| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2019/05284/И |
| Дугаар | 101/ШШ2020/00630 |
| Огноо | 2020-02-14 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2020/00630
| 2020 02 14 | 101/ШШ2020/00630 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А чөлөөт бүс УТҮГ -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б ХХК -д холбогдох
Газрын төлбөрт 6,702,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, хариуцагчийн төлөөлөгч Л.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2009 оны 12 дугаар сард Б ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож улмаар 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 131 дугаартай Эрх олгох тухай, 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай 132 дугаартай захирамжаар 1 га газрыг худалдаа, үйлдвэрлэлийн, барилга байгууламж-ийн зориулалтаар баталгаажуулсан захирамжийг тус тус гаргасан. Энэхүү захирамжуудыг үндэслэн 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 09/99 дугаартай Газар эзэмшүүлэх гэрээ, 2009 оны 12 дугаар сарын 04-ний 130 дугаартай Аптанбулаг худалдааны чөлөөт бүсийн Хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан. Гэвч 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/78 дугаартай захирамжаар гэрээний үүргийг биелүүлээгүй үндэслэлээр газар эзэмшүүлэх эрхийг цуцалсан.
Манай байгууллагын зүгээс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 01/330 дугаартай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэхүү аж ахуйн нэгжтэй холбоотой газрын төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 101/Ш32019/16559
дугаартай шүүгчийн захирамжаар Газрын төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан.
Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэгжүүлээгүй шалтгаан нь:
1. Газрын төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйл. Газрын төлбөртэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх
2. Газрын төлбөртэй холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан хянан шийдвэрлэнэ
3. Төлбөр төлөгч болон газрын асуудал эрхэлсэн албаны холбогдох албан тушаалтны хооронд үүссэн маргааныг тухайн албан тушаалтны дээд шатны байгууллага, албан тушаалтан;
4. Төлбөр төлөгч газрын төлбөртэй холбогдсон маргааны талаар энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг шүүх шийдвэрлэнэ гэж заасны дагуу тухайн аж ахуйн нэгж буюу төлбөр төлөгчтэй өнөөг хүртэл уулзаагүй, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дэх хаяг дээр очиход тийм нэртэй компани үйл ажиллагаа явуулдаггүй, захирал Лувсанчүлтэм овогтой Лхагвадулам гар утас руу залгахад холбогдох боломжгүй гэх мэт хүндрэлүүд гарч байгаа тул Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэгжүүлэх нөхцөл байдал одоогийн байдлаар боломжгүй байдал үүсээд байгаа тул уг асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл дахин гаргаад байна.
А чөлөөт бүс нь газрын төлбөрөөр улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг бөгөөд Б ХХК-ийн 09/99 дугаартай газар эзэмшүүлэх гэрээний үүргийг хангуулахын тулд 3.5-д Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, мөн гэрээний 4.3-т газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан аж ахуйн нэгж зохих хуваарийн дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй...тухайн хугацаанд төлсөн газрын төлбөрийг буцаан олгохгүй" гэж зааснаар газрын төлбөрийн хуваарийн дагуу 6.702.600 төгрөгийг гаргуулж манай байгууллагын газрын төлбөрийг хохиролгүй болгож өгнө үү.
Б ХХК-нь Газрын тухай хууль-ийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т Газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Газрын төлбөрийн тухай хууль-ийн 9 дүгээр зүйлийн 2-д Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно, Татварын ерөнхий хууль-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа, татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж тус тус заасны дагуу газрын төлбөр төлөх бүрэн үндэслэлтэй байна.гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
А чөлөөт бүсийн захирагчийн нэхэмжлэлтэй "Б" ХХК-д холбогдох газрын төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь А чөлөөт бүст төсөл хэрэгжүүлэх замаар бизнесийн үйл ажиллагаа явуулах үүднээс 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 130 дугаар бүхий "А" чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээг А чөлөөт бүсийн тухай хуүльд заасны дагуу Захирагчийн ажлын албатай байгуулсан. Уг хөрөнгө оруулалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт чөлөөт бүсийн ажлын алба нь чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай эхний ээлжийн дэд бүтцээр хангах, 3.2 дахь хэсэгг хөрөнгө оруулалтын ажил саадгүй явагдах эрх зүйн нөхцөлийг хангах, 3.3 дахь хэсэг харуул хамгаалалт, нийгмийн бусад үйлчилгээгээр хангах үүрэг хүлээсэн боловч дээрх үүргээ гүйцэтгээгүй, мөн уг гэрээний 7.3 дахь хэсэгт хөрөнгө оруулалтын гэрээ цуцлагдсан тохиолдолд газар эзэмшүүлэх гэрээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээ нэгэн адил цуцлагдана гэж заасан байна. Үүний улмаас хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл хангагдаагүй байсан тул хариуцагч нь гэрээний үүргээ гүйцэтгэх нөхцөл бүрдээгүй бөгөөд гэрээгээр хүлээсэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй. Чөлөөт бүсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлж, ашиглуулсны төлбөрийг Газрын төлбөрийн тухай хуульд заасан суурь үнэлгээг үндэслэн, чөлөвт бүс тус бүрт түүний байршил, үйл ажиллагааны төрлөөс хамааруулан Засгийн газар тогтоож болно, Газрын төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлд Газрын төлбөрийн тухай хууль тогтоомж нь Газрын тухай хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ, Газрын тухай хүулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт Газрын түхай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ гэж тус тус заасан байна. Үүнээс үзэхэд газрын эзэмших эрхийг тогтоох харилцааг Иргэний хуульд заасан хэм хэмжээний хүрээнд зохицуулахаар байна. Иргэний хуүлийн 288.1.1, 289.2.1 дэх заалтын дагуү чөлөөт бүс нь гэрээний хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх, хэрэв авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах эрхтэй байхаар заасан, Мөн Иргэний хуүлийн 209 дүгээр зүйлд хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж заасны дагуу дэд бүтэц болон бизнесийн хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоог хангасан үеэс эхлэн хариуцагч нь газрын төлбөрийг төлөх үүрэг үүснэ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талтай зөвшилцөж эвлэрэн хэлэлцэх боломжтой байна гэв.
Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А чөлөөт бүс УТҮГазар нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан Газрын төлбөрт 6,702,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
А худалдааны чөлөөт бүсийн захирагчийн 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 131, 132 дугаар захирамжаар, Б ХХК-д 1 га газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулан газар эзэмшүүлэх гэрээ, А худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан байна.
Уг гэрээгээр 1 га газрын төлбөрт жилд 3,200,000 төгрөг, 5 жилд 48,000,000 төгрөг байх, үүнээс Монгол улсын Чөлөөт бүсийн тухай, А худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулинд заасны дагуу газрын төлбөрийг 14,400,000 төгрөгөөр хөнгөлж, төлбөрийн нийт хэмжээг 33,600,000 төгрөг, нэг жилд 2,240,000 төгрөг байхаар тогтоожээ.
А худалдааны чөлөөт бүсийн захирагчийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/78 дугаар захирамжаар, газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх зэрэг үүргээ биелүүлээгүй мөн эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа эхлүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн Газар эзэмшүүлэх /ашиглах/, Хөрөнгө оруулалтын гэрээг цуцлаж, Бүртгэлийн болон газар эзэмших /ашиглах/, эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон байна.
Газрын тухай хуулийн 221.1-т зааснаар Чөлөөт бүсийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу чөлөөт бүсийн газрыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж ашиглуулах асуудлыг шийддвэрлэж, зохион байгуулах эрх Чөлөөт бүсийн захирагчийн бүрэн эрхэд хамаарч байна.
Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар хариуцагч Б ХХК нь газрын төлбөр төлөгч, мөн хуулийн 4 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6, 16 дугаар зүйлийн 16.1.9-т зааснаар чөлөөт бүсийн газар нь тусгай хэрэгцээний газар ба төлбөр ногдуулах газар байна.
Газрын төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлэх боломжгүй байсан талаар нэхэмжлэлд дурьдсан байна.
Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-т зааснаар Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцохоор заасан боловч Чөлөөт бүсийн газрын мэдээлэл хуулийн дээрх зохицуулалтын дагуу дундын мэдээлллийн санд ороогүй талаар нэхэмжлэгч тайлбарлаж байна.
Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.18-д зааснаар газрын төлбөр нь татварын төрөлд хамаарах ба мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2010-2013 оны газрын төлбөрийг нэхэмжлэх хугацаа 2017 онд дууссан байна гэж үзлээ.
Хариуцагч Б ХХК-ийг хаягтаа байхгүй, захирлын утас холбогдохгүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 182/ШШ2019/00303 шийдвэрээр хариуцагч компанийг эрэн сурвалжилсан ба үүнээс өмнө хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Иймд хариуцагч Б ХХК-д холбогдох газрын төлбөр 6,702,600 төгрөг гаргуулах тухай А чөлөөт бүс УТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар хариуцагч Б ХХК-д холбогдох газрын төлбөр 6,702,600 төгрөг гаргуулах тухай А чөлөөт бүс УТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ