нь өшиглөж, “банди минь би чамаар заавал 1 дүгээр хороололын арын зам руу хүргүүлнэ” гэж маргалдсан, толгой руу нь цохих зэрэг үйлдэл хийж,  мөн 1 дүгээр хороололд хүргүүлсний дараа Баянхошуу явахгүй, цагдаад өгнө гэхэд хохирогч Н.Цэрэнпүрэвийн жолоодон явсан автомашины жолооны хүрдийг булаацалдаж, автомашиныг замын боржур мөргүүлж гэмтээн, машиныг зогсоогоод зугтсан байна. Автомашиныг мөргүүлж гэмтээгээд зугтахад нь хохирогч Н.Цэрэнпүрэв түүнийг араас нь хөөж барьж авахад хохирогчин нүүр цээж рүү нь цохиж Н.Цэрэпүрэвийн биед эрүү яс болон хоншоор яс, хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх зөөлөн эдийн няцрал, баруун хацар, дээд уруулд зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр гэмтлийг учруулжээ. Эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.Нямдаш нь нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан

авир,  бүдүүлэг үйлдлээ удтал үргэлжлүүлж, дарамтлах, хүч хэрэглэх зэргээр танхайрах гэмт хэргийг үйлджээ.

Харин өмгөөлөгчийн өмгөөллийн саналдаа хэлсэн “хохирогч Н.Цэрэнпүрэв нь шүүгдэгч Б.Нямдашаас таксины мөнгө нэхсэн, үүнээс болж маргалдсан гэх нөхцөл байдал болоогүй байна. Хохирогч Н.Цэрэнпүрэв Б.Нямдашид таксины хөлс авахгүй, машинаас буу гэдгээ хэлсэн талаар удаа дараа мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой мэдүүлжээ.

Мөн шүүгдэгч Б.Нямдашид машинаас буу гэдэг шаардлагыг хохирогч түүнд удаа дараа тавиад буухгүй болохоор нь бахь /багаж/ барьсан гараараа түүний зүүн шанаанд нь нэг удаа цохисон гэж мэдүүлэх ба энэхүү үйлдлээс болж танхайн гэмт хэрэг үйлдэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Нямдаш нь бусдын тээврийн хэрэгсэлд суучихаад буугаагүй, очино гэх газраа дарамталж хүргүүлсний дараа ч машинаас нь буулгүй, бусдын амгалан тайван байх, чөлөөтэй, халдашгүй байх эрхийг нь зөрчжээ. Нөгөө талаас тус гэмт хэрэг нь хохирогч Н.Цэрэнпүрэвээс Б.Нямдашийг цохисоноор гэмт хэрэг эхэлж үйлдэгдээгүй, харин  Б.Нямдаш нь хохирогчийн автомашинд суусан үеэс эхэлсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан Б.Нямдаш хохирогч Н.Цэрэнпүрэвийн автомашиныг замын боржур мөргүүлж гэмтээгээгүй юм гэх санал нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй, харин Б.Нямдашийн үйлдлээс болж хохирогчийн тухайн үед жолоодож явсан 22-14 УБЯ дугаарын Т.Приус-20 загварын автомашины урд буферийн сетка, хуванцар хамгаалалтыг хагалж гэмтээсэн нь хохирогчийн мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ний техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогджээ.

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хэт нэг талыг баримталсан, хохирогч Н.Цэрэнпүрэв нь шүүгдэгч Б.Нямдашид гэмтэл учруулсан болох нь албадан саатуулах байрны баримтаар тогтоогдоно, үүгээр Б.Нямдашид гэмтлийн зэрэг тогтоогдож хохирогч байхыг үгүйсгэхгүй гэж мэтгэлцсэн.

Мөрдөн байцаалтад Б.Нямдаш яллагдагчаар мэдүүлэхдээ “... тухайн үед миний зүүн шанаа шалбарч, бага зэргийн цус гарсан, одоо бол зүгээр, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэж мэдүүлсэн, харин мөрдөн байцаагч шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол гаргаж, тус тогтоолыг үндэслэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Нямдашийн биед үзлэг хийж гаргасан дүгнэлтээр Б.Нямдашийн биед гэмтэл тогтоогдоогүй байх ба, холбогдох ажиллагааг хийсэн байна.

Иймд хохирогч Н.Цэрэнпүрэв нь шүүгдэгч Б.Нямдашид өөрийнхөө буруутай үйл ажиллагааны улмаас гэмтэл учруулсан гэх, хохирогч Н.Цэрэнпүрэвийг буруутгах нөхцөл байдал хэрэгт цугларсан байдлаар тогтоогдоогүй, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй санал, дүгнэлт байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан саналуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Харин Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Нямдашид Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь танхайрах гэмт хэрэгт нэг болон хэд хэдэн объектод халддаг учраас хохирогч Н.Цэрэнпүрэвийн жолоодон явсан 22-14 УБЯ дугаарын Т.Приус-20 загварын автомашины урд буферийн сетка, хуванцар хамгаалалтыг хагалж гэмтээсэн Б.Нямдашийн үйлдлийг танхайрах гэмт хэргийг үйлдэх явцдаа бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэж үзэх үндэслэлтэй, тусдаа гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй хэрэг гэж үзэх үндэслэлгүй тул Б.Нямдашид холбогдох Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иймээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нямдашид холбогдох эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзсэн ба, шүүгдэгч Б.Нямдашийг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж, танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тус зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэстэй гэж үзэв.

 

Хоёр:Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.

Хохирогч Н.Цэрэнпүрэв нь тус гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 1,311,950 төгрөгийг Б.Нямдашаас нэхэмжилж, эрүүгийн хэрэгт дараах баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

-Толгойн компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн 110,000 төгрөгийн /2016.1.3/ ,

-цусны бүлэг тогтоолгосон 2,000 төгрөг,

-эм худалдан авсан 44,800 төгрөг,

-Пи Ди Ай Си гоо сайхан мэс заслын эрүү, нүүрний төв эмнэлэгт үзүүлсэн 20,000 төгрөг,

-шинжилгээний төлбөр төлсөн 112,500 төгрөг,

-эм худалдан авсан 36,500 төгрөг,  

-гэмтлийн зэрэг тогтоолгохоор үзүүлсэн төлбөрийн 3,000 төгрөг,

-Гялс төвд шинжилгээ хийлгэсэн 13,100 төгрөг,

-эм худалдан авсан 2,050 төгрөг,

-шатахууны зардлын 124,000 төгрөг,

-автомашины хохирлын үнэлгээ хийлгэхэд төлсөн төлбөр 19,000 төгрөг,

-Улсын төв 1-р эмнэлэгт үзүүлсэн 64,000 төгрөг,

-эм худалдан авсан 34,000 төгрөг гэсэн баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд хэрэгт ирүүлсэн байна.

Шүүхийн хуралдаанд Ц.Золзаяагаас итгэмжлэл авч, нотариатын үйлчилгээний хөлс төлсөн 10,000 төгрөгийн,

-Улсын 1 дүгээр эмнэлэгт энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ үзүүлж явахдаа гадаа машинаа тавьсан байсныг ачсан гэх үндэслэлээр ачилт хийлгэсэн 60,000 төгрөгийн баримт,

-тус гэмт хэргийн улмаас цус их гарсан, Б.Нямдаш өмсөж явсан хувцасыг урсан гэх шалтгаанаар хувцасны үнэ нэхэмжилсэн 385,000 төгрөгийн баримт,

-перфект эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөрийн 20,000 төгрөгийн баримт зэргийг шинээр гаргасан.

Мөн дээр дурдсан баримтууд дээр автомашины хохирлын дүн 110,000 төгрөгийг нэмж, 1,169,950 төгрөгийн баримт хэрэгт цугларсан байна.

 

Шүүх дээрх баримтуудыг судлаад:

- 2016 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хийлгэсэн Толгойн компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн 110,000 төгрөгийн баримтыг энэ хэрэгт хамааралгүй гэж үзэхээр байна. Мөн цаг хугацаа нь уншигдахгүй байгаа шатахууны зардалд зарцуулсан гэх 20,000 төгрөгийн баримт, шүүх хуралдаанд шинээр гаргасан автомашинаа ачуулсан гэх 60,000 төгрөгийн баримтыг тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүй. Иргэн Н.Цэрэнпүрэв нь автомашинаа зөвшөөрөлгүй газар байрлуулснаас ачуулж гарсан зардлыг Б.Нямдашийн үйлдсэн гэмт хэрэгтэй холбох үндэслэлгүй. Автомашиныг  зөвшөөрсөн тэмдэгт бүхий газар байрлуулах нь Н.Цэрэнпүрэвийн иргэний үүрэг юм.

Мөн гэмт хэргийн улмаас миний хувцасыг Б.Нямдаш урсан гэж хохирогч Н.Цэрэнпүрэв нь өмдний үнэ 40,000 төгрөг, ноолууран цамцны үнэ 120,000 төгрөг, хар куртикний үнэ 200,000 төгрөг, фудволкны үнэ 25,000 төгрөг, нийт 385,000 төгрөг нэхэмжилснийг тус гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирол гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Цэрэнпүрэвээс цус болсон хувцаснууд одоог хүртэл хадгалагдаж байгаа, мөрдөн байцаагч хурааж авна гээд аваагүй гэсэн мэдүүлгийг гаргаж, хувцасны төлбөр нэхэмжилсэн тул хохирогчийн иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх үндэслэлээр, нөгөө талаас гэмт хэргийн улмаас хохирогч Н.Цэрэнпүрэвийн хувцас урагдсан, цаашид ашиглах шаардлагыг хангахгүй болсон эсэх, шүүгдэгч Б.Нямдаш хохирогчийн хувцасыг урсан эсэхийг тогтоох зэрэг үндэслэлээр анхан шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд тус шүүхийн захирамжийг улсын яллагч Р.Очирсүрэн эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 317 дугаар магадлалаар улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан захирамжийг хүчингүй болгож, Б.Нямдашид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болох нөхцөл байдлуудыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгасан, хэрэгт нэмэлт ажиллагаа заавал хийх шаардлагагүй, эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж, хэргийг анхан шатны шүүхэд буцаажээ.

Иймд шүүх хохирогч Н.Цэрэнпүрэвийн өмсөж явсан гэх хувцас шүүгдэгч Б.Нямдашийн үйлдлээс болж урагдсан, цус болсон цаашид ашиглах боломжгүй болсон эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоогоогүй, дутуу ажиллагаа хийсэн хэрэгт  хохирогч Н.Цэрэнпүрэвийн хувцасны төлбөрт нэхэмжилсэн 385,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй, мөн эрүүгийн хэргийн журмаар тогтоогоогүй нөхцөл байдлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх, шаардах эрхийг тогтоолд заах, шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул хохирогчийн хувцасны төлбөр гаргуулах асуудлыг шийдвэрлэх боломжгүй болно.

            Иймээс шүүх хохирогч Н.Цэрэнпүрэвийн нэхэмжилсэн хохирлын нэхэмжлэлээс 575,000 төгрөгийн баримтаар нэхэмжилсэн төлбөрийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Мөн хохирогч Н.Цэрэнпүрэв нь иргэн Ц.Золзаяагийн эзэмшлийн 22-14 УБЯ дугаарын приус-20 загварын автомашиныг жолоодон яваад Б.Нямдашийн үйлдлээс тус автомашинд гэмтэл учирсан бөгөөд тус гэмтлийг “Ашид билгүүн” ХХК нь 110,000 төгрөгөөр тогтоосон байна.

Иргэн Ц.Золзаяагаас өөрийн автомашинд учирсан гэмтлийн үнэлгээний төлбөрийг Б.Нямдашаас шаардах, нэхэмжлэх эрхийг 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн итгэмжлэлээр Н.Цэрэнпүрэвт олгосон байх тул автомашины хохирлын төлбөрийг Н.Цэрэнпүрэв нэхэмжлэх эрх үүссэн байна.

Иймд шүүгдэгч Б.Нямдашаас нийт 608,950 төгрөг гаргуулахаас 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид 520,000 төгрөг нөхөн төлөгдсөн талаар талууд маргаагүй, үлдэх 88,950 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Цэрэнпүрэвт олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Н.Цэрэнпүрэв нь цаашид хамрын сорвийг арилгах эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа талаар мэдүүлсэн, мөн эрүү хатуу зүйл зажилж чадахгүй бүрэн эдгэрээгүй гэх тул цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Нямдашаас нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Гурав:Шүүгдэгчийн хувийн байдлын талаар.

Шүүгдэгч Б.Нямдаш нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 28 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан байх ба хүнд төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгджээ.

Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд ялтай байдлын талаар заасан ба уг зүйлийн 78.2.4-т “хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болох тухай заасан байх бөгөөд шүүгдэгч Б.Нямдаш нь 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ялгүй болохоор байсан байна.

Харин 2015 онд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх” тухай хууль батлагдсан ба тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж,

- 6 дугаар зүйлийн 6.1.1-д “эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг...” хэрэгсэхгүй болгоно гэж,

-10 дугаар зүйлийн 10.5-д энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй ...” гэж тус тус заажээ.

 

Иймд шүүгдэгч Б.Нямдашийн 2008 онд хүнд төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж, суллагдсанаас хойш тоологдсон ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь дээрх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар хамаарч өршөөгдсөн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Нямдашид ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан гэм хорын зардлын зарим хэсгийг  нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Б.Нямдаш нь хуульд заасан энэрэнгүй ёсны зарчмын үүднээс 2009, 2015 оны тус тус Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байх боловч дүгнэлт хийгээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Шүүгдэгч Б.Нямдаш нь урьд хүнд гэмт хэрэгт шийтгүүлж хорих ял эдэлж байсан байх бөгөөд урьд хорих ял эдэлж байсан этгээдэд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр хуульчилсан байдаг ба шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын хор, хэр хэмжээ, бусад байдлыг харгалзан жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Дөрөв. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Б.Нямдаш нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

   Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 296.4, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Нямдашид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Шүүгдэгч Айргийнхан овгийн Баатарын Нямдашийг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Шүүгдэгч Баатарын Нямдашийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нямдашид оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримт үгүй, шүүгдэгч Б.Нямдаш нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нямдашаас 88,950 /наян найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Цэрэнпүрэвт олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 575,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Н.Цэрэнпүрэв нь цаашид гарах гэм хорын зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Нямдашид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Б.Нямдашид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

 

 

 


[1] Хавтаст хэргийн 10-11 дүгээр тал.

[2] Хавтаст хэргийн 12 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 13 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 14 дүгээр тал.

[5] Хавтаст хэргийн 15 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 31 дүгээр тал.

[7] Хавтаст хэргийн 33 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 19 дүгээр тал.

[9] Хавтаст хэргийн 23 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 49 дүгээр тал

[11] Хавтаст хэргийн 50-56 дугаар тал

[12] Хавтаст хэргийн 57-59 дүгээр тал.

[13] Хавтаст хэргийн 45 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 59-61 дүгээр тал.

[15] Хавтаст хэргийн 63 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 16 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 17 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 34 дүгээр тал.

[19] Хавтаст хэргийн 35 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 36-37 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 38 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 39 дүгээр тал.

[23] Хавтаст хэргийн 70 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 47-48 дугаар тал.

[25] Хавтаст хэргийн 10-11 дүгээр тал.

[26] Хавтаст хэргийн 12 дугаар тал.

[27] Хавтаст хэргийн 13 дугаар тал.

[28] Хавтаст хэргийн 15 дугаар тал.

[29] Хавтаст хэргийн 31 дүгээр тал.

[30] Хавтаст хэргийн 33 дугаар тал.

[31] Хавтаст хэргийн 19 дүгээр тал.

[32] Хавтаст хэргийн 49 дүгээр тал

[33] Хавтаст хэргийн 57 дугаар тал.