Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2021/0384

 

  

 

 

 

2021 оны 6 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2021/0384

Улаанбаатар хот

 

                                    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                     баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, Б.Г***, Г.П***, Г.М*** нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/525 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*** нь тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Миний бие Б.Д*** нь Б.Г***, Г.П***, Г.М*** нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ.

Тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Э*** ХХК нь маргаан бүхий газрыг Кадастрын зургаас хасан өөрчлөлт оруулахаар тохирсны дагуу нэхэмжлэгч нар нь газрын албанд хүсэлтээ өгөн, газар эзэмших эрхээ баталгаажуулахаар болсон.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*** нь 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/525 дугаар захирамжийг хүчингүй болгуулах  шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Улмаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д***гаас 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтдээ: “...Тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Э*** ХХК нь маргаан бүхий газрыг Кадастрын зургаас хасан өөрчлөлт оруулахаар тохирсны дагуу нэхэмжлэгч нар нь газрын албанд хүсэлтээ өгөн, газар эзэмших эрхээ баталгаажуулахаар болсон.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэж дурьдсан байх бөгөөд шүүхээс нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д***д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 122 дугаар зүйлийн 122.2-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” болохыг тайлбарласан болно.

Нэхэмжлэгч Б.Г***, Г.П***, Г.М*** нар нь 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д***д итгэмжлэл олгосон байх бөгөөд түүний нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасан хуулийн шаардлагыг хангасан ба гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, нэхэмжлэгч Б.Г***, Г.П***, Г.М*** нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Г***, Г.П***, Г.М*** нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/525 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Г***, Г.П***, Г.М*** нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

   ШҮҮГЧ                                          Г.МӨНХТУЛГА