Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/41

 

 

                                            2025/ШЦТ/41      

 

 

 

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Т

Шүүгдэгч: Д.Э

Хохирогч: Д.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дгийн Эт холбогдох эрүүгийн 2412000000291 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 01 сарын 13-ны өдөр Архангай аймгийн Д суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Архангай ........... гэх газар оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Б овогт Дгийн Э/РД:АЯ............/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э нь согтуугаар, 2024 оны 10 сарын 12-ны өдөр Архангай аймгийн ......... багийн нутаг дэвсгэрт, малын бэлчээрээс болж буюу ялимгүй зүйлээр шалтаглан Д.Дтай маргалдаж, хутгаар зүүн гарын шуу хэсэгт нь зүсэж, зүүн бугалга, шууг хамарсан зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

*Шүүгдэгч Д.Эын шүүх хуралдаанд мэдүүлсэн:

                “...Тухайн  2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр адуунаас нэг байдас байхгүй болоод түүнийг эрж явах замдаа 2-3 айлаар орсон. Улмаар тариа руу явж байх замдаа Д.Дтай таарсан. Тухайн үед нэлээн согтуу байсан байсан. Зарим зүйлийг санахгүй байгаа. Өөрийн гэм бурууг ойлгож байгаа байгаа...” гэх мэдүүлэг,

 

*Хохирогч Д.Дын шүүх хуралдаанд өгсөн:

                “...Манай ах хотоос ирээд надад өвс буулгаж өгч байсан. Том тэргийг барьсан явж байсан Энхээ ах урдуур тойроод ороод ирсэн. Тэгээд яах гэж байгаа юм болоод зогссон хутга барьж орж ирээд хутгалсан. Цусаа хараад цусаа хараад ухаан алдсан байсан...” гэх мэдүүлэг,

 

          *Эрүүгийн 2412000000291 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Д.Дын өгсөн:

“...Манайх Архангай аймгийн Д сумын \.:............гэх газар оршин суудаг юм, би 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн үед ах Д.Бын машинаар Д.Б ах, бэр эгч Н.Д нарын хамтаар өвс татаад явж байсан чинь урдаас Энхээ ах ирж байсан, тэгсэн миний урд хөндөлдөөд зогссон. Би замаас гараад зогссон чинь тухайн үед би машин бариад явж байсан юм. Энхээ ах нь ирээд жолооч талын хаалга онгойлгоод мэнд усгүй, чи муу яасан баян юм, яасан их өвс буулгадаг юм, хутгаар миний зүүн шуу хэсэг рүү хатгах шиг болсон тэгээд бид 2 барилцаж авсан. Тэр хооронд хамт явж байсан Н.Д эгч хутгыг нь булааж аваад машинаас буусан. Харин би Энхээ ахтай барилцаж авсан тэгээд машинаас буух үедээ бид 2 барилцаж авсан чигээрээ нүүрээрээ мөргөж унасан тэгээд салсан, тэгээд удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн. Энхээ ах нь нэлээд согтуу байх шиг харагдсан, бид нар Энхээ гэсээр байгаад бүтэн нэрийг нь мартсан байна. Бид хоёр бие биеэ цохиж зодоогүй бид хоёр машинаас барилцаж аваад буух үед хамт нүүрээрээ газар мөргөж унасан, тэр үед Энхээ ахын нүүр хэсэг нь цус болсон харагдсан, би тэр хүнийг цохиж зодоогүй тэр ч намайг цохиж зодоогүй. Энхээ ах ирж намайг хутгалах үед надтай хамт ах Д.Б түүний эхнэр Н.Д нар л байсан, өөр хүн байгаагүй харин араас манай эхнэр Туяацэцэг нь ирсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа, харин сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлага байхгүй би тогтоолгохгүй, гомдол санал байхгүй би нутгийн хүнтэй цагдаа шүүх гэж явмааргүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/

 

*Хохирогч Д.Дын дахин өгсөн:

“...Энэ гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд гэм хор учраагүй тул би сэтгэцэд учирсан гэм хор, уршгийг тогтоолгохгүй. Би өөрт учирсан хохирлоо барагдуулж авч чадаагүй одоогоор ямар ч хохирол мөнгө аваагүй байгаа. Одоогоор би нийт хохирлоо нарийн тооцоогүй байна. Би нарийн сайн тооцож байгаад шүүхийн шатанд баримтаар нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг/хх-ийн 79-80 дугаар тал/

 

*Гэрч Н.Дгийн өгсөн:

“...Манайх Улаанбаатар хотод оршин суудаг юм би Д суманд нөхрийнхөө хамт ирээд Дынд байсан юм 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн үед Д.Д, манай нөхөр Д.Б бид 3 нэг машинд суугаад наанаас өвс ачаад буцаад гэр рүүгээ явж байсан чинь урдаас нэг мотоцикл ирж байсан Д.Д нь энэ Энхээ ах явж байна гээд явж байсан тэр мотоциклтой хүн зам хөндлөн зогсоод бид нар замын хажууд зогссон. Тэгсэн тэр мотоциклтой хүн жолооч талаар буюу Д.Дын талын хаалга онгойлгоод Д.Дт хандан яасан их өвс авдаг пизда бэ яасан их өвөлжөө эзэлдэг пизда бэ гээд гутлынхаа түрүүнээс хутга гаргаж ирээд Д.Дын зүүн талын гар руу хутгалах шиг болсон тэгээд Д.Д тэр хүнтэй машин дотроо барилцаад авсан тэгэхээр нь би тэр хооронд хутгийг нь шүүрч аваад машинаас буусан чинь тэр 2 барилцаж авсан хэвээрээ миний буусан хаалгаар нөгөө хүн нь доор нь харин Д.Д нь дээр барилцсан чигээрээ гараад ирсэн тэгээд тэгээд би айсан байсан даа хол очоод зогсон тэгээд нэг залуу ирээд цагдаа эмнэлэг дуудсан удалгүй эмнэлэг ирж араас нь цагдаа нар ирсэн. Д.Д нь манай машин болох ачааны том машиныг бариад явж байсан уг машинд манай нөхөр Д.Б бид 3 явж байсан юм Д.Дыг урдаас мотоциклтой ирж байсан гэх Энхээ гэх хүн түрүүнээсээ хутга гаргац ирээд зүүн гарын шуу хэсэгт нь нэг удаа хутгалсан. Яг ямар шалтгаанаар хутгалсан талаар нь би мэдэхгүй байна миний ойлгосноор газар нутгаа булаацалдаад байгаа юм уу гэж бодсон. Тэр үед манай нөхөр Д.Б, Д.Д, тэр ирсэн Энхээ гэх хүн болон бид хэд л байсан өөр хүн байгаагүй удалгүй араас нь Д.Дын эхнэр Туяа ирсэн удалгүй бас нэг залуу ирээд цагдаа дуудаж өгсөн. Тэр зам тосож ирсэн Энхээ нь архи уусан байсан. Харин Д.Д нь эрүүл байсан. Миний харснаар машин дотроос дээр доороо ороод газар унж харагдсан тэрнээс яг намайг хариу байхад нэг нэгээ зодож цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-н 12-13 дугаар тал/

 

*Гэрч Д.Бын өгсөн:

“...Урдаас ирж зогсоод шууд жолооч талын хаалга онгойлгоод мэндийн зөрүү байхгүй хутгалсан. Тэгээд салгасны дараа бие биеэ ална хядна гээд хэрүүл хийгээд байсан. Би Энхээд хандан дуугүй бай гэж хэлсэн. Д.Д нь Энхээд хандан би танд ямар гэм хийсэн юм гээд л байсан. Д.Дыг Энхээ нь зүүн гар руу хутгалсан. Машинаас барилцаж аваад бууж ирэхдээ тэр 2 хамт газар годройтоод унасан тэр үедээ газар мөргөөд толгойгоо хагалсан харагдаж байсан. Цус гарсан байхаар нь би Энхээд хандан чиний толгой хагарсан байна гэж хэлсэн чинь надаас, намайг хэн цохисон бэ гээд асуухаар нь би Энхээд хандан чи сая машинаас буух үедээ годройтоод газар мөргөсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-17 дугаар тал/

 

*Яллагдагч Д.Эын өгсөн:

“...Д.Д бид хоёр багаасаа бие биеэ мэднэ нэг нутагт олон жил саахалтаар нутаглаж байсан урьд өмнө нь хоорондын таарамжгүй харилцаа байгаагүй. Би жилдээ 1-2удаа архи уудаг, тийм болохоор жоохон архи уугаад тасарчихдаг, тэр үед адуу хайж явж байгаад айлд ороод архи уугаад тасарчихсан байсан юунаас болж маргалдаж мөн Д.Дын биед гэмтэл учруулснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 59-60 дугаар тал/   

 

*Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 сарын 16-ны өдрийн 403 дугаартай “...Д.Дын биед зүүн бугалга, шууг хамарсан зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-н 26-27 дугаар тал/,

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

     Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 10 сарын 12-ны өдөр Архангай аймгийн Д сумын Д багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Д нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Э нь согтуугаар, 2024 оны 10 сарын 12-ны өдөр Архангай аймгийн Д сумын Д багийн нутаг дэвсгэрт, малын бэлчээрээс болж буюу ялимгүй зүйлээр шалтаглан Д.Дтай маргалдаж, хутгаар зүүн гарын шуу хэсэгт нь зүсэж, зүүн бугалга, шууг хамарсан зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Д.Дын”...Энхээ ах нь ирээд жолооч талын хаалга онгойлгоод мэнд усгүй, чи муу яасан баян юм, яасан их өвс буулгадаг юм, хутгаар миний зүүн шуу хэсэг рүү хатгах шиг болсон тэгээд бид 2 барилцаж авсан. Тэр хооронд хамт явж байсан Н.Д эгч хутгыг нь булааж аваад машинаас буусан. Харин би Энхээ ахтай барилцаж авсан тэгээд машинаас буух үедээ бид 2 барилцаж авсан чигээрээ нүүрээрээ мөргөж унасан тэгээд салсан, тэгээд удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Н.Дгийн”...Тэгсэн тэр мотоциклтой хүн жолооч талаар буюу Д.Дын талын хаалга онгойлгоод Д.Дт хандан яасан их өвс авдаг пизда бэ яасан их өвөлжөө эзэлдэг пизда бэ гээд гутлынхаа түрүүнээс хутга гаргаж ирээд Д.Дын зүүн талын гар руу хутгалах шиг болсон тэгээд Д.Д тэр хүнтэй машин дотроо барилцаад авсан тэгэхээр нь би тэр хооронд хутгийг нь шүүрч аваад машинаас буусан чинь тэр 2 барилцаж авсан хэвээрээ миний буусан хаалгаар нөгөө хүн нь доор нь харин Д.Д нь дээр барилцсан чигээрээ гараад ирсэн тэгээд тэгээд би айсан байсан даа хол очоод зогсон тэгээд нэг залуу ирээд цагдаа эмнэлэг дуудсан удалгүй эмнэлэг ирж араас нь цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бын”... Д.Д нь Энхээд хандан би танд ямар гэм хийсэн юм гээд л байсан. Д.Дыг Энхээ нь зүүн гар руу хутгалсан. Машинаас барилцаж аваад бууж ирэхдээ тэр 2 хамт газар годройтоод унасан тэр үедээ газар мөргөөд толгойгоо хагалсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг, яллагдагч Д.Эын мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 сарын 16-ны өдрийн 403 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Д.Э нь хохирогч Д.Дын биед зүүн бугалга, шууг хамарсан зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Д.Э нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Архангай аймгийн прокурорын газраас нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.  

 

Иймд шүүгдэгч Д.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Д.Дын биед зүүн бугалга, шууг хамарсан зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч Д.Д нь гэмт хэргийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн мөнгө болох 600.000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн тул дээрх төлбөрийг шүүгдэгч Д.Эаас гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Харин хохирогч Д.Д нь гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хохирлыг жич нэхэмжлэх хүсэлт гаргасан мөн биедээ гэмтэл авч ажилдаа явж чадаагүй тул ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэх талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн, энэ талаар холбогдох баримтыг ирүүлээгүй байна. Иймд хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын  талаар

 

            Шүүгдэгч Д.Эын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн зүйл хэсэгт заасан торгох ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.

 

          Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  хутга 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Дгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь шүүхээс оногдуулсан 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эаас  600.000/зургаан зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Д сумын Д баг, Шарга ямаат гэх газар оршин суух хаягтай, М овогт Д...гийн Д/РД:АО........./-т олгож, гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хохирол болон бусад хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            7. Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

            9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР