| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2018/02017/И |
| Дугаар | 101/ШШ2018/01883 |
| Огноо | 2018-05-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2018/01883
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3/9 хаягт оршин байрлах Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлэг 123 тоот хаягт оршин суух Харчууд овогт Б.Г /регистрийн дугаар /-д холбогдох,
330,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Г нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр манай компанитай, 123456 тоот Төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэй авсан боловч өнөөдрийн байдлаар төлбөр барагдуулаагүй байгаа.
Иймд гэрээний 5.3-т заасны дагуу 834 хоногт 0,3 хувийн алданги 110,000 төгрөг буюу нийт 330,000 төгрөгийг Б.Гаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ж-ын төхөөрөмж гэрээгээр авсан. Уг төхөөрөмжийг огт хэрэглээгүй, буцаагаад өгөх гэхэд аваагүй. Иймд би төхөөрөмжөө баталгаа гаргаад хэрэглээгүй гэсэн бичиг авсан. Одоо хүртэл хэрэглээгүй байгаа. Иймд би төлөх чадваргүй буцааж өгөх саналтай байна.
Манай хорооны ажилтан эмэгтэй надад ийм төхөөрөмж авчихлаа гээд гэрт авч ирж өгөөд, урьдчилгаа 20,000 төгрөгийг нь төлчихсөн гээд надаас 20,000 төгрөгийг авсан. Тухайн үед төхөөрөмжийг авсан боловч мөнгийг сар бүр төлөөгүй, төхөөрөмжийг огт хэрэглээгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Б.Г-д холбогдуулан, Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 330,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Хэрэгт авагдсан, Төхөөрөмж худалдах, худалдан авах тухай 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 123456 дугаартай гэрээ, төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний өргөдлийн маягт, зээл төлөх хуваарь болон зохигч талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч нь NP10 төхөөрөмжийн үнэ болох 240,000 төгрөгөөс 20,000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн, сар бүр төлөх төлбөрийг төлөөгүй, үлдэгдэл төлбөр 220,000 төгрөг байгаа болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх бөгөөд дээрх гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ зөрчиж, хугацаа хэтрүүлсэн байх тул талуудын байгуулсан Төхөөрөмж худалдах, худалдан авах тухай 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 123456 дугаартай гэрээний 5 дугаар зүйлийн 5.3, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6., 232.4.-т тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар, Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж заасан бөгөөд талууд алданги төлөх талаар гэрээнд тусгасан байх тул хариуцагчаас алданги гаргуулах үндэслэлтэй.
Хариуцагч нь гэрээгээр тохиролцсон төлбөрийг төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцсон нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийг биет байдлын доголдолтой, ашиглах боломжгүй эд зүйл худалдсан гэж үзэх үндэслэл нотлогдож тогтоогүй тул тухайн төхөөрөмжийг буцаахыг хүссэн хариуцагчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Гаас 330,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 10,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА