Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2021/00774

 

 

 

 

                     2021         10           14

151/ШШ2021/00774

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Ж, Г.Ц нарын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: "Ж.О" ХХК-д холбогдох,

Чулуун саравчтай хашаа бүхий өвөлжөөг хувьчилж авсан болохыг тогтоолгож,  Ч.”““, Г.”““ нартай нөхөн олговрын гэрээ байгуулахыг “Ж.О” ХХК-д даалгах шаардлага бүхий  иргэний хэргийг хянан хэлэлцэв.      

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.”““ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.”““, нэхэмжлэгч Ч.”““гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.”““, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Т.”““, Ж.”““, нарийн бичгийн дарга Б.Оюут нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Ч.”““, Г.”““ нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Ч.”““, Г.”““ /эцэг, хүү/ бид 1995 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдэл хувьчлагдах үеэр өөрсдийн хувьцаа /хөрөнгө оруулалтын эрхийн бичиг/-р Гурвантэс сумын нутаг, Баясах багт байрлах Шар хадны чулуун саравчтай хашааг хувьчилж авсан. Энэ үед Г.”““ нь өрх гэр тусгаарлаагүй, эцгийн голомт дээр амьдарч байсан бөгөөд 1996 онд Баттөрийн ***тэй гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлж өрх гэр тусгаарлаж чулуун саравчтай хашаандаа гэр бүлийн хамт мал аж ахуй эрхлэн амьдарч байсан. Ч.”““ миний бие Соёл нэгдэлд малчнаар, Г.”““ мөн Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байгаад нэгдэл тарж хөрөнгийг хувьчлах үед бид 2 өөрсдийн хувьчлалын бичгээр Гурвантэс сумын Баясах багт байрлах Шар хадны чулуун саравчтай хашааг хувьчилж авсан. Энэ нь нэгдлийн хөрөнгө хувьчлах, өмч хувьчлах комиссын тогтоол, нэгдлийн хөрөнгийг хуваах иргэдийн нэрсийн жагсаалт бичигдсэн нэрсээр мөн хөрөнгө оруулалтын эрхийн бичиг зэргээр нотлогдож байгаа юм. Ингээд манай гэр бүл 1995 оноос 2014 онуудад тус газарт бөгөөд авсан чулуун саравчтай хашаандаа тасралтгүй аж төрж амьдарч байсан суун саравчтай хашаа байгаа газрыг эзэмших хүсэлтээ сумын Засаг даргад гаргаснаар Гурвантэс сумын засаг дарга 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр А/155 100т захирамж гаргаж чулуун саравчтай хашаа байх газарт 1500 м.кв талбайтай, өвөлжөөний зориулалтаар 60 жилийн хугацаанд газар эзэмшүүлэх эрхийг бэр Б.***ийн нэр дээр газар эзэмших эрхийн 000456404 тоот гэрчилгээг олгосон. Чулуун саравчтай хашаатай холбоотой ямар нэгэн маргаан гарч байгаагүй, өвөлжөөний газарт чулуун саравчтай хашаа байгаа нутагт 2011 онд "Ж.О" ХХК-д ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож нүүрсний уурхай ажиллаж эхэлсэн. Улмаар “Ж.О” ХХК Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж 120/ШШ2018/0001 дугаар шийдвэрээр шүүхээс манай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Бүх шатны шүүх дээр уг хэргийн хариуцагч болох Гурвантэс сумын Засаг дарга мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч газрын мэргэжилтэн шүүхэд шар хадны чулуун саравчтай хашааг хувьчилж авсан эд хөрөнгө нь байгаа тул *** газар эзэмших эрхтэй гэсэн боловч “““ өмчилж авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, чулуун саравчтай хашааг “““ нар хувьчилж авсан баримт байхгүй байна гэж шүүх дүгнэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Бидэнтэй чулуун саравчтай хашааны өмчлөлийн талаар маргасан этгээд байхгүй боловч өмчлөгч мөн болохыг тогтоосон баримт үгүй тул хохирч газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Сумын иргэд нийтээрээ Соёл нэгдэл хувьчлагдаж Ч.”““, Г.”““ нар чулуун саравчтай хашааг хувьчилж авсан. Хожим Г.”““, эхнэр ***, хүүхдүүдийн хамт мал маллаж аж төрж байгааг мэдэж байгаа боловч өмчлөгч мөн болохыг тогтоосон баримт үгүй, сүүлийн 24 жил эзэмшиж ашиглаж байна. Нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж улмаар Соёл нэгдэл тарж өмчийг нэгдэлчин ард иргэд хувьцаагаар хувьчилж авсан. Нөгөө талаар өмч хувьчлах комисс, төрийн өмчийн хороо татан буугдсан чулуун саравчтай хашааг өмчлөх нэхэмжлэгч нараас өөр этгээд үгүй. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар төрийн өмчийн хороо манай байгууллага байгуулагдахаас өмнө Соёл нэгдэл хувьчлагдсан бөгөөд чулуун саравчтай хашааны талаар ямар ч мэдээлэл үгүй тул шүүхэд хандаж өмчлөгч мөн болохоо тогтоолгоно уу гэсэн хариуг бидэнд өгдөг. Дээрх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх бүх хугацаанд бидэнд ямар ч баримт олдохгүй байсан ба хожим иргэн Л.***гээс өмч хувьчлалтай холбоотой баримт эх хувиараа гарч ирсэн. Одоо мөнгөтэй, аргатай хүн юуг ч үгүйсгэж талдаа татаж чаддаг болсон байна. Түмэн олонд илэрхий үйл баримтыг үгүйсгэж төр улсдаа хүч хөрөнгө өгч авсан эд хөрөнгийг газраас ургасан өвс ногоо мэт үнэлж байгаад энгийн иргэн бид гомдолтой байна. Уурхайн өмнө шүүх хүчгүй болж илэрхий үйл баримтыг үгүйсгэж байгаад гомдолтой байна. Монгол улсад өмч хувьчлал болж ажиллаж байсан нэгдлээсээ хувьцаагаар хашаа, саравч, мал, машин хувьчилж авсныг уурхайн хятад эзэн мэдэхгүй байж болно. Монгол түмэн нийтээрээ мэдэж байгаа, мэдэхгүй хүнд наанадаж сумын уугуул иргэн, цаанадаж Засаг дарга, газрын мэргэжилтэн нь гэрчилж хэлээд тодорхойлолт гаргаж өгөөд хэрэгсэхгүй байна. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д иргэний эрхийг хүлээн зөвшөөрөх аргаар хамгаалахаар заасан байна. Иймд бидний чулуун саравчтай хашааг өмчлөх эрхийг шүүхээс өөр байгууллага хамгаалах аргагүй нөхцөл байдал үүсээд байгаа тул эрхийг минь хамгаалж өгнө үү. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д "хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор ашиглаж байсан эзэмшигч уг хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхтэй байна гэж заасан байгаа. Ийм учир чулуун саравчтай хашааг 1995 оноос 24 жилийн хугацаанд эзэмшиж байгаа Ч.”““, Г.”““ биднийг хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэл шүүхэд гаргаж байна гэжээ. 

Нэхэмжлэгч Ч.”““, Г.”““ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.”““, Ж.”““ нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:  ... Монгол улсад 1990 онд Ардчилсан хувьсгал өрнөж, тайван замаар ардчилсан нийгэмд шилжиж, улс орон даяар төрийн өмч хөрөнгийг хувьчлах хөдөлгөөн өрнөж, Өмнөговь аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1991.08.31-ны өдрийн 09 тоот шийдвэр гарсан байдаг.

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Соёл нэгдэл хувьчлагдаж тус суманд мал маллан амьдарч байсан Ч.”““, хүү Г.”““ нар одоогийн Баясах багт байрлах зүүн шар хадны чулуун саравчтай хашаа бүхий өвөлжөөг 1995 онд 11.257 төгрөгийн хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр худалдан авсан байна. 

БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ж.О” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт ашигт малтмалын олборлолтын эрх олж аван нөлөөллийн бүсэд байх үл хөдлөх хөрөнгө бүхий өмчлөгч иргэн бүртэй нөхөн олговрын гэрээ байгуулсан байдаг.

... Өвөлжөө гэдэг нь тухайн орон нутгийн байгалийн нөхцөл байдалд тохируулан байгалийн нөөлөгт тулгуурлан, социализмын их бүтээн байгуулалтын үед олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн өндөр өртөг бүхий үл хөдлөх хөрөнгө бөгөөд өтөг бууц, саравч хашаа зэрэг нь цогц байдлаараа өвөлжөөний нэг хэсэг болж байдаг үл хөдлөх хөрөнгө юм. Ч.”““, Г.”““ нарын хувьчлан авсан зүүн шар хадны чулуун саравчтай хашаа бүхий өвөлжөөг нураавал чулуу, хатсан хар мод, малын өтөг бууц болох ба эдгээрийг зөөгөөд барих газар Гурвантэс суманд байхгүй, тэгээд ч өтөг бууцыг өвөлжөөтэй нь зөөдөг ёс, тийм практик Монголд байхгүй, харин БНХАУ-д тийм практик байдгийг үгүйсгэхгүй. 

... Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтыг үндэслэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багт орших “Ж.О” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын  нөлөөллийн бүсэд байрлах зүүн шар хадны чулуун саравчтай хашаа бүхий өвөлжөөг хөрөнгө оруулалтын 007572, 006703 тоот өмч хувьчлалын эрхийн бичгээр Ч.”““, Г.”““ нар хувьчлан авсан болохыг тогтоолгож, АМТХ-ийн 41-р зүйлийн 41.1-д зааснаар хариуцагч “Ж.О” ХХК-ийг нэхэмжлэгч Ч.”““, Г.”““ нартай нөхөн олговрын гэрээ байгуулахыг даалгаж  өгнө үү гэжээ.   

Нэхэмжлэгч Ч.”““гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.”““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Энэ хэрэг нь 2-3 жил шүүхээр явж байгаа хэрэг. Бид энэ хэрэгт ороод хэргийн материалтай танилцаад хэргийг ойлгосон. Нэхэмжлэгч тал өөрийнхөө эрхийг дутуу ойлгодог байсан байна. Хариуцагч тал болохоор Монгол Улсын иргэдийн хэдэн зуун жил дагаж ирсэн ёс заншлыг мэддэггүй хүмүүс юм байна. Өөрөөр хэлбэл өвөлжөө гэдэг нь эд хөрөнгө биш гэсэн ойлголттой учраас 2 жилийн турш ойлгогдоогүй энэ ойлголтыг тодорхой болгох үүднээс тайлбарлая.

Өвөлжөө гэдэг нь тэр болгон газарт байдаг зүйл биш, үүнийг олон жилийн цаг агаарын нөхцөл байдлыг үнэлж уулын нөмөр нөөлөгт барьдаг. Өвөлжөөний доод талбай нь 1500 мкв байдаг. Өвөлжөөг эзэмшигч нь 100 га талбайгаас илүү бэлчээрийг ашиглах эрхтэй. Бэлчээрийн талбай гэдэг нь өвөлжөөтэйгөө хамт яригддаг зүйл. Нэг өвөлжөөнд 500-2000 орчим малыг өвөлжүүлэх зориулалттай байдаг. 500-2000 мал бэлчих бэлчээрийг ашиглах эрхтэй байдаг. Өөрөөр хэлбэл өвөлжөөний эзэнд бэлчээр ашиглах эрх нь байдаг. Бэлчээр ашиглах эрхийн гэрчилгээ олгодог хуулийн зохицуулалт Монголд байхгүй, харин хашааны доод талын газар эзэмших эрхийг авч болно. Өвөлжөөний эзэн бэлчээр ашиглах онцгой эрхтэй байдаг нь зан заншлын хэм хэмжээгээр зохицуулсан зүйл. “Ж.О” ХХК-ийн ашиглалтын талбайн нөлөөллийн бүсэд Шар хадны өвөлжөөнд хамаардаг бэлчээрийн талбай орсон байдаг. Бэлчээрийн талбай 500-2000 тооны мал бэлчих талбай гэхээр 100 гаруй га талбай болж байгаа юм. Агуулах хувьчилж авсан н.*** гэдэг хүнд олгосон нөхөн олговор бол бэлчээрийн талбайн нөхөн олговор байсан. Төрсөн газраас нь хөөж гаргах нөхөн төлбөрийн асуудал байгаа. Өөрөөр хэлбэл Шар хадны өвөлжөө гэдэг газарт дахиж хэзээ ч ирж өвөлжих эрхгүй болно гэсэн ойлголт байгаа юм. Энэ нутагтаа дахиж ирэхгүй, өвөлжихгүй гэж эрхээ хасуулсны нөхөн төлбөр юм. Эрхээ хасуулсны нөхөн төлбөрийн асуудалд юу ярьж байна гэхээр мод чулууны нөхөн төлбөр гэж хариуцагч талаас ярьдаг. Мод чулууны нөхөн төлбөр биш Шар хадны өвөлжөө гэдэг газарт дахин өвөлжих эрхгүй гэдэг асуудлын нөхөн төлбөр яригдах болохоос мод чулууны нөхөн төлбөрийн асуудал яригдахгүй. Манайд ямар эрх байна гэхээр энэ өвөлжөөг хувьчлаад авсан гэдэг баримтууд нь байж байна. Энэ эрхийг хүчингүй болгох тухай асуудал ямар ч хуулиар байхгүй Монгол улсын иргэний хувьд. Хуулиар байхгүй гэдэг нь өмч хувьчлалын тухай асуудлыг хуулиар хүчингүй болгох боломж байхгүй учраас өвөлжөөний өмчлөлөө авахын тулд ямар нэгэн үгүйсгэх хуулийн зохицуулалт байхгүй. Нөгөө талаар энэ газарт хэн сүүлд ирсэн юм бэ гэдэг байгаа юм. “Ж.О” ХХК сүүлд Монголд орж ирж сүүлд бий болж, сүүлд эрхээ авсан. Бэлчээрийн талбайн 100 га газрын бэлчээрийн эрх бол энэ өвөлжөөндөө хадгалагдаж байдаг. “Ж.О” ХХК нөхөн төлбөрийн гэрээ хийхгүй гэвэл манай өвөлжөөний бэлчээрээс “Ж.О” ХХК-г зайлуулах асуудлыг хэвлэл мэдээлэл болон Улсын Их Хуралд ч бид тавина. Учир нь энэ бол онцгой эрх. Онцгой эрх байгаа учраас өвөлжөө гэдэг үгийг хуульчилж өгсөн. Өвөлжөө нь заавал бэлчээртэйгээ хамт байж өвөлжөө болдог. Уултайгаа хамт байж өвөлжөө болно. Тэгтэл энэ асуудал нь уултай, бэлчээрийн талбайтай учир маш ноцтой асуудал. Худаг байгаа. Энэ худаг нь 500-2000 мал услах асуудал яригдана. Энэ бүх зүйлийн нөхөн төлбөрийг яг ярих юм бол “Ж.О” ХХК төлж дийлэхгүй байх ч магадлалтай. Нөхөн төлбөрийн асуудлаар ярилцах эрх олж авах гэж шүүх дээр байж байна. Одоо “Ж.О” ХХК-тай хэлэлцээр хийх эрхтэй эсэх асуудлыг тогтоолгох гэж байна. Нөгөө талд нь “Ж.О” ХХК-нд Монгол Улсын Үндсэн хууль хамаагүй юм гэнэ. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т иргэн бүр эрх зүйн этгээд гэж байгаа. Энэ нь иргэн Ч.”““, Г.”““ нар тусдаа эрх зүйн этгээд гэсэн ойлголт. Иргэн бүр эрх зүйн этгээд гэж заасан. Үүнийг Үндсэн хуулиасаа унш. Бодвол энэ залуучууд хуульч нар байх Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-г унш. Тэгээд үгээ хэл. Өвөлжөө гэж юу болохыг мэдэхгүй юм бол киноноос мэдэж ав. Хөдөөгийн Баясгалан кинон дээр өвөлжөөг яаж барьдаг талаар яригддаг. Манай зүгээс Ашигт малтмалын газарт хандаж лицензийг нь хүчингүй болгох талаар хандана. Бид Монгол Улсын иргэд, олон зуун жилийн уламжлалт өвөлжөөний асуудал яригдаж байна. Тухайн нутагт үе удмаараа дахин хэзээ ч ирэхгүй гэсэн тэр нутагт амьдрах эрхээ хязгаарлуулсны нөхөн төлбөрийн асуудал яригдаж байгаа учир тохиролцоо, хэлэлцээрт орж нөхөн төлбөрийн асуудлыг тохиролцохгүй, ярилцах хэмжээнд хүрэхгүй бол бид хуулийн дагуу цааш явах болно. Өвөлжөөний эзэмшигчийг тогтоох боломжтой. Учир нь бүх баримтууд нь архиваас нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэлээр гаргуулсан. Гэрээ байгуулах эрхийн тухай асуудал бол хуулиараа нөхөн төлбөрийн гэрээ байгуулахыг шаарддаг учир нөхөн төлбөрийн асуудлаар эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. Манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.     

Нэхэмжлэгч Г.”““ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.”““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ч.”““, Г.”““ нар Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т заасныг үндэслэн Шар хадны өвөлжөөг хувьчлан авсан болохыг тогтоолгох анхны шаардлагаа шүүхэд гаргасан байдаг. Улмаар зэрэгцээ өвөлжөө эзэмшиж байсан Э.*** гэдэг хүн 160 сая төгрөгийн нөхөн олговор авсан учраас манай талаас мөн 160 сая төгрөг авах эрхтэй. Яагаад гэвэл Шар хадны өвөлжөөг хувьчлан авсан асуудлаар нэхэмжлэл гаргасан учраас 160 сая төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нарын төлөөлөгчид 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр итгэмжлэл аваад хэргийн материалтай танилцсан. Энэ хүмүүс бол хувьчлалаар эд хөрөнгийг олж авсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т зааснаар шударгаар өмчлөх эрх олж авах эрхийнхээ хүрээнд олж авсан учраас энэ хүмүүсийн нэхэмжлэлийн шаардлага буруу байна. Өмчлөх эрхтэй этгээд учраас шаардлагыг зөвтгөх нь зүйтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Өвөлжөө гэдэг нь Монгол уламжлалт мал аж ахуйтай холбоотой хэдэн мянган жилээр яригдах зүйл. 1990 оноос хувьчлал явагдаж төрийн бүх өмч хөрөнгийг задалж ард иргэддээ тэгш шударгаар хуваарилах асуудал яригдсан. Энэ үеэс иргэд хувийн хөрөнгөтэй болж эхэлсэн. Малчид бол өвөлжөө болон хэдэн мал хувьчилж авсан. Ингээд нүүдлийн мал аж ахуйгаа эрхлээд малаа өвөлд нь өвөлжөөндөө өвөлжүүлээд бэлчээрийн талбайгаа ашиглаж байсан. Малыг том талбайд бэлчээрлүүлнэ. Өвөлжөөг малын өтөг бууцтай мод чулуу нийлүүлж барьсан хэзээ ч аваад явж болно гэсэн утгаар Хятад хүмүүс ойлгодог юм байна. Монголд өвөлжөөгөө зөөдөг тийм уламжлал байхгүй. Өвөлжөө гэдэг нь Монголын уламжлалт мал аж ахуй, байгаль орчны өвөрмөц тогтоц, өвөл, хаврын хүчтэй цасан шуурга, байгалийн аюулт үзэгдлээс мал ахуйгаа эрсдэлгүй даван туулахад зориулж, байгалийн нөхцөл байдлыг бодож нөмөр нөөлөгтэй газар барьдаг ганцхан жил хийчихдэг биш олон жилийн турш малын өтөг бууцаар зузаарч тэр хэмжээгээрээ дулааныг хадгалдаг, өвлийг өнөтэй давах нөхцөлийг бүрдүүлсэн уламжлалт, түүхэн байгууламж. Өвөлжөө гэдэг зүйлийг нэгэнт ард иргэддээ өмч хөрөнгө болгож улсын бодлогоор хувьчилсан байна. Тухайн малтай иргэдэд малын өвөлжөөг нь. Өвөлжөөг нэгэнт өмч хөрөнгө гэж хувьчилсан учраас өнөөдөр Ч.”““, Г.”““ нар үүнийг өмч хувьчлалаар авсан гэдгээ тогтоолгох зайлшгүй шаардлага үүсэж байгаа юм. Г.”““ын эхнэр н.*** гэдэг хүн байдаг. Гэр бүлийнхээ хүний нэр дээр тухайн Шар хадны өвөлжөөг 1500 мкв талбайтайгаар газар эзэмших эрхийг олж авсныг “Ж.О” ХХК  хүчингүй болгуулсан захиргааны хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Э.*** гэдэг хүн Шар хадны өвөлжөөтэй зэрэгцээ тэжээлийн агуулахыг 1500 мкв талбай эзэмших эрхтэй гээд газар эзэмших эрхийг олж авсан. Гурван тэс сумын Засаг дарга Ч.”““, Г.”““ нар бол өвөлжөөг хувьчилж авсан нь үнэн. Э.*** бол тэжээлийн агуулахыг авсан учраас эдгээр хүмүүст адилхан 1500 мкв газрыг эзэмшүүлэх ёстой гээд 1500 мкв газар эзэмшүүлсэн юм байна лээ. “Ж.О” ХХК бол Э.***тэй нь нөхөн олговрын гэрээ хийгээд н.***тэй та нар бол эрхгүй гээд иргэдийг ялгаж үзээд хохироосноос болоод өнөөдрийн энэ маргаан явж байгаа.

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоод газар эзэмших эрхийг хүчингүй болгосны дараа Л.*** иргэний шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн. Л.***гийн гэрт хадгалагдаж байсан баримтуудыг олж аваад өнөөдрийн нэхэмжлэлийг гаргасан. Өнөөдрийн архиваас гарч ирсэн өмч хувьчлалтай холбоотой баримтуудыг хариуцагч тал үгүйсгэх боломжгүй нөхцөл байдалтай байгаа юм. Эдгээр баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хувиар нь шүүхэд гаргаж өгч байгаа. Эх хувийг шүүх үнэлэх байх. Тийм учраас өмч хувьчлалаар авсан өвөлжөөг хувьчлан авсан нь холбогдох баримтуудаар бүрэн тогтоогдож байгаа. “Ж.О” ХХК бол Шар хадны өвөлжөөг өмч хувьчлалаар хувьчлан авсан гэдгийг хариу тайлбар болон бусад баримтуудаас харахад маргадаггүй юм байна лээ. Зөвхөн манай нөлөөллийн бүсэд газар олгосон нь буруу, манай уурхайн амнаас 2500 метрийн зайд нөлөөллийн бүс дотор н.***т 1500 мкв газар олгосон байгаа нь буруу гэж маргасан. Өмчтэй бол маргаагүй гэсэн УДШүүхийн Захиргааны хэргийн танхимын тогтоол гарсан байгаа. ... Бид нөхөн олговор авах эрхтэй субъект учраас өвөлжөөг хувьчлан авсан гэдгээ тогтоолгоё. Мөн Ашигт малтмалын тухай хуульд зааснаар өвөлжөө, хаваржаа, худгийг нөлөөллийн бүсэд байх юм бол зайлшгүй нөхөн төлбөр олгох үүрэгтэй гээд заагаад өгсөн. Тэгэхээр манай хувьчлан авсан өвөлжөө бол уурхайн нөлөөллийн бүсэд орсон учир нөхөн төлбөр авах эрхтэй субъект байхад хариуцагч тал эрхгүй гэж үзэж байгаад нэхэмжлэгч нар гомдоод олон жил явж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хувьчлан авсан нь тогтоогдож байгаа учраас нэхэмжлэгч нарыг  өвөлжөөг хувьчилж авсан болохыг тогтоож өгөөч гэж шүүхээс хүсч байгаа. Нөхөн олговрын гэрээний хувьд Ашигт малтмалын тухай хуульд хашаа, худаг, өвөлжөөнд зайлшгүй нөхөн төлбөр төлөөрэй гээд хуулиар заасан байхад нөхөн төлбөр өгөхгүй гээд байгаа нь шударга бус.

Монгол улсын иргэдэд ялгавартай хандаж байгаа гадаадын компанид нэхэмжлэгч нар гомдолтой байгаа. Нэгэнт ийм нөхцөл байдлууд байгаа, шүүх дээр ийм хэмжээнд явж байхад сая нотлох баримтыг хасуулъя гэж байгаа нь ойлгомжгүй. Архивын тасаг манай нотлох баримтыг шуудангаар аваад хүлээж авах эсэхээ шийдэж чадахгүй байна гэснээс болоод манай зүгээс Архивын Ерөнхий газарт гомдол гаргасан. Гомдлын хариуг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр та бүхний шаардаж байгаа нотлох баримт нь Архивын тухай хуульд зааснаар үнэхээр хадгалах ёстой баримт байна. Тийм учраас үүрэг даалгавар өглөө гэсний дагуу архивын баримтаар бүртгэж авсан юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох эрхийн хүрээнд архивт бүртгээд авсан баримтуудыг бид шүүхээр шүүхийн журмаар Архивын тасгаас нотлох баримт гаргуулъя биш өөрөө авч ирэх үүргийнхээ хүрээнд эдгээр нотлох баримтуудыг олж авч ирсэн. Энэ баримтуудад эргэлзэх шаардлага байхгүй.

... Хууль ёсны өмчлөгчийн эд хөрөнгө танай нөлөөллийн бүсэд орсон бол Ашигт малтмалын тухай хуулиар та бүхэн нөхөн олговор олгох үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч тал шаардаж байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү  гэв.  

Хариуцагч "Ж.О" ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... Манай компани Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн нутаг дэвсгэр Зангат уул-1 гэх газарт ашигт малтмал ашиглах ашиглалтын МУ-016952 тоот тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд уг тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1062 дугаар шийдвэрээр олгосон.

2014 онд компанийн зүгээс олборлолтын үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор иргэдийг нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох ажлыг зохион байгуулсан. Үүний дагуу нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ дурдсан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 2 баг, Баясах шар хадны "чулуун саравчтай хашаа" байрлах иргэн Э.***гийн эзэмшлийн өвөлжөөний газрыг чөлөөлөх, малчин өрхийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон. Ингээд иргэн Э.***тэй 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр "Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг чөлөөлүүлэх, нөхөн олговор олгох гэрээ"-г байгуулж, түүний эзэмшиж, ашиглаж байсан өвөлжөөний газрыг чөлөөлж, газар дээрх эд хөрөнгүүдийг нүүлгэн шилжүүлэхээр тохиролцсон. Гэвч иргэн Э.*** нь гэрээний дагуу зохих нөхөн олговрыг компаниас авсан боловч өнөөдрийг хүртэл уг газрыг чөлөөлж өгөөгүй, газар дээрх эд хөрөнгүүдийг нүүлгэн шилжүүлээгүй, уг газарт суурьшсан хэвээр байна.

Уг чулуун саравчтай хашаа байрлах ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас малчин өрхийг чөлөөлүүлэх, нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг "Ж.О" ХХК-аас иргэн Э.***д олгосон. Гэтэл иргэн Э.*** одоог хүртэл уг газрыг чөлөөлж өгөөгүй, газар дээрх эд хөрөнгүүдийг нүүлгэн шилжүүлээгүй. Иймд цаашид нэхэмжлэгч нарын нэхэмжилж буй чулуун саравчтай хашааг тусгай зөвшөөрлийн талбайгаас нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг Э.***д олгосон нүүлгэн шилжүүлэлтийн нөхөн төлбөрөөс зохих хэмжээгээр гаргуулах, түүнд олгосон нөхөн төлбөрийн хэмжээг өөрчлөх шаардлагатай нөхцөл байдал үүсэж болзошгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасны дагуу уг хэрэг гуравдагч этгээдээр татан оролцуулж тайлбар авах шаардлагатай гэж үзэж байна.

Чулуун саравчтай хашааны тухайд:  Уг хашаа нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх хөрөнгөд хамаарна” гэсэн "үл хөдлөх хөрөнгө”-ийн шинжийг агуулаагүй байх тул мөн хуулийн 84.4-т зааснаар хөдлөх хөрөнгөд хамаарч байна. Өөрөөр хэлбэл чулуун саравчтай хашаа нь газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл биш бөгөөд дахин ашиглах бүрэн шилжүүлэх буюу зөөвөрлөн байрлуулж, зориулалтынх нь дагуу түүнийг өөр газарт нүүлгэх боломжтой объект /хөдлөх хөрөнгө/ юм.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүнд хавсаргасан өгсөн баримтад уг чулуун саравчтай хашааг үл хөдлөх хөрөнгө мөн болохыг тодорхойлсон баримт /үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй байна. Тиймээс нэхэмжлэл түүнд хавсаргасан баримтын хүрээнд уг нэхэмжлэл шүүхийн онцгой харьяалалд хамаарахааргүй байгааг шүүх анхаарч үзнэ үү. Хэдийгээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан анхан шатын шүүхийн шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгч нарын тус шүүхэд гаргасан чулуун саравчтай хашааны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байх боловч шүүх ямар нотлох баримтын үндсэн дээр уг чулуун саравчтай хашааг "үл хөдлөх эд хөрөнгө" гэж дүгнэсэн нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн тухайд:  Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь тодорхой бус байна. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийнхээ үндэслэлд 1995 онд уг чулуун саравчтай хашааг хувьчилж авсан өөрсдийнх нь өмч гэж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагадаа Иргэний хуулийн дугаар зүйлийн 105.1-т заасан "өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давyy эpx"-тэй холбоотой заалтыг үндэслэн өмчлөгчөөр тогтоолгохыг хүсэж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн нэхэмжлэгч нар чулуун саравчтай хашааны өмчлөгчөөр тогтоогдсоноор зөрчигдсөн ямар эрх нь сэргэх талаар огт дурдаагүй байна.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргаас 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн а/155 дугаар захирамжаар иргэн Б.***т манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцуулан 1500 м.кв газрыг 60 жилийн хугацаагаар өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн нь хууль бус болохыг захиргааны хэргийн гурван шатны шүүхээр эцэслэн тогтоож, Засаг даргын захирамжийн Б.***т холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Гэвч энэхүү газар эзэмших эрхтэй холбоотой маргаан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт юм.

Хэдийгээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т иргэний эрхийг хүлээн зөвшөөрөх аргаар хамгаална гэж заасан байх боловч “Ж.О" ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийг зөрчсөн аливаа хууль бус үйл ажиллагаа явуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Т.”““ шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эрх зүйн дүгнэлтдээ:  Нэхэмжлэгчийн зүгээс өвөлжөөний газрыг өөрийн эзэмшил, ашиглалтад байдаг, энэхүү газраа эзэмшиж, ашиглаж, өмчилж чадахгүй байгаа нь миний эрхийг хөндөж байна гэсэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа нь өөрөө үндэслэлгүй. Учир нь Монгол Улсын Газрын тухай хуулиар иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч байна гэж хуульчилсан байгаа. Энэ газар дээр яг ямар эрхээ хэрэгжүүлэх боломжтой байгаад түүнд нь яаж саад учруулаад байгаа юм бэ гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагатай уялддаггүй учир нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөгч өмчлөх эрхтэй нь холбоогүй боловч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй. Тэгэхээр одоо “Ж.О” ХХК гадаадын хөрөнгө оруулалттай компанийн уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа бүсэд орсноор тухайн хүмүүсийн өмчлөх эрх нь өөрөө яаж хөндөгдсөн юм бэ?

Энд ямар нэгэн байдлаар тухайн газар буюу өвөлжөө гэж байгаа зүйлийг эвдэж сүйтгэж эд хөрөнгөнд нь ямар нэгэн байдлаар хохирол учруулаагүй. Үүнтэй холбоотой яг ямар эрх нь хөндөгдөөд байгаа юм. Нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх нь хөндөгдөөгүй байгаа учраас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т: Ашигт малтмал олборлох үйл явцад тухайн эд хөрөнгө эвдэж сүйтгэж, эвдсэн тохиолдолд гэдэг агуулга байгаа юм. Тэгэхээр нэхэмжлэгч нарын ярьж байгаа тэр өвөлжөөний гэж байгаа газрын доор ашигт малтмалын нөөц, эсвэл тэндээс ашигт малтмал олборлох тийм процесс явагдаагүй. Тэгэхээр энэ нь өөрөө тухайн газарт хашаа хороо байгаа юу, байгаа гэдэг агуулгаар түүнийгээ эзэмшиж, ашиглаж болж байгаа. Иймд энэ нь ямар нэг хэлбэрээр устаж үгүй болсон байдал харагдахгүй байна. Нэхэмжлэгч нарын яг ямар эрх нь хөндөгдөөд тэрхүү эрхээ сэргээлгэх гэж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Нөхөн төлбөрийн гэрээ байгуулна гэж ярьж байгаа. Монгол улсын Ашигт малтмалын тухай хууль болон Ашигт малтмал олборлохтой холбоотой нөхөн олговор олгох гэдэг нь өөрөө хуулиар болон тусгайлан зохицуулсан зүйл байдаггүй. Тэгэхээр талуудын хооронд байгуулсан гэрээний үр дагаврын үндсэн дээр явагддаг харилцаа байгаа юм. Иймд энэхүү гэрээг “Ж.О” ХХК-н зүгээс уурхайн нөлөөллийн бүсэд тодорхойлогдсон этгээдүүдтэй нөхөн төлбөрийн гэрээ байгуулах үүргийнхээ хувьд тухайн орон нутгаас томилсон ажлын хэсгээс даалгасан хүмүүстэй нөхөн олговрын гэрээ байгуулсан. Нөхөн олговрын гэрээ байгуулах ажиллагаа явагдаад дууссан. Энэ нь ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаа дээр тухайн үйл ажиллагаа хийгддэг. Тэгэхээр энэ хүрээнд “Ж.О” ХХК-н хувьд энэ үйл ажиллагаагаа хийж эхлээд явчихсан. Одоо Өмнөговь аймагт байрлах уурхайг ашиглаад явж байгаа. Бид нар одоо ашигт малтмал олборлохтой холбоотой нэхэмжлэгчийн ийм эрх хөндөгдсөн гэж ийм шаардлага гаргах үйл явц одоо байхгүй. Учир нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эхлүүлэхэд нөхөн олговрын үйл ажиллагаа хийгддэг болохоос нэгэнт эхлээд явж байхад бид нар байсан шүү гэж ярих боломжгүй. Хэрвээ байсан бол манай зүгээс ашигт малтмалын үйл ажиллагаа эхлүүлэх боломжгүй ийм нөхцөл байдал байсан.

Тэгэхээр нэхэмжлэгч нар өөрөө тухайн нөлөөллийн бүсэд бид нар ийм газар эзэмших эрхтэй, бид нарын өвөлжөө, хаваржаа байдаг гэдгээ тогтоолгох гэж байгаа нь өөрөө хуулийн этгээдийн үйл ажиллагаанд санаатай саад учруулах, бусдаас үндэслэлгүйгээр эд хөрөнгөтэй болох ийм нөхцөл байдал байгаа учраас шүүхэд үндэслэлгүйгээр ийм шаардлага гаргасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Түүнчлэн сая өвөлжөө, хаваржааны газрын тухай ойлголт ярьсан. Өвөлжөө нь байлаа гээд тухайн газар нутгийг өмчилж авч болдог юм уу, өвөлжөө нь байлаа гээд тухайн газрыг зөвхөн тэр айл эзэмшиж, ашиглаж болдог юм уу? Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлд бэлчээрийг хот айлууд нийтээр ашиглана гэсэн ийм л агуулга байгаа. Тэгэхээр тухайн айлын өвөлжөө эсвэл хаваржааг ямар нэгэн байдлаар тэднийх л зөвхөн ашиглана гэсэн зохицуулалт хуульд байхгүй. Тэгэхээр бид нар хэдэн үеэрээ өөрийн эзэмшиж, ашиглаж байсан газраасаа нүүх гэж байгаа эрхийн зөрчил гэсэн зүйл хуульд тусгагдаагүй учраас нэхэмжлэгч нарын гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй  гэж тайлбарлаж байна гэв.     

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Ж.”““ шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эрх зүйн дүгнэлтдээ:  Нэхэмжлэлийн шаардлагыг харахаар өмч хувьчлалаар авсныг тогтоолгох гэсэнтэй уялдаад өмчлөгчөөр тогтоолговол Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан нөхөн олговор авах боломжтой юм байна гэж хараад байх шиг байгаа юм. Гэтэл Т.”““ өмгөөлөгчийн ярьж байгаагаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх эзэмшигчийн нөхөн төлбөрийн харилцаа байгаа. Энэ харилцаа нь Ашигт малтмалын тухай хуулиар хожуу үйлчилж, үүсч явж байгаа харилцаа. Нөхөн төлбөр олгох гээд байгаа энэ харилцаа нь өөрөө хожуу үүссэн байна. Нөхөн төлбөр олгох эд хөрөнгийн харилцаа нь өөрөө 1990 оноос хойш үүссэн харилцаа. Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлийг харахаар эд хөрөнгө өмчлөгч, эд хөрөнгө эзэмшигчийн эд хөрөнгөнд гэм хор учруулсан бол гэж байгаа. Үүнээс өмчлөгч гэдэг хэсэг нь тухай тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны явцад хувийн орон сууц хэрвээ байсан бол манай зүгээс өмчлөгч гэж авч үзнэ. Таслалын ард байгаа эзэмшигч гэдгийг худаг, өвөлжөө, бусад түүх соёлын үнэт дурсгалт зүйл гэдэг агуулга руугаа ойртоно. Өмчлөгч гэдэг бол тусдаа хувийн зориулалттай барилга байгууламж барьсан байхыг ойлгоно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.”““гийн ярьж байгаагаар өвөлжөө гэдэг нь угаасаа хот айлаараа нийтээрээ эзэмшиж ашиглаж байгаа агуулга юм. Монгол улсын хэмжээнд газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж байгаа. Нийтийн эдэлбэр гэсэн утгаараа өвөлжөөг нийтээрээ ашиглаж байгаа ойлголт юм. Тусгай зөвшөөрөл эзэмшигч маань өөрөө Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т зааснаар газар эзэмшигчдэд нөхөн төлбөр олгосон. Өвөлжөөн дээр өмчлөгч гэж хэлж болохгүй юм. Энэ нь зөвхөн хувийн зориулалтаар барилга байгууламж барьсан, түүнд нь гэм хор учирсан гэж дараагийн асуудал байгаа юм. Нөхөн төлбөртэй холбоотой харилцаа өнөөдөр Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т зааснаар зохицуулагдаж байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.”““гийн хэлж байгаагаар “Ж.О” ХХК сүүлд н.Мөнгөнчимэг гэдэг хүнд газар олгосон шийдвэрийг хүчингүй болгосон гэж яриад байгаа. “Ж.О” ХХК нь газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрхтэй субъект биш, үүнийг шүүх  хэрэгжүүлж байгаа асуудал юм. Өмчлөгч гэдэгтэй маргаагүй гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь өмнө нь угаасаа “Ж.О”  ХХК-д эзэмших нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон газар дээр нэг этгээд орж ирээд энэ талбай дээр газар авъя гээд газар авсан үйл явц байгаа. Үүнийг шүүх дарааллын хувьд тогтоосон буюу эхлээд “Ж.О” ХХК-д олгосон учир н.Мөнгөнчимэг гэдэг хүнд олгохгүй юм байна гэсэн шийдвэр явж байгаа. Өмчлөгчөөр тогтоох боломжгүй. Тэгээд ч архивын баримтаас харахаар сая гаргаж өгсөн цэнхэр тасалбар дээр 1991 он гэсэн байдаг. 1991 оны баримтууд нь байдаг хэдий ч Ч.”““, Г.”““ нарт олгосон талаарх баримт байхгүй байна гэсэн албан ёсны албан бичиг ирсэн байгаа. Тийм болохоор сая гаргаж өгсөн нотлох баримтаар өмчлөгчөөр тогтоох боломжгүй, нэхэмжлэгч гэж үзэх ч боломжгүй байна. Эд хөрөнгөд гэм хор учирсан бол нөхөн төлбөр олгоно гэж байгаа. Тэгэхээр өвөлжөөг нийтээр ашигладаг хэн нэгэн этгээдэд хувьчлуулж өгдөг зүйл биш. Ашигт малтмалын харилцаа нь хожуу үүссэн, нөхөн төлбөр олгож байгаа ийм л харилцаа. Тусгай зөвшөөрөл эзэмших шаардлага хангаж байна гэсэн үүднээс л төр зөвшөөрлөө олгоод явж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгуулах саналтай байна гэв.   

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:   

Нэхэмжлэгч Ч.”““, Г.”““ нар нь “Ж.О” ХХК-д холбогдуулан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багт байрлах чулуун саравчтай хашаа бүхий өвөлжөөг хувьчилж авсан болохыг тогтоолгож,  Ч.”““, Г.”““ нартай нөхөн олговрын гэрээ байгуулахыг “Ж.О” ХХК-д даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

Нэхэмжлэгч Ч.”““, Г.”““ нар нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багт байрлах чулуун саравчтай хашаа бүхий өвөлжөөг 1995 онд өмч хувьчлалаар хувьчилж авсан болох нь хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1991 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 09 тоот албан бичгийн хуулбар, 006703, 007572 дугаартай хөрөнгө оруулалтын эрхийн бичгүүд, Өмнөговь аймгийн Төрийн архивын 1995 оны 10, 11, 12 дугаар сарын өмч хувьчлалын баримт “Шаардах хуудас”-ны хуулбар, Хувьцаа эзэмшигчийн их хувьчлалын бичиг хүлээн авсан жагсаалтын хуулбар, гэрч Л.***гийн мэдүүлэг зэргээр тогтоогдож  байна.  

Тодруулбал Өмнөговь аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1991 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 09 дугаартай албан бичгээр өмч хувьчлалын ажлыг зохион байгуулж, хөдөө аж ахуйн нэгдлийн хөрөнгийг нэгдлийн гишүүдэд хувьчлахыг сум, нэгдлийн дарга нарт үүрэг болгосон байх ба өмч хувьчлалын ажлын хүрээнд нэхэмжлэгч Ч.”““д 1994 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 006703 дугаартай хөрөнгө оруулалтын эрхийн бичиг, нэхэмжлэгч Г.”““т 1994 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 007572 дугаартай хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг тус тус олгожээ.      

Нэхэмжлэгч нар нь энэ хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр “Соёл” нэгдлийн өмч хувьчлалд оролцож,  “Соёл” нэгдлээс нэхэмжлэгч Ч.”““, түүний хүү Г.”““ нарт Гурвантэс сумын Баясах 2-р багт байрлах Шар хадны саравчтай хашааг 11.257 төгрөгөөр тооцон хувьчилж, “Шаардах хуудас”-аар олгосон байна.  /2-р хавтас 214 /    

Хэрэгт баримтаар авагдсан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Соёл” ХК-ны өмч хувьчлалтай холбоотой 1995 оны 10, 11, 12 дугаар сарын баримт “Шаардах хуудас”, Хувьцаа эзэмшигчийн их хувьчлалын бичиг хүлээн авсан жагсаалт зэргийг Өмнөговь аймгийн Төрийн архивын дэргэдэх баримт нягтлан шалгах арга зүйн комиссын 2021 оны ээлжит бус 02 дугаар хурлын тэмдэглэлээр  Өмнөговь аймгийн өмч хувьчлалын сан хөмрөгийн тоо бүртгэлд оруулахаар шийдвэрлэж, эдгээр баримтыг өмч хувьчлалын комиссын байнга хадгалах хадгаламжийн нэгжийн бүртгэлд бүртгэсэн байна.  /2-р хавтас, 218-220 /     

Мөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Соёл” нэгдэл /хувьцаат компани/-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Л.***гийн шүүхэд өгсөн “Би Соёл нэгдэлд 1983-2001 оныг хүртэл нягтлан бодогчоор ажилласан. Энэ хооронд Соёл нэгдэл гэж байгаад хоршоо болж, сүүлд хувьцаат компани болсон. Нэгдлээс хоршоо болж өөрчлөгдөх үед өмч хувьчлал явагдаж, нэгдлийн малчдад өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбараар хөрөнгө хувааж өгсөн. Баясах багт байгаа өвөлжөөн дээрх саравчтай хашааг Ч.”““гийнд өгсөн. ... Шаардах хуудас  гэдэг нь тухайн хүнд тийм тийм хөрөнгө олгохыг зөвшөөрсөн бичиг юм” гэх гэрчийн мэдүүлэг  /Хэргийн 1-р хавтас, 175/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ч.”““, Г.”““ нар нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багт байрлах чулуун саравчтай хашаа бүхий өвөлжөөг  хувьчилж авсан болох нь тогтоогдож байна гэж үзлээ.   

Нэхэмжлэгч Ч.”““, Г.”““ нар шүүхэд гаргасан тайлбартаа  “...бид 1995 онд “Соёл” нэгдлийн хөрөнгө хувьчлагдах үед Баясах багт байрлах шар хадны чулуун саравчтай хашааг хувьчилж авсан. ... Ингээд манай гэр бүл 1995 оноос хойш одоог хүртэл уг хашаандаа аж төрж амьдарч байгаа, ... бидэнтэй чулуун саравчтай хашааны өмчлөлийн талаар маргасан этгээд байхгүй боловч өмчлөгч мөн болохыг тогтоосон баримт байхгүй” гэж тайлбарлаж байна.  

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д:  Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно, 

мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т:  Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч ... шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна, 

мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т:  Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална,

9.4.1-д:  эрхийг хүлээн зөвшөөрөх, гэж тус тус  заасан.   

Хуулийн энэ заалтын дагуу нэхэмжлэгч Ч.”““, Г.”““ нарын өмчлөх эрхийг хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй гэж үзэв.       

Харин нэхэмжлэгч Ч.”““, Г.”““ нартай нөхөн олговрын гэрээ байгуулахыг “Ж.О” ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. 

Хариуцагч “Жавхлант-Орд” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Зангат уул-1 нэртэй газарт MV-016952 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байх ба ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн талбайн нөлөөлөл, харъяаллын бүсэд байх айл өрхтэй нөхөн олговрын гэрээ заавал байгуулах үүрэггүй, үүнийг хуулиар үүрэг болгоогүй байна.  

Нөгөөтэйгүүр хариуцагч “Ж.О” ХХК өмнө нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Зангат уул-1 гэх газарт байрлах уурхайн талбайн нөлөөлөл, харъяаллын бүсэд байх айл өрхүүдтэй нөхөн олговрын гэрээ байгуулж ажилласан нь нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэл болохгүй юм.    

Иймд нэхэмжлэгч Ч.”““, Г.”““ нартай нөхөн олговрын гэрээ байгуулахыг “Ж.О” ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөнтэй холбоотойгоор илүү төлөгдсөн 887.754 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч нарт буцаан олгох нь зүйтэй  байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар Өмнөговь аймаг, Гурвантэс сумын Баясах 2 дугаар багт байрлах, Шар хадны чулуун саравчтай хашаа /өвөлжөө/-г нэхэмжлэгч Ч.”““, Г.”““ нар нь хувьчилж  авсан болохыг тогтоож,  

 нэхэмжлэгч Ч.”““, Г.”““ нартай нөхөн олговрын гэрээ байгуулахыг “Ж.О” ХХК-д даалгах нэхэмжлэлийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.          

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.028.154 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж.О” ХХК-иас 70.200 төгрөг, улсын орлогоос 887.754 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ч.”““, Г.”““ нарт олгосугай.  

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоногийн дараа  шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд  шийдвэрийг өөрөө  гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОТГОНЧУЛУУН