| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2017/05620/И |
| Дугаар | 101/ШШ2018/01774 |
| Огноо | 2018-05-21 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2018/01774
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Саруул тэнгэр цогцолбор 1 тоотод оршин суух, Боржигон овогт Б.М /регистрийн дугаар /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 1 тоот хаягт оршин суух, Цорос овогт Ө.М /регистрийн дугаар /-т холбогдох,
Хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х Ч.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, гэрч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 123 дугаар шийдвэрээр Ө.М бид хоёрын гэрлэлтийг цуцалж хүү М.Б г эхийн асрамжид өгсөн бөгөөд эх нь хар нялхаас нь хүүгээ хайхардаггүй, хайр халамжаар дутаадаг, анхаарал тавьдаггүй хэдэн сар жилээр хүүгээ орхиод өөрийгөө бодоод явдаг.
Би хүүгээ тэр хугацаанд нь асарч, өсгөж сургуулийн анхны алтан босгыг алхаж ороход, аав ээжийн үүргийг биелүүлж байсан учраас хүүгээ асрамжиндаа авах гэж хичнээн ярьж хэлээд чадаагүй юм. Хүүхдийн байгууллагаар нөхцөл байдлын үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч хүүхдийн байгууллагын шинжээч нар Ө.М тэй үгсэн нийлж дүгнэлт гаргах газраа зөвхөн Ө.М-ийг дуудан аваачиж хуувилдсан. Чин үнэндээ Ө.М хүүгээр минь дамжуулан түүнд зөвхөн зээлэнд байгаа орон сууц, эд хөрөнгө л хэрэгтэй байсан учраас санасандаа хүрч эд зүйлсээ авсан. Надад бол зөвхөн хүү минь л хэрэгтэй. 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр гарсан үеэс хойш хүүтэйгээ уулзах санаачлага гаргахгүй, хүүг минь асуудаггүй шууд шүүхэд намайг хүүтэй уулзуулахгүй байна гээд тайлбар өгдөг, мөн шүүгч нь надруу өөрөө утасдан хүүхэд яагаад уулзуулахгүй байна гэх мэт зохион байгуулалттай арга залийг хэрэглэж байсан.
Би хүүгээ маш их санаж уулзах гэж эрж хайсан боловч сураг гаргаж чадахгүй, Ө.М нь утсаа салгаад сураггүй алга болсон (2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр багшаас нь маргааш шалгалтанд нь авчирна гэж хэлээд тэр чигтээ алга болсон).
2015 оны 7 дугаар сард эцэг н.Өлзийгөөс нь Увс аймагруу авч явсаныг мэдэхэд хүүтэйгээ холбоо барих гэхэд ямар нэгэн байдлаар саад учруулж утсаар яриулахгүй, уулзуулахгүй байсан. Улмаар би 2016 оны 4 дүгээр сард хүүтэйгээ уулзахаар Увс аймагруу ээжтэйгээ очсон боловч Ө.М нь шүүхэд өгсөн хаягтаа байхгүй, ажиллаж байгаа гэсэн газарт нь очиход тэр газраа ажилладаггүй байсан шүүхэд хуурамч нотлох баримтууд гаргаж өгч байсан. Миний бие Увс аймгийн шүүхэд хандаж шүүгчээр нь дамжуулж хүүтэйгээ уулзах хүсэлт тавьсан. Шүүгч бидний хүсэлтийг хүлээн авч уулзуулсан ба Ө.М нь ийм хаягт байдаггүй ажил хийдэггүй гэж хэлснээр зөвхөн хүүг уулзуулахаар болсон. Би хүүтэйгээ уулзахад царай алдсан маш их санасан байсан. Хүүгээ гадуур дэлгүүрээр авч явах санал тавихад надаас уулзалтын бичиг шаардсан. Хүүтэйгээ уулзаад буцах болоход хүү минь дагаж уйлаад үлдсэн. Сургуулийн зуны амралтаар хүүгээ өөр дээрээ авч амраах гэсэн боловч Ө.М утсаа авахгүй эцэг Өлзийтэй холбогдоход хүүхдийг чинь уулзуулахгүй гэсэн хариу өгсөн. Ө.М-ийн эцэг, эх хоёр нь миний хүүг сайн мэдэхгүй нэг ч асууж байгаагүй 7 нас гарантай хүүг минь танихгүй орчинд аваачин бүхий л хүүхдийн эрхийг нь хассанд гомдолтой байна.
Хүүг Увс аймгийн ахлах 4 дүгээр сургуульд сурч байгаа гэсэн тодорхойлолт шүүхэд өгсөн байдаг. Хүү Увс аймагт 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хичээлд ороогүй 11 дүгээр сарын дундуур орсон байдаг. Хичээлийн 2 дугаар хагасын дүнгийн жагсаалтад таван хичээлийн нэр байдаг.
Хүүгийн ангийн багшийн утсыг олж авч ярихад М.Б нь эмээ, өвөөтэйгээ амьдардаг ээж нь байдаггүй гэж 2016 онд бидэнд хэлсэн түүнээс ч хойш хүүгийнхээ төрсөн өдрөөр ч ярьж чаддаггүй. Саяхан багш н.О тэй утсаар ярихад ээж нь битгий яриулж бай гэж гуйсан гээд яриулаагүй.
Сургуулийн амралтаар нь авчирах хүсэл их байсан, багштай нь дахин ярихад М.Б ээжтэйгээ уулзахаар Улаанбаатар хот явна гээд хичээлээс чөлөө аваад явсан. Бас л өвөө, эмээтэйгээ байдаг энэ жил хичээл эхлээд ангийн хурал хийгээгүй урьд нь хуралд өвөө нь ирж байсан гэсэн тайлбар өглөө. Ө.М нь хүүг өөр дээрээ авсан цагаасаа эхлэн хичээлд нь явуулахгүй таслуулдаг нь баримтаар тогтоогддог.
Шүүх хүүхдийг хайр халамжаар дутаадаг, хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх боломжгүй, боловсролд сөргөөр нөлөөлнө гэж үндэслэл тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх өрөөсгөл дүгнэлт хийж хүүг минь эхийн асрамжид өгсөн нь цаасан дээр бичсэн болохоос биш хүүг минь эхийн асрамжид биш эцгээс нь салгаж авч, таньж мэдэхгүй шахуу эмээ өвөөгийн асрамжид өгсөн юм.
Төрийн шүүх тухайн үед Ө.М-т итгэж хүүг минь асрамжинд нь өгсөн боловч тэр эх асран хамгаалагч хүнийхээ үүргийг биелүүлээгүйгээс хүү минь эцгийн ч биш, эхийн ч биш, өвөг эцэг, эмэг эхийн асрамжид өдөр шөнийг өнгөрүүлж байна.
Өвөө, эмээ гэх хүмүүс нь хүүхэд асрах нь бүү хэл өөрсдөө үр хүүхдээрээ асруулах болсон хүмүүс. Иймд хүү минь эцэг, эх нь байсаар байхад бусдын асрамжид байх ёстой юмуу.
Энэ бүгдээс үзэхэд хүүгийн минь эдлэх эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа нь эрх биш ойлгогдох биз. Эцэг миний эрх зөрчигдөж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хандаж хүүтэй минь уулзуулж өгөөч гэж хүсэлт гаргасан боловч шүүхээсээ гүйцэтгэх хуудас бичүүлж ир гэхээр нь хэрэг шийдсэн шүүхэд хандахад Ө.М-т гүйцэтгэх хуудас бичиж өгсөн танд өгөх боломжгүй гэсэн болно.
Нэгэнт Ө.М хүүгээ өөр дээрээ байлгаж эхийн хайр халамж үзүүлэх боломжгүй учраас эцэг нь хүүгээ асраад, сургаад өв тэгш хүмүүжилтэй хүн болгон хүмүүжүүлэх бүхий л боломж надад байгаа учир ИХШХШТХ-ийн 10 дугаар бүлгийн 133 дугаар зүйлийн 133.1.5-д заасныг удирдлага болгон Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 123 шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт буюу Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар 2008 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү М.Б г Ө.М-ийн асрамжид үлдээсүгэй гэснийг хүчингүйд тооцож хүүгийн минь асрамжийг эцэг надаар тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.М , Ө.М нарын гэрлэлт цуцлахтай холбоотой хэрэг дээр анхнаас нь ажилласан. Гэрлэлт цуцлах гол нотлох баримт болсон Монгол улсын Засгийн газрын Хүүхдийн төлөө үндэсний газрын дүгнэлтийн хоёрдугаар хуудасны доороосоо хоёр дах мөрөнд тодорхой заасан байгаа. Хэрвээ асран хамгаалагч эх Ө.М нь гадаад улсад явах мөн хүүхдээсээ удаан хугацаагаар хол байх тохиолдолд хүүхдийн асрамжийг Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийг 26.9-д зааснаар Б.М ын асрамжид шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Үүнийг тухайн үед шүүх үнэлээгүй. Харин одоогоор эхэд нь өгөх боломжтой байна гэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслээд шилжүүлсэн. Өнөөдрийн нөхцөл байдлын гол шалтгаан бол Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-ийг үндэслээд асран хамгаалагч маань шүүхийн итгэл хүлээлгэж өөрт нь үлдээсэн хүүхдийн асрамжийг хэрэгжүүлэхгүй байна. Асрамжлах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэдэг нь нотлогдож байна. Асрамжлах гэдэг нь хүүхдээ эцэг, эхдээ, эмээ, өвөөдөө орхиод байлгахыг хэлдэг зүйл биш, сэрэхээс унтах хүртэл энэ хүүхдийн амь нас, эрүүл мэнд, сурч боловсрох, идэх уух, идэвхитэй амьдрах бүх нөхцлийг хангаж өөрөө түүнд нь хяналт тавих үйл явц юм. Гэр бүлийн тухай хуулиар хүүхэдтэйгээ тухайлан өөрөө хамт байх, орон зайн хувьд заавал хамт байхыг шаардана.
Байр авах гээд байгаа юм, байрнаасаа болоод хэрэлдээд байгаа юм гэж байсан. Өнөөдрийг хүртэл энэ байрны ипотекийн зээлийг нэхэмжлэгч төлсөөр байсан. Энэ нь банкны тодорхойлолтуудаар нотлогдоно. Хэдийгээр энэ хүний хөрөнгийг хурааж шийдвэрлээд зээл төлөх үүргээс чөлөөлөгдсөн боловч хүүхдийнхээ хувь заяаг бодоод төлсөөр байгаа. Хэрвээ төлбөрийг төлөөгүй бол энэ байрыг хураах тухай асуудал яригдах байсан. Хүүхдийн асрамжтай холбоотой асуудлыг шийдвэрлэчих юм бол би байр савтай зууралдаад байх зүйл байхгүй. Энэ хүмүүст өөр амьдрах боломж байгаа.
М.Б н 2015 оны хугацаанд амьдарч ирсэн замнал нь байгаа. Энэ хүү дийлэнхдээ аавын талынхаа аав ээж, авга эгчтэйгээ амьдарч ирсэн. Үүнийг юу нотлох вэ гэхээр дандаа Улаанбаатарт энэ хоёртой байгаагүй Дорнод аймагт өвөө эмээтэйгээ цөөнгүй хугацааг өнгөрөөсөн. Нүд нээснээс хойш аавынхаа ээж аавтай амьдарч байсан. Аавынхаа дүүг ээжээ гэж дууддаг байсан нь чухал асуудал байсан. Тухайн үед би шинжээч нарыг та нар нэг удаа ч болов нүдийг хараад дүгнэлт гаргаач гэж хэлж байсан. Яагаад энэ хүүхэд өөрийнхөө ээжийг биш аавынхаа дүүг ээжээ гэж дууддаг байсан юм бэ, тухайн цаг хугацаанд ээж нь ач холбогдол өгч байсан уу, эсвэл ажлын цаг завнаасаа болоод хүүхдэд анхаарах анхаарал орхигдож байсан уу, тэрнээс энэ хүүхэд хэнтэй хамгийн удаан байна, ухаан ороход нь ямар эмэгтэй хамгийн ойр байна тэрийгээ ээжийгээ гэж дуудаж байгаа.
Гэр бүл цуцлах шүүх хуралдаан дээр хүүхдээс асуудаг юм. Тухайн үед хүүхэд аавтайгаа байна гэж хэлдэг. Үүнд ямар нэгэн чихэр гоё зүйл гэж ярьдаггүй. Зөвхөн би аавтайгаа үлдэнэ, яагаад гэвэл би аавдаа хайртай гэж хэлсэн байдаг. Сая хүүхдийг асуулгахад харьцангуй гадаад оршин бусад зүйлд хариулт өгөх оюун санаа чадамж нь нээгдчихсэн байх үед асуусан. Ээж надад гоё чихэр авч өгдөг гэсэн байсан. Өөрөөр хэлбэл материаллаг зүйлээр хүүхдийн сэтгэхүйг торгоож байна гэдэг нь харагдаж байна. Хамгийн сүүлд би аавдаа хайртай гэсэн байдаг.
Тавдугаарт нь энэ гэр бүл цуцалдаг шүүхийн шийдвэр дээр аавтай нь хүүхдийг уулзуул гэсэн байдаг. Хэрвээ уулзуулахгүй бол та хариуцлага хүлээн шүү гэж тухайлан заасан байдаг. Гэтэл 2016 оны өвөл надад Увс аймгийг Улаангом явъя гэж санал тавьсан. Би боломжгүй гэсэн. Тэгээд очоод эрж сураад хүүхдээ олж уулзсан байдаг. Хүүхэдтэйгээ уулзах үед Улаанбаатар хотод аавтайгаа, аавынхаа аав ээжтэй, эгчтэйгээ амьдарч байсан нөхцлөөс дор нөхцөлд амьдарч байсан гэж байгаа. Хүүхэд сэтгэл зүйн хувьд бэтгэрэх шинжтэй ярихаа больсон байсан. Би энэ хүүхдийг цовоо сэргэлэн байхыг мэднэ. Бичлэгийг нь хийж байхад хүүхдийн ярих хандлага ээжийгээ орж ирэнгүүт биеэ хянаж байгаа байдал нь шал өөр болсон байсан. Эдгээр нөхцөл байдлаас гадна өнөөдрийн гол үндэслэл бол шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдийнхээ асрамжийг өөр дээрээ авсан хариуцагч Ө.М нь Гэр бүлийн тухай хуульд заасан боловч шүүхийн шийдвэрийг зөрчөөд хүүхдээсээ тусдаа 3 жил орчим амьдарч байна. Шүүхийн шийдвэрээр заасан өөрт олгогдсон үүргээ биелүүлэхгүй байгаа учраас хүүхдийн асрамжийг өөрчлөх нь зүйтэй. Хэрвээ өөрчлөхгүй бол хүүхдийн эрхийн тухай хууль мөн бусад эрх зүйн байдал зөрчигдөж байна. Хүүхэд хэдийгээр өвөө эмээгийндээ амьдарч байгаа гэж байгаа боловч шүүхийн шийдвэр дээр өвөө эмээгийнх нь асрамжид хүүхдийг үлдээсэн тухай ямар нэгэн заалт байдаггүй. Нэгэнт асран хамгаалагч нь өөрийнхөө үүргийг биелүүлэхгүй байгаа учраас Гэр бүлийн тухай хууль болон иргэний хуульд зааснаар хүүхдийн асрамжийг өөрчлөх нь хуульд нийцнэ гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрээр хүүхдийг эхийнх нь асрамжид өгсөн боловч үүнээс хойш энэ хүүхдийн эрх ашиг өнөөдрийн энэ цаг минут хүртэл зөрчигдөж байгаа гэж үзэж байна. Яагаад ингэж үзэж байгаа вэ гэхээр Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар болон нотлох баримтаас харахад хүүхдийн эрх ашиг ямархуу нөхцөл байдалтай байгаа вэ гэдэг асуудал байна. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа эцэг эхийн үүргийн тухай тодорхой заасан байдаг. Тухайн үед хүүхдийг эхийнхээ асрамжид байх нь зөв юм байна гэж шүүх шийдсэн боловч гэрлэлт цуцлагдаж хүүхэд 2015 онд эх дээрээ очсоноос хойш хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Яаж зөрчигдөж байгаа гэж үзсэн бэ гэхээр Ө.М нь хүүхдээ аваад Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байдаг өөрийнхөө өвөө эмээ дээр 7 настай хүүхдийг аваачиж өгсөн. Тэр өвөө эмээтэйгээ тун цөөхөн уулзаж байсан, эмээ өвөөдөө дасан зохицоогүй тийм орчинд хүүхдээ аваачиж орхиод өөрөө Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа. Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг эх хоёрын аль нэг нь эрхээ хасуулаагүй байгаа учраас энэ хүүхдийн эцэг эх нь амьд сэрүүн байгаа тохиолдолд эхийнхээ асрамжид эсвэл эцгийнхээ асрамжид байх ёстой. Түүнээс биш өөр асран хамгаалагч энэ хүүхдийг асарч хамгаалах хуулиар үүрэг хүлээхгүй. Ө.М нь бүрдүүлж ирсэн материалаа Увс аймагт очиж бүртгүүлчхээд /хуучин Увс аймгийн үндсэн харьяат иргэн/ тэр бүртгэлтэй гэж байгаа боловч өнөөдөр хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчтэйгээ Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 16 хороо Саруул тэнгэр цогцолборын байрны хаягаар гэрээ хийсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ө.М-ийн Увс аймагт бүртгүүлсэн хугацаа 2017 оны 05 сард хугацаа дууссан гэж хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нэгэнтээ Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар тусдаа амьдарч байгаа эцэг эх хоёр адилхан үүрэгтэй. Ямар үүрэгтэй вэ гэхээр гэрлэлт цуцлуулсан эсвэл хүндэтгэн үзэх шалтгаанаар тусдаа амьдарч байгаа нь энэ хуульд заасан эцэг эхийн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Хэн нь ч хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Нэгэнт эх нь хүүхдийг шүүхийн журмаар авсан ч гэсэн хүүхдээ асарч сувилахгүй эцэг эх дээрээ аваачиж орхисон нь хүүхдийн хичээл сурлага доголдож байна. Сэтгэл санааны хувьд бол эх эцгийгээ санана. Эцэгтэй нь уулзуулахгүй эрэл сурал болж байж 2016 онд Увс аймагт очиж эцэг нь уулзсан. Эцэг хүү хоёр ямар энхрий дотно байсан нь хүүтэйгээ авахуулсан зурагт харагдаж байна. Хүүхдийг эцэг нь болон эцгийнх нь аав ээж хоёр өсгөлцсөн байдаг. Энэ хоёр хоёулаа урлагийн хүмүүс. Хамтран амьдарч байх хугацаанд нь өглөө хүүхдийг нь авч үлдээд орой ирэхэд хүн хүүхдийг нь хооллож ундлаад асарч сувилаад байж байдаг байсан. Эцэг эх хоёр нь шөнө орой ирдэг. Мэдээж урлагийн хүмүүст цаг зав байхгүй энэ болгонд дэмжлэг туслалцаа үзүүлж байсан. Эхэд нь төрийн шүүхээс итгэл хүлээлгээд хүүг нь өөрийнх нь асрамжид өгөөд хүүгээ гараас нь хөтлөөд сургуульд нь хүргэж өгөөд хичээл номыг нь хийлгээд асаргаа сувилгаа бүгдийг нь хариуцах нь байна шүү, эцэг нь үүргээ биелүүлэх ёстой шүү гээд төрийн шүүх итгэл хүлээлгэж байхад шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна. Энэ үүргээ биелүүлэхгүй байгаа учраас хүүхдийн асрамжийг өөрчилж эцэгт нь өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Б.М нь би хүүхдээ аваад өсгөөд хүмүүжүүлээд байх боломжтой, хамаагүй тэр байрыг Ө.М ав гэдэг. Эд хөрөнгөний асуудал биш хүүхдийн минь ирээдүй бидэнд хэрэгтэй гэдэг учраас хүүхдээ хүмүүжүүлэх хэрэгтэй. Энэ хүүхэд эцэг эхээ санана, эд материалаар дутна. Хүүхдийн мэдүүлгээс онцолж хэлэх нэг зүйл байна. Ээж минь надад гоё юм авч өгдөг. Тэр хүүхэд эхийнхээ авч өгсөн гоё юманд л татагдаж байна. Өөр тэр хүүхдэд татагдаж байгаа юм алга байна шүү дээ. Эх нь хүүхдийн улирлын амралтаар хотод авчирч дөрөв тав хоног хамт байж байгаад хичээлийг нь таслуулаад хэд хоногийн дараа явуулахдаа аятайхан хоол унд идүүлээд, аятайхан тоглоом хувцас аваад өгөхөөр тэрэнд нь хүүхэд татагдаж байна. Энэ асуудалд хүүхдийн ирээдүй байгаа учраас нилээн нухацтай хандах шаардлагатай гэж үзэж байна. Тийм учраас энэ хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахгүйгээр гэрлэлтээ цуцлуулсан хамтран амьдарч байгаа эцэг эх, тусдаа амьдарч байгаа ч харилцан зөвшилцөн эцэг эхийн эрх үүргээ биелүүлэх ёстой гэж үздэг. Тийм болохоор Б.М хүүгээ асрамжиндаа авъя, хүүгээ эхтэй нь уулзуулж байя ийм учраас асрамжийг нь өөрчлүүлж өгөөч халамж болон эдийн засгийн хувьд ч тэр хүүхдээ асраад сувилаад байх боломжтой байна гэсэн үүднээс нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Ө.М шүүхэд гаргасан тайлбартаа: Ө.М миний бие Б.М таа 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 456 тоот Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийдвэрийн дагуу Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг цуцалж, мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүү М.Б г миний асрамжид үлдээсэн.
Тухайн шийдвэрт Б.М нь гомдол гарган Иргэний хэрэг давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 453 магадлалаар 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 123 тоот шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Мөн Б.М хяналтын гомдол гарган 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 78 тоот шүүх хуралдааны тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхисон.
Б.М нь тухайн үед намайг хэд хэдэн удаа зодож гэмтээн торгуулийн ял шийтгэл хүртэл авч байсан. Мөн гэр бүлээс гадуур өөр эмэгтэйтэй хамт амьдарч, архи дарс ууж агсан согтуу тавьж явдаг ёс зүйн маш их доголдолтой хүн.
Хүү М.Б н асрамжийн асуудлыг шүүх хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд холбогдох арга хэмжээ авч, шинжээч томилон хүүг маань миний асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзсэн.
Өнөөдрийн байдлаар Б.М нь гэрлэлт цуцлах асуудлаас өмнө н.Эрдэнэболор гэгч эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаатай байсан эмэгтэйгээ хамт амьдарч охинтой болсон байгаа.
Гэрлэлт цуцалснаас хойш хүүхдийнхээ талаар анхаарч байгаагүй, байр орон ч суллаж өгөхгүй бид гадаа гудамжинд хонохоос өөрцгүй түрээсийн байранд амьдарч, хамаатан болон ахындаа сүүлд амьдарч байсан. Би сэтгэл санаа эрүүл мэндээрээ хохирч ажил төрлөөсөө ч гарсан.
Ингээд эцэг, эхтэйгээ харилцан ярилцаад өөрийн нутаг Увс аймагт шилжин суурьшиж хүү маань 1 дүгээр 10 жилийн 4Г ангид суралцаж байна. Миний эцэг, эх хүний гар харахаар хүмүүс биш, харин ч хүү бид хоёрын амьдрал ахуйд тус болж байгаа. Ер нь хүний эцэг, эх ялангуяа охиноосоо гарсан үр хүүхдэд ойр дотно байдаг шүү дээ.
Б.М ер нь хүүхдээ гэсэн сэтгэлээр энэ нэхэмжлэлийг гаргаагүй, гагцхүү орон сууцтай холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргаж байгаа болох нь тодорхой. Хэрэв тийм л үр хүүхдээ гэж бодсон бол бид хоёрт орон байрыг маань суллан өгөөд, хүүтэйгээ уулзаж байх боломжтой байсан. Гэтэл Б.М харин ч бид хоёрыг гэр оронд минь амьдруулах нөхцөл бололцоогоор хангаагүй хүнд байдалд оруулсан, өөрөө гэр бүлтэй, үр хүүхэдтэй байж миний хүүг яаж амьдруулах нь ойлгомжгүй.
Иймээс нэгэнт Монгол улсын гурван шатны шүүх миний асрамжид хүү М.Б г үлдээн шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх, хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ, өөрийн эрх хэмжээний дагуу шинжээч томилсон байдаг. Шинжээч томилсон тохиолдолд яах вэ гэхээр энэ хоёр хүний зан байдал, хүүхдийн байдал, нэхэмжлэгчийн өөрийнх нь тухайн үед гэрлэлтээ яагаад цуцлуулсан энэ талаар харьцуулан судалсны үндсэн дээр шинжээч нар бол эхэд нь өгөхөөр шийдвэрлэсэн байгаа. Өнөөдөр бол нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хүүхдийн асрамж өөрчлүүлэх гэж байна. Өмгөөлөгчийн ярьснаар удаан хугацаагаар гэж яриад байна. Хүн өнөөдөр Улаангом хотод ажилладаг байсан ч Улаанбаатар хотод ирээд ажиллаж байх энэ хугацааг удаан хугацаа гэж үзэхгүй. Жишээ нь Улаанбаатар хотод ажилладаг мөртлөө 14 хоног Оюу толгой руу томилолтоор яваад ирдэг. Үүнийг хүүхдээ харахгүй удаан хугацаагаар байсан шүүхийн шинжээчид ингэж хэлсэн байгаа учраас энэ хүүхдийн асрамжийг өөрчилж өгөөч гэж хүсээд байна. Тэгэхээр удаан хугацаа гэдгийг юу гэж хэлэх вэ гэхээр гадаад улсад орхиж яваагүй, Монгол улсдаа ажиллаж амьдарч байна. Үндсэн хуулиараа энэ хүн хөдөө амьдрах уу хотод амьдрах уу хаана ямар ажил хийх вэ эрх чөлөөтэй чөлөөтэй амьдрах ёстой гэсэн энэ заалтуудаа хамаарч байгаа учраас хүүхдийн асрамжтай холбоотой асуудал дээр холбоогүй гэж үзэж байна. Тийм учраас энэ нэхэмжлэгчийн гаргасан асран хамгаалагчийг өөрчлөхтэй холбоотой нөхцөл байдал үүсээгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна. Үүнээс гадна хамгийн анхны шүүхийн шийдвэрээр Б.М ын зан байдалтай холбоотой зүйлийн талаар хэлэх болов уу гэж бодож байна. Яагаад энэ хүүхдийг аавд нь өгөөгүй вэ гэдгийг сөхөх хэрэгтэй. Энэ хүн эхнэр Ө.М-ийнхээ биед тухайн үед Монгол улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөнгөн гэмтэл санаатай учруулаад торгуулах ял авч байсан. Үүнээс гадна хүүхдийн амь нас, Ө.М-ийн эрүүл мэндийн байдалтай холбоотой асуудал гарна гэж бодоод гэрлэлтийг эвлэрэх хугацаа олголгүйгээр шийдвэрлэсэн байдаг. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр энэ хүн зан байдлын доголдолтой, эхнэрээ зоддог ийм хүнд хүүхдээ өгч чадахгүй. Өөрөө архи уугаад эхнэрээ зоддог хүнийг адилхан адилхан эхнэрээ зоддог хүүхэд болгоод хүмүүжүүлчихнэ шүү дээ. Өнөөдөр энэ хүн хүүхдээ авсан ч маргаантай байгаад байгаа байрандаа ээжийнхээ асрамжид үлдээгээд ажлаа хийгээд яваад өгнө. Эцэг эхтэйгээ нэг дор амьдардаг хүмүүс ээж ааваа хүүхэд харж байгаарай гэдэг. Яагаад аав ээж нь хүүхдийнх нь асрамжид оролцож болохгүй гэж. Харин ч эцэг эх нь танай хүүхдийг өсгөж өгч байгаад баярлах ёстой шүү дээ. Цалин аваад мөнгөө төлдөг. Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлтэй, ипотекийн зээлтэй ч гэсэн бас шүүхийн шийдвэрээр Ө.М-ээс 10 гаруй сая төгрөг гаргуулсан тэрийг нь төлсөн. Хүүхдийн асрамжтай холбоотой асуудал дээр Ч.М нь 2014 оноос хойш хүүхдээ хүмүүжүүлж байгаа, шүүхийн шийдвэр дээр заасан гүйцэтгэлүүдийг хийсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Ө.М-т холбогдуулан, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, талууд маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 123 дугаар шийдвэрээр, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б.М , Ө.М нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар, 2008 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, хүү М.Б г эх Ө.М-ийн асрамжид үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч Ө.М хүү М.Б г Увс аймагт өвөө, эмээд нь орхиод, өөрөө Улаанбаатар хотод хүүгээсээ хол ажиллаж, амьдарч, хүүхдийн сурч боловсрох эрхийг зөрчиж байна гэж тайлбарласан.
Хариуцагч Ө.М нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 20 дугаар байр, 16 тоот хаягт хүү М.Б болон Б.Ө, Ц.С, Ө.О нарын хамт оршин суух бүртгэлтэй бөгөөд одоо Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа болох нь зохигч, талуудын тайлбараар тогтоогдож байх боловч түүний ийнхүү ажиллаж, амьдарч байгааг буруутгах, хүү М.Б эхийн асрамжид байснаар түүний хүмүүжил, сурлагад ноцтой хохирол учрах, эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл нотлогдож тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хүүхдийн асрамжийг өөрчлөх боломжгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д зааснаар, хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 123 дугаар шийдвэрээр хүү М.Б г асрамждаа авсан хариуцагч Ө.М нь хүүхдийн эрхийг зөрчсөн, хүчирхийлэл үйлдсэн, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахуун доройтсон гэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр тогоогдсонгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан, хариуцагч Ө.М-т холбогдох, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэгч Б.М ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА