Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/199

 

 

 

 

 

    2021           02            25                                      2021/ДШМ/199                                                                                                                           Т  M 546                              МАЛАЛ

Д.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Оюунтунгалаг,

шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Б.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 22ы өдрийн 2020/ШЗ/2475 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан гомдлыг үндэслэн Д.Б-т холбогдох 2009000000907 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн Д-гийн Б, Улаанбаатар хотод 1965 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “.........................” ЗБН-д нягтлан бодогчоор ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000/

Д.Б- нь “...................” ЗБН-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр албан тушаалын байдлаа ашиглан нөхөрлөлийн ажилтан Г.Н-аас захирал Д.Г-гийн гарын үсгийн дардас, байгууллагын тамга, тэмдэг зэргийг авч “... манай байгууллагын төгрөгийн .................... тоот, валютын .................. тоот дансны орлого зарлагын гүйлгээг ерөнхий нягтлан бодогч Д.Б- хийх тул хамтран ажиллана уу...” гэсэн утга бүхий 20/27 дугаартай албан бичиг үйлдэн Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлж, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр данснаас 20,000 ам.доллар авч хувьдаа завшин их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад Д.Б-т холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх”-ийг шүүх хянан үзэхээр заажээ. Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээс харахад хуулийн дээрх шаардлага хангагдаагүй болох нь тогтоогдож байна...” гэсэн дүгнэлт хийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг прокурорт буцааж, яллагдагч Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.  

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудад заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг прокурор хянаж үзсэний үндсэн дээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн. Гэтэл хохирогчийн төлөөлөгч Н.Ганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримтаас хальж өөр зүйлүүдийг мэдүүлснийг үндэслэн шүүх хэргийг буцаажээ. Шүүгдэгч Д.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан ба энэ талаар хохирогчоор тогтоогдсон Г.Анар нь хүлээн зөвшөөрч гомдол санал байхгүй гэдгээ мэдүүлсэн. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү” гэв.

Прокурор Э.Оюунтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудал маргаантай. Мөн гэмт хэргийн шинжтэй өөр үйлдэл байхад дүгнэлт хийгээгүй учраас анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтын шаардлага хангагдаагүй гэж үзсэн нь үндэслэлтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан нөхцөл байдал Д.Б-т холбогдох эрүүгийн хэрэгт бүрэн тогтоогдоогүй гэж дүгнэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ирүүлсэн хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй гарчээ.

Д.Б- нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “...................” ЗБН-ийн данснаас 20,000 ам.доллар завшсан хэрэгт прокуророос эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд түүний хохиролд төлсөн мөнгийг тухайн өдрийн валютын ханшаар тооцон ам.долларт шилжүүлбэл 452 ам.доллар хохирол төлөгдөөгүй байна. Энэ талаар өмгөөлөгч Р.Мэндсайхан үндэслэл бүхий тооцоо гаргажээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 452 ам.долларыг хэрхэн барагдуулах талаар Д.Б- санал гаргаагүй нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

Хэргээс үзэхэд шүүгчийн захирамжид зааснаас гадна хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй дараах үндэслэл тогтоогдов. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж заасныг мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт бүрэн нотлогдож, зүйлчлэл тохирсон байхыг ойлгоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэргийн үндсэн шинжийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан ...” хэмээн тодорхойлжээ. Үүнээс үзэхэд бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах эрх, үүрэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр үүссэн байхаар байна. Мөн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар өөртөө ашигласан байх эдгээр шинжүүдээр завших гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргүүдээс ялгаатай.

Прокуророос Д.Б-ыг “...........................” ЗБН-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа захирал Д.Ганхуягийн гарын үсгийн дардас, байгууллагын тамга, тэмдэг зэргийг ашиглан өөрийгөө нөхөрлөлийн орлого, зарлагын гүйлгээг хийх эрхтэй гэсэн агуулга бүхий албан бичэг үйлдэж Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлэн бусдын итгэмжлэн хариуцсан хөрөнгө болох данснаас 20,000 ам.доллар авсан гэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэхдээ завших гэмт хэргийн онцлог шинжүүдэд нийцүүлэн бодитой хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, Д.Б-ын “...................” ЗБН-аас өөрт нь эд хөрөнгийн эрх олгосон албан бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласны үр дүнд нөхөрлөлийн данснаас 20,000 ам.доллар авсан гэж үзвэл хөрөнгө итгэмжлэн хариуцсан эсэх асуудал хөндөгдөхгүй бөгөөд завших гэмт хэрэг гэж үзэх боломжгүй болно.

2. Д.Б- нь “..........................” ЗБН-ийн захирал Д.Г-ийн гарын үсгийн дардас, байгууллагын тамга, тэмдэг зэргийг авч ногдол ашиг хуваарилсан “...................” ЗБН-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 20/3 дугаар /1-р хх 08/, сарын үндсэн цалинг нэмсэн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 20/01 дугаар /1-р хх 73/ болон 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /1-р хх 74/ зэргийг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй талаар хохирогч, гэрчүүд мэдүүлсээр байхад энэ талаар хэрэгт авагдсан нөхөрлөлийн санхүүгийн баримтуудтай харьцуулан судалж бие даасан гэмт хэргийн шинжтэй эсэх талаар зохих ажиллагаа хийгээгүй байна.

Д.Б-т холбогдох хэрэгт шүүгчийн захирамжид заасан үндэслэлээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэсэн шаардлага хангагдаагүй байх тул захирамжийг хэвээр үлдээж, өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөр Н.Г-ыг томилсон байхад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоор тогтоосон шийдвэр гаргахгүйгээр шүүх хуралдаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/2475 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН