Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/200

 

 

 

 

 

     2021          02            25                                        2021/ДШМ/200                                                                                         

 М.А-д холбогдох                                                                                                 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                                 

            прокурор Г.Яндаг,

            шүүгдэгч М.А-, түүний өмгөөлөгч Ю.Батболд,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/1214 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.А-, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн М.А-д холбогдох 1908036831398 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн М-ын А-, Улаанбаатар хотод 1994 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 00 дугаар гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 00000000/

2018 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, өмнөх тогтоолын тэнссэн заалтыг хүчингүй болгож, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосон.

      М.А- нь 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Дэнжийн 6-21 тоот Д.Ж-ы гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 460,000 төгрөгтэй мөнгөний гахай, 2 ширхэг бугуйн цаг, мөнгөн гинж, нүдний шил, хөөрөг, даалин зэргийг авч, 1,915,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.А-г хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 6.9 дүгээр зүлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 4 жил 7 сар 14 хоног хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс цагдан хоригдсон 49 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хохирлоо бүрэн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Иймд энэ байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Батболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулж, хохирогч “... гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж, эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү” гэв.

Прокурор Г.Яндаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.А-гийн үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон. Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар М.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

М.А- нь 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Дэнжийн 6-21 тоот Д.Ж-ы гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч дотроо 460,000 төгрөгтэй мөнгөний гахай, 2 ширхэг бугуйн цаг, мөнгөн гинж, нүдний шил, хөөрөг, даалин зэргийг авч, 1,915,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Ж-ы “...гэрийн түлхүүр бэрийн дүү Б.Н-д байсан. Түүний найз залуу М.А- манай хүү Х-ын гэрт 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ирж хоносон гэсэн. 12-ны өглөө манай гэрийг онгойлгож мөнгөний гахайг аваад гарч байхыг Н харсан байсан...” /хх 51/,

насанд хүрээгүй гэрч Б.Н-ийн “... 12-ны өглөө 07 цагт гар утсаар тоглоод сууж байтал М.А- хажуугийн байшинд хүн амьдардаг эсэхийг асуусан. Би хүн амьдардаг, одоо хүн байхгүй цоожтой байгаа талаар хэлсэн. Би зурагтын тавиур дээр байсан түлхүүрийг аваад нуух гэтэл булаагаад авсан. Цонхоор хартал хажуу талын жижиг байшинг түлхүүрээр онгойлгоод ороод гарсан. Би “Яагаад танихгүй айл руу орж байгаа юм” гэтэл “Чамайг ална шүү, ямар зэвүүн бацаан бэ, эгчдээ хэлбэл хамт ална шүү” гэж хэлээд айлаас авсан мөнгөний гахайгаа хагалаад дотор нь байсан мөнгийг аваад халаасандаа хийсэн” /хх 68-69/ гэсэн мэдүүлгүүд,

эд зүйлийн үнэлгээ /хх 73-74/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 16-32/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 33-39/, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 41-46/, шүүгдэгч М.А-гийн яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 166-168/ зэргээр нотлогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэр зэргийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч М.А-гийн гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх ба өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн зохицуулалттай нийцсэн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/1214 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.А-, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                          Н.БАТСАЙХАН         

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН