| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 321/2025/0025/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/37 |
| Огноо | 2025-02-14 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/37
2025 02 14 2025/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт *******ы *******д холбогдох 2439004300418 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.******* нь өөрийн нөхөр М.*******ийг иргэн У.*******тэй үндэслэлгүй хардсаны улмаас 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өөрийн ашигладаг “******* *******” гэx Facebook цахим хаягаас “******* сумын Хамгийн том бүх төрлийн зарын групп” хэмээх цахим хуудсанд У.*******гийн Facebook хаяг болон зургийг нь оруулан “Хилийн цэргийн дугаар цэргийн ангид ажилладаг эрэгтэйн гэр бүлтэй эмэгтэй нь ганц бие энэ хүмүүс явалдаж олон гэр бузарласан байна” гэх У.*******гийн нэр төрд халдсан илт худал мэдээллийг цахим орчинд байршуулан олон нийтэд тараасан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч У.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 05 дугаар сарын дундуур хамт ажилладаг ******* ахмад над руу залгаад намайг гэрт ороод ир гээд дуудахаар нь гэрт нь ороход ******* ахмадын эхнэр “Та хоёр явалдаж уулздаг юм уу” гэж асуусан. Би гайхаад “Яасан гэнээ” гэж асуухад ******* ахмадын эхнэр “Наадхаа энэнд харуул” гэхэд ******* ахмад над руу Viber чатаар зураг явуулсан. Би ороод харахад ******* ахмадын эхнэр лүү танихгүй фэйсбүүк хаягаас “Танай нөхөр ******* ажлынхаа газрын ******* гэдэг хүүхэнтэй уулзаад байна” гэсэн чат ирсэн байсан. Тэгээд би эхнэрт нь “Бид хоёр ямар нэгэн явалдсан асуудал байхгүй” гэж хэлчихээд ажлын өрөөнд байж байхад ******* ахмад орж ирэхээр нь “Та бид хоёр уулзаж явалдсан зүйл байхгүй биз дээ. Юу яриад байна” гэхэд “Манай эхнэрийг ойлгоорой. Энэ асуудлыг би өөрөө шийдчихнэ” гэж хэлсэн. Би 06 дугаар сарын эхээр ээлжийн амралтаа аваад хот руу явсан. Хотод байх хооронд ******* ахмадын эхнэр ******* сумын фэйсбүүк зар дээр намайг муулсан пост бичсэн байсан. Маргааш өдөр нь надаас уучлалт гуйсан пост бичсэн байсан. ... 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “******* *******” гэх цахим хаягаас пост оруулсан байсан. ... “******* *******” гэдэг нь *******гийн өөрийнх нь ашигладаг facebook юм.” гэжээ. (хх-ийн 31-32, 35-36),
Гэрч М.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...*******тэй ... ямар нэгэн харилцаанд ороогүй бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. ... Би эхнэр *******тай хамт амьдраад зургаан жил болж байна. Манай эхнэр ******* хотод сургуульд сурч байх хугацаанд эхнэр ******* руу үл таних хүн Facebook чатаар “Танай нөхөр чинь цэргийн ангийнхаа хамт ажилладаг ******* гэдэг хүүхэнтэй уулзаад байна” гэж чат ирсэн байсан. Тэрийгээ над руу энэ ямар утгатай юм гэж асууж байсан. Би *******тэй ямар нэгэн холбоо байхгүй байсан болохоор тийм зүйл байхгүй гэж эхнэрт хэлсэн. Сүүлд манай эхнэр *******гээс буруу ойлгосон байна гэж уучлал гуйсан байсан...” гэжээ. (хх-ийн 43-44, 51-52),
Гэрч Б.- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын - 4 дүгээр багт өөрийн гэрт амарч байхдаа найз болох -, сайхан нартай уулзахаар болж оройны 16 цагийн орчимд Ерөнхий боловсролын сургуулийн авто машины зогсоол дээр найз болох -тэй уулзаад сайханыг очиж авчхаад буцаад өмнө зогсож байсан газар луугаа явсан. Бид гурвуулаа facebook ухаад байж байтал “naidka naidka” гэсэн хаягтай хүн ******* сумын хамгийн том зарын группт “Эмийн сан хаана байдаг вэ? зааж өгөх хүн байна уу” гэсэн утгатай пост байсан. Тэгээд хүнд тус болъё гээд - миний өөрийн эзэмшлийн дугаараас тухайн пост оруулсан хүн рүү залгаж зааж өгсөн. Гэтэл нөгөө эмийн сан хайж байсан “naidka naidka” rэх хүн болох миний дугаар луу танилцах уу гэсэн мессеж ирсэн. Тэгээд бид 3 ярилцаж байгаад хариу бичсэн. Тухайн үед явуулмаар санагдаад хэсэг хугацаанд мессеж бичицгээсэн. Тэгээд л би 2 найзаасаа 21 цагийн орчимд салаад гэрт ирж амарсан...” гэжээ. (хх-ийн 47-48),
Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* ... “******* *******” гэсэн хаяг ашигладаг...” гэжээ. (хх-ийн 59-60),
Гэрч М.сайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 07 дугаар сарын сүүлээр би ажлаа хийж дуусчхаад -тэй уулзахаар гартал -, - хоёр саарал өнгийн “Приус-20” маркийн авто машинтай ирж авсан. Тэгээд бид гурав -ийнх рүү явах замдаа утас оролдоод байж байтал фейсбүүк дээр ******* сумын хамгийн том зарын группт “Эмийн сан заагаад өгөх хүн байна уу? Эмийн сан хаана байдаг вэ?” гэсэн пост байхаар нь утасны дугаар луу нь -, - утсаар залгаж эмийн сан зааж өгсөн. Гэтэл нөгөө хүн нь - утас руу “Танилцаж болох уу?” гэсэн мессеж бичихээр нь тоглоод хариу өгсөн. ... ******* сумын хамгийн том зарын группт “Tanai sum biye unlegctei boltsonuu gai gui bga” гэсэн пост оруулсан байсныг нь 10 гаран минутын дараа хараад - “ ” руу залгаж ******* гэдэг хүн байхгүй танаар тоглосон шүү гэж хэлсэн. Тэгээд тухайн постыг “ ” устгасан байсан...” гэжээ. (хх-ийн 63-64),
Гэрч Ө. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн фэйсбүүк хаягийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ашигласан. Одоо тухайн фэйсбүүк хаягийг ашиглахгүй байгаа. Би өөрийн фэйсбүүк хаяг болох Т. гэх хаягаа 2024 оны 04 дүгээр сарын 15-аас 20-ны хооронд хакердуулан алдсан. Түүний дараагаар түр ашиглах зорилгоор тухайн фэйсбүүк хаягийг нээн ашигласан. ... Би тухайн постыг ******* сумын хамгийн том зар дээр байршуулсан, ямар шалтгааны улмаас байршуулсан бэ гэвэл тухайн өдөр би Хэнтий аймгийн ******* суманд аяллаар явж байсан бөгөөд тухайн үед толгой өвдөөд эмийн сан хайгаад олоогүй. Тиймээс эмийн сан хаана байдаг талаар асууж мэдэх зорилгоор өөрийн дугаарыг тавин эмийн сан хаана байдаг вэ? туслаач гэж тухайн группэд зар оруулсан. Гэтэл миний дугаар руу unitel-ийн дугаараас залган эмийн санг чинь загаад өгье, унаатай байгаа юм уу? ирээд аваач, хонох газар байгаа юу? манайд ирээд хонох юм уу? би гэртээ ганцаараа байгаа хүрээд ирвэл уулзъя гэсэн. Тийм үед ганцаараа явж байсан учир жаахан айгаад тухайн зарыг оруулсан ... Тухайн үед эдгээр хүмүүстэй уулзаагүй. дугаараас над руу эмэгтэй хүн ярьсан. Ямар эм хэрэгтэй байгаа юм бэ? гэж асуусан. Тухайн дугаартай мессеж бичилцсэн. Тухайн үед би өөрөө түрүүлэн мессеж бичсэн. Нэр усаа мэдэлцье гэж бичсэн. Гэтэл хариу бичихдээ “******* гэдэг юм аа. Хаана байгаа юм бэ? унаа байгаа юм уу? ирээд аваач ээ, манайд хонооч ээ, манайхан эзгүй явсан ирээд хонооч ээ” гэсэн. Би түүнээс хойш хариу бичээгүй гэх дугаараас “Хаана байгаа юм. Эмийн сангаа олсон уу? уулзъя гэж эрэгтэй хүн миний утас руу залгаж ярьсан...” гэжээ. (хх-ийн 70-71),
Гэрч Д.- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 07 дугаар сарын сүүлээр найз сайханы хамт гэртээ хонохоор болж найзыгаа ажлаас нь авахаар өөрийн саарал өнгийн “Приус-20” маркийн автомашинтай явж байтал сумын төвд -тэй таарахад “Хаашаа явах гэж байгаа юм” гэж асуусан. Тэгээд сайхан руу явж байна гэхэд хамт явъя гээд сайханы ажил руу явсан. Найз сайханыг авчихаад буцаж байхад - фейсбүүк үзэж байсан гэтэл “Эмийн сан хаана байдаг вэ? Эмийн сан заагаад өгөөч” гэсэн пост байна гэхээр нь чи заагаад өгөөч гэхэд - надаа утсаа өгөхөөр нь би утсыг нь аваад эмийн сан зааж өгсөн. Тэгээд эмийн сан зааж өгчихөөд байхад танилцъя гээд байн байн залгаад байсан. Гэтэл нэрийг чинь хэн гэдэг юм бэ гэсэн мессеж - утсанд ирсэн байх аа. Тэгээд та хоёрын нэрийг биччих үү гэхээр нь “Өө үгүй. Өөр нийтлэг нэр бич” гэхэд - ******* гээд биччих үү гээд бичсэн...” гэжээ. (хх-ийн 74-75),
Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Манай нөхөр ******* Хэнтий аймгийн ******* сумын Хилийн цэргийн дугаар ангид Хүний нөөцийн дарга албан тушаалд 2021 оноос одоог хүртэл ажиллаж байна. Би өөрөө нөхрөөсөө тусдаа хотод амьдарч эрх зүйч мэргэжлээр сурдаг юм. Намайг хотод сурч байх хугацаанд миний фэйсбүүк хаяг руу үл мэдэх хүнээс танай нөхөр ажлын газрынхаа ******* гэж хүүхэнтэй явалдаад байна гэж над руу мессеж чат ирсэн байсан. Тэгээд би тэр хүнээс асуухад би тагнуул хийж яваагүй худлаа гэвэл зургийг нь авдаг байж гэж над руу чат бичсэн байсан. Тэгээд би нөхөртөө итгэж байсан болохоор хотоос ******* сум руу гэртээ ирэхэд манай гэр орон буудал юм шиг заваарсан байсан. Цагаан хөнжлийн даавуу маань цус мэт зүйл болсон байсан. Би нөхрөөсөө асуухад миний биш гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй. Тэгээд байхаар нь би ******* сумын фэйсбүүк зар дээр тавьсан юм. Намайг гэртээ байхгүй байж байгаад ирэхээр гэр орноос бэлгэвч гарч ирдэг байсан. ... ******* сумын хамгийн том зар гэсэн группэд тавьсан. Дараа нь ******* гэдэг хүн залгаж пост устгаж өгөх талаар ярихад би уучлалт гуйж эвлэрсэн өөр зүйл болоогүй. ... ******* сумын зар дээр 2024 оны 06 дугаар сар хавьцаа ******* болон нөхөр *******ий талаар явалдаж гэр орон бузартуулсан байсан гэх пост оруулсан...” гэжээ. (хх-ийн 90-91, 94-96),
Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэжээ. (хх-ийн 116-117),
Гэрч Б.ийн мэдүүлэг (хх-ийн 55-56),
Гэрч З.ы мэдүүлэг (хх-ийн 78-79),
Гэрч Ч.ийн мэдүүлэг (хх-ийн 86-87),
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол (хх-ийн 1),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 8),
У.*******гийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 7),
Фэйсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9, 10-19, 20, 21-26),
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 120-121),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 122),
Хэнтий аймгийн ******* сумын - багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 147, 148),
Б.*******гийн Голомт банкны дансны хуулга (хх-ийн 126-145),
Б.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар, (хх-ийн 123, 124) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдөж, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч ******* ******* овогт *******ы ******* нь өөрийн нөхөр М.*******ийг У.*******тэй үндэслэлгүй хардсаны улмаас 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “******* сумын Хамгийн том бүх төрлийн зарын групп” хэмээх цахим хуудсанд өөрийн ашигладаг “******* *******” гэx facebook цахим хаягнаас хохирогч У.*******гийн “ ” гэх facebook хаяг болон зургийг нь оруулан “Хилийн цэргийн дугаар цэргийн ангид ажилладаг эрэгтэйн гэр бүлтэй эмэгтэй нь ганц бие энэ хүмүүс явалдаж орон гэр бузартуулсан байсан” гэх хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.*******гийн “...Манай нөхөр ******* Хэнтий аймгийн ******* сумын Хилийн цэргийн дугаар ангид Хүний нөөцийн дарга албан тушаалд 2021 оноос одоог хүртэл ажиллаж байна. Би өөрөө нөхрөөсөө тусдаа хотод амьдарч эрх зүйч мэргэжлээр сурдаг юм. Намайг хотод сурч байх хугацаанд миний фэйсбүүк хаяг руу үл мэдэх хүнээс танай нөхөр ажлын газрынхаа ******* гэж хүүхэнтэй явалдаад байна гэж над руу мессеж чат ирсэн байсан. Тэгээд би тэр хүнээс асуухад би тагнуул хийж яваагүй худлаа гэвэл зургийг нь авдаг байж гэж над руу чат бичсэн байсан. Тэгээд би нөхөртөө итгэж байсан болохоор хотоос ******* сум руу гэртээ ирэхэд манай гэр орон буудал юм шиг заваарсан байсан. Цагаан хөнжлийн даавуу маань цус мэт зүйл болсон байсан. Би нөхрөөсөө асуухад миний биш гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй. Тэгээд байхаар нь би ******* сумын фэйсбүүк зар дээр тавьсан юм. Намайг гэртээ байхгүй байж байгаад ирэхээр гэр орноос бэлгэвч гарч ирдэг байсан. ... ******* сумын хамгийн том зар гэсэн группэд тавьсан. Дараа нь ******* гэдэг хүн залгаж пост устгаж өгөх талаар ярихад би уучлалт гуйж эвлэрсэн өөр зүйл болоогүй. ... ******* сумын зар дээр 2024 оны 06 дугаар сар хавьцаа ******* болон нөхөр *******ий талаар явалдаж гэр орон бузартуулсан байсан гэх пост оруулсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч У.*******гийн “...2024 оны 05 дугаар сарын дундуур хамт ажилладаг ******* ахмад над руу залгаад намайг гэрт ороод ир гээд дуудахаар нь гэрт нь ороход ******* ахмадын эхнэр “Та хоёр явалдаж уулздаг юм уу” гэж асуусан. Би гайхаад “Яасан гэнээ” гэж асуухад ******* ахмадын эхнэр “Наадхаа энэнд харуул” гэхэд ******* ахмад над руу Viber чатаар зураг явуулсан. Би ороод харахад ******* ахмадын эхнэр лүү танихгүй фэйсбүүк хаягаас “Танай нөхөр ******* ажлынхаа газрын ******* гэдэг хүүхэнтэй уулзаад байна” гэсэн чат ирсэн байсан. Тэгээд би эхнэрт нь “Бид хоёр ямар нэгэн явалдсан асуудал байхгүй” гэж хэлчихээд ажлын өрөөнд байж байхад ******* ахмад орж ирэхээр нь “Та бид хоёр уулзаж явалдсан зүйл байхгүй биз дээ. Юу яриад байна” гэхэд “Манай эхнэрийг ойлгоорой. Энэ асуудлыг би өөрөө шийдчихнэ” гэж хэлсэн. Би 06 дугаар сарын эхээр ээлжийн амралтаа аваад хот руу явсан. Хотод байх хооронд ******* ахмадын эхнэр ******* сумын фэйсбүүк зар дээр намайг муулсан пост бичсэн байсан. Маргааш өдөр нь надаас уучлалт гуйсан пост бичсэн байсан. ... 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “******* *******” гэх цахим хаягаас пост оруулсан байсан. ... “******* *******” гэдэг нь *******гийн өөрийнх нь ашигладаг facebook юм...” гэх, гэрч М.*******ий “...“...*******тэй ... ямар нэгэн харилцаанд ороогүй бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. ... Би эхнэр *******тай хамт амьдраад зургаан жил болж байна. Манай эхнэр ******* хотод сургуульд сурч байх хугацаанд эхнэр ******* руу үл таних хүн Facebook чатаар “Танай нөхөр чинь цэргийн ангийнхаа хамт ажилладаг ******* гэдэг хүүхэнтэй уулзаад байна” гэж чат ирсэн байсан. Тэрийгээ над руу энэ ямар утгатай юм гэж асууж байсан. Би *******тэй ямар нэгэн холбоо байхгүй байсан болохоор тийм зүйл байхгүй гэж эхнэрт хэлсэн. Сүүлд манай эхнэр *******гээс буруу ойлгосон байна гэж уучлал гуйсан байсан...” гэх мэдүүлгүүд, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, У.*******гийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, фэйсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан худал мэдээлэл тараах гэмт хэрэг гэж ор үндэсгүй, илэрхий худлаа мэдээллийг зориуд санаатайгаар олон нийтэд тарааж, түгээснээр тухайн хүний нэр төр, алдар хүнд олон нийтэд гутаагдах, үнэлэмжийг бууруулах, тухайн хүний талаарх сөрөг хандлагыг бий болгох зорилготой хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд ийнхүү илт худал мэдээлэл болохыг мэдсээр байж зориуд тараасан, санаатай үйлдлийг нийгмийн аюул ихтэйд тооцон гэмт хэрэг хэмээн хуульчилсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн нь “...итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй” бөгөөд гагцхүү энэхүү эрх нь Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” үндсэн үүргээр хязгаарлагдах билээ.
“Хүний нэр төр” гэж тухайн хүний хувийн ёс зүй, ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг, “алдар хүнд” гэж бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг тус тус ойлгох ба “илт худал мэдээлэл” гэж огт үндэслэлгүй, худал, хуурмаг мэдээ, баримт, сэлтийг, “олон нийтэд тараасан” гэж худал мэдээллийг нэг буюу түүнээс олон хүнд түгээсэн байхыг тус тус хэлэх бөгөөд мэдээллийг амаар, бичгээр, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчны аль алинаар нь тарааж болно.
Худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь хувийн болон бусад сэдэлтээр хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйлдлээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Б.******* нь өөрийн нөхөр М.*******ийг хохирогч У.*******тэй үндэслэлгүй хардсаны улмаас 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “******* сумын Хамгийн том бүх төрлийн зарын групп” хэмээх цахим хуудсанд өөрийн ашигладаг “******* *******” гэx facebook цахим хаягнаас хохирогч У.*******гийн “ ” гэх facebook хаяг болон зургийг нь оруулан “Хилийн цэргийн дугаар цэргийн ангид ажилладаг эрэгтэйн гэр бүлтэй эмэгтэй нь ганц бие энэ хүмүүс явалдаж орон гэр бузартуулсан байсан” гэх хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч Б.******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.*******г 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 1,000,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.*******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч У.*******гийн эрүүл мэндэд хохирол учраагүй боловч түүний халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдсөн байх бөгөөд хохирогч У.******* нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч Б.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.******* нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ы *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы *******д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР