| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2018/00295/И |
| Дугаар | 101/ШШ2018/01858 |
| Огноо | 2018-05-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2018/01858
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо,13 дугаар хороолол, тоот хаягт оршин суух, Бид боржигон овогт Б.Б /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, тоот хаягт оршин суух Согоо овогт Ү.С /регистрийн дугаар /-д холбогдох
96,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Б нь Ү.С тай 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр нийт 15,000,000 төгрөгийг Ү.С гийн дансаар дамжуулан зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд зааснаар Ү.С нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 2 сар 2 хоногийн хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож зээлээ төлөх нөхцөлтэйгээр тохиролцсон.
Гэвч Ү.С гэрээнд заасан хугацаанд нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 11 сарын хугацаа хэтэрсэн. Миний бие удаа дараа Ү.С тай уулзаж зээлээ эргэж төлөхийг шаардсан боловч одоог хүртэл төлөөгүй байгаа тул шүхэд хандаж байна.
Түүнчлэн зээлийн гэрээгээр 0,5 хувиар алданги тооцохоор заасан бөгөөд нийт 330 хоногийн алданги нэхэмжлэх ёстой боловч энэ хугацааны алданги нь үндсэн зээлийн 50 хувиас хэтэрч байгаа тул иргэний хуульд зааснаар алданги 7,500,000 төгрөгийн үндсэн зээлийн хамт 22,500,000 төгрөгийг гаргуулна.
Миний танил болох Э.Г нь 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн үдээс хойш 16 цагт над дээр ирж мөнгө зээлэхийг хүссэн бөгөөд уг зээлийг өөрийн найз Ү.С гийн гуйсны дагуу авч байгаа талаар хэлсэн. Ингээд Э.Г бид хоёр тухайн өдөр нь мөнгө зээлсэн баримт үйлдэж би Э.Г-аар дамжуулан Ү.С д 60,000,000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай өгсөн. Гэтэл Ү.С нь зээлсэн мөнгөө өгөх хугацаа хэтэрсэн тул миний бие зээлсэн мөнгөө нэхэхэд Ү.С нь 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн дотор миний бие дээрх зээлсэн 60,000,000 төгрөгийг хүүгийн хамт өгөхөөр заасан. Үүнээс хойш Ү.С нь зээлээ болон хүүгээ төлөөгүй 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 9 сар, 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл 12 сар, 2018 оны 01 дүгээр сараас 02 дугаар сарыг дуустал 2 сар, нийт 23 сар төлөөгүй байна. Сарын төлөх хүү нь нийт 600,000 төгрөг бөгөөд 23 сараар үржүүлбэл 13,800,000 төгрөг, үндсэн зээл 60,000,000 төгрөг, нийт 73,800,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Ү.С тай 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр нийт 15,000,000 төгрөгийг алданги 7,500,000 төгрөгийн хамт 22,500,000 төгрөг, мөн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 60,000,000 төгрөгийн зээлийг 23 сарын хүү 13,800,000 төгрөгийн хамт 73,800,000 төгрөг, нийт 96,300,000 төгрөгийг хариуцагч Ү.С-аас гаргуулахаар шаардаж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхээд байгаа мөнгийг хариуцагч төлөх боломж байхгүй, нэхэмжлэгч нэхэмжлэх эрх байхгүй. Ү.С, Э.Г нар зээлийн гэрээний харилцаанд орсноор зээлдүүлэгч нь Э.Г болохоос биш Б.Б биш. Тийм учраас энэ мөнгийг нэхэмжлэх эрхтэй хүн нь Э.Г Тийм болохоор 60,000,000 төгрөг, түүний хүү 13,800,000 төгрөгийг төлөх боломжгүй гэж үзэж байна. Ү.С нийтдээ 65 сая орчим төгрөгийг Э.Гад төлсөн байдаг. Мөн Ү.С гийн дансны хуулга хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ү.С өөрийн данснаас 75,9 сая орчим төгрөгийг Э.Гад шилжүүлсэн байдаг. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б.Б Ү.С нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээний асуудал байгаа. Уг зээлийн гэрээгээр Э.Г Ү.С нарын хооронд хийгдсэн гэрээ, гуравласан дөрөвлөсөн харилцаанд оролцсон Ү.С Б.Б нарын хоорондох асуудалтай холбоотой хүүгийн төлбөр 15 сая төгрөгийг зээл авсан гээд дансаараа мөнгө оруулаад гаргачих гээд Э.Г гуйгаад түүний дагуу нотариатаар орж, дансаар оруулж тэр дор нь гаргасан ийм үйлдэл болсон юм билээ. Дараа нь ямар нэгэн асуудал үүсээгүй. Одоо тэгээд Б.Б нь Ү.С д 15 сая төгрөг зээлдүүлсэн гээд алдангийн хамт нэхэмжлээд байгаа юм. Үүний учир шалтгаан нь нэг бүрчлэн нарийн тодруулах үүднээс шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс боломжгүй гэж үзлээ. 2016 оны 11 сарын 29-ний өдөр Б гаас С д зээлдүүлэв гээд 15 сая төгрөг С гийн 798465123 тоот дансанд орсон. Гүйлгээг 6443 гэсэн дугаартай теллер хийсэн байдаг. Дараагийн гүйлгээг мөн теллер зарлага С гэсэн зарлага гаргасан байгаа. Үүнд харьцсан данс байхгүй бэлэн авсан эсэх нь тодорхойгүй. Үүний дараа бас дахиад 6443 дугаартай теллер бэлэн зарлага хадгаламжийн данс гэсэн 200 төгрөг гэсэн гүйлгээ хийсэн байгаа. Бэлэн зарлага 7250 төгрөг, хадгаламжийн дансанд гэснээ 200 төгрөг гэсэн байгаа. Гүйлгээний утга бас тодорхойгүй байгаа. Хадгаламжийн дансруугаа шилжүүлсэн юм уу даа гэмээр. Тэгээд Б гийн төрийн банкний 1234567980 дансанд мөн өдөр 11 дүгээр сарын 29-ний өдөр 15 сая төгрөг орсон. Энэ мөнгийг С огт аваагүй захиран зарцуулаагүй эргээд 6443 гэсэн дугаартай теллер гүйлгээ хийж 15 сая төгрөгийн орлого оруулжээ. Тэрэнд харилцсан данс бэлэн орлого гэсэн тодорхой мэдээлэл бас дансны хуулгад авагдаагүй байгаа. Тэгэхээр энэ болсон үйл явдал орлого зарлагын гүйлгээг харгалзна уу. 15,000,000 төгрөгийг С огт аваагүй захиран зарцуулаагүй дансаараа оруулж гаргасан. Мөнгө төгрөгийн холбоотой зөндөө асуудал байгаа юм билээ. Зээлийн гэрээ хүчинтэй хэвээрээ гэхдээ зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөг авсан боловч буцаагаад Б д төлсөн. Б гийн данс руу 15 сая орсон гэсэн баримтыг үндэслэж Б д төлсөн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ү.С д холбогдуулж, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ү.С д 15,000,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 сар 2 хоногийн хугацаатэй зээлдүүлсэн зээлийн гэрээ болон 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 60,000,000 төгрөгийг Э.Гад 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд өдрийн 1 хувийн хүүтэй зээлдүүлсэн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр, нийт 96,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээ болон мөнгөн шилжүүлгийн баримтаас үзэхэд, зээлдүүлэгч Б.Б нь 15,000,000 төгрөгийг Ү.С д 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 сар 2 хоногийн хугацаатэй, хүүгүй зээлдүүлсэн, зээлийн эргэн төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0,5 хувиар алданги төлөхөөр талууд тохиролцсон байх бөгөөд Б.Б-аас 15,000,000 төгрөгийг Ү.С гийн 798465123 дугаар дансанд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Харин 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б.Б, Э.Г нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээний үүргийг хариуцагч Б.Б-аас гаргуулахаар шаардсан шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Хэдийгээр, Ү.С нь Э.Г-аар дамжуулан авсан 60,000,000 төгрөгийг буцаан төлөх талаар иргэн Б д бичсэн тайлбар, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн тайлбар, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2016/01, 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2016/02, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2016/03 дугаартай Мөнгө зээлсэн акт, сунгалт хэрэгт авагдсан боловч 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б.Б, Э.Г нарын хооронд байгуулагдсан 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд хариуцагч Ү.С хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан зээлийн гэрээнүүдийн зээлдүүлэгч, зээлдэгч нар нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан тус тусдаа эрх, үүрэг бүхий субъектууд буюу Ү.С , Э.Г нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг Ү.С гаар гүйцэтгүүлэхээр Б.Б шаардах талаар талууд тохиролцсон нь нотлогдсонгүй.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 232 дугаар зүйлийн 232.4.-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж тус тус зааснаар хариуцагч Ү.С-аас 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б.Б, Э.Г нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээний үүрэгт 73,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Ү.С гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний дагуу Б.Б нь 15,000,000 төгрөгийг Ү.С д 798465123 дугаар дансанд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлээд, уг мөнгийг зээлдэгчид хэрэглүүлээгүй өөртөө буцаан авсан гэж маргасан боловч дурьдаж буй үйл баримт нотлогдож тогтоогдоогүй тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ү.С-аас зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 73,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 798,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.С-аас улсын тэмдэгтийн хураамжид 271,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ү.С д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА