Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 402

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Одаргалж, шүүгч М.Наранцэцэг, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00112 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Б-ийн хариуцагч С.С, С.Б нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 7 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Снар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.С-ийн дүү С.Ба-т 38-76 УБТ улсын дугаартай авто машиныг барьцаалан 10 000 000 төгрөгийг зээлсэн, үүнээс 2 200 000 төгрөгийг төлж, үлдсэн 7 800 000 төгрөгийг төлөөгүй. 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр С.С нь төрсөн дүү С.Б-ийн өмнөөс төлбөрийг төлөхөөр барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны эд зүйл болох автомашиныг зарж борлуулсан байсан. Гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардахад хаягаа өөрчилж, утсаа авахгүй байсан тул шүүхийн журмаар эрэн сурвалжилж хаягийг тогтоосон. Тухайн үед би “Энигма констракшн” ХХК-д сан техникийн хяналтын инженер, С.Б тус компанид заслын ажил хийж байхад нь танилцсан. С.Б надад дуудлага худалдаанд оролцох гэсэн 10 000 000 төгрөг хэрэгтэй байна гэхэд нь бэлэн мөнгөгүй тул эхнэрийнхээ нэр дээрх хашаа байшин, орон сууцыг М ББСБ-д тавьж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөнгө авч өгсөн. Гэтэл С.Б 2 200 000 төгрөг өгсөн, үлдсэн 7 800 000 төгрөгийг өгөөгүй. Анх 10 000 000 төгрөгийг 20 хоногийн дараа гэсэн боловч өгөөгүй тул Цагдаагийн байгууллагад хандсан. Тэр үед С.Б “би мөнгийг эргүүлж төлнө, авсан нь үнэн” гэж хэлж байсан. Иргэд хоорондын маргаан тул эрүү хэрэг үүсгэхээс татгалзсан. Тэр үед С.Б-ийн ах С.С “ээжийн бие муу байна, дүүгийнхээ авсан мөнгийг төлөлцье. Паз автобус барьцаалья” гээд гэрээ байгуулж бүртгүүлэх гэтэл татвар төлөөгүй учир болохгүй гэсэн. Тэгэхэд С.С “чамтай гэрээ хийсэн юм чинь, энэ машиныг танай хашаанд тавья” гэж хэлсэн боловч утсаар шалтаг тоочиж, ах нь ноолуурын үеэр машинаа зарж төлбөрийг төлнө гэсэн. Цагдаагийн байгууллагад хандсанаас хойш алга болсон тул С.Баатархуягийг эрэн сурвалжлуулсан. Ахынх нь хаягаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад хаяг нь тодорхойгүй гээд нэхэмжлэлийг буцаасан. Эхэлж 3 000 000 төгрөгийг манай эхнэрийн данс руу шилжүүлж, маргааш нь цахилгааны тусгай зөвшөөрөл авахад тэмдэгтийн хураамж төлөх гэсэн юм гэж буцаагаад 750 000 төгрөгийг авсан нь гүйлгээнээс харагдана. Хариуцагчийн “2 250 000 төгрөгийг зээлсэн бөгөөд үлдэгдэл 7 750 000 000 төгрөгийг өөрсдийн хийх ёстой байсан барилгын ажлыг С.Б-д өгснийхөө хөлсөд авсан гэсэн тайлбар үндэслэлгүй. Надаас нийт 10 750 000 төгрөг зээлсэн, үүнээс 3 000 000 төгрөгийг төлсөн, үлдэх 7 750 000 төгрөгийг төлөөгүй. Ах С.С нь 7 800 000 төгрөг болгож төлье гэсэн учраас уг баримтыг үндэслэж 7 800 000 төгрөг нэхэмжилсэн. Зөрүү нь 50 000 төгрөг болж байна. С.Б банк бус санхүүгийн байгууллагаас зээлснийг мэдэж байсан учир 990 000 төгрөг надад төлсөн нь үнэн бөгөөд үүнийг тооцоондоо оруулаагүй. Иймд хариуцагч нараас 7 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... С.Б С.Батцэнгэлтэй 2016 оны 8 дугаар сард Дэрэн ХХК-ийн барилгын ажлыг хийх явцад танилцсан. Тухайн үед П.Е хамтран тус компанийн барилгын ажлыг хийж байсан. Манай бригад нь уг компанийн барьж буй барилгын сантехникийн гүйцэтгэлийн ажлыг хийж байсан бөгөөд дутуу гүйцэтгэлтэй ажлыг С.Б ахад 7 750 000 төгрөгөөр өгсөн юм. С.Б дээрх ажлыг хийж дуусгангуут захиалагч талаас 10 000 000 төгрөгийн санхүүжилт авах ёстой юм. П.Есөнбаатар бид хоёр С.Б-ээс 10 000 000 төгрөгийг авсан. Үүний 2 250 000 төгрөг зээлсэн, харин өөрсдийн хийх ёстой барилгын ажлыг С.Б ахад өгсний төлөө 7 750 000 төгрөгийг авсан. Үүнийг баталгаажуулж С.Б-ийн эхнэр И.Т нь захиалагч компанитай барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулсан байдаг. С.Б бид нарын хооронд 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаагүй. Харин 2 250 000 төгрөгийг П.Есөнбаатар С.Б-д буцааж өгсөн. С.Б өөрийнх нь гүйцэтгэсэн барилгын ажлын санхүүжилт олгогдохгүй байна, П.Есөнбаатар та хоёр хөөцөлдөж өг, та хоёрын эхлүүлсэн ажлыг дуусгачихаад санхүүжилтээ авч чадахгүй байна гэдэг. Дээрх асуудлаар бидэнд холбогдуулан Цагдаагийн байгууллагад өргөдөл гарган шалгуулсан. С.С нэхэмжлэгчийг танихгүй. Нэхэмжлэгч 2016 оны зун С.Б, П.Е нарын гүйцэтгэж байсан барилгын ажлыг 7 750 000 төгрөгөөр худалдаж авсан байдаг. С.Б нь 2017 оны эхнээс С.Б надаас 7 750 000 төгрөг зээлдэж авсан дүүтэй чинь уулзахад зээлдэж авсан мөнгөө өгөхгүй юм. 2017 оны 02 дугаар сараас эхлэн өмнөөс нь өрийг нь төлнө гэх болсон. Тухайн үед манай дүү хөдөө орон нутагт ажлаар явж байсан тул түүнтэй утсаар холбогдоход П.Есөнбаатар бид хоёр өнгөрсөн жилийн зун барьж байсан барилгаа С.Б-д 7 750 000 төгрөгөөр худалдсан. Барилгын ажлаа хийж дуусгаад захиалагч компаниас 10 000 000 төгрөг авах ёстой, захиалагч компани нь өгөхгүй байгаа гэж хэлсэн тул нэхэмжлэгчид энэ талаар хэлэхэд “тийм, гэхдээ дүүгийн чинь эхлүүлээд орхисон ажлыг хийж дуусгачхаад мөнгө авч чадахгүй байна, ямар компанийн ажлыг надаар хийлгүүлсэн юм, уг барилгын ажлыг авахад 7 750 000 төгрөгийг би өгсөн энэ мөнгө эргүүлж авья гэж хэлдэг. С.Б нарын хооронд ямар асуудал байгааг мэдэхгүй, харин манай дүү мөнгө авсан бол би төлнө гэж хэлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Харин 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр С.Б-ээс 7 800 000 төгрөг зээлээгүй. С.Б “дүүгээс чинь мөнгөө эргүүлж авахаар хөөцөлдөж, зардал их гарч байна гэхээр нь 7 750 000 төгрөгийг 7 800 000 төгрөг болж үнийн дүнг өсгөж байсан бөгөөд хүчин төгөлдөр бус гэрээг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч хариуцагч нараас 6 760 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 1 040 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 139 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 123 110 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт “С.Б хариуцагч С.Б нар амаар тохиролцож, ...10 000 000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай зээлдүүлсэн, ...750 000 төгрөгийг нэмж зээлдүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын гаргасан 1073 дугаартай прокурорын тогтоол, уг прокурорын тогтоолыг хянаж хариу өгсөн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 881 дугаартай гомдлын хариу, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн С.Сүх, С.Б нарын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах хэлцэл зэргээр тогтоогдож байна” гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт заасантай бүрэн нийцээгүй. Учир нь зохигчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь нотлох баримт болдог тул бодит үнэнд нийцсэн байх ёстой. Анхан шатны шүүх нь зохигчдын гаргасан нэг талын тайлбарыг нотлох баримтаар хэт үнэлэх, хэргийн үйл баримтыг тал бүрээс авч үзэж, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй болно. Мөнгө хүлээн авсан П.Есөнбаатар, С.Б нарын зүгээс нэхэмжлэгч болон мөнгө зээлдүүлсэн И.Т нарт нийт 6 070 000 төгрөгийг төлсөн байдаг. П.Ень И.Т 10 000 000 төгрөгийг хүлээн авсан. П.Е , С.Б нар “Энигма констракшн” ХХК-иас 5 000 000 төгрөгийн ажлын хөлс авснаас 3 000 000 төгрөгийг С.Б нь И.Т-ийн ХБ-ны 50 19 13 30 58 тоот данс руу шилжүүлсэн. И.Т С.Б нь дахин 750 000 төгрөгийг зээлдэн авч, И.Т-ийн Хаан банкны данс руу эгүүлэн 990 000 төгрөгийг шилжүүлсэн. П.Е С.Б рүү 2 080 000 төгрөг шилжүүлсэн. Эдгээр үйл баримт нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дугаар 1073 тогтоолын хэсэгт “Э-аас 5 000 000 төгрөг аваад 3 000 000 төгрөгийг И.Т-ийн данс руу С.Б хамт байж байгаад хийсэн”, “С.Б, П.Е нар нь 2016 оны 8 дугаар сард И.Т-ээс 10 000 000 төгрөг зээлсэн болох нь материалд цугларсан баримтаар тогтоогдсон”, “Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 881 дугаар хариу мэдэгдэх хуудаст “И.Т нь П.Е, С.Б нар биднээс авсан 10 000 000 төгрөгөөс 2 250 000 төгрөгийг төлсөн”, “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалд авагдсан Хаан банкны депозит дансны хуулгаар П.Е С.Б рүү 2 080 000 төгрөг шилжсэн, С.Б-ийн Төрийн банкнаас И.Т рүү 990 000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтуудыг шүүх дутуу үнэлсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн, уг эрхээ сэргээлгэхээр шаардах эрх хэрэгжүүлэх эрхтэй этгээд нь И.Т гэдэг нь тогтоогдож байхад шүүх, “нэхэмжлэгч С.Б эхнэр И.Т дамжуулан мөнгийг хүлээлгэн өгсөн, авсныг буруутгах үндэслэлгүй.”, “нэхэмжлэгч С.Б хамтран хариуцагчаар С.С-ийг татаж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт нийцэж байна” гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь давж заалдах журмаар шийдвэрийг өөрчлөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч С.Сүх, С.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч марган, үндэслэлээ 10 000 000 төгрөгийг авсан, үүний 2 250 000 төгрөг нь зээл, үлдсэн 7 750 000 төгрөг нь дутуу гүйцэтгэсэн ажлаа худалдсан тул зээл биш гэж тайлбарлажээ./хх34/

 

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч С.Б-тай амаар тохиролцож 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 10 000 000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай зээлдүүлсэн 2016 оны 9 дүгээр сард 750 000 төгрөгийг нэмж зээлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, С дүүргийн П газрын хяналтын прокурорын 1073 дугаар тогтоол /хх12-13/, уг тогтоолыг хянаж хариу өгсөн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 881 дугаартай гомдлын хариу /хх14-15/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогджээ.

 

Дээрх 10 000 000 төгрөгийн зээлээс 3 000 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр С.Б-аас С.Б-д төлсөн боловч 750 000 төгрөгийг буцаан зээлсэн гэж талууд тайлбарласан тул 10 750 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Үүнээс 2 250 000 төгрөг нь дээрх байдлаар буцаан төлөгдсөн ба мөн С.Б-ийн эхнэр И.Т 990 000 төгрөг төлснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

 

Хариуцагч нь 2 080 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч үүнийг үгүйсгэсэн, прокурорын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 881 дүгээр тогтоолд энэ талаар дурдагдсан ч уг төлбөрийг хэзээ ямар байдлаар шилжүүлснээ өөр бусад баримтаар нотлоогүй байна.

 

Дээрхээс үзвэл нийт 10 750 000 төгрөгийн зээлээс 3 240 000 /2 250 000+990 000/ төгрөгийг эргүүлэн төлсөн, 7 510 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар төлбөр шаардах эрхтэй.

 

Хамтран хариуцагч С.С нь өөрийн төрсөн дүү С.Б-ийн С.Б-ээс зээлсэн мөнгийг хүлээн зөвшөөрч 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 7 800 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр бүрэн төлж дуусгахаар төлбөр барагдуулах хэлцлийг байгуулсан нь хэрэгт баримтаар авагдсан /хх10/, энэ талаар шүүхэд тайлбар гаргасан байна. /хх35/ Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тайлбарт дурдсан ч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

 

Хэргийн дээрх баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь С.Б-ийн төлсөн мөнгийг хасч, төлбөр барагдуулах хэлцлээр төлөхийг зөвшөөрсөн хэмжээгээр үлдэгдлийг шаардсан нь үндэслэлтэй байх ба 10 750 000 төгрөгөөс 3 990 000 төгрөгийг хасч, 6 760 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрхийг зөрчөөгүй, 2 080 000 төгрөг төлөгдсөнийг тооцоогүй гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Хариуцагч талаас баримтаар гаргасан 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн барилгын заслын ажлын гэрээ нь /хх39-41/ энэ хэрэгт хамааралгүй ба “Э” ХХК-ийн захирал Л.Х гарын үсэг зурагдсан, компанийн тамга дарагдаагүйг дурдах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00112 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Сүхээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123 110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.О

                                                   ШҮҮГЧИД                                      М.Н

                                                                                                          А.О