Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 557

 

 

 

 

 

 

 

 

 

С.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.О даргалж, шүүгч Д.Б, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00178 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Ж, Ц.Ц-нарт холбогдох

 

Зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл, алдангид 2 250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Т-

Хариуцагч Ц.Ж, Ц.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: C.Т миний бие нь 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ц.Ж-ийн эгч Ц.Ц-д 3 300 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлүүлсэн. Мөнгөө төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийн 0.5 хувиар алданги тооцно гэж тохиролцсон. Нийт 3 960 000 төгрөг төлөх ёстойгоос 2 460 000 төгрөгийг төлсөн. 1 500 000 төгрөгийг төлөөгүй үлдсэн. Үүний алданги нь 750 000 төгрөг. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй байна. Энэ зээлийн гэрээнд Ц.Ж- зээлийн баталгаа гаргасан. Иймд Ц.Ж, Ц.Ц-нараас 2 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Надаас Ц.Ц- 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 3 300 000 төгрөг, Ц.Ж- нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 3 000 000 төгрөгийг микро автобусаа барьцаалж тус тус зээл авсан ба, Ц.Ж- өөрийн авсан зээлийг автобусаа худалдаж төлсөн, эгч дүү хоёр тус тусдаа зээлтэй байсан гэжээ.

 

Хариуцагч Ц.Ж- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн Шүүхэд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн иргэн С.Т-ын 2 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй Ц.Ж- миний бие танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би С.Т-аас огт мөнгө зээлж байгаагүй 2015 оны 11 дүгээр сард өөрийн эзэмшлийн 7165 УБН улсын дугаартай саарал өнгийн Хюндай Грэйс автомашинаа өөрийн төрсөн эгч Ц.Ц-д худалдсан. Ц.Ц- нь худалдан авахдаа С.Т-аас 3 000 000 төгрөг зээлж надад төлбөр хийсэн. С.Т- Ц.Ц-д мөнгө зээлэхдээ ямар нэгэн бичгэн гэрээ хийгээгүй бөгөөд амаар тохиролцон 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлэхээр тохиролцон батлан даагчаар Ц.Ж- болоорой гэсэн бөгөөд цагаан цаас гаргаж та 2 гарын үсгээ зурчих би дараа нь 3 000 000 зээлсэн гээд биччихье гэсэн тул бид гарын үсгээ зурсан. С.Т-т мөнгөө өдөр бүр төлнө гэж тохирсон байсан боловч зарим өдөр төлж чаддаггүй байсан тул хэсэг хугацаа өнгөрсний дараа С.Т- нь та дөнгөж 1 500 000 төгрөг төлсөн. Удаан төлж байгаа тул машиныг чинь барьцаалсан зээлийн гэрээ хийе гэж санал болгосон. Ц.Ц- бас зөвшөөрсөн. Тухайн үед машин Ц.Ж-ийн эзэмшлийн гэрчилгээтэй байсан учир С.Т- машин эзэмшил чиний нэр дээр байна. Чи гэрээ байгуулчих гэхээр нь зөвшөөрөөд 3 000 000 төгрөгийн гэрээнд би гарын үсэг зурсан. Түүнээс миний бие С.Т-аас мөнгө зээлсэн асуудал огт байхгүй. Ингээд 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр эгчийн чинь авсан зээлийн үлдэгдэл хүү алдангийн хамт 2 250 000 төгрөг боллоо. Иймд машиныг чинь хурааж авлаа машинаа дууд гэсэн. Тухайн үед уг машиныг жолооч н.Г- жолоодон Ц.Ц- өөрөө кондуктор хийн шугаманд явж байсан бөгөөд дуудан хураан авсныг жолооч н.Г- гэрчилнэ. Миний бие нь С.Т-ын хамт дэнжийн 1000-д байрлах хамаатных нь хашаанд аваачиж тавьсан. С.Т-аас эгч үлдэгдэл мөнгөө төлж дуусгаад машинаа эргүүлэн авч болох уу гэж асуутал үгүй ээ би өөрөө зарж борлуулан хохирлоо барагдуулна, одоо та бид хоёрын асуудал дууслаа гэсэн. 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр С.Т- уг машиныг н.Б гэдэг хүнд худалдсан байсан бөгөөд зээлийн гэрээг дуусгавар болсон. Иймд үүрэг дуусгавар болсон тухай баримтыг хийж үйлдэн би өөрийн нэрнээс н.Б нэр дээр шилжүүлэн өгсөн. Би С.Т-аас мөнгө огт зээлдэж байгаагүй. Мөн машиныг хураан авч байсныг харж байсныг манай эхнэр Д.Д гэрчилнэ. Намайг энэ мөнгийг зээлдээгүй гэдгийг Ц.Ц- гэрчилнэ гэжээ.

 

Хариуцагч Ц.Ц- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны дундуур 7165 УБН улсын дугаартай Хьюндэй Грейс маркын саарал өнгөтэй автомашиныг өөрийн дүү Ц.Ж-оос худалдан авч С.Т-аас 3 000 000 төгрөг зээлж авч мөнгийг нь төлсөн. Уг мөнгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй төлөхөөр тохиролцсон бөгөөд ямар нэг гэрээг тэр үед бичгээр хийгээгүй. С.Т цагаан цаас өгч 3 000 000 төгрөг авсан гарын үсгээ зурчих, дараа нь би үүнийг чинь нөхөөд биччихье гэсэн. Төлбөрийг өдөр бүр хувааж төлөхөөр ярилцсан. С.Т- миний өгсөн мөнгийг өөрийн хар дэвтэр дээрээ тэмдэглэж авдаг байсан. Надад заримдаа төлж чадахгүй өдрүүд байсан ба, мөнгийг би бэлнээр төлдөг байсан. 2015 оны 11 сарын дундуур С.Т- надад 1 500 000 төгрөг төлсөн байна. Үлдсэн 1 500 000 төгрөгөө хүүгийн хамт 2 200 000 төгрөг боллоо. Төлөлт чинь удаан байна. Иймд машиныг чинь барьцаалж гэрээ хийе гэсэн. Тухайн үед машин маань дүү Ц.Ж-ийн эзэмшлээс шилжээгүй түүний нэр дээр байсан бөгөөд С.Т- Ц.Ж-той гэрээ хийчихье гэснийг нь би зөвшөөрсөн. Ингээд барьцааны гэрээ хийсний дараа 2016 оны сарын дундуур С.Т- машиныг хурааж авсан. Дараа нь миний машиныг н.Б-д худалдсан байсан. Тэгээд машины нэр Ц.Ж-оос н.Б руу шилжсэн. С.Т-тай уулзахад машиныг чинь зарж мөнгөө гаргаж авсан гэдгээ хэлж байсан. Одоо би С.Т-т ямар нэгэн өр зээл байхгүй. Гэтэл С.Т- ямар ч үндэслэлгүйгээр өмнө нь үйлдсэн баримтаа ашиглан Ц.Ж- бид 2-ыг тус тусдаа зээл авсан мэтээр ярьж байгааг зөвшөөрөхгүй. Ц.Ж- түүнээс огт мөнгө зээлж байгаагүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар С.Т-ын нэхэмжлэлтэй Ц.Ж, Ц.Ц-нарт холбогдох 2.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хариуцагч Ц.Ж, Ц.Ц-нар нь 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 3 300 000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийг Ц.Ц- нь авсан ба дүү Ц.Ж- нь зээлийн батлан даагчаар оролцсон. Шүүх гэрч Ц.Г-ийн гэрчийн мэдүүлгээр 3 300 000 төгрөгийг бэлнээр өгсөнийг нотолсоор байтал гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэхгүйгээр мөн хариуцагч нарын мөнгө авснаа хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хоёр өөр зээлийн гэрээгээр тус тусдаа мөнгө авсан байхад 71-65 УБН улсын дугаартай Хьюндай Грейс маркийн машинаар зээлийн хааж, үүргээ дуусгавар болгож үзсэнд гомдолтой байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Ц.Ц-, Ц.Ж- нараас 2 250 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч С.Т- нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Ц.Ж-оос 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2 250 000 төгрөг гаргуулахаар шаардсан ба, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Ц-г хамтран хариуцагчаар татан оролцуулж, Ц.Ж, Ц.Ц-нараас зээлийн гэрээний үүрэгт 2 250 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, 2015 оны 8 дугаар сард 3 000 000 төгрөгийг зээлсэн, уг зээлээс бэлнээр 1 500 000 төгрөгийг төлж, үлдэх мөнгийг 7165 УБН улсын дугаартай Хьюндэй Грейс маркийн  саарал өнгөтэй автомашиныг С.Т-т шилжүүлэн өгч төлбөрийг төлж дуусгасан гэж маргажээ./хэргийн 1, 10, 20-21, 31, 39 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч С.Т- нь 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, 3 300 000 төгрөгийг Ц.Ц-д зээлдүүлсэн  тухай зээлийн гэрээнд хариуцагч Ц.Ж- батлан даагчаар гарын үсэг зурсан баримтыг үндэслэн 2 250 000 төгрөг нэхэмжилж байх боловч, хариуцагч Ц.Ц- нь 2015 оны 8 дугаар сард 3 000 000 төгрөг зээлсэн, мөн оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 3 300 000 төгрөг аваагүй талаар маргажээ. Хариуцагч  нараас нэхэмжлэгч дараа нөхөж бичнэ гээд хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан гэсэн бол, нэхэмжлэгч С.Т- уг баримтан доторх бичвэрийг өөрөө үйлдсэн гэдэг талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч С.Т- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Ц.Ц- 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 3 300 000 төгрөг, Ц.Ж- нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 3 000 000 төгрөгийг микро автобусаа барьцаалж тус тус зээл авсан ба Ц.Ж- өөрийн авсан зээлийг микро автобусаа худалдаж төлсөн, эгч дүү хоёр тус тусдаа зээлтэй байсан гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд хариуцагч Ц.Ц- нь нэхэмжлэгч С.Т-аас 3 300 000 төгрөгийг зээлж, батлан даагчаар Ц.Ж- гарын үсэг зурсан байна./хэргийн 3 дугаар тал/ Уг гэрээний дагуу хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 3 000 000 төгрөг зээлж, төлбөрт 1 500 000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч С.Т-тай хариуцагч Ц.Ж- 3 000 0000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх тухай гэрээг байгуулж, мөн өдөр 7165 УБН улсын дугаартай Хьюндэй Грейс маркын  саарал өнгөтэй автомашиныг барьцаалсан гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, үүрэг дуусгавар болсон тухай баримтуудыг үйлдсэн гэж тайлбарлажээ. Дээрх гэрээнүүдийг харилцан хамааралгүй тусдаа гэрээ гэж үзэхгүй талаар шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. /хэргийн 3, 22-24 дүгээр тал/

 

Учир нь нэхэмжлэгч С.Т- нь дээрх 2 зээлийн гэрээний дагуу хариуцагч нарт нийт 6 300 000 төгрөг шилжүүлсэн болохыг баримтаар нотлож чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар дээрх 2 гэрээ нь нэг зээлтэй холбоотой гэж маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч гэрээ тус бүрээр мөнгө хүлээлгэн өгсөн болохыг нотлох үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар талууд өөрсдийн шаардлага, татгалзал, түүнтэй холбоотой тайлбарын үндэслэлийг баримтаар нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч уг үүргээ хэрэгжүүлээгүй гэж шүүх дүгнэж Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу гэрээ тус бүрээр мөнгийг бодитой шилжүүлэн өгсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц.Г-г гэрчээр асуусан байна. Уг гэрчийн мэдүүлэг нь дангаараа хариуцагч нарт мөнгө өгснийг нотлох үнэн зөв эргэлзээгүй баримт болж чадахгүй. Учир нь хэрэгт авагдсан өөр баримтуудаар давхар нотлогдохгүй байна./хэргийн 32-35, 65-66 дугаар тал/ Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00178 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.О

 

                                             ШҮҮГЧИД                             Д.Б

 

                                                                                           С.Э