Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 187

 

 

 

 

 

 

 

    2017           05           08                                        187       

                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 1913/,

гэрч Ц.Пагам,

шинжээч Т.Амартүвшин /ажлын үнэмлэхийн дугаар 1134/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайчууд овогт  Гооройн Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2016 2601 2682 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн  авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Тайчууд овгийн Гооройн Бат-Эрдэнэ Монгол Улсын иргэн, 1964 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орос хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 17 дугаар гудамжны 244 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 10 дугаар гудамжны 04 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэл:

1.Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 359 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1751 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Г.Бат-Эрдэнийг 1 жил, мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэгдэж, биечлэн эдлэх ялыг шүүх 1 жилийн хугацаагаар тогтоож, 1999 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 507 дугаар захирамжаар 2 сар 6 хоногийн хугацааны хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2.Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 280 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /1986 он/ 39 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн 1751 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдэж, шүүх 500,000 төгрөгийн торгох ялыг Өршөөн хэлтрүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан. (РД:ПМ64051814).

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Солонгос авто засвар, барилгын материалын дэлгүүрийн гадаа иргэн Л.Ганбаатартай “Цоож гэх хүний нүүрсийг буулгаж өгнө, өгөхгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүнийг боож унаган, зүүн хөлийг нь мушгиж хугалан хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ:

2016 оны 10 дугаар сарын 21-ний өглөө Л.Ганбаатартай уулзаж, бид Цоож гэдэг хүнтэй 10 цагийн үед очиж уулзсан юм. Тэгээд Цоож өдөр болгон нүүрс буулгаж, хагалах ажил хийх юм бол өдрийн цалин гэж 25000-30000 төгрөг өгнө гэж хэлэхээр нь энэ ажлыг хийхээр тохирсон. Тэгээд буцаад 14.00 цагийн үед Л.Ганбаатар бид хоёр гэр рүүгээ явж байхдаа өмнө хамт ажиллаж байсан хүмүүстэй таарч 3 шил архи уусан. Тэгээд Төрбат гэдэг залуу намайг дуудаад Төрбатын гэрт очиж нэг шил архи уусан. Тухайн үед хохирогч Л.Ганбаатар надтай хамт явж байсан. Тэгээд Ганбаатарыг хүргэж өгөх гээд гэр рүү нь явж байхад Л.Ганбаатар нилээн согтсон байсан. Л.Ганбаатар бид хоёр Төрбатын гэрээс гараад явж байгаад замын голд унасан. Тэгээд босоод ирсэн чинь Л.Ганбаатар миний хөл хугарчихлаа гэж хэлсэн. Л.Ганбаатар түрүүлж унахдаа зүүн талын дал мөрөө дараад хажуу талаараа унасан, би татагдаад хамт унасан. Л.Ганбаатарын цээжнээс нь өргөөд замын хажууд тавиад замаар явж байсан хүүхдийг гуйж байгаад түргэн тусламж, цагдаа дуудсан. Удалгүй цагдаа, түргэн тусламжийн машинууд хамт ирсэн. Түргэн тусламжийн машин хохирогч Л.Ганбаатарын хөлийг боогоод аваад явсан. Харин цагдаагийн машин намайг аваад үлдсэн. Гэтэл нэг хөх хувцастай хүн гарч ирээд намайг хөлийг нь хугалсан гээд байсан. Тэгээд цагдаагийн хэсэг дээр очоод намайг эрүүлжүүлэх байранд хонуулсан. Өглөө нь Сонгинохайрхан дүүргийн ахлах мөрдөн байцаагч Зул гэдэг хүн надаас байцаалт авахад нь хохирогч Л.Ганбаатар бид хоёр зам дээр явж байгаад хамт унасан гэж хэлсэн. Тэгэхэд байцаагч та тэр хүнтэйгээ уулзаж учир зүйгээ ол гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр очоод хохирогч Л.Ганбаатарыг сахиж хоносон. Эмнэлэг дээр ахлах сувилагч нь Л.Ганбаатарын хагалгааны зардлын төлбөрийг хэлээд, эрүүл мэндийн даатгалыг нь хийх юм бол 76,000 төгрөг төлнө гэж надад хэлсэн. Л.Ганбаатараас иргэний үнэмлэх байна уу гэхэд авч байгаагүй гэсэн. Хохирогч Л.Ганбаатар надаас мөнгөний боломж байвал тус бол гэж хэлсэн. Тэгээд хохирогч Л.Ганбаатарт 270.000 төгрөгийг төлсөн. Би хохирогчийг боож унагаагүй. Хөлийг нь мушгисан зүйл болоогүй гэв.   

 

2.Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.Пагам мэдүүлэхдээ:

Би барилгын материалын дэлгүүрт худалдагч хийдэг юм. Тэр өдөр дэлгүүртээ суугаад цонхоор харж байхад хоёр залуу явж байгаад нэг нь нэгнийгээ унагаж цохиод өшиглөөд байхаар нь боль гэж дэлгүүр дотроосоо орилж хэлсэн. Хоёр эрэгтэй хүн байсан. Тэд маргалдсаныг мэдэхгүй. Нэг залуугийнх нь хөл гэмтсэн байсан. Хохирогч гэх хүнтэй садан төрлийн холбоо байхгүй. Хохирогч гэх хүн манай дэлгүүрт ороод гарсан. Тэгээд нэг харсан чинь зам дээр унасан, нэг залуу нь өшиглөж байсан. Би нэг залуу нь унасан, нэг залуу нь өшиглөж байхыг харсан. Түргэн ирсэний дараа харахад нэг залуугийнх нь хөлийн яс ёрдойгоод хугарсан харагдаж байсан. Тэр хоёр хүн хар замын цаана шороон зам дээр унасан байсан. Газар унасан байсан залуу нь энэ шүүгдэгчээс арай өндөр залуу байсан гэв.

 

3.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Т.Амартүвшин мэдүүлэхдээ: 

Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа хохирогчийн хөлийн рентген зургийг үзсэн. Мөн хохирогчид үзлэг хийсэн.

Хүний шилбэ яс нь тахилзуур яс, шаант яс гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Хохирогчийн хөлийн тахилзуур яс, шаант яс хоёр хоёулаа хугарсан, хугарахдаа зөрүүтэй, тахилзуур ясны 3/1 хэсгээр хугарсан байсан. Өөрөөр хэлбэл хоёр яс нь хоёулаа ондоо байдалтай хугарсан байсан. Энэ хугарал нь мушгих, хөших үед үүссэн гэмтэл байсан. Учир нь хохирогчийн тахилзуур яс нь дээд хэсгээрээ, шаант яс нь доод хэсгээрээ хугарсан байсан болохоор энэ нь мушгих хөших үед үүсэх боломжтой. Харин хоёр хүн давхралдаж унахад ийм зөрүүтэй хугарал үүсэхгүй. Тэгэхээр давхралдаж унасан үед тус гэмтэл үүсэх боломжгүй. Хүчний үйлчлэлийг нарийвчлан тогтоох боломжгүй, тодорхой хүч үйлчилж байж хугарал үүссэн байна гэв.

 

Эрүүгийн 2016 2601 2682 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн талаар баримтууд.

Мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох:

4.Хохирогч Л.Ганбаатарын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн үед Бат-Эрдэнэтэй хамт 1 шил архи хувааж уусан. Тэгээд Цоож гэдэг хүний нүүрсийг Бат-Эрдэнэ бид хоёр хоорондоо хагалж, буулгах гээд тохирсон байсан. Тэгтэл Бат-Эрдэнэ өнөөдөр Цоожийн нүүрсийг буулгаж яах юм гэж хэлэхээр нь би заавал буулгаж өгье, хоёулаа очоод хийгээд өгье гэсэн чинь Бат-Эрдэнэ явахгүй гээд бид хоёр хоорондоо хэрэлдсэн. Тэгтэл Барилгын дэлгүүрийн гадаа намайг боож унагаасан. Намайг газар унасан байхад миний зүүн хөлийг мушгиад хугалчихсан. Дараа нь цагдаа ирээд Бат-Эрдэнийг авч явсан. Би гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Гэмтэлд хэвтэж байхад Бат-Эрдэнэ хоёр удаа ирээд эмчилгээний зардлыг төлж өгнө гээд алга болсон. Намайг эмнэлгээс гараад ах Сүхбаатарын гэрт байхад ирж уулзаад 270,000 төгрөг бэлнээр өгөөд явсан. Надад эмнэлгийн төлбөр 640,000 төгрөгийн хохирол гарсан. Төлбөрийн чадваргүй гээд эмнэлгээс гарчихсан. Такси унаанд 50,000 төгрөг зарцуулсан, баримт байхгүй. Тухайн үед барилгын дэлгүүрийн настай эгч Пагам харж байсан. Бат-Эрдэнэ бид хоёр одоогоос 1 жилийн өмнө бие биенээ мэддэг, гэр ойрхон амьдардаг хүмүүс байгаа юм. Өмнө нь бид хоёр хэрэлдэж маргалдаж байгаагүй. Бат-Эрдэнэд гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг [1],

-түүний 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дахин мэдүүлсэн: “...Өргөдлөө буцааж авна гэсэн тухайд надад дарамт шахалт үзүүлээгүй. Би таньдаг мэддэг хүн уучлалт гуйгаад байхаар нь өгсөн мөнгийг нь аваад цаашид гомдол гаргаад яахав гэж бодсон. Миний өмнө хэргийн талаар ярьсан хэлсэн зүйлүүд үнэн. Бат-Эрдэнэд гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг [2],

 

5.Гэрч Л.Сүхбаатарын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн:

“...Би 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Л.Ганбаатарыг хөлөө хугалаад гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгааг нь утсаар мэдээд очиж эргээд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эмнэлгээс гаргаад гэртээ авчирсан. Ганбаатар надад ярихдаа “2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр танил Бат-Эрдэнэ гэдэг хүнтэй архи уугаад маргалдаж байгаад газар унасан гэсэн. Тэгээд хөлөөрөө жийсэн чинь нөгөөх нь хөлийг нь мушгиад хугалсан гэж ярьсан. Надад юунаас болж маргалдсан талаараа яриагүй. Л.Ганбаатар ээжтэй хамт Толгойтод амьдардаг, эрхэлсэн ажилгүй, эхнэр хүүхэд байхгүй, амьдралын боломж бололцоо тааруу, ухаан санаа эрүүл, ял эдэлж байгаагүй, архи хааяа уудаг. Элдэв муу зан араншингүй, хүнтэй эелдэг зөөлөн харьцдаг, танхай зан авиргүй, өмнө нь хүнтэй хэрүүл зодоон хийлээ гэж дуулддаггүй...” гэх мэдүүлэг [3],

 

6.Гэрч Ц.Пагамын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн:

 “...Би 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн үед би “Барилгын материалын дэлгүүртээ” сууж байтал манай дэлгүүрээр орж гардаг Ганбаатарыг нэг эрэгтэй хүн боож унагааж байгаад нэг хөлнөөс нь чирч давхиад хөлийг нь гэмтээчихсэн. Би наанаас нь орилоод болиулсан. Тэгээд цагдааг утсаар дуудаад, түргэн дуудсан чинь түргэн ирээд Ганбаатарыг аваад явсан. Ганбаатарыг боож унагаагаад хөлнөөс нь чирээд мушгиад байсан хүнийг танихгүй, зүс үзээгүй хүн байсан. Тэр хүн бараан сааралдуу куртиктэй, шар царайтай 40-50 орчим насны хүн байсан. Ганбаатараас намхан нуруутай, туранхай талдаа хүн байсан. Зодоон юунаас болж үүссэн, ямар шалтгаанаар маргалдасныг мэдэхгүй, зодож байхыг нь харсан. Надаас өөр хүн ойр хавьд харагдаагүй, гудамжаар хүмүүс явж байсан. Манай дэлгүүр гадна талдаа камер байхгүй учраас зодоон болсон бичлэг байхгүй...” гэх мэдүүлэг [4],

 

7.Гэрч Н.Түвшинбаярын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн:

 “...Би 2016 оны 10 дугаар сарын 21-ний 17:35 цагт “Хавцгайт” дэлгүүрийн үүдэнд байж байтал барилгын материалын дэлгүүрийн харалдаа хоёр эрэгтэй хүн давхралдаад уначихсан. Доор нь байсан эрэгтэй чи муу гээд орилоод байсан. Тэгэхээр нь яваад очтол хоёр нас тогтсон хүмүүс байхаар дөхөж очоод та нар яаж байгаа юм бэ, болиоч гэж хэлсэн. Дээр нь байсан ах /Бат-Эрдэнэ/ өө бид хоёр найзууд гэж хэлсэн. Доор нь орсон эрэгтэй тэр үед хөл хугарчихлаа гэж орилж байсан. Намайг харахад тэр хоёр давхаралдаад уначихсан, ноцолдоод байх шиг харагдсан. Надад дээр нь байсан хүн цохиж, зодож, боож байгаа үйлдэл харагдаагүй. Давхралдаад дээр доороо орчихсон зууралдаж байсан. Тэр хоёр хүн согтуу байсан...” гэх мэдүүлэг [5],

 

8.Гэрч Д.Төрбатын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн:

 “...2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Л.Ганбаатар, Г.Бат-Эрдэнэ, Батцоож нартай би үдээс хойш 15 цагийн үед гэрийнхээ ойролцоо тааралдаж бид дөрөв 1 шил архи гудамжинд хувааж уугаад би салаад гэртээ харьсан. Тэр гурав үлдсэн, яасныг мэдэхгүй. Хамт архи ууж байхад Ганбаатар, Бат-Эрдэнэ нар хоорондоо маргалдаж янз бүрийн юм яриагүй. Би Бат-Эрдэнийг 2016 оноос хойш мэддэг. Манай тэнд хамаатныхаа гэрт амьдардаг. Хааяа таарахаараа ганц нэг архи уудаг. Өмнө нь хүнтэй хэрүүл маргаан хийж байсныг хараагүй. Ганбаатар, Бат-Эрдэнэ хоёр найз нөхөд хүмүүс шиг санагддаг. Би тэр хоёртой хааяа нэг таардаг...” гэх мэдүүлэг [6],

 

9.Г.Бат-Эрдэнийн 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн:

“...Би 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэг гудамжинд амьдардаг Л.Ганбаатартай бас хоёр хүнтэй нийлээд 5 шил архи уусан. Тэгээд Ганбаатар бид хоёр хамт архи уусан хүмүүсээсээ салаад сугадалцан явж байгаад би эхэлж унаад дараа нь миний дээгүүр Ганбаатар даваад унасан. Тэгээд босоод ирсэн чинь хөл өвдлөө гээд байхаар нь замаас гаргаад, хажуугаар явж байсан хүний утсаар түргэн цагдаа дуудаад Ганбаатарыг суулгаад явуулсан. Намайг цагдаа нар хэсэг дээр аваачаад дараа нь саатуулсан. Л.Ганбаатар бид хоёр хэрэлдэж зодолдоогүй. Би шинэчилсэн иргэний бүртгэлд хамрагдаж амжаагүй. 2008 онд Казакстан улс руу яваад 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Монгол улсад ирсэн. Одоо өөрийн гэсэн орон гэр байхгүй, дүү Д.Батмөнхийн гэрт амьдарч байгаа. Би Гэмтэл Согог Судлалын  Үндэсний төвд Л.Ганбаатарыг хэвтэж байхад нь эмнэлгээс гарах хүртэл очиж байсан. Төлбөрийг нь төлөөгүй. Би Ганбаатарт 15,000 төгрөгөөр таяг авч өгсөн. Эмнэлгийн төлбөр төлөөгүй...” гэх мэдүүлэг [7],

-түүний 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн:

“...Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй. Би Ганбаатарын биед гэмтэл учруулаагүй. Би Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 10-4 тоот хаягтай, төрсөн ах Г.Далхаагийн ач хүү Батмөнхийн хашаанд гэр барьж ганцаараа амьдардаг өөрийн гэсэн орон гэр байхгүй, энэ айлын хүүхдийг харж, гэрийн ажилд нь тусалж амь зуудаг. Төрсөн үр хүүхдүүд тусдаа амьдардаг, холбоогүй байгаа. 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 10 цагийн үед ойролцоо амьдардаг Ганбаатартай усанд явж байгаад худгийн ойролцоо тааралдсан. Бид хоёр мэнд мэдэлцээд байж байтал тэнд амьдардаг Батцоож, Төрөө гэх хоёр залуу тааралдаад дөрвүүлээ болж Батцоожийн хашаанд 3 шил 0,5 литрийн хараа гэдэг архи уусан. Тэгээд 15 цагийн үед салцгаагаад Ганбаатар бид хоёр гэр рүүгээ сугадалцаад явж байгаад барилгын дэлгүүрийн ойролцоо давхралдаж унасан. Босоод ирэхэд Ганбаатар хөл хугарчихлаа гэж байсан. Дараа нь дэлгүүрийн хүмүүс гарч ирцгээсэн. Тэгээд хажууд байсан хүний утсаар би эмнэлэг, цагдаа дуудаад Ганбаатарыг өгч явуулсан цагдаа намайг саатуулсан. Маргааш нь эрүүлжүүлэхийн төлбөр төлөөд гарсан. Тэр үед Ганбаатар ямар нэг өргөдөл, гомдол гаргаагүй. Маргааш нь эмнэлэг дээр нь очоод хоёр өдөр ирж, очиж сахиж байгаад таяг хэрэгтэй гэхээр нь таяг авч өгөөд явсан. Ганбаатар өөрөө тогтсон гэр орон байхгүй, ахындаа амьдардаг, мөнгө төгрөгийн боломж бололцоо муутай. Энэ үед Ганбаатар их согтсон хөл дээрээ тогтож чадахгүй явсан. Би гайгүй байсан, болсон үйл явдлыг санаж байгаа. Бид хоёр нүүрс буулгана, буулгахгүй гэж маргалдаагүй. Маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Цоож гэдэг залуугийн нүүрсийг буулгаж өгнө гэж өдөр нь бид хоёр хоорондоо ярилцаж байсан. Ганбаатар хөлөө гэмтээх үед энэ талаар хоорондоо маргалдаагүй. Би Ганбаатарыг боож унагаасан зүйл байхгүй, зүүн хөлийг нь мушгисан асуудал байхгүй. Харин газар унахаар нь татаж босгоод замын хажууд суулгаад эмнэлэг цагдаа дуудсан. Ганбаатар бид хоёр найз нөхөд улсууд, хааяа намайг барилгын ажил олох үед намайг дагаж очоод хамт ажил хийж хөлсөө хувааж авдаг байсан. Би Ганбаатартай хамт ажиллаж байсан. Мөн найз нөхөд, хамт архи ууж яваад хөлөө гэмтээчихээр нь сайн дураараа тусалсан. Ганбаатарт туслах хүн байхгүй. Надтай тэр өдөр хамт архи ууж яваад хөлөө гэмтээсэн учраас 270,000 төгрөг тус болох журмаар өгсөн...” гэх мэдүүлэг [8],

 

10.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15581 тоот актын:

Болсон хэргийн товч: Шинжээч томилсон тогтоолд 2016.10.21-нд Бат-Эрдэнэ боосон, унагаагаад зүүн хөлийг мушгисан гэж ярина.

Хэсэг газрын үзлэгт: Зүүн өвдөгний үенд 2,5 х 0,1 см шилбэний доод хэсэгт 3х0,2 см өнгийн соривтой.

2016.10.26-ны Зүүн шилбэ ясны 2 байрлалын рентген зургаар шаант ясны доод 3/1 хэсэг, тахилзуур ясны дээд 3/1 хэсэгт ясны сул сэлтэрхий үүсгэсэн ташуу, сэлтэрсэн хугаралуудтай, шаант ясны голоор металл шаантаг оруулж 3 ширхэг шурган хадаасаар бэхэлсэн байдалтай. 2016.11.14 эмч С.Чулуунсүх гэжээ.

Өвчний түүх ирээгүй болно.

Дүгнэлт:

“...1.Л.Ганбаатарын биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны хугарал, хагалгаа хийгдсэн сорви гэмтэл тогтоогдлоо.

2.4.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайлбал хөлийг хөших, мушгих үед үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6.Уг гэмтэл нь 2016.10.21-нд үүссэн байх боломжтой. /шинжээч Т.Амартүвшин/...” гэсэн дүгнэлт [9],

 

11.2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хэрэг учрал болсон гэх газарт /нөхөн/ үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [10],

 

12.Гэмтэл согог судлалын үндэсний төвд хохирогч Л.Ганбаатар 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19 цаг 26 минутаас 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар [11], Гэмтэл согог судлалын үндэсний төвийн  2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хохирогч Л.Ганбаатарт хийсэн компьютер томографийн оношилгоо [12], Хохирлын мөнгө хүлээлцсэн баримт [13],

 

13.2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай иргэний нэхэмжлэгчээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчилгээ чанарын албаны дарга албан тушаалтай Р.Гантуяаг тогтоосон прокурорын тогтоол [14], Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт гаргасан хохирол гаргуулах тухай хүсэлт [15] ,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

 

14. Гэрч Л.Баяр-Угтахын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн:

“...Бат-Эрдэнэ миний нөхөр Д.Батмөнхийн төрсөн эцэг буюу хадам аав Далхаагийн төрсөн дүү байгаа юм. Одоо манай гэрт хамт амьдараад 3 жил болж байгаа. Өөрийн гэсэн гэр орон байхгүй, эхнэр хүүхэдгүй. Өмнө нь Казакстан улсад олон жил амьдарч байгаад Монголд ирсэн. Эрхэлсэн ажилгүй, архи уусан үедээ янз бүрийн зан авир гаргаад хүндрэл учруулаад байдаггүй. ...Бат-Эрдэнэ өмнө нь иргэний үнэмлэх авч байгаагүй, шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээгүй...” гэх мэдүүлэг [16],

 

15.Гэрч Д.Батмөнхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн:

“...Бат-Эрдэнэ миний төрсөн эцэг Далхаагийн төрсөн дүү нь байгаа юм. Манай гэрт хамт амьдарч байгаа, өөрийн гэсэн гэр орон байхгүй, эхнэр хүүхэдгүй, манайд амьдраад 3 жил болж байна. Өмнө нь Казакстан улсад олон жил амьдарч байгаад Монголд ирсэн. Эрхэлсэн ажилгүй, ОХУ-д суралцаж байсан, орос хэлний багш мэргэжилтэй. Архи ууна, уусан үедээ зан авир гаргаад байдаггүй, өмнө ял эдэлж байгаагүй. Өдрийг манай хүүхдүүдийг хичээл сургуульд нь зөөн өнгөрөөж байна. ...” гэх мэдүүлэг [17],

 

16.Шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа [18],  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [19], Г.Бат-Эрдэнийн таслан шийдвэрлэх тогтоол болон шийтгэх тогтоолуудын хуулбарууд [20], шүүх хуралдаанд шинээр гаргасан Нийслэлийн шүүхийн магадлал болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримтлан тус хэргийг хянан шийвэрлэсэн болно.

 

Шүүхийн хууль зүйн дүгнэлт.

 

Нэг.Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Солонгос авто засвар, барилгын материал”-ын дэлгүүрийн гадна иргэн Л.Ганбаатартай “иргэн н.Цоожийн нүүрсийг буулгаж өгнө, өгөхгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүнийг боож унаган, зүүн хөлийг нь мушгиж хугалан хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

мөрдөн байцаалтад:

-хохирогч Л.Ганбаатарын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн:

“...Бат-Эрдэнэ өнөөдөр Цоожийн нүүрсийг буулгаж яах юм гэж хэлэхээр нь би заавал буулгаж өгье, хоёулаа очоод хийгээд өгье гэсэн чинь Бат-Эрдэнэ явахгүй гээд бид хоёр хоорондоо хэрэлдсэн. Тэгтэл Барилгын дэлгүүрийн гадаа намайг боож унагаасан. Намайг газар унасан байхад миний зүүн хөлийг мушгиад хугалчихсан...” гэх мэдүүлэг [21] ,

-гэрч Л.Сүхбаатарын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн:

“...Ганбаатар надад ярихдаа “2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр танил Бат-Эрдэнэ гэдэг хүнтэй архи уугаад маргалдаж байгаад газар унасан гэсэн. Тэгээд хөлөөрөө жийсэн чинь нөгөөх нь хөлийг нь мушигаад хугалсан гэж ярьсан. ...” гэх мэдүүлэг [22],

-гэрч Ц.Пагамын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн:

 “...Би 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн үед би “Барилгын материалын дэлгүүртээ” сууж байтал манай дэлгүүрээр орж гардаг Ганбаатарыг нэг эрэгтэй хүн боож унагааж байгаад нэг хөлнөөс нь чирч давхиад хөлийг нь гэмтээчихсэн. Би наанаас нь орилоод болиулсан. ...Ганбаатарыг боож унагаагаад хөлнөөс нь чирээд мушгиад байсан хүнийг танихгүй. Тэр хүн бараан сааралдуу куртиктэй, шар царайтай 40-50 орчим насны хүн байсан. Ганбаатараас намхан нуруутай, туранхай талдаа хүн байсан. ...зодож байхыг нь харсан...” гэх мэдүүлэг [23], шүүхийн хэлэлцүүлэгт түүний өгсөн мэдүүлэг,  

-гэрч Н.Түвшинбаярын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн:

 “...Би 2016 оны 10 дугаар сарын 21-ний 17.35 цагт “Хавцгайт” дэлгүүрийн үүдэнд байж байтал барилгын материалын дэлгүүрийн харалдаа хоёр эрэгтэй хүн давхралдаад уначихсан, доор нь байсан эрэгтэй чи муу гээд орилоод байсан. Тэгэхээр нь яваад очтол хоёр нас тогтсон хүмүүс байхаар дөхөж очоод та нар яаж байгаа юм бэ, болиоч гэж хэлсэн. Дээр нь байсан ах /Бат-Эрдэнэ/ өө бид хоёр найзууд гэж хэлсэн. Доор нь орсон эрэгтэй нь тэр үед хөл хугарчихлаа гэж орилж байсан...” гэх мэдүүлэг [24],

-Г.Бат-Эрдэнийн 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр сэжигтнээр [25], 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг [26],

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15581 тоот акт дүгнэлт [27], шинжээчийн мэдүүлэг, хохирогч Л.Ганбаатарын өвчний түүхийн хуулбар [28] зэрэг бичгийн нотлох баримтаар  тогтоогдож байна.

Мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь “бидний хооронд маргаан болоогүй, хохирогч Л.Ганбаатарын хөлийг би хугалаагүй, бид давхралдаж унах явцад хөл нь хугарсан” гэж гэм буруугийн талаар маргасан.

 

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “ ...өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” эрхтэй.

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт зааснаар “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй,

-16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар “...сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардах эрхгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт сэлт, мэдээлэл нь гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, эд мөрийн баримт болон бусад баримтаар тогтоогдоно гэж заасан.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар тухайн хэрэг үйл явдлыг харсан гэрч Ц.Пагамаас мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд “шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь хохирогчийг боож унагаж байгаад хөлнөөс нь чирч, зодохыг нь харсан” талаар тогтвортой мэдүүлсэн, шинжээч Т.Амартүвшингээс “...хохирогч Л.Ганбаатарын хөлийн тахилзуур яс, шаант яс хоёр хоёулаа хугарсан байсан, хоёр яс нь хугарахдаа хоёулаа зөрүүтэй хугарсан, тус хугарал нь мушгих, хөших үед үүссэн гэмтэл байсан. Учир нь хохирогчийн хөлийн тахилзуур яс нь дээд хэсгээрээ, шаант яс нь доод хэсгээрээ хугарсан байсан болохоор энэ нь мушгих, хөших үед үүсэх боломжтой. Харин хоёр хүн давхралдаж унахад ийм зөрүүтэй хугарал үүсэхгүй. ...” гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн бөгөөд эдгээр мэдүүлгээр шүүгдэгчийн давхралдаж унасанаас хохирогчийн хөл хугарсан гэх мэдүүлэг нь үгүйсгэгдэж байна.

Мөн шүүгдэгч маргаан болоогүй гэх боловч хохирогч Л.Ганбаатараас “...Бат-Эрдэнэ өнөөдөр Цоожийн нүүрсийг буулгаж яах юм бэ гэж хэлэхээр нь би заавал буулгаж өгье, хоёулаа очоод хийгээд өгье гэсэн чинь Бат-Эрдэнэ явахгүй гээд бид хоёр хоорондоо хэрэлдсэн. ...” гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн, тус мэдүүлгийн эх сурвалж нь гэрч Л.Сүхбаатарын мэдүүлсэн “... Ганбаатар надад ярихдаа Бат-Эрдэнэ гэдэг хүнтэй архи уугаад маргалдсан гэсэн ...” гэх мэдүүлгээр нотлогдож байх ба, шүүгдэгч Г.Бат-Эрдэнээс тухайн өдөр Цоож гэх хүнтэй очиж уулзаж нүүрсийг нь буулгаж өгөх ажил хийхээр тохиролцсон талаар ч мэдүүлдэг тул тухайн хэрэг үйл явдал болох үед шүүгдэгч, хохирогч нарын хооронд “иргэн н.Цоожийн нүүрсийг буулгаж өгнө, өгөхгүй”  талаар маргасан, тэдний хооронд хувийн таарамжгүй харьцаа үүссэний улмаас шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь хохирогч Л.Ганбаатарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Хоёр:Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Л.Ганбаатарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан, хохирогч Л.Ганбаатар нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчүүлсэн байх боловч гэм хорын зардалтай холбоотой баримт хэрэгт ирүүлээгүй байна.

Харин прокурорын шатанд хяналтын прокурор М.Амарзаяа хохирогчийн хэвтэн эмчлүүлсэн Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн төлөөлөгч Р.Гантуяаг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол гаргасан байх боловч тус тогтоолыг Р.Гантуяад танилцуулаагүй, эрх, үүргийг нь тайлбарлаагүй, өөрөөр хэлбэл тухайн байгууллага хэний үйлдлийн улмаас хэнээс юу нэхэмжилж байгаа талаар асууж байцаагаагүй, тус үндэслэлээр шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 257 дугаар магадлалаар “иргэний нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд” дуудан тодруулан асуух боломжтой гэж үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Тус шүүх нь иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Гантуяад шүүх хуралдааны товыг 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдэж, төлөөлөгч нь шүүх хуралдааны тов мэдэгдсэн хуудсанд гарын үсгээ зурсан байх боловч товолсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 244 дүгээр зүйлд иргэний нэхэмжлэгч, хариуцагч ирээгүйн холбогдолын талаар заасан ба уг зүйлийн 244.2-т “иргэний нэхэмжлэгч ...тэдний төлөөлөгч зарлан дуудах хуудас авсан атлаа шүүх хуралдаанд ирээгүй явдал иргэний нэхэмжлэлийн талаар шийдвэр гаргахад саад болохгүй” гэж заасан.

Иймд шүүхээс иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, Г.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг хянан шийдвэрллээ.

Хохирогч Л.Ганбаатар нь Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөрөө төлөлгүй эмнэлгээс гарсан байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэг нь хохирогч Л.Ганбаатарын биед эмчилгээ хийсэн зардлыг нэхэмжилсэн талаар 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 174 дугаартай албан бичгийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Амарзаяад гэж хаяглан тус байгууллагад хүргүүлснийг прокуророос шүүхэд хэргийг шилжүүлсэн гэсэн үндэслэлээр 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 5/706 дугаар албан бичгээр шүүхэд хаяглаж, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шүүх хүлээн авсан байна.  

Тус албан бичигт “...Монгол Улсын Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 459/280/182А дугаар тушаал, ГССҮТ-ийн Ерөнхий захирлын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 265/А дугаар тушаалын дагуу оношийн хамааралтай бүлгүүд буюу нуруу, үе мөчний ба бусад эрхтэний гэмтэл бэртлийн үеийн мэс засал, өртгийн жин 1,6932 хувьсах зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих зардал 507,960 төгрөг, нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар тушаалыг үндэслэн S0337 кодтой титан түгжээт хадаас шураг, түүний хэрэгслийн үнэ 495,000 төгрөг, нийт 1,002,960 төгрөгийг гаргуулж Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт олгож өгнө үү гэсэн байна.

Иймд хохирогч Л.Ганбаатарын бие махбодид гэмтэл учруулсан шүүгдэгч Г.Бат-Эрдэнээс 1,002,960 төгрөгийг гаргуулж Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт олгохоор шийдвэрллээ.

Мөн шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь хохирогч Л.Ганбаатарт 270,000 төгрөг төлсөн тухай баримт [29] хэрэгт авагдсан байна. Хохирогч Л.Ганбаатар нь мөрдөн байцаалтад цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Гурав: Шүүгдэгчийн хувийн байдлын талаар.

Цагдаагийн Ерөнхий газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагааны хуудсаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь 1999, 2000, 2004 онд тус тус ял шийтгэгдсэн тухай бүртгэгдсэн байна.

Харин хэрэгт 1999, 2000, 2001, 2004 онуудад ял шийтгэгдсэн тухай шийтгэх тогтоолуудын хуулбар авагджээ.

Шүүх шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь хэдэн удаагийн ял шийтгэгдсэн эсэх хувийн байдлыг тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан захирамж гаргасан ба захирамжийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянаад  2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 257 дугаар магадлалаар “... 2000, 2001 онуудын таслан шийдвэрлэх тогтоолуудыг ямар шалтгааны улмаас хүчингүй болгосон талаар магадлал, тогтоолууд хэрэгт авагдаагүй байна. Эдгээрийг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос цуглуулан хэрэгт нотлох баримтаар өгөх боломжтой гэж дүгнэж прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг шүүхэд хэлэлцүүлэхээр шилжүүлсэн байна.

Улсын яллагч М.Амарзаяагаас хэрэгт авагдсан байгаа 1999, 2000, 2001, 2004 онуудын таслан шийдвэрлэх тогтоолын хуулбаруудыг дахин хуулбарлаж шүүх хуралдаанд өгсөн, шинээр Нийслэлийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 660 дугаар магадлалыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Харин Г.Бат-Эрдэний өмнө нь шийтгэгдсэн гэх хэрэгт өөр тогтоол, магадлал байгаагүй гэж тайлбар гаргасан.

Иймд шүүх Г.Бат-Эрдэнийн урьд ял шийтгэгдсэн гэх 1999, 2000, 2001 онуудын таслан шийдвэрлэх тогтоол хэрхэн давах болон хяналтын шатаар хянагдсан болохыг тодруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Иймээс хэрэгт цугларсан байгаа 1999, 2000, 2001, 2004 онуудын таслан шийдвэрлэх  тогтоолын хүрээнд дүгнэлт хийж, Г.Бат-Эрдэнэ нь:

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 359 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1751 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Г.Бат-Эрдэнийг 1 жил, мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэгдэж, биечлэн эдлэх ялыг шүүх 1 жилийн хугацаагаар тогтоож, 1999 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 507 дугаар захирамжаар 2 сар 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 280 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /1986 он/ 39 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн 1751 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдэж, шүүхээс 500,000 төгрөгийн торгох ялыг Өршөөн хэлтрүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан байх бөгөөд Г.Бат-Эрдэнийг урьд 2 удаа ял шийтгэгдсэн байна гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн ялтай байдал нь хуульд зааснаар арилсан буюу ялгүй болсон гэж үзнэ.

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Бат-Эрдэнэд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогч Л.Ганбаатарт 270,000 төгрөгийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Дөрөв. Бусад асуудлаар:

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Хохирогч Л.Ганбаатарт шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр 2 удаа зарлан дуудах хуудсыг хүргүүлэхэд мөрдөн байцаалтад авагдсан хаягтаа байхгүй талаар шүүхийн бичиг хүргэгч тайлбар бичиж ирүүлсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 296.4, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Тайчууд овогт Гооройн Бат-Эрдэнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Гооройн Бат-Эрдэнийг 450 (дөрвөн зуун тавь) цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл түүний эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй,  хураагдсан эд мөрийн баримт үгүй, шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Л.Ганбаатарт 270,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнээс 1,002,960  (нэг сая хоёр мянга есөн зуун жар) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Гэмтэл согог судлалын үндэсний төвд олгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Бат-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Г.Бат-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 8 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 9 дүгээр тал.

[3] Хавтаст хэргийн 10-11 дүгээр тал.

[4] Хавтаст хэргийн 55-56 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 58 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 57 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 33 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 60 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 16 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 5-8 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 21-27 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 28 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 49 дүгээр тал.

[14] Хавтаст хэргийн 67 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 79-80 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 12 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 13 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 35 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 34 дүгээр тал.

[20] Хавтаст хэргийн 38, 42-43, 44-45, 47-48 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 8 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 10-11 дүгээр тал.

[23] Хавтаст хэргийн 55-56 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 58 дугаар тал.

[25] Хавтаст хэргийн 33 дугаар тал.

[26] Хавтаст хэргийн 60 дугаар тал.

[27] Хавтаст хэргийн 16 дугаар тал.

[28] Хавтаст хэргийн 21-27 дугаар тал.

[29] Хавтаст хэргийн 49 дүгээр тал.