Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/101

 

 

 

                                     

 

2025         02           21                                        2025/ШЦТ/101

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс: 307/2025/0076/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,

Улсын яллагч Б.Доржханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2518000000062 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *******,******* тоотод оршин суух, Дархан-Уул аймгийн Дархан сумын 1*******,******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* 

******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, *******, Рсссия 28 тоотод хоноод гарч явахдаа ******* эзэмшлийн гэр ахуйн болон гоо сайхны бараануудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч ******* 945,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6/,

Иргэн бичгээр гаргасан гомдол /хавтаст хэргийн 7/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний шилжих шөнө 00 цагт хамтран амьдрагч ******* нь миний түр оршин суух хаягтай Дархан-Уул аймаг, Дархан сум, *******, тоотод байхад согтуу ирээд хаалга өшиглөөд, хөршүүд уурлаад байхаар нь гэртээ оруулаад унтуулсан. Би 19-ний өглөө 05 цагт ажил руу явахаар гэрээсээ гарахад *******г согтуу болохоор нь гэртээ цоожлоод үлдээж ажилдаа явчхаад 18 цагийн орчимд гэртээ ирэхэд гэрийн үүдний модны хаалга эвдсэн байдалтай байхаар нь орж үзэхэд гэрт том савтай пиво асгарсан байдалтай, миний зарж байсан эд зүйлс алга болсон. ******* нь аваад явсан байсан, ...амин тосны суурь 5 ширхэг/1 ширхгийн үнэ нь 20,000 төгрөг/, нойлын бөглөөс гаргагч 9 ширхэг /1 ширхгийн үнэ нь 20,000 төгрөг/, угаалгын машины бөөс түүгч 2 ширхэг /1ширхгийн үнэ нь 5,000 төгрөг/, алчуур 3 ширхэг /1 ширхгийн үнэ нь 5,000 төгрөг/, усан тамхины суурь, шил /250,000 төгрөг/, 2 хүний ор, хөнжлийн даавуу 1 ширхэг, /120,000 төгрөг/, хар өнгийн эмэгтэй, урт, өвлийн куртик 1 ширхэг, /180,000 төгрөг/, чулуун гуаш 3 хайрцаг 11 хайрцаг үнэ нь 30,000 төгрөг/ нийт 945,000 төгрөгийн хохирол учирсан, ...Үүрээтэй ярилцаж байгаад авч байсан яг нэр төрлийг нь бол Үүрээ сайн мэдэж байгаа ер нь гэр ахуйн бараанууд байсан, 2024 оны 12 дугаар сарын эхээр авч байсан нийтдээ 1,300,000 орчим төгрөгийн бараа байсан. Бараа өгөлцөж авахдаа тэмдэглэл үйлдсэн юм байхгүй ярилцаж байгаад л авч байсан. Тухайн үед барааг нь зарж өгөөд олсон ашгийн талыг нь Үүрээ эгч аваад талыг нь би авахаар маш ойлгомжтой тохиролцсон байсан учраас тэмдэглэл үйлдэж байсан удаа байхгүй. Эрдэнэзаяа намайг Үүрээ эгчийн барааг зарж байгаа талаар мэддэг байсан гэхдээ зарж борлуулахад оролцдоггүй байсан, аль бараа ямар үнээр зарагдах талаар 2-3 төрлийн бараа л мэддэг байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12/,

Хохирогч ******* “... Би өөрөө Россия нийтийн байрны 4 давхрын 28 тоот байрыг түрээсэлж байсан бөгөөд Эрдэнэзаяа, Мягмарсүрэн нар амьдрах газаргүй болчихлоо гэхээр нь тэр байр руу 2024 оны 10 дугаар сарын сүүлээр оруулж байсан. Тэгээд өөрийн бараанаасаа ангийн залуу хамтран амьдрагч 2024 оны 12 дугаар сарын эхээр амин тосны суурь будагтай 5 ширхэг, нойлын бөглөөс гаргагч 9 ширхэг, угаалгын машины бөөс түүгч 2 ширхэг, цахилгаан зуухны алчуур 3 ширхэг, усан тамхины суурь шил буюу шиша, Турк ор хөнжлийн даавуу 1 ширхэг, Турк эмэгтэй куртик 1 ширхэг, гурван хос чулуун гуаш 3 ширхэг зэргийг надаас авч зараад өөрөө мөнгө унагааж авна биз гэж амаар ярьж тохирсон байсан, ... дээр хэлсэн нэр төрлийн барааг өгсөн ба өгөхдөө энэ талаар тэмдэглэл бичиж хүлээлцсэн зүйл байхгүй, ойролцоогоор 1,300,000-1,400,000 орчим төгрөгийн бараа байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21/,

Хохирогч Г.Үүрцайхын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Сэтгэл санааны хохирол гэж нэхэмжлэхгүй... Хохирлоо авчихвал гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16/,

 “Ашид билгүүн” хөрөнгийн үнэлгээний компанийн 2025 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн ТХҮ-925-911177 дугаартай "... амин тосны суурь 5 ширхэг нь 100,000, нойлын бөглөөс гаргагч 9 ширхэг нь 180,000 төгрөг, угаалгын машины бөөс түүгч 2 ширхэг нь 10,000, цахилгаан зуухны алчуур 3 ширхэг нь 15,000, усан тамхины суурь 1 ширхэг нь 250,000, Турк ор хөнжлийн даавуу 1 хос нь 120,000, Турк эмэгтэй куртик 1 ширхэг нь 180,000, чулуун гуаш 3 хос нь 90,000 төгрөг, нийт 945,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 31-34/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл бүрэн хангагдсан байна.

 

Шүүгдэгч ******* нь гэрт хоноод гарч явахдаа ******* эзэмшлийн гэр ахуйн болон гоо сайхны бараануудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч ******* 945,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн ял, эрүүгийн хариуцлагын хэмжээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, оногдуулсан ялыг Дархан-Уул аймгийн Дархан сумын “Дархан Хот Тохижилт үйлчилгээний газар” ОНӨААТҮГазарт түүний эрүүл мэнд, биеийн онцлогт тохирсон ажлыг хийлгэж эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих зааснаар шүүгдэгч *******д 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар ялтан *******г Дархан-Уул аймгийн Дархан сумын “Дархан Хот Тохижилт үйлчилгээний газар” ОНӨААТҮГазарт өдөрт 8-аас илүүгүй цагаар, түүний нас, эрүүл мэнд, биеийн онцлогт нь тохирсон ажлыг хийлгэж ажиллуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 445 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******д сануулсугай.

 

4. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.ГЭРЭЛТ-ОД