Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2021/0797/З |
Дугаар | 128/ШШ2021/0856 |
Огноо | 2021-12-14 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2021 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2021/0856
| 2021 оны 12 сарын 14 өдөр Дугаар 128/ШШ2021/0856 Улаанбаатар хот
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М**** , нэхэмжлэгч Ш.Ж******** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д******* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б********** , гуравдагч этгээд Л.Ц***** нарыг оролцуулан Ш.Ж******** ын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б********** шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 03/3*** дугаар Тайлбар хүргүүлэх тухай албан бичгийг Л.Ц******** т хүргүүлсэн. Л.Ц******** ын барилгатай холбоотой эх загвар зургийг дахин шинэчилж батлуулахыг мэдэгдсэн албан бичиг хүргүүлсэн.
Эвлэрэн хэлэлцэх эрх итгэмжлэлээр олгогдоогүй ч гэсэн албан бичгээр нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгч Ш.Ж******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архитектур төлөвлөлтийн даалгавар хүчин төгөлдөр хэвээр байгаа. Эскиз зургийг архитектур төлөвлөлтийн даалгавартай нийцүүлэн дахин батлахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан.
Нэхэмжлэл гаргасны дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус албан бичиг гарсан байсан. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бид хүлээн авсан Гэв.
Гуравдагч этгээд Л.Ц***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч хууль бус, үндэслэлгүй, бодит бус нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэгч манай байшинтай нийлүүлж барилга барих санаатай байгаа юм. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т барилга байгууламжийн баримт бичиг гэж барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай энэ хуульд заасны дагуу боловсруулж, баталгаажуулсан техникийн нөхцөлүүд, зураг төсөл, ил далд ажлын акт, талбайн журнал болон холбогдох бусад баримт бичгийг, 5 дугаар зүйлийн 5.1.2-т барилгын болон техникийн дүрэм, заавар, цомог, аргачлал гэж заасан байгаа. Эскиз зураг 3 удаа зурагдсан. Сүүлд гаргаж өгсөн эскиз зургийг батлуулах гээд өгсөн боловч нэхэмжлэл гаргасантай холбогдуулан батлаагүй хүлээгдэж байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Ж******** аас мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан МЗХ***** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчинтэйд тооцуулах, иргэн Л.Ц******** ын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан, 8 айлын орон сууцны загвар зургийг зохих хууль журамд нийцүүлэн дахин боловсруулж батлахыг Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Т**** д даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хот байгуулалт, хөгжлийн газраас Л.Ц******** т хүргүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 03/3*** дугаар Тайлбар хүргүүлэх тухай албан бичгийн агуулгаас харвал, нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдсан байна гэсэн болон уг албан бичигт Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Гандан-60 айлын орон сууцны баруун урд талд байршилтай 18**************** нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн 418.0 мкв газарт барилга барих хүсэлт ирүүлснийг Мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 08 дугаар хурлаар хэлэлцүүлэн хурлын шийдвэрийн дагуу МЗХ***** дугаартай үйлчилгээтэй орон сууцны барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон. ... Иймд загвар зургийг дахин боловсруулж үүрэг даалгаврын дагуу шаардлага биелүүлж ажиллана уу гэснээс үзвэл, хариуцагч захиргааны байгууллага нь иргэн Ш.Ж******** ын нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрч, бодит үйлдлээрээ биелүүлсэн байна.
Мөн гуравдагч этгээд Л.Ц******** аас ...эскиз зураг 3 удаа зурагдсан боловч, хамгийн сүүлд өгсөн зураг шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой батлагдаагүй хүлээгдэж байгаа зэргээр тайлбарлаж байгаагаас үзвэл, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан үйлдлийг бүхэлд нь хэрэгжүүлсэн нь гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, мөн хуульд харшлаагүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэ.х тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Гуравдагч этгээд Л.Ц***** нь Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 03/3*** дугаартай албан бичгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол бие даасан нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Ш.Ж******** аас гаргасан мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан МЗХ***** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчинтэйд тооцуулах, иргэн Л.Ц******** ын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан, 8 айлын орон сууцны загвар зургийг зохих хууль журамд нийцүүлэн дахин боловсруулж батлахыг Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Т**** д даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагчаас хүлээн зөвшөөрснийг баталж, Ш.Ж******** ын нэхэмжлэлээр Хот байгуулалт, хөгжлийн газрын даргад холбогдуулан үүсгэсэн 128********* индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ