Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2018/01862

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 1 тоот хаягт байрлах, Э ХХК /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 3 тоот хаягт оршин суух, Гончиг овогт Р.Х /регистрийн дугаар: /-д холбогдох,

 

1,650,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Р.Х нь тус компанийн худалддаг ИВапор 3000 /EVapor3000i/ уураар цэвэрлэгч төхөөрөмжийг худалдан авахаар тохиролцож 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр, худалдах-худалдан авах гэрээ байгуулсан болно. Уг гэрээний үнэ 5,950,000 төгрөг ба худалдан авагч нь урьдчилгаа 1,000,000 төгрөгийг төлж үүнээс хойш сар бүрийн 25-ны өдөр 500,000 төгрөгөөр тооцоо хийж 11 сарын дотор худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцож ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүнийг хүлээн авсан болно.

Гэвч хариуцагч нь урьдчилгаа болон төлөлтөөр 4,850,000 төгрөг төлсөн боловч 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна. Хариуцагчтай уулзах гэхээр гэртээ байдаггүй, утсаар ярьж төлбөрөө төлөхийг хүсэхэд төлөх боломжгүй гэх хариу өгдөг болсон. Хариуцагчтай харилцан ойлголцож маргаанаа шийдвэрлэхийг хичээсэн боловч үр дүнд хүрээгүй.

Гэрээний хугацаа 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болсноос хойш 941 хоног өнгөрсөн бөгөөд гэрээний 7.3-д заасны дагуу алданги шаардана.

Барааны үндсэн төлбөр болох 1,100,000 төгрөг болон алданги 550,000 төгрөг, нийт 1,650,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын 550,000 төгрөгөөс татгалзаж байгаа тул 1,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Р.Х 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийг хувийг гардаж авсан боловч нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Р.Х д холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,650,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын 550,000 төгрөгөөс татгалзаж, 1,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч нь Хариуцагч Р.Х 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийг хувийг гардаж авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас 1,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан, худалдах-худалдан авах тухай 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээ, урьдчилгаа төлбөр 1,000,000 төгрөгийг төлсөн тухай орлогын баримт зэргээс үзэхэд, хариуцагч Р.Х нь Э ХХК-ийн худалдаалж буй 5,950,000 төгрөгийн үнэ бүхий EVapor 3000i маркийн уураар цэвэрлэгчийг худалдан авсан, 1,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг төлж, сар бүрийн 25-ны өдөр 500,000 төгрөгийг 11 сарын хугацаанд төлөхөөр талууд тохиролцжээ.

Хариуцагч нь гэрээнд заасан барааг хүлээн авч, 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 500,000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр тус тус 500,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 250,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тус тус 50,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр 1,100,000 төгрөг болох нь нэхэмжлэгчийн гаргасан, үйлчлүүлэгчийн төлбөр төлөлтийн жагсаалтаар тодорхойлогдож байна.

Талуудын байгуулсан худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6., 232.4.-т тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар, Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж заасан бөгөөд талууд алданги төлөх талаар гэрээнд тусгасан байх тул хариуцагчаас алданги гаргуулах үндэслэлтэй.

Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 550,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас татгалзсан тул нэхэмжлэлийн шаардлага 1,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар 74.4-т зааснаар, нэхэмжлэлийн шаардлагын татгалзсан хэсгийг хариуцагчаас дахин нэхэмжлэх эрхгүй бөгөөд, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5.-д зааснаар, нэхэмжлэлийн шаардлагын багасгасан дүнд хамаарах улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.

Хариуцагч Р.Х нь хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан, хариуцагч Р.Хгаас 1,100,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага 1,650,0000 төгрөгийн 550,000 төгрөгөөс татгалзсаныг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 30,950 төгрөгийг төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА