Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2018/01861

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороолол, Жуковын өргөн чөлөө В /гадаад паспортын дугаар: /-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороолол, Жуковын өргөн чөлөө, тоот хаягт оршин суух, ОХУ-ын иргэн В /паспортын дугаар , Монгол Улсад түр оршин суух үнэмлэхийн дугаар /-д холбогдох

25,224,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ОХУ-ын иргэн В нь 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10,000 ам. долларыг ОХУ-ын иргэн В-д зээлж 2015 оны 5 дугаар сарын 31-нд эргүүлэн авахаар тохиролцсон. Зээлдүүлэгч нь мөнгөө зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтын дагуу бэлнээр хүлээлгэн өгсөн.

Зээлдэгч нь авсан мөнгөө тохиролцсон хугацаандаа төлөөгүй тохиолдолд дээрх зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын дагуу иргэн В-д 600,000 рубль төлөхөөр болсон байна. Монгол банкны 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн лавлагааг үндэслэн 600,000 рублийг Монгол төгрөгт хөрвүүлбэл 25,224,000 төгрөг болж байна.

Иймд иргэн Воос нийт 25,224,000 төгрөгийг гаргуулж В-д олгоно уу гэв.

 

Хариуцагч В 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н нь хариуцагч В-д холбогдуулж, 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 25,224,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч В 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ болон 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Вийн бичсэн Расписка зэргээс үзэхэд, зээлдүүлэгч В нь зээлдэгч В-д 10,000 ам. долларыг 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс мөн оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хүүгүй зээлдүүлж, зээлдэгч нь 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр мөнгийг авсан, зээлсэн мөнгийг гэрээнд заасан хугацаанд эргүүлэн төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгчид 2015 оны 6 дугаар сарын сүүлээр зээлийн нөхөн олговор 600,000 рублийг олгохоор талууд тохиролцжээ.

Талуудын хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан зээлийн гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээх талаар Иргэний хуульд зохицуулсан, талууд зээлийн хүү, алдангийн талаар гэрээнд тусгаагүй боловч гэрээнд заасан хугацаанд зээлдэгч төлбөрөө төлөөгүй тул зээлийн гэрээнийн 4.1-д зааснаар 600,000 рублийг зээлдүүлэгч төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах үед ОХУ-ын рубль 42,04 төгрөгийн ханштай байсан нь хэрэгт авагдсан Монголбанкнаас зарласан ханшийн лавлагаагаар тогтоогдож байх тул 25,224,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Нөгөөтэйгүүр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М-ын Солонгос ажил хэргийн түншүүд Улаанбаатар хотод ирсэн тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасантай нийцэхгүй тул хүсэлтийг хангахгүй орхиж, хариуцагч талын эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч В-аас 25,224,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч В-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,100 төгрөгийн 284,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 30 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 456132789 дугаар данснаас буцаан гаргуулж, хариуцагч В-аас улсын тэмдэгтийн хураамжид 284,070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА