Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/47

 

 

 

2025          01              23 

    2025/ШЦТ/47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан (цахимаар),

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2430002070304 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2004 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд малчин, ам бүл 7, эцэг эх, эгч дүү нарын хамт, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар баг ”Цацралт”-ын 312 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

******* овогт ******* (РД:*******),

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Шүтээн” гэх газраас иргэн ******* өмчлөлийн 1 тооны адууг өөрийн өмчлөлийн мотоциклоор тууж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд нийт 1,300,000 төгрөгийн хохирол, мөн тус багийн нутаг дэвсгэр “Баруун нүхт” гэх газраас гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй хүн болох хамт түүний мотоциклоор ******* 1 тооны адууг тууж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 656,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Шүтээн” гэх газраас би хас тамгатай хүрэн морийг хөөж гэрийн гадаа авчирч барьж авсан. Тэр өдрөө Б.Идэрбаяр гэх хүнийг мотоциклтой нь хамт гуйж “Баруун Нүхт” гэдэг газраас ******* гэх хүний саарал үрээг авчирч барьж авсан” гэв.

Эрүүгийн 2430002070304 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “…Би малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн учраас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан болохоо ойлгосон…Манай хөдөө байдаг “Шүтээн” гэх газартай ойрхон аавын ахын хүү Энхбаяр ахынх ойрхон нутагладаг бөгөөд Энхбаяр ахын хүрэн азаргатай адуунд өөр айлын хүрэн зүсмийн давхар сартай хас тамгатай бүдүүн морь нийлээд нэлээн удаж байсан. Тухайн бүдүүн морины эзэн нь ирж авахгүй байхаар нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн Хантер Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслээр хөөж гэрийн гадаа байдаг хашаанд оруулж барьж авсан. Тухайн үед тус бүдүүн морийг гэрийн гадаа авчирсан байхад манай үеэл ах Э.Идэрбаяр малын эрэлд явж байгаад манайд ирж таарсан бөгөөд надтай хамт тус морийг хашаанд хашилцсан бөгөөд тухайн үед хэний морь болох талаар асуухаар нь манай адуу байгаа юм, хайгаад олохгүй байж байгаад оллоо маханд өгнө гэж хэлсэн. Мөн тухайн үед тус морийг барьж авах гээд баахан мотоциклтой явчихсан учраас мотоцикл бензингүй болсон учраас Э.Идэрбаяраас дахиад өөр адуу ойрхон байгаа мотоциклоо өгчих гэхэд хамт явъя гэхээр бид хоёр хамт явсан. Миний хувьд Э.Идэрбаярт хулгайн адуугаа мэдэгдэхгүй зорилгоор мотоциклийг гуйж авах гэсэн боловч тухайн хүн мотоциклоо өгөөгүй болохоор нь хамт явсан. Тэгэхдээ хулгай хийх гэж байгаа талаараа бол огт хэлээгүй. Тэгээд бид хоёр саарал зүсмийн онгин тамгатай үрээг гэрийн гадаа хөөж ирээд гэрийн гадаа хашаанд барьж авсан. Сүүлд хөөж барьж авсан үрээг нь Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн нутаг “Шүтээн” гэх газрын ертөнцийн зүгээр зүүн урд талд буюу манайхаас ойролцоогоор 5-6 км газарт байсан адууг очиж авсан. Энхбаяр ахын адуунд нийлсэн байсан хүрэн зүсмийн давхар сартай хас тамгатай бүдүүн морь нь М.Арсланбаатар, саарал зүсмийн онгин тамгатай үрээ нь ******* адуу болохыг цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа мэдсэн. Би буруу зүйл хийсэн дээ маш их гэмшиж байна, мөн тухайн хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан...Би үйлдсэн хэрэгтээ маш гэмшиж байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 163-165-р хуудас),
  • Хохирогч ******* өгсөн “...Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн төв болох сумын төвд амьдардаг юм. Би 2023 оны 11 дүгээр сард цасан шуурганаар адуугаа алдсан юм. Тэрнээс хойш би адуугаа хайгаад олохгүй байсан юм.Тэгсэн саяхан миний адуунууд усандаа буцаад ирсэн. Тэгсэн дотроос нь хүрэн зүсмийн сартай хас тамгатай бүдүүн морь байхгүй байна. Тийм болохоор би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна...Би тухайн үед 14-н тооны адуу алдсан. Манай адууг манай хүү Баасанбаяр хардаг...Би өөрийнхөө адууг олж авмаар байна. Тухайн адуу нь өөрийнхөө адуунаас салах учиргүй адуу байгаа юм. Тэгээд саяхан сумын цагдаагаас хулгайд алдагдсан адууг маань Бөхбатын хүү Сүх-Эрдэнэ гэх залуу хулгай хийгээд сумын малын ченж Б.Мөнх-Одод өгсөн гэдгийг мэдэгдсэн. Тэгээд Бөхбатын хүү хэдхэн хоногийн өмнө нь миний хохирлыг барагдуулж өгсөн тул надад одоо болон цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй…Сэтгэл санааны хохирлоо тухайн хүнээс нэхэмжлэхгүй…” (1-р хх-ийн 99-100, 103-104-р хуудас)
  • Гэрч өгсөн “...Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвд маллаж маллаж амьдардаг юм. Манайх 2023 оны 11 дүгээр сард сумын төвөөс нэг тооны хүрэн морь алдсан. Тухайн хүрэн морь манай аав болох ******* морь байгаа юм. Тухайн морь нь хамгийн сүүлд Нүхт газар сураг гарсан юм... Тухайн морь нь давхар сартай Хас тамгатай байсан...” гэх мэдүүлэг (1-х хх-ийн 107-р хуудас)
  • Гэрч өгсөн “...Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвд эхнэр Мөнхтуулын хамт цуг мал авдаг юм. 2024 оны 06 дугаар сарын 06-ны орой өдөр над руу хүн залгаад адуу авч байна уу адуу өгөх гэсэн юм аа, би өөрөө адууны эрэлд Бичигтэд явж байна, миний адуу Шүтээн гэх газарт гадаа уяатай байгаа та очоод авчихаа гэсэн. Тэгэхээр нь  өдөр 14 цагийн үед сумын төвөөс гарч яваад Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн нутаг Шүтээний гол гэх газарт гэрт очиход хүнгүй байсан. Тэгээд төд удалгүй ******* Э.Идэрбаяр хоёр мотоциклтой ирсэн. Намайг очиход уяан дээр нь бүдүүн хүрэн морь уяатай байхаар нь үзчихээд 700.000 мянган төгрөг авна гээд тухайн хүнтэй утсаар ярихад болно гэсэн. Тэгээд би тухайн морийг ачаад явах гэхэд ******* нь надаас адууны мөнгө авсан байсан тэгээд би тэрийгээ авъя гэхэд жижигхэн хээр байдас зааж өгөхөөр нь жижигхэн туранхай юм байна намар таргалуулаад авъя гэхэд ******* нь дахиад адуу өгье гэхээр нь хаана байгаа юм бэ үзье гэхэд гэрийнхээ урдхан талд чөдөртэй саарал шүдлэн үрээ байсан. Тэгэхээр нь тухайн адууг 400.000 мянган төгрөгөөр авна гээд тохирсон. Тэгэхэд Э.Идэрбаяр нь би нэг адуу гээд буурал үрээ үзүүлэхээр нь 500.000 мянган төгрөгөөр авсан. Тэр орой нь ******* нь над руу яриад 5422289348 дугаарын дансыг өгөхөөр нь би дүү Мөнх-очир руу яриад тухайн данс руу 700.000 мянган төгрөг хийлгэсэн... Миний ачиж ирсэн 3-н адуу нь хүрэн зүсмийн бүдүүн морь давхар сартай хас тамгатай, саарал зүсмийн шүдлэн үрээ нь онгин тамгатай, өгсөн буурал үрээ нь өөрийнх тамга буюу Дун тамгатай байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 110-111-р хуудас)

- Гэрч өгсөн “...Би 2024 оны 06 дугаар сарын эхээр би Дорнод аймаг руу ажил хийхээр явсан юм. 2024 оны 06 дугаар сарын 05-ны орой намайг Дорнод аймагт байхад ******* над руу утсаар залгаад манай гадаа давхар сартай хас тамгатай хүрэн морь байна, энэ морийг зарах гэж байгаа юм чи мал авдаг Э.Мөнх-Од гэх хүн рүү залгаад эрлийн хүн шиг яриад Эрдэнэцагаан сумын Шүтээний гол гэх газар ******* гэх айлын гадаа байгаа гээд ярьчих гэхээр би яах гээд байгаа юм бэ хэний адуу юм бэ би ярихгүй гээ тасалсан. Тэгээд 2024 оны 06 дугаар сарын 05-ны орой дахин над руу залгаад чи Мөнх-Одтой ярьчихаа  би Мөнх-Од ахад адууны өртэй байгаа юм аа би өөрөө ярьж болохгүй байна гэхээр нь би малын ченж гэх Мөнх-Од гэх   хүнтэй 88770610 утсаар яриад би малын эрэлд явж байгаа хүн байгаа юм аа, Эрдэнэцагаан суманд нэг адуу зарах гэсэн юмаа адуу авч байгаа юу гэхэд авч байгаа гэхээр нь Шүтээний гол гэх газар гадаа  давхар сартай хас тамгатай хүрэн морь бариад уясан байгаа та очиж үзээд авчихаа гэж ярьсан. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Мөнх-Од өөрөө над руу залгаад хэдээр зарах юм бэ гэхээр нь би 700-800 мянгын хооронд зарна гэж хэлэхэд 700.000 мянган төгрөгөөр авна гэхээр нь би тэгье гэхэд дансаа явуулчих гэхээр нь би бэр эгчийнхээ 5422289348 тоот дансыг явуулаад хийчхээд хэлээрэй гэхэд тухайн өдрийн орой нь мөнгө нь манай эгчийн дансанд орж ирсэн. Тэгээд би маргааш нь эгчийн данснаас өөрийнхөө данс руу авсан. Тэгээд би Эрдэнэцагаан сум руу явах ажилтай болоод Эрдэнэцагаан суманд ирээд байхад 2024 оны 06 дугаар сарын 09-ны өдөр *******  яриад энэ данс руу мөнгө хийчих гээд 5642133784 данс руу яриад 140.000 мянган төгрөг авсан.Мөн өөр хүний данс руу 210.000 мянган төгрөгийг шилжүүлж авсан. Тэрнээс хойш 2024 оны 06 дугаар сарын 10-ны орой, ******* над руу яриад нөгөө мөнгөө бэлнээр аваад хүрээд хөдөө гэрт хүрээд ир гэхээр нь би мөнгийг нь бэлнээр аваад гэр рүү аваачиж өгсөн... Би тухайн адууг хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй. Харин сүүлд суманд ирсний дараа сонсоход манай найзын аав Арсланбаатар ахын адуу болох талаар мэдсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 118-119-р хуудас)

- Гэрч өгсөн “...Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн нутаг Баруун-Нүхт  гэх газар маллаж амьдардаг юм. Би 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр эрэлд явж байгаад Шүтээний голд гэрт очиход Сүх-Эрдэнэ нь гэртээ ганцаараа байсан. Тэгээд тэдний гэрт 3 хоноод суманд ирж байж байгаад 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр эрэлд буцаж яваад Сүх-Эрдэнийн гэрт очсон. 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ******* нь манай нэг  адуу энд явж байна гээд хүрэн азаргатай адууг мотоциклтой хөөгөөд ирэхээр нь аль нь юм бэ үнэн юм уу гэхэд энэ гээд хүрэн бүдүүн морь зааж байсан. Тухайн адуу нь хүрэн азаргатай байсан ба ******* би хоёр тухайн адуунаас давхар сартай Хас тамгатай бүдүүн хүрэн морийг морь руу шахаад хашаанд хашиж байгаад тухайн хүрэн морийг уургалаад барьж авсан. Тэгээд тухайн морийг уяан дээр авчирч уясан. Тухайн үед ******* нь найз Мөнхсайхан руу залгаад Од ахын дугаарыг өгөөд чи энэ морийг маханд өгөх гэсэн юмаа, би өөрөө Бичигт боомтон дээр эрэлд явж байна гэж хэлээрэй гээд үг зааж өгсөн. Тэгсэн тэрний адраа Мөнх-Од залгаад *******тэй ярьж байсан. Тэгээд үд өнгөрөөгөөд Мөнх-Од ах ирээд тухайн адууг ачаад явсан. Тухайн үед найз Мөнхсайханд чи мөнгийг нь өөрийнхөө дансаар авчхаарай гэж хэлж байсан... Тухайн адуу нь хүрэн зүсмийн давхар сартай Хас тамгатай байсан... Тухайн адууг ******* нь энэ хүрэн морь манай адуу байна гэж байсан. Тэгээд тухайн адууг барьж аваад Мөнх-Од гэх малын ченжид зарсан... Тухайн үед ******* нь тухайн хүрэн морийг өөрийнхөө мотоциклоор тууж авчирсан...” гэх мэдүүлэг,    (1-р хх-ийн 126-127-р хуудас)

- “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2402266 дугаартай “...1.Нас гүйцсэн адууны зах зээлийн үнэ цэнэ нь 1,300,000 төгрөг байна гэж дүгнэж байна. 2. Супер хантер даюун маркийн мотоциклын зах зээлийн үнэ цэнэ нь 2,480,000 төгрөг байна гэж дүгнэж байна....” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 141-148-р хуудас)

- Хохирогч ******* өгсөн “...Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн нутаг Ар булаг гэх газар мал маллаж амьдардаг юм. Манайх 2024 оны 04 дүгээр сарын сүүлээр Ар булаг гэх газраас саарал зүсмийн шүдлэн үрээ алдаад олохгүй байгаа юм. Сүүлд сураг сонсоход Нүхт гэх газар Энхээ гэх хүний адуунд байна гэж сураг гарч байсан. Тэгээд би саяхан 2024 оны 06 дугаар сарын сүүлээр тухайн газраар яваад олоогүй юм. Сүүлд сонсоход Энхээгийн хүү Идрээ гэх залуу хүнд өгч явуулсан сураг байсан. ...Миний алдсан саарал үрээ шүдлэн насны зөв талын гуян дээрээ онгин тамгатай байсан. ...Би Энхээ гэх айлаар адуугаа хайж очоогүй. Би адуугаа хайхгүй сураг тавиад байж байсан юм. ...Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. ...надад гаргах санал гомдол байхгүй.” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 195-196-р хуудас)

- Гэрч Т өгсөн “...Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвд нөхөр Мөнх-Одын цуг мал авдаг юм. 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр манай нөхөр Э.Мөнх-Од нь надад хэлэхдээ манай сумын иргэн ******* залгаад адуу өгье гэж байна би явчхаад ирье гээд тухайн өдрийнхөө 14 цагийн үед яваад орой ирэхдээ 3-н тооны адуу ачиж ирсэн. Тухайн үед харанхуй байсан учраас би адууных зүсийг сайн анзаараагүй. Тэр оройноо ******* нь манай нөхөр рүү яриад 5422289348 дугаарын дансыг өгөхөөр нь манай нөхөр дүү Мөнх-Очир рүүгээ яриад тухайн данс руу 700.000 мянган төгрөг хийлгэсэн. ...Тухайн саарал морийг Эрдэнэцагаан сумын иргэн ******* гэх хүнээс авсан гэж байсан. ...Тухайн саарал зүсмийн морийг сүүлд Эрдэнэцагаан сумын иргэн Ганбаа гэх хүнд буцаагаад өгсөн. Тухайн хүн нь манай адуу мөн байна гээд буцаагаад өгсөн. ...Би Э.Идэрбаяр, ******* нараас сая ойрхон хугацаанд 5 адуу худалдаж авсан. Хоёрыг нь , *******эс 3 адуу худалдаж авсан.” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 206-207-р хуудас)

- Гэрч өгсөн “...Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвд эхнэр Мөнхтуулын хамт цуг мал авдаг юм. 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр над руу хүн залгаад адуу авч байна уу адуу өгөх гэсиймаа, би өөрөө адууны эрэлд Бичигтэд явж байна, миний адуу Шүтээн гэх газарт гадаа уяатай байгаа, та очоод авчихаа гэсэн. Тэгэхээр нь өдөр 14 цагийн үед сумын төвөөс гарч яваад Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн нутаг Шүтээний гол гэх газарт гэрт очиход гэрт хүнгүй байсан. Тэгээд төд удалгүй *******, Э.Идэрбаяр хоёр мотоциклтой ирсэн. Намайг очиход уяан дээр нь бүдүүн хүрэн морь уяатай байхаар нь үзчихээд 700.000 мянган төгрөгөөр авна гээд тухайн хүнтэй утсаар ярихад болно гэсэн. Тэгээд би тухайн морийг ачаад явах гэхэд ******* нь урьд надаас адуу авсан байсан. Тэгээд би тэрийгээ авъя гэхэд жижигхэн хээр байдас зааж өгөхөөр нь жижигхэн туранхай юм байна, намар таргалуулаад авъя гэхэд ******* нь дахиад адуу өгье гэхээр нь хаана байгаа юм бэ үзье гэхэд гэрийнхээ урдхан талд чөдөртэй саарал шүдлэн үрээ байсан. Тэгэхээр нь тухайн адууг 400.000 мянган төгрөгөөр авна гээд тохирсон. Тэгэхэд Э.Идэрбаяр нь би нэг адуу өгнө гээд хүрэн буурал үрээ үзүүлэхээр нь 500.000 мянган төгрөгөөр авсан. Тэгээд тухайн 3-н тооны адууг сумын төвд ирээд хашаандаа буулгасан. Тэр оройноо ******* нь над руу яриад 5422289348 дугаарын дансыг өгөхөөр нь би дүү Мөнх-Очир руу яриад тухайн данс руу 700.000 мянган төгрөг хийлгэсэн. ...Миний ачиж ирсэн 3-н адуу нь хүрэн зүсмийн бүдүүн морь давхар сартай хас тамгатай, саарал шүдлэн үрээ нь онги тамгатай, өгсөн буурал үрээ нь өөрийнх тамга буюу Дун тамгатай байсан. ...Би тухайн адуунуудыг хулгай адуу гэдгийг мэдээгүй. Тухайн хүрэн морийг эрлийн хүн гээд нэг хүн утсаар залгаад зарсан. ...Тухайн хүрэн морийг би хэн гэдгийг нь мэдэхгүй, утсаар ярьж байгаад Сүх-Эрдэнийн гэр гаднаас очиж авсан. ...Би тухайн хүмүүсээс адуу худалдаж авч байсан. *******эс онгин тамгатай саарал үрээ, хас тамгатай хязаалан үрээ, Э.Идэрбаяраас дун тамгатай халзан үрээ, хүрэн буурал үрээ худалдаж авч байсан.” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 211-212-р хуудас)

- Гэрч өгсөн “...Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн нутаг Хадын гол гэх газар мал маллаж амьдардаг юм. Би эрэлд явж байгаад 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ирээд тэндээ байрлаж байгаад 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр адуугаа хайж байгаад хүрэн халзан үрээг Шүтээний голоос олоод тухайн өдрөө гадаа тууж ирээд малын ченж Мөнх-Од гэх хүнд 500.000 мянган төгрөгөөр зарсан. Тухайн үед халзан үрээний мөнгийг дансаар аваад дараа нь би өөрийнхөө 5642133784 тоот дансаар авсан. Тухайн үед миний утсанд дансны мэдээлэл ирдэггүй байсан юм. Тэгээд би 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр сумын төвд ирж гэртээ байж байгаад буцаж адууныхаа эрэлд яваад 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сүх-Эрдэнийн гэрт очсон. Тэгээд 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр адуу авчирч ченжид өгье гээд хамт би өөрийнхөө улаан Супер Даюун маркийн тээврийн хэрэгсэлтэй яваад Баруун-Нүхт гэх газар очиход манай хэдэн морьд байсан. Тэгээд би тухайн адуунаасаа өөрийнхөө буурал үрээг энийг маханд өгнө гээд туух гэхэд манай адуунд өөр тамгатай буюу онгин тамгатай саарал зүсмийн үрээг Сүх-Эрдэнэ нь манай адуу байна гээд би энэ адууг  маханд өгнө гээд ******* бид хоёр тухайн хоёр адууг туугаад гэрийн зүг тууж авчраад хашаанд хашиж байгаад барьж авсан. Тэгээд тухайн морийг уяан дээр авчирч уясан. Тэгээд малын ченж Мөнх-Од гэх хүнийг дуудсан байсан болохоор Мөнх-од нь өдөр ирээд тухайн хоёр адууг ачаад явсан. ...Тухайн хоёр адууны буурал үрээ миний өөрийн үрээ, харин саарал үрээ нь ******* нь манай өөрийн адуу байна гэж хэлээд надтай цуг тууж ирсэн. Сүүлд сонсоход тухайн адуу нь Ганбаа гэдэг хүний гэж байх шиг байсан. ...Тухайн саарал үрээг би адуу биш гэдгийг нь мэдээгүй. Тухайн үед ******* нь миний өөрийн адуу гэж байсан. ...******* бид хоёр тухайн хоёр адууг Баруун Нүхт газраас баруун тийш Шүтээний гол хүртэл 15 км газар туусан. ...Тухайн үед миний өөрийн эзэмшлийн улаан өнгөтэй Супер Даюун маркийн тээврийн хэрэгсэл байсан. Би тухайн тээврийн хэрэгслийг 2023 оны 04 дүгээр сард худалдаж авч байсан.” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 214-215-р хуудас)

- Гэрч өгсөн “... нэр дээр малын А данс байгаа. Э.Идэрбаяр нь малын А дансандаа 100 гаруй бог малтай. Харин адуу үхрийг нь тастаж өгөөгүй байсан юм. ...Э.Идэрбаяр нь энэ жил буюу 2024 оны 05 дугаар сард адууны эрэлд явсан. Тэгж явахдаа бензин тосны мөнгөгүй болоод өөрийнхөө адуунаас 2 тооны адуу худалдан борлуулсан байсан. Нэг нь буурал хязаалан үрээ, хүрэн халзан хязаалан үрээ борлуулсан. ...Манай адуунууд бүгдээрээ дун тамгатай. ...Э.Идэрбаяр нь миний адуунаас худалдан борлуулах эрх байгаа.” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 222-223-р хуудас)

- Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2402273 дугаартай “...1. Өсвөр насны шүдлэн үрээний зах зээлийн үнэ цэнэ нь 656,000 /зургаан зуун тавин зургаан мянган/ төгрөг байна. 2. Супер Даюун маркийн мотоциклийн зах зээлийн үнэ цэнэ нь 2,240,000 /хоёр сая хоёр зуун дөчин мянган/ төгрөг байна гэх дүгнэлт (1-р хх-ийн 228-233-р хуудас)

- Шүүгдэгч Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (1-р хх-ийн 166-167-р хуудас)

- Шүүгдэгч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суугаа газрын хаягийн хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (1-р хх-ийн 169-172-р хуудас) зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Шүтээн” гэх газраас иргэн ******* өмчлөлийн 1 тооны адууг өөрийн өмчлөлийн мотоциклоор тууж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд нийт 1,300,000 төгрөгийн хохирол, мөн тус багийн нутаг дэвсгэр “Баруун нүхт” гэх газраас гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй хүн болох хамт түүний мотоциклоор ******* 1 тооны адууг тууж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 656,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

1.2.1 Улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Шүтээн” гэх газраас иргэн ******* өмчлөлийн 1 тооны адууг өөрийн өмчлөлийн мотоциклоор тууж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд нийт 1,300,000 төгрөгийн хохирол, мөн тус багийн нутаг дэвсгэр “Баруун нүхт” гэх газраас гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй хүн болох хамт түүний мотоциклоор ******* эзэмшлийн 1 тооны адууг тууж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 656,000 төгрөгийн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна. Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэргийн улмаас хохирогч М.Арсланбаатарт 1,300,000 төгрөгийн, хохирогч Х.*******ад 656,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь бүрэн төлж барагдуулсан байна. Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан хохирогч болон гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд мөн өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлтийг,

1.2.2 Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Гэм буруугийн хувьд хүлээн зөвшөөрч байгаа. Зүйлчлэлийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайлбал эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т гэсэн байгаа. 2.1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* бол Арсланбаатарын нэг тооны адууг хулгайлснаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин *******ын нэг тооны адууг хулгайлсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй энэ нь хохирогч өөрийнхөө адууг алдаад олон сар болж байна эрээд олохгүй байсан сүүлд нь ******* гэдэг хүүхэд хүнд өгсөн гэдгийг сонссон гэдэг. Улсын яллагчийн дүгнэлтээс эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т гэсэн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. Тухайлбал иргэн Арсланбаатарын нэг тооны адууг хулгайлсан үйлдэл нь эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т алдуул мал хулгайлсан иргэн *******ын алдаад олохгүй байсан нэг тооны адууг авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлээр зүйлчилж өгнө үү” гэх дүгнэлтийг,

1.2.3 Шүүгдэгч ******* хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2 Эрх зүйн дүгнэлт:

2.1. Мал хулгайлах гэмт хэрэг гэдэгт: бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно. Энэ зүйлд “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарах бөгөөд “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгохоор,

Машин механизм гэж: “Зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгсэл”-ийг  ойлгохоор хуульчилжээ.

Тодруулбал шүүгдэгч ******* нь “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклыг ашиглан хохирогч ******* 1 тооны адууг, хохирогч *******1 тооны адууг тууж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч гэмт хэрэг төгссөн байна.

2.2. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын өмчлөх эрхэд санаатай хохирол учруулан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

2.3. Прокуророос шүүгдэгч олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын яллагчийн дүгнэлтээс эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т гэсэн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. Тухайлбал иргэн Арсланбаатарын нэг тооны адууг хулгайлсан үйлдэл нь эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т алдуул мал хулгайлсан иргэн *******ын алдаад олохгүй байсан нэг тооны адууг авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлээр зүйлчилж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч.Сүх-Эрдэнэ нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Шүтээн” гэх газраас иргэн ******* өмчлөлийн 1 тооны адууг өөрийн өмчлөлийн мотоциклоор тууж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд нийт 1,300,000 төгрөгийн хохирол, мөн тус багийн нутаг дэвсгэр “Баруун нүхт” гэх газраас гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй хүн болох хамт түүний мотоциклоор ******* 1 тооны адууг тууж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 656,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно.

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3.1. Шүүгдэгч холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилжээ.

Улсын яллагч болон өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ:          

          3.2.1. Улсын яллагч: “Шүүхээс шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдааныг хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* хохирогчийн хохирлыг барагдуулсан, мөн түүний хувийн байдал өөрийн үйлдсэн гэмт хэрэгт үзүүлж буй гэм буруугийн сэтгэхүйн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар нээлттэй хорих ангид хорих ял оногдуулах саналтай. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн шүүгдэгчийн мотоциклийг улсын орлого болгох мөн мотоциклыг түүнд буцаан өгч, шүүгдэгчээс уг мотоциклын эд хөрөнгийн үнэлгээ болгох 2,240,000 төгрөгийг гаргуулж мөн улсын орлого болгох саналтай. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Гэмт хэргийн улмаас хохирогч М.Арсланбаатарт 1,300,000 төгрөгийн, хохирогч Х.*******ад 656,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулсан болно. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай дүгнэлтийг гаргаж байна” гэх санал, дүгнэлтийг,   

          3.2.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Эрүүгийн хариуцлагын талаар манай үйлчлүүлэгч хувьд залуу хүүхэд өөрийнхөө хийсэн буруутай үйлдлүүдэд уучлалт гуйж гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэмшиж байна гэж хэлдэг. Шүүгдэгч ******* нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн эдгээр байдлууд нь ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал болох болов уу? гэж бодож байна. Улсын яллагчаас  мэдүүлдэг  нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тухайлбал сая миний хэлдэг хүүхэд залуу насандаа явж байгаа, алдаагаа ойлгож гэмшиж байгаа, хохирол төлбөр төлсөн, хохирогч нартай очиж уулзаж уучлалт гуйсан зэргийг харгалзан үзэж эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг журамлан 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.3-т заасан энэ зүйлчлэл маань 2-8 жилийн хугацаатай хорих ялын санкцтай байдаг. Тийм учраас хөнгөрүүлэн үзэж шүүх маань эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж өгнө үү хохирогчид учирсан хохирол бүрэн арилсан тийм учраас үйлчлүүлэгчид маань хамгийн бага буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцсэн.

Шүүгдэгч ******* нь хүнд гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

4. Хохирол, хор уршгийн талаар

4.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч М.Арсланбаатар, Х.******* нарын эд хөрөнгөд санаатай хохирол учруулсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

5. Бусад асуудлаар

5.1. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс тоолох нь зүйтэй.

5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь    БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, “Супер хантер даюун” маркийн улсын дугааргүй, мотоцикл, эзэмшлийн “Супер Даюун” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг ашиглан гэмт хэргийг үйлдсэн.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийг  улсын төсөвт оруулах, эзэмшлийн “Супер Даюун” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг  битүүмжилсэн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, мотоциклийн үнэ болох 2.240.000 төгрөгийг шүүгдэгч *******эс гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч 1 (нэг) жил 10 (арав) хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 1 (нэг) жил 10 (арав) хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч *******д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Арсланбаатар, Х.******* нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн эзэмшлийн “Супер Даюун” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг  битүүмжилсэн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, мотоциклын үнэ 2.240.000 (хоёр сая хоёр зуун дөчин мянга) төгрөгийг шүүгдэгч *******эс гаргуулж улсын төсөвт оруулсугай.

7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, “Супер хантер даюун” маркийн улсын дугааргүй, мотоциклийг улсын төсөвт оруулсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, “Супер хантер даюун” маркийн улсын дугааргүй, мотоциклийг битүүмжилсэн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаартай Прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ