| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 315/2025/0014/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/45 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/45
2025 01 22 2025/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,
Улсын яллагч Х.Ууганбат,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2430000000363 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр баг “Чандай” гэх газарт нутаглах, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
******* овогт ******* (РД:*******)
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар):
Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр багийн нутаг “Чандай” гэх газарт иргэн ******* итгэмжлэн хариуцуулан өгсөн бод малаас зүүн чих цуулбар имтэй, ташаан толгойн дээрээ ширээтэй онгийн тамгатай ягаан алаг зүсмийн соёолон насны эр үхэр, зүүн чих цуулбар имтэй, ташаан толгойн дээрээ ширээтэй онгийн тамгатай ягаан зүсмийн хязаалан насны эр үхэр, зүүн чих цуулбар имтэй, ташаан толгойн дээрээ ширээтэй онгийн тамгатай мухар хүрэн зүсмийн гунж зэргийг нядалж, бусдад зарж борлуулан завшиж, 3,592,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учраас дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Эрүүгийн 2430000000363 дугаартай хэргээс:
- Хохирогч *******: “...2023 оны 12 дугаар сарын сүүлээр Наран сумын 1 дүгээр багийн нутаг Чандай гэх газраас 3 тооны үхрээ алдаад одоог болтол олоогүй байгаа учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа юм. ...Ягаан алаг зүсмийн эр үхэр, Ягаан хязаалан эр үхэр, Мухар хүрэн гунж зэрэг зүүн чих цуулбар имтэй, ташаан толгой дээрээ ширээтэй онгин тамгатай бүгд ижил им, тамгатай үхрүүд байгаа. ...Тухайн үеийн ханшаар би өөрийн алдсан 3 үхрээ 4,500,000 төгрөгөөр үнэлж байна. ...тэтгэвэрт суудаг болохоор өөрөө харна гэж байхгүй сумын төв дээр суудаг юм. Манай хүргэн ******* гэх залуу хараад 10-аад жил харж байгаа юм. ...Манай хүргэн 3.Наранчулуун дээр 18 тооны үхэр байгаа. ...Надад цагдаагийн байгууллагад гаргах гомдол санал байхгүй. ...надад сэтгэл санааны ямар нэгэн хохирол учраагүй.”
“...Манай үхрийг авсан гэх *******тай би уулзаад, миний алдсан үхрийн үнэлгээ болох 3,592,000 төгрөгийн төлбөрийг барагдуулсан учир би *******д гаргах гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Надад сэтгэл санааны хохирол учраагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16, 19-р хуудас),
- Насанд хүрээгүй гэрч *******: “...Би 2023 оны 12 дугаар сарын 20-д гаргаад /Цаг хугацааг нь яг сайн санахгүй байна/ хөдөө гэртээ байж байхад миний гар утас руу орой 21 цагийн үед 3. Наранчулуун яриад, чи ахын дүү манай гэрт хүрээд ир, Ах нь өөрийн үхрээс 2 үхэр унагаачхаад байна, ахдаа хамжаад өгөөч гээд гуйсан юм. Тэгээд би удаагүй 3.Наранчулууны гэр лүү мотоциклтэйгээ очиход, гэрийнхээ гадаа 2 үхэр унагаачихсан байсан. Тухайн 2 үхрийг 3.Наранчулуун ах хамжаад хийгээд өг гэсэн болохоор нь хийлцэж өгөөд орой 23 цагийн үед дуусгаад гэр лүгээ харьсан. ...Ягаан хязаалан эр үхэр, Мухар хүрэн гунж зүүн чих цуулбар имтэй, ташаан толгой дээрээ ширээтэй онгин тамгатай ижил им, тамгатай 2 үхэр янзалж хийсэн байгаа. ...Надад анх ярихдаа өөрийн үхрээсээ ярганы 2 үхэр унагаачихсан байна чи ирээд хамжилцаад өгөөч гээд гуйсан болохоор нь очоод хамжилцаж өгөөд явсан. Ярга хийж байх үед өөр янз, янзын зүйл яриагүй. ...Миний мэдэхийн 3.Наранчулууны үхэр далан дээрээ сэрээ тамгатай, зүүн чихэндээ улаан даавуутай үхрүүд байдаг. ...Манай сумын ах болох Хурган хочтой Болдоо гэх ах цуг байсан. Машины гэрлээр гэрэлтүүлж өгөөд байж байсан. Өөр хүн бол байгаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23-р хуудас),
- Гэрч *******: “...Би 2023 оны 12 дугаар сарын сүүлээр манай сумын дүү болох *******д үхэр хийхээр хөдөө очсон байсан юм. Орой 19 цагийн үед ******* ойролцоо байдаг 3.Наранчулуун гэх залуу 2 үхэр унагаасан байна ирээд хамжаад өгөөч гээд Б.Сугаррагчааг дуудсан юм. Тэгээд Б.Сугаррагчаа намайг цуг яваад өгөөч, очоод гялс хийчхээд ирье гээд намайг дагуулаад явсан юм. Б.Сугаррагчаа бид хоёрыг очиход 3.Наранчулуун хөдөө гэрийнхээ гадаа хоёр үхэр унагаацан байсан. Б.Сугаррагчаа, ******* нар тухайн үхрийг хийхэд харанхуй болсон байсан болохоор би өөрийн машинаар гэрэлтүүлж хараад сууж байсан юм. Багцаагаар 30 минут орчим болоод үхрээ янзалж дуусаад Б.Сугаррагчааг аваад би гэр лүү нь явсан юм. ...Улаан ягаан хязаалан эр үхэр, мухар хүрэн гунж зэрэг байсан. Им, тамгыг нь бол би ойртож хараагүй, машин дотроос холоос гэрэлтүүлж байсан болохоор сайн хараагүй. ...Би *******ы үхрийн им, тамгыг сайн мэдэхгүй юм байна. ...Б.Сугаррагчаа намайг дагуулж очсон болохоор би *******тай ер нь үг солиогүй. Шууд машинаараа гэрэлтүүлчих гэхээр нь машинаа холоос гэрэлтүүлээд машин дотроо сууж байсан.” гэх мэдүүлэг мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27-р хуудас),
- Гэрч : “...2023 оны 12 дугаар сарын сүүлээр манай найз С.Аваадорж сумын төв дээр надтай уулзаад, “Чандай” гэх газарт байх 3.Наранчулууны үхэрт миний нэг бяруу байгаан байна алдахаасаа өмнө очоод хийчхээд ирмээр байна, чи цуг яваад хамжилцаад өгөөч гээд гуйхаар нь цуг хөдөө явсан юм. Орой 17 цагийн үед Наран сумын 1-р багийн нутаг “Чандай” гэх газар нутаглах 3. Наранчулууны гэрт очсон. *******ы гэрт очиход гэрийнх нь гадаа үхэр нь бэлэн байсан болохоор Аваадоржийн бярууг барьж бид 3 хамтарч хийгээд дууссан юм. Дуусаад удаагүй байхад 3.Наранчулуун 2 ах ирсэн дээр нь нэг үхэр цуг яргалчихмаар байна, дүү нь ганцаардаад байна гээд ягаан алаг зүсмийн эр үхэр өөрийн үхэрнээсээ барьж аваад бид 3 хамтарч хийгээд дуусгасан. ...Аваадорж, Наранчулуун бид гурвын хамтарч хийсэн ягаан алаг зүсмийн эр үхрийн имийг нь тухайн үед ажиглаагүй, ямар ч байсан ташаан толгой дээрээ ширээтэй онгин тамгатай үхэр байсан. ...Би *******ы үхрийн им, тамгыг сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30-р хуудас),
- Гэрч : “...Миний төрсөн ах Г.Адъяа Наран суманд мал, мах худалдан авч наймаа хийдэг хүн байдаг юм. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө Г.Адъяа ах манай гэрт ирээд чи 3.Наранчулуун гэх айл руу яваад үхрийн мах ачаад аваад ир гэж надад хэлсэн юм. Тэгээд би машиндаа түлш аваад сумын төвөөс 10 цагийн үед гараад /тухайн үед манай суманд цас их орсон байсан/ цас ухаж явсаар байгаад орой 16 цагийн үед 3.Наранчулууны гэрт нь очсон юм. Тэгээд би 3.Наранчулууныг гялс махаа аччих гээд гэрт 3.Наранчулууныг гэрээс нь гаргасан юм. 3.Наранчулуун махаа ачих гэж гараад 1 цаг орчим болоод махаа аччихлаа гээд гэртээ орж ирсэн. Тэгээд би тэднийд ойр зуурын юм ярьж хууч хөөрч сууж байгаад оройдоо махаа аваад сумын төв дээр ирээд Адъяа ахад хүлээлгэж өгөөд гэр лүү гээ явсан юм. Ямар ч байсан 4-5 үхрийн мах ачиж явуулсан. Миний санаж байгаагаар ягаан алаг эр үхрийн нэлээн том шир лав нэг байсан. Бусдыг нь би одоо мартсан байна. Би яг хэд хэдэн кг татсаныг нь бол хараагүй, машины хажууд зогсож байсан юм. 3.Наранчулуун гарч ирээд ягаан алаг эр үхэр 220 гаран кг татаж байна, сайн татаж байна шүү гээд машины хажууд надад ярьж байсныг санаж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34-р хуудас),
- Гэрч : “...Би Наран сумын 3 дугаар баг, Суваргын 1-11 тоотод ганцаараа амьдардаг юм. Цаг хугацааг нь сайн санахгүй байна ямар ч байсан 2023 оны 12 дугаар сарын сүүлээр манай сумын 3.Наранчулуун гэх залуу надад хэлэхдээ, таны имтэй хар бяруу манай үхэрт нийлсэн байна лээ гэхээр нь би, чи тэгвэл бариад авчих ах нь 2 хоногийн дараа очиж хийхгүй бол наадах бяруу чинь алга болно гэж тухайн үед 3.Наранчулуунтай хууч хөөрөөд салсан юм. Тэгээд хоёр хоногийн дараа өөрийн найз болох Х.Гэрэлт-Одыг үхэр хийхэд хамжуулахаар дагуулж яваад 3.Наранчулууны хөдөө гэрт орой 17 цагийн үед очиход үхэр нь гэрийнхээ гадаа бөөндөө байж байхаар нь өөрийн хар бяруугаа бариад бөөндөө нийлж байгаад хийсэн юм. Тэгээд хар бяруугаа хийгээд дуусах үед 3.Наранчулуун, ах нарыг ирсэн дээр дүү нь бас нэг үхэр хамжуулаад хийх гэсийн гээд өөр нэг эр үхэр бас хийсэн байгаа. ...Харанхуй болсон байсан болохоор имийг нь бол би сайн анзаараагүй, ташаан толгой дээрээ ширээтэй онгин тамгатай, ягаан зүсмийн эр үхэр байсан. ...Тухайн бярууг манай сумын мал авдаг Г.Адъяа гэх залууд өгнө гээд ярьсан байсан юм. Тэгсэн ******* сүүлд хийдэг эр үхрээ бас Г.Адъяад өгнө манай гэрээс ирж авна гэхээр нь би махаа тэнд үлдээхээр болоод Г.Адъяаг дараа ирэхээр нь бөөнд нэг газраас өгсөн нь дээр юм байна гээд 3.Наранчулууныд үлдээсэн юм. ...2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 3.Наранчулууны хөдөө гэр дээрээс ирж ачна гэхээр нь би өглөө эрт 3. Наранчулууны гэрт ирсэн юм. Орой 18 цагийн үед Г.Адъяагийн төрсөн дүү Г.Ням-Очир ачааны машинтай 3.Наранчулууны гэрт ирсэн. Тэгээд махаа ачмаар байна гэхээр нь өөрийн хийсэн бяруу жижиг санагдаад дахиад өөр үхэр нэмж хийж байгаад дараа нь бөөндөө өгмөөр юм байна гэж бодоод бярууны махаа аваад үлдсэн юм. Тэгээд би 3.Наранчулууны үхрээс ачилцаж өгөөд би өөрөө чигээрээ гэр лүүгээ явсан юм. ...Тухайн үед би ачилцаж өгсөн юм. Зарим зүйлийг мартсан байна 4-5 үхрийн мах ачиж явуулсандаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37-р хуудас),
- Гэрч : “...Би Наран суманд хувиараа мал махны бизнес хийдэг юм. 2023 оны 12 дугаар сарын 27 байна уу 28-ны өдөр манай Наран сумын 1 дүгээр багийн малчин 3.Наранчулуун миний гар утас руу залгаад 4 үхрийн мах байна танд өгөх гэсэн юм гэж над руу ярьсан. Тэгээд би тэр дороо мөнгийг нь шилжүүлээд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн төрсөн дүү Г.Ням-Очирыг хөдөө явуулаад тухайн махыг авчруулсан байгаа. ...Дансыг нь одоогоор сайн санахгүй байна, ямар ч байсан 4 сая гаран төгрөг шилжүүлж байсан санаж байна. ...Хамгийн эхний том эр үхэр нь 206 кг татаж байсан бусдыг нь сайн санахгүй байна. 3.Наранчулуунаас ер нь би мал мах авч байгаагүй, тухайн үед машин хүнээс худалдаж авсан юм, мөнгийг нь явуулах болчхоод мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь би худалдаж авсан юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40-р хуудас),
- Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2402310 дугаартай “...1. 2023 оны 12 сарын байдлаар соёолон эр үхрийн зах зээлийн үнэ цэнэ нь 1,308,333 төгрөг, Хязаалан эр үхрийн зах зээлийн үнэ цэнэ нь 1,599,667 төгрөг Шүдлэн гунжийн зах зээлийн үнэ цэнэ нь 684,000 төгрөг, 2. Нийт шинжилгээний объектын 3 тооны үхрийн зах зээлийн үнэ цэнийг 3,592,000.00 (гурван сая таван зуун ерэн хоёр мянган) төгрөг байна гэж дүгнэж байна.” гэх шинжээчийн дүгнэлт мэдүүлэг (хавтаст хэргийн 44-49-р хуудас),
- Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 03-07-р хуудас),
- Арилжааны банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 08-11-р хуудас),
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
1.1. Шүүгдэгч *******ыг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр багийн нутаг “Чандай” гэх газарт иргэн ******* итгэмжлэн хариуцуулан өгсөн бод малаас зүүн чих цуулбар имтэй, ташаан толгойн дээрээ ширээтэй онгийн тамгатай ягаан алаг зүсмийн соёолон насны эр үхэр, зүүн чих цуулбар имтэй, ташаан толгойн дээрээ ширээтэй онгийн тамгатай ягаан зүсмийн хязаалан насны эр үхэр, зүүн чих цуулбар имтэй, ташаан толгойн дээрээ ширээтэй онгийн тамгатай мухар хүрэн зүсмийн гунж зэргийг нядалж, бусдад зарж борлуулан завшиж 3,592,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
1.2.1 Улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр багийн нутаг “Чандай” гэх газарт иргэн ******* итгэмжлэн хариуцуулан өгсөн бод малаас зүүн чих цуулбар имтэй, ташаан толгойн дээрээ ширээтэй онгийн тамгатай ягаан алаг зүсмийн соёолон насны эр үхэр, зүүн чих цуулбар имтэй, ташаан толгойн дээрээ ширээтэй онгийн тамгатай ягаан зүсмийн хязаалан насны эр үхэр, зүүн чих цуулбар имтэй, ташаан толгойн дээрээ ширээтэй онгийн тамгатай мухар хүрэн зүсмийн гунж зэргийг нядалж, бусдад зарж борлуулан завшиж, 3,592,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна гэв.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1.2.1. Хөрөнгө завших гэмт хэрэгт: бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмших, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгохоор хуульчилжээ.
Тодруулбал, шүүгдэгч ******* нь хохирогч ******* өмч болох малыг хөлсөөр ажиллах гэрээнд заасны дагуу итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд бөгөөд итгэмжлэн хариуцуулсан малыг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн худалдан борлуулж бусдын өмчлөх эрхэд халдаж, хохирол учруулсан нь гэмт үйлдэл болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.
1.2.2. Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа өөрт нь итгэмжлэн хариуцуулсан бусдын малыг худалдан борлуулж бусдад санаатай хохирол учруулан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
1.2.3. Прокуророос шүүгдэгч *******ы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.1. Шүүгдэгч *******ы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих” ял шийтгэхээр хуульчилжээ.
2.1.2 Улсын яллагч: “Шүүгдэгч *******ыг үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогч ******* эд хөрөнгөд 3,592,000 төгрөгийн хохирол учирсан ба яллагдагчаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хохирогдоогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх” гэх саналыг гаргав.
2.2. Шүүхээс шүүгдэгч *******ы анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй зэргийг харгалзан түүнд 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, торгуулийн хэмжээ зэргийг харгалзан дээрх ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.
3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцно.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч ******* эд хөрөнгөд 3,592,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан бөгөөд уг хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
4.1. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 12 (арван хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Отгонд учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ