Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/48

 

 

 

2025          01             24 

   2025/ШЦТ/48

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Улсын яллагч Х.Ууганбат,

Гэрч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг,

Шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2430003640328 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Онгон сумын 3 дугаар баг “Төгрөг” гэх газар нутаглах, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Зээрднүүд овогт Эрдэнэбаатарын Хадбаатар (РД:ЛЖ95120210)

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар):

Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын 03 дугаар багийн нутаг “Дэрсэн нутаг” гэх газраас амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор иргэн ******* эзэмшлийн 1 тооны хүрэн зүсмийн тамгагүй дааган насны адууг бэлчээр дээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, “Даюун” маркийн улсын дугааргүй, улбар шар өнгийн мотоциклийг мал хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хулгайн малыг туух үйлдэлдээ ашиглан, хулгайлж өөрийнхөө адууны тамгаар тамгалж хохирогч ******* 550,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын 03 дугаар багийн нутаг “Түлэнхий” гэх газраас амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор иргэн ******* эзэмшлийн 1 тооны бор зүсмийн тамгагүй унагыг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч ******* 313,500 төгрөгийн хохирол учруулж, мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2024 оны 09 дүгээр сард хоёр өдөр дараалан бороо орсон. Борооны дараа би адуундаа шарга зүсмийн морьтой явсан. Би морио чийгэнд хүлж байсан. Тухайн үед мотоциклд бензин байхгүй байсан учир морьтой адуундаа явсан. Түлэнхий гэдэг нэртэй газар миний шарга азаргатай адуу байсан. Адуун дээрээ очиход манай азарга хүрэн зүсмийн охин даага хураасан байсан. Би адуугаа гэр рүү дээ ойртуулчхаад буцаад хэдэн мориндоо явсан.  Морьдоо “Баруун хүнхэр” гэдэг нэртэй газраас олоод хөөгөөд явж байхад өөдөөс нэг будан зүсмийн үрээ, бор унагатай гарч ирсэн. Тухайн будан зүсмийн үрээг Баяндэлгэр сумын Шараа гэдэг хүн надад хайж байгаа, тааралдвал хэлээрэй гэж байсан. Тэгээд будан зүсмийн үрээ, бор зүсмийн унагыг морьдтойгоо хөөгөөд явсан. Бор зүсмийн унагыг үлдээх гэсэн боловч чадаагүй, тухайн үед миний морь хол газар явсан болохоор цуцсан байсан. Миний хувьд хүрэн даага, бор унага хоёрыг өөрийн болгох санаа, бодол байгаагүй. Би 2024 оны 09 сарын 16-ны өдөр сум руу мотоциклтой явсан.  2024 оны 09 сарын 17-ны өглөө сумаас гэрүүдээ явж байхад манай адуу нуурын захад байхаар нь адуугаа мотоциклтой хөөж яваад хашаандаа хашсан. Тухайн үед Ч.Билэгсайхан ирээд манай хүрэн даага байна чи авсан юм уу гэхэд нь би аваагүй гэж хэлэхэд цагдаад хэлнэ гэж байсан. Хүрэн даагыг адуунд аваачиж тавиарай гэж хэлэхээр нь танай адууг би танихгүй, хаана байдгийг нь мэдэхгүй ш дээ гэж хэлсэн. Би ******* манай адуунд нэг унага байгаа талаар хэлсэн. Орой нь Ч.Очхүү гэдэг хүн над руу утсаар залгаад танай адуунд охин унага байгаа юм уу гэхээр байгаа гэж хэлсэн. Ч.Очхүү нь энэ унага хэзээ салсан юм бол доо өнөөдөр адуугаа үзэхэд унаганы эхийн дэлэн нь ширгэсэн байна. Маргааш өглөө очиж унагаа хөөгөөд явбал яах бол гэхээр нь мэдэхгүй гэж хэлэхэд унаа байвал миний унагыг явуулчхаарай гэж хэлсэн.  Би 3 хоногийн дараа унагыг нь хүнээр дайж явуулсан” гэв.

Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2024 оны 09 сарын 12-ны өдрөөс үргэлжилсэн их салхитай, ширүүн, усархуу бороо орсон. Тухайн үед малаа алдаагүй хүн гэж бараг байхгүй. Уруудсан мал их сарниж, алга болсон байсан. Борооны дараа 2-3 хоногийн дараа буюу 09 сарын 14, 15-ны өдрийн хавьцаа адуунд шарга морьтой явж байхад нь таарсан. Намайг хонио хариулаад явж байхад ******* нь морьтой адуунд явж байсан.”

Эрүүгин 2430003640328 дугаартай хэргээс:

- Хохирогч *******: “...Манайх Сүхбаатар аймгийн Онгон сумын 3 дугаар багийн нутаг “Дэрсэн нутаг” гэх газарт нутагладаг бөгөөд манай адуу Түлэнхий гэдэг газарт бэлчээрлэдэг юм. Би адуугаа 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үзэхэд бүгд бүрэн байсан юм. Буцаад 4 хоногийн дараа буюу 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр адуугаа үзэхэд манай Ча тамгатай хүрэн азаргатай адуун дотор байсан тамгагүй Хүрэн даага алга болсон байсан. Тэгээд эрэлд яваад олоогүй байж байгаад 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр манайхаас 40 км газар байрлах Онгон сумын 3 дугаар баг Цагаан худаг гэх газар Хадаа гэх хүний пүнзэнд миний хүрэн даага хашаатай байхыг нь би олж харсан юм. Тэгээд би Хадаатай уулзаж миний алга болгосон хусран даага яагаад энд байгаа талаар асуухад дуугарахгүй байсан. Тэгээд би наад даагаа адуунд нь буцааж аваачиж тавиарай гэж хэлээд явсан боловч одоог хүртэл адуунд тавиагүй байна лээ. ...Миний 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр орсон хүйтэн борооноор алдсан хүрэн даага маань *******ын пүнзэн дотор хашаатай байсан юм. Хадбаатарын гэр нь миний адууны бэлчээр болох Түлэнхий гэх газраас ертөнцийн зүгээр хойд зүгт байдаг юм. Хүйтэн бороо орохдоо ертөнцийн зүгээр зүүн хойноосоо салхитай орсон болохоор яагаад ч Хадбаатарын гэрийн зүгт адуу уруудах учиргүй юм. Тэгээд сүүлд нь Хадбаатараас манай найз Очхүү бид 2 асууж тодруулахад тэрээр ярихдаа Ча тамгатай хүрэн азаргатай адуунаас чинь мотоциклтой ялгаж хөөгөөд гэртээ аваачсан гэж хэлсэн. Би өөрийн болгох зорилготой байсан гэж хэлсэн. Тийм учраас Онгон сумын 3 дугаар багийн иргэн Эрдэнэбаатарын хүү Хадбаатар гэдэг залууг сэжиглэж байна. ...Зах зээлийн үнэлгээгээр нь үнэлж байна. Гэхдээ би даагаа өөрийн биеэр нь буцааж авмаар байна. ...Би даагаа буцаагаад авчихвал надад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би *******аас өөрийнхөө алдсан хүрэн даагаа буцааж авсан. *******ын аав нь надад авчирч өгсөн учраас одоо надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Би сэтгэл санааны хохирлын талаар ойлголт авлаа. Алдсан 1 даагаа олсон учраас надад сэтгэл санааны хохирол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 23-24-р хуудас),

- Гэрч *******: “...2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр орсон хүйтэн борооны дараа манай найз Ч.Билэгсайхан нь адуугаа үзэхэд тамгагүй хусран хүрэн даага алга болсон байна гэж надад захиж байсан юм Би ч мөн манай адуунаас бор охин даага алга болсон байна гэж Билэгсайханд хэлж захиж байсан юм. Тэгсэн Билэгсайхан нь хэд хоногийн дараа миний алдсан хүрэн даага Хадбаатар гэх айлын гадаа пүнзэнд нь хашаатай байсныг нь олсон гэж надад хэлсэн. Мөн миний хүрэн даагатай хамт 1 охин бор унага байна лээ. Чиний алдсан унага байж магадгүй шүү очиж үзээрэй гэж хэлж байсан. Манай адуу Билэгсайханы адуутай ойролцоо Түлэнхий гэдэг газар байдаг адуу юм. Билэгсайхан мөн адуугаа борооны өмнө үзэхэд бүрэн байгаад борооны дараа үзэхэд нь эхийгээ хөхөж байсан 1 хусран даага нь алга болсон байна гээд гайхаад хайгаад явж байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй. ...Хүн тастаж салгаж авахгүй л бол эхийгээ хөхөж байгаа хусран даага эхээсээ сална гэж яагаад ч байхгүй. Тэгээд ч 09 дүгээр сарын 12-ны өдөр орсон хүйтэн бороо нь зүүн хойд зүгээсээ салхитай байсан болохоор адуу баруун урд зүгтээ уруудсан байсан. Харин Хадбаатар гэдэг айл нь Түлэнхий гэдэг газраас ертөнцийн зүгээр хойд зүгт 10 гаруй км зайтай байдаг болохоор уг хүрэн даага уруудаж очно гэж байхгүй. Хадбаатар нь сүүлд уулзахад би Билэгсайхан ахын Ча тамгатай хүрэн азаргатай адуунаас уг хүрэн даагыг мотоциклтой салгаж туугаад аваад явсан юм гэж хэлж байсан. Би өөрийн болгох зорилготой байсан гэж мөн хэлж байсан. ...Би Хадбаатар гэдэг залууг сайн мэднэ. Хадбаатар нь малдаа байнга мотоциклтой явж байдаг юм. Морь унаад малдаа явж байхыг нь би харж байгаагүй. ...Би адууны эрэлд явж байхдаа Хадбаатартай таараагүй учраас сайн хэлж мэдэхгүй байна Сүүлд нь Хадбаатар өөрөө хэлэхдээ мотоциклтой явж байсан гэж хэлсэн. Билэгсайханы адуунаас хүрэн даагыг нь мотоциклтой хөөж тууж авчраад пүнзэндээ хашсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 32-33-р хуудас),

- Гэрч *******: “...Морьтой явж байхыг бол би харж байгаагүй дандаа мотоциклтой явж байдаг. ...2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр манай суманд хүйтэн бороо орсон юм. Тэр борооноор адуу мал ерөнхийдөө баруун урд зүгтээ нэлээн уруудсан байсан. Уг хүйтэн бороо нь зүүн хойд зүгээсээ хүчтэй салхитай орсон юм. Би уг борооны маргааш нь буюу 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр малын эрэлд явсан боловч Хадбаатартай таараагүй учраас Хадбаатарыг морьтой юм уу мотоциклтой явсан талаар мэдэхгүй байна. ...Түлэнхий гэдэг газар нь Сүхбаатар аймгийн Онгон сумаас баруун зүгт 40 орчим км-т байдаг газар юм. Хадбаатарын гэр 2024 оны 09 дүгээр сард Түлэнхий гэдэг газраас хойд зүгт 10 гаруй км зайтай байсан.” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 36-37-р хуудас),

- Гэрч : “...Энэ оны 09 дүгээр сарын 13-ны шөнийн 00 цаг 10 минутаас тэр өдрийнхөө 12 цаг 20 минут хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын нийт нутгаар 7-10 м/сек хурдтай хур тунадас буюу бороо орж салхилсан. Салхины зүг нь зүүн болон зүүн хойноосоо чигтэй салхилж байсан. 7-10 м/сек хурдтай салхилна гэдэг нь тал хээртээ бол хүчтэй салхилж байна гэж ойлгоно. Аюул дагуулах хэмжээний хүчтэй салхи биш бөгөөд 15м/сек -ээс дээш хүчтэй салхи нь аюул дагуулах хэмжээний салхидаа ордог. 7-10 м/сек хүчтэй салхи салхилж байгаа үед адуу мал уруудах боломжтой юм.” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 40-41-р хуудас),

- Гэрч : “...2024 оны 09 дүгээр сарын 12-13 өдрүүдэд манай суманд хүйтэн бороо орсон. Гэхдээ эхийгээ хөхөөд явж байгаа унага эхээсээ салахаар хэмжээний бороо ороогүй. ...Сүүлийн хэдэн жил алдуул мал бүртгүүлсэн тийм тохиолдол гарсангүй. ******* нь надад өөрийнх нь малд хүний мал ирж нийлсэн талаар хэлж яриагүй. ...Манай багийн иргэд алдуул малыг холбогдох албан тушаалтанд бүртгүүлдэг гэдгийг мэддэг. ...Манай багт морь унаж мал малладаг хүн байхаа болиод удаж байна. ******* нь мотоцикл унаад малдаа явж байдаг. 2024 оны 09 дүгээр сард орсон хүйтэн борооны ард дээр морьтой адууны эрэлд явсан хүн байхгүй. Тэгэхээр ******* малын эрэлд явсан бол мотоциклтой явсан.” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 44-45-р хуудас),

- Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2402280 дугаартай “...Дааганы зах зээлийн үнэ цэнэ нь 550,000.00 ( таван зуун тавин мянган) төгрөг байна гэж дүгнэж байна.” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 49-54-р хуудас),

- Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2402311 дугаартай “...даюун маркийн мотоцклийн орлуулах өртгийн аргаар элэгдэл тооцсон үнэ цэнийг 2,440,000 (хоёр сая дөрвөн зуун дөчин мянган) төгрөг байна гэж дүгнэж байна.” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 60-64-р хуудас),

- Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2402346 дугаартай “...2024 оны 09 сарын байдлаар соёолон насны адууны зах зээлийн үнэ цэнэ нь 1,120,000 (нэг сая нэг зуун хорин мянган) төгрөг байна гэж дүгнэж байна.” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 68-73-р хуудас),

- Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2402347 дугаартай “...2020 оны 06 сарын байдлаар нас гүйцсэн адууны зах зээлийн үнэ цэнэ нь 864,000 (найман зуун жаран дөрвөн мянган) төгрөг байна гэж дүгнэж байна.” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 77-82-р хуудас),

- Хохирогч *******: “...2024 оны 09 дүгээр сарын 17-ний өдөр Манай найз Ч.Билэгсайхан утсаар холбогдож ярихдаа миний алдсан даага ******* гэх хүний пүнзэнд байна тэр даагатай хамт бор унага цуг байна гэж хэлсэн. Тэгээд би 2024 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын 3 дугаар баг “Түлэнхий” гэх газар байх Эрдэнэ тамгатай бор азаргатай адуугаа очиж үзтэл дөлтэй загасан тамгатай бор гүүний 25 хувьтай охин бор унага алга болчихсон байсан. Тэгээд би маргааш нь ******* гэх хүний дугаарыг олж аваад холбогдож асуухад ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр орсон борооны дараа нэг хонгор үрээтэй хамт манай гадаа ирсэн гэж хэлсэн. Тэгэхлээр нь би наад унага чинь манай унага байгаа юм авчраад өгөөрэй. гэсэн чинь 2024 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр явуулсан байсан тухайн үед би гэртээ байгаагүй хэнээр явуулсан хэн авчирч өгсөн талаар мэдэхгүй байна манай хашаанд оруулаад орхисон байсан. ... Онгон сумын 3 дугаар багийн иргэн Эрдэнэбаатарын хүү Хадбаатар гэдэг залууг сэжиглэж байна. Учир нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ний өдөр манай найз Ч. Билэгсайхан нь надтай утсаар холбогдохдоо ******* гэх айлын пүнзэнд бор унага байсан гэж хэлсэн. ...Зах зээлийн үнэлгээгээр нь үнэлж байна. Миний бор охин унагыг ******* нь пүнзэндээ хашсан байснаа удаагүй Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын иргэн Амарбат гэдэг хүнээр явуулсан байсан. Би бор охин унагаа буцааж авсан учраас одоо надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Би сэтгэл санааны хохирлын талаар ойлголтыг авлаа. Би унагаа буцаагаад авсан учраас сэтгэл санааны хохирол нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 122-123 126-р хуудас),

- Гэрч *******: “...2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манай суманд хүйтэн бороо ороод хүчтэй шуурсан юм. Тэрний дараа манай найз Ч.Очхүү адуунаас нь бор зүсмийн 25 хувийн цустай охин унага алга болсон байна гэж сурч байгаарай гэж хэлсэн юм. Би мөн адуунаасаа хусран хүрэн даага алга болгосон талаараа Очхүүд захиж байсан. Би алдсан хүрэн даагаа эрж явж байгаад ******* гэх хүний пүнзэн дотор хашаатай байхыг нь олж авсан юм. Харин миний хүрэн даагатай цуг 1 охин бор унага байхаар нь би Очхүү найздаа алдсан унага чинь байж магадгүй очиж үзээрэй гэж хэлсэн. Очхүү харин Хадбаатартай утсаар холбогдож яриад унагаа буцаагаад авсан гэж сүүлд нь би сонссон. ...Би 2024 оны 09 дүгээр сарын 12-нд орсон борооны дараа Түлэнхийд байх адуугаа бүртгэхэд миний хусран охин хүрэн даага байхгүй байсан тэгээд би адуу ихтэй байсан болохоор уруугаа хүний адуутай явсан байх гэж бодоод баруун урд зүгт Шартын хад, Таван толгой, хулс хилийн торон дээр байсан адуугаар орчоод байхгүй болохоор нь гэр лүүгээ буцсан тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дахиад Түлэнхий гэх газраас хойд руугаа эрэлд Төгрөг, Жирэм гэх газраар явсан тэгээд ******* гэх айлын пүнзээр ортол миний хусран хүрэн даага, Очхүүгийн охин бор унага 2 байсан би уруудсан байх гэж бодож байтал бороо салхиа сөрөөд тэнд очсон байсан эхийгээ хөхөж байгаа даага, унага 2 тэгж явна гэж би итгэхгүй байгаа. ...Би тухайн үедээ тэр талаар асуугаагүй. Харин сүүлд нь Хадбаатар нь өөрөө хүний 1 адуутай явж байхад нь хөөгөөд явсан гэж ярьсан. Гэхдээ эхийгээ хөхөөд явж байгаа унага адуунаасаа салсан байна гэхээр гайхаад байгаа юм. Би Хадбаатарыг өөрөө адуунаас нь салгаж хөөсөн гэж бодож байна. ...Би Хадбаатар гэдэг залууг сайн мэддэг юм. Малдаа байнга мотоциклтой явдаг хүн. Би Хадбаатарыг морь унаад явж байхыг хараагүй. ...Ер нь надад хэлэхдээ таны Ча тамгатай хүрэн азаргатай адуунаас би тамгагүй хүрэн даагыг мотоциклтой ялгаж тастаад хөөгөөд гэртээ авчраад пүнзэндээ хашсан гэж хэлсэн. Миний даагыг хөөсөн хугацаа нь Очхүүгийн унагыг алга болсонтой давхцаж байгаа учраас би цуг хөөсөн байх гэж бодож байна. Очхүүгийн адуу, манай адуу хоёр бэлчээр нэгтэй ойролцоо байдаг адуунууд юм. Тэгэхээр мотоциклтой явж байсан гэж бодож байна.” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 131-132-р хуудас),

- Гэрч : “...2024 оны 09 сард /яг хэзээ гэдгээ санахгүй байна гэх/ Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумаас Онгон сумын эрүүл мэндийн төвд бие муутай хүүхдээ үзүүлэх гээд явж байсан юм замд 3 Хадбаатар гэх хүн намайг амдаж уулзаад би танаар сумын төв рүү нэг унага өгөөд явуулчихъя та очоод 94888988 дугаар луу залгаад өгчхөөрэй гэсэн юм. би сумын төв рүү орж ирээд өгч явуулсан дугаар луу нь холбогдож байгаад Питровис шатахуун түгээх станцын баруун талд айлд аваачиж буулгаж өгсөн. ...Портер маркийн 07-31 СҮА улсын дугаартай өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. ...Тамгагүй бор охин унага байсан.” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 135-р хуудас),

- Гэрч : “...2024 оны 07 сарын 01-ний өдөр би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэр Төгрөг гэх газар луу хүргэн Боргилчулууны руу ажлаар явж байхад Хадбаатар гэх хүүхэд таарсан юм тухайн үедээ би зөв талын шаантын нарийн үзүүр дээр ардаа тамгатай хонгор буудан үрээг харж байгаарай гээд хэлээд орхиж байсан юм тэгтэл над руу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр утсаар холбогдож таны хайгаад байсан будан үрээ чинь миний хэдэн үрээтэй явж байгаа шүү хурдан ирж аваарай гэж хэлсэн тэгээд би энэ оны 11дүгээр сарын 08-ны өдөр Хадбаатар гэх залуугаас ирж үрээгээ авсан юм. ...Хадбаатар нь 09 сард миний үрээг олсон талаар надтай холбогдоогүй байж байгаад 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр надтай холбогдож манай адуунд 09 сарын 20-оор ирсэн гэж хэлсэн. Би уг адуугаа Төгрөг гэх газар байхыг нутгийн хүмүүсээс сураг сонссон боловч яг хэний адуунд байгаа талаар сураг гарахгүй байсан юм.” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 138-139-р хуудас),

- Гэрч : “...Манай багийн иргэд ер нь өөрийнх нь малд бусдын мал ирсэн тохиолдолд хагас жил болон жилийн эцсийн мал тоогоор өөрсдөө хэлж бүртгүүлдэг байсан. Сүүлийн хэдэн жил алдуул мал бүртгүүлсэн тийм тохиолдол гарсангүй. ******* нь надад өөрийнх нь малд хүний мал ирж нийлсэн талаар хэлж яриагүй. ...Манай багийн иргэд алдуул малыг холбогдох албан тушаалтанд бүртгүүлдэг гэдгийг мэддэг.” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 142-143-р хуудас),

- Гэрч : “...Энэ оны 09 дүгээр сарын 13-ны шөнийн 00 цаг 10 минутаас тэр өдрийнхөө 12 цаг 20 минут хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын нийт нутгаар 7-10 м/сек хурдтай хур тунадас буюу бороо орж салхилсан. Салхины зүг нь зүүн болон зүүн хойноосоо чигтэй салхилж байсан. 7-10 м/сек хурдтай салхилна гэдэг нь тал хээртээ бол хүчтэй салхилж байна гэж ойлгоно. Аюул дагуулах хэмжээний хүчтэй салхи биш бегеед 15м/сек -ээс дээш хүчтэй салхи нь аюул дагуулах хэмжээний салхидаа ордог. 7-10 м/сек хүчтэй салхи салхилж байгаа үед адуу мал уруудах боломжтой юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 146-147-р хуудас),

- Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2402281 дугаартай “...1. Унаганы зах зээлийн үнэ цэнэ нь 313,500.00 (гурван зуун арван гурван мянга таван зуун ) төгрөг байна гэж дүгнэж байна.” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 152-157-р хуудас),

- Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн хаягийн бүртгэлийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (1-р хх-ийн 100-104-р хуудас),

- Шүүгдэгч *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (1-р хх-ийн 105-106-р хуудас) зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *******ыг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын 03 дугаар багийн нутаг “Дэрсэн нутаг” гэх газраас амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор иргэн ******* эзэмшлийн 1 тооны хүрэн зүсмийн тамгагүй дааган насны адууг бэлчээр дээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, “Даюун” маркийн улсын дугааргүй, улбар шар өнгийн мотоциклийг мал хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хулгайн малыг туух үйлдэлдээ ашиглан, хулгайлж өөрийнхөө адууны тамгаар тамгалж хохирогч ******* 550,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын 03 дугаар багийн нутаг “Түлэнхий” гэх газраас амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор иргэн ******* эзэмшлийн 1 тооны бор зүсмийн тамгагүй унагыг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч ******* 313,500 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

1.2.1 Улсын яллагч: Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын 03 дугаар багийн нутаг “Дэрсэн нутаг” гэх газраас амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор иргэн ******* эзэмшлийн 1 тооны хүрэн зүсмийн тамгагүй дааган насны адууг бэлчээр дээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, “Даюун” маркийн улсын дугааргүй, улбар шар өнгийн мотоциклийг мал хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хулгайн малыг туух үйлдэлдээ ашиглан, хулгайлж өөрийнхөө адууны тамгаар тамгалж хохирогч ******* 550,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын 03 дугаар багийн нутаг “Түлэнхий” гэх газраас амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор иргэн ******* эзэмшлийн 1 тооны бор зүсмийн тамгагүй унагыг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч ******* 313,500 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, зориуд хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн 2.1 дэх заалтад заасан бусдын олон тооны малыг, 2.4 дэх заалтад “машин механизм ашиглаж” мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлтийг,

1.2.2 Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг сонслоо. 2024 оны 09 сарын 12, 13-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн хэмжээнд болон Онгон суманд их хэмжээ их хэмжээний хүйтэн бороо орсон. Хүйтэн бороо орсон гэдэг дээр ямар нэгэн маргах зүйл байхгүй. Бороо орсон гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Энэ хүйтэн борооны улмаас адуу мал уруудаж сарнисан, үхсэн байгаа. Энэ нь гэрч, хохироогч нарын мэдүүлгээр нотлогдог. ******* хувьд борооны дараа адуундаа явж байгаад Ч.Билэгсайхан хүрэн даагыг адуутайгаа авч явсан үйлдэл, морьдоо хайж яваад ******* бор унагыг адуутайгаа авч явсан үйлдэл байгаа. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Харин мал хулгайлах гэмт хэргийн санаа, зорилго байсан юм уу гэдэг дээр эргэлзээтэй байгаа. Улсын яллагчаас өөртөө ашиг олох зорилгоор шунахай сэдэлтээр тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэж буруутгаж байгаа. Үнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд нотолбол зохих байдлыг тогтоохыг шаардсан байгаа. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т гэмт хэргийн сэдэлд зорилго нь юу байсан, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөлийг зайлшгүй тогтоохыг шаардаж байгаа. Гэтэл *******ыг анхнаасаа мал хулгайлах зорилго байсан юм уу гэдэг дээр эргэлзээ төрж байгаа. Мэдээж борооны дараа хүн бүр уруудсан малынхаа араас явж байгаа, ******* ч гэсэн адуундаа явсан. ******* нь тайлбарлахдаа тухайн үед адуундаа өөрийнхөө шарга зүсмийн мориор явсан. Азаргатай адуун дээрээ очиход хүрэн зүсмийн охин даага хураагдсан байсан гэдэг. Би морьтой, уургагүй, газар чийгтэй байсан учир салгах боломжгүй байсан гэдэг. Азаргатай адуугаа бэлчээр дээр нь орхичхоод хэдэн мориндоо явсан. Морьдоо хөөгөөд явж байхад өөдөөс нь хоёр адуу гарч ирсэн. Нэг нь адуу нь Баяндэлгэр сумын Шараа буюу албан ёсны нэр Цэндсүрэн гэж хүний захиж байсан будан үрээ байсан. Уг үрээтэй нэг унага явж байсан. Ойр хавьд нь адуу харагдахгүй байсан. Унагыг салгах гэсэн ч морь сайн явж өгөхгүй, уургагүй байсан учир адууныхаа бэлчээрт аваачсан байдаг. ******* нь хоёр хоногийн дараа сумын төв рүү мотоциклтойгоо орсон. Сумаас гэрүүдээ явж байхад адуу нь усан дээр байсан. Нэг гүүнийх нь бөгс өтсөн байсан учир адуугаа хашаандаа хашсан. Тухайн үед Ч.Билэгсайхан ирээд  энэ миний алдсан даага байна гэж хэлээд адуунд нь хүргэж өг гэхээр би хаанахын ямар адуу болохыг мэдэхгүй учир би хүргэж өгөх боломжгүй гэж хэлсэн гэж мэдүүлдэг. ******* нь энэ талаар мөрдөн байцаалтын явц, шүүх хуралдааны  тайлбар дээрээ маш тодорхой хэлж байгаа. Ашиг олох, шунахайн сэдэлт байхгүй гэж үзэж байгаа нь нэгдүгээрт ******* нь морь уядаггүй, адуу сайн мэдэхгүй, боловсролгүй, аймгийн төв рүү орж үзээгүй хүн байгаа. Сая хэрэг шалгагдаад анх удаа аймгийн төв рүү ээжтэйгээ хөтлөлцөөд орж ирсэн. Одоо болтол хаашаа явахаа мэдэхгүй ээжтэйгээ хөтлөлцөөд явж байгаа. Хэрэв ******* нь морь уядаг, адуу сонирхдог хүн байсан бол 25 хувийн цустай унагыг аваад заръя, уралдуулъя  гэдэг байдлаар авах боломжтой. Хэрэв өвлийн идэшний үед борлуулах боломжтой том адуу байсан бол ашиг олъё, борлуулъя гээд авъя гэхсэн. Гэтэл 9 дүгээр сард дөнгөж тарга, тээвэр авч байгаа даага, унага байгаа. Тэгэхээр ашиг олох боломжгүй харагдаж байна. Мөн бүх айлын адуу сарнисан байгаа. Хохирогч Ч.Билэгсайхан мал сарниад бид нар малын эрэлд явсан гэдэг. Ч.Билэгсайхан 2-3 хоногийн дараа *******ын хашаанаас даага аа олсон байгаа. Тэгэхээр энд ямар нэгэн санаа сэдэлт, зорилго байгаагүй. Шууд санаатай үйлдэгдээгүй гэж үзэж байна. Тэгэхээр адууг авч явснаар гэм буруугүйгээр хохирол, хор уршиг учруулсан гэж ойлгож байгаа. Хэргийн зүйлчлэл дээр улсын яллагч тээврийн хэрэгсэл ашигласан гэж үздэг. Ямар ч гэрч *******ыг мотоциклтой явсан гэж хэлээгүй. Хохирогч Ч.Билэгсайхан мотоциклтой явсан байх гэж хэлдэг. Багийн дарга Мөнхболд, Очхүү нар мөн мотоциклтой явсан байх гэж хэлдэг. Харин гэрч ******* адуундаа явж байгаа гээд морьтой явж байсан гэдэг. Тээврийн хэрэгсэл ашигласан гэдэг нь нотлогдохгүй байгаа учраас тээврийн хэрэгсэл ашигласан гэдэг нь үгүйсгэгдэж байна. Харин 09 сарын 17-ны өдөр сумаас ирэхдээ мотоциклтой адуугаа хашсан гэдгээ хэлдэг. Ч.Билэгсайхан нь мотоциклтой хөөж ирсэн гэж ойлгосон байх гэж яллагдагчаар мэдүүлэгтээ тайлбарласан байгаа. Тэгэхээр мотоциклтой адуугаа хашаанд хашсан нь энэ үйлдэлд хамаарахгүй гэж үзэж байна. Хохирогч нар мал уруудаад сарнисан байх гэж хэлдэг. Хулгайн байдлаар алдагдаагүй адуу бороонд уруудаж хөлөөрөө адуунд нийлсэн нөхцөл байдал баримтаар харагдаж байна. ******* нь энэ хоёр адууг ашиг олох, шунахайн сэдэлтээр худалдан борлуулах санаа зорилготойгоор аваагүй буюу сэдэлт нь тогтоогдсонгүй гэж үзэж байна. Мөн мотоциклтой адуунд яваагүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэх, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх. Хор уршиг учруулсан гэж үзэж байгаа бол хэргийг Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар  гэм буруугүйгээр хор уршиг учруулсан гэж үзэж дүгнэлт хийхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

1.3 Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “би Очхүүгийн унагыг аваагүй, Билэгсайханыг даагыг авахдаа морьтой явсан” гэж маргасан.

1.4 Хэргийг нотлох нотолгооны баримтын тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу анхан шатны шүүх яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тэдгээрийг цуглуулж бэхжүүлэх ажиллагаа хуульд нийцсэн, агуулга нь нотолгооны ач холбогдолтой эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг бүрэн бодитой, эргэлзээгүйгээр тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг Эрүүгийн эрх зүйн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн шийдвэрлэх учиртай.

Гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан: хохирогч *******: “...Манайх Сүхбаатар аймгийн Онгон сумын 3 дугаар багийн нутаг “Дэрсэн нутаг” гэх газарт нутагладаг бөгөөд манай адуу “Түлэнхий” гэдэг газарт бэлчээрлэдэг юм. Би адуугаа 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үзэхэд бүгд бүрэн байсан юм. Буцаад 4 хоногийн дараа буюу 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр адуугаа үзэхэд манай “Ча” тамгатай хүрэн азаргатай адуун дотор байсан тамгагүй хүрэн даага алга болсон байсан. Тэгээд эрэлд яваад олоогүй байж байгаад 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр манайхаас 40 км газар байрлах Онгон сумын 3 дугаар баг “Цагаан худаг” гэх газар Хадаа гэх хүний пүнзэнд миний хүрэн даага хашаатай байхыг нь би олж харсан юм. Тэгээд би Хадаатай уулзаж миний алга болгосон хусран даага яагаад энд байгаа талаар асуухад дуугарахгүй байсан. Тэгээд би наад даагаа адуунд нь буцааж аваачиж тавиарай гэж хэлээд явсан боловч одоог хүртэл адуунд тавиагүй байна лээ. ...Миний 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр орсон хүйтэн борооноор алдсан хүрэн даага маань *******ын пүнзэн дотор хашаатай байсан юм. Хадбаатарын гэр нь миний адууны бэлчээр болох “Түлэнхий” гэх газраас ертөнцийн зүгээр хойд зүгт байдаг юм. Хүйтэн бороо орохдоо ертөнцийн зүгээр зүүн хойноосоо салхитай орсон болохоор яагаад ч Хадбаатарын гэрийн зүгт адуу уруудах учиргүй юм. Тэгээд сүүлд нь Хадбаатараас манай найз Очхүү бид 2 асууж тодруулахад тэрээр ярихдаа Ча тамгатай хүрэн азаргатай адуунаас чинь мотоциклтой ялгаж хөөгөөд гэртээ аваачсан гэж хэлсэн. Би өөрийн болгох зорилготой байсан гэж хэлсэн. Тийм учраас Онгон сумын 3 дугаар багийн иргэн Эрдэнэбаатарын хүү Хадбаатар гэдэг залууг сэжиглэж байна....” гэх мэдүүлэг,

гэрч *******: “...2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр орсон хүйтэн борооны дараа манай найз Ч.Билэгсайхан нь адуугаа үзэхэд тамгагүй хусран хүрэн даага алга болсон байна гэж надад захиж байсан юм Би ч мөн манай адуунаас бор охин даага алга болсон байна гэж Билэгсайханд хэлж захиж байсан юм. Тэгсэн Билэгсайхан нь хэд хоногийн дараа миний алдсан хүрэн даага Хадбаатар гэх айлын гадаа пүнзэнд нь хашаатай байсныг нь олсон гэж надад хэлсэн. Мөн миний хүрэн даагатай хамт 1 охин бор унага байна лээ. Чиний алдсан унага байж магадгүй шүү очиж үзээрэй гэж хэлж байсан. Манай адуу Билэгсайханы адуутай ойролцоо “Түлэнхий” гэдэг газар байдаг адуу юм. Билэгсайхан мөн адуугаа борооны өмнө үзэхэд бүрэн байгаад борооны дараа үзэхэд нь эхийгээ хөхөж байсан 1 хусран даага нь алга болсон байна гээд гайхаад хайгаад явж байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй. ...Хүн тасдаж салгаж авахгүй л бол эхийгээ хөхөж байгаа хусран даага эхээсээ сална гэж яагаад ч байхгүй. Тэгээд ч 09 дүгээр сарын 12-ны өдөр орсон хүйтэн бороо нь зүүн хойд зүгээсээ салхитай байсан болохоор адуу баруун урд зүгтээ уруудсан байсан. Харин Хадбаатар гэдэг айл нь “Түлэнхий” гэдэг газраас ертөнцийн зүгээр хойд зүгт 10 гаруй км зайтай байдаг болохоор уг хүрэн даага уруудаж очно гэж байхгүй. Хадбаатар нь сүүлд уулзахад би Билэгсайхан ахын “Ча” тамгатай хүрэн азаргатай адуунаас уг хүрэн даагыг мотоциклтой салгаж туугаад аваад явсан юм гэж хэлж байсан. Би өөрийн болгох зорилготой байсан гэж мөн хэлж байсан. ...Би Хадбаатар гэдэг залууг сайн мэднэ. Хадбаатар нь малдаа байнга мотоциклтой явж байдаг юм. Морь унаад малдаа явж байхыг нь би харж байгаагүй. ...” гэх мэдүүлэг,

гэрч *******: “...Морьтой явж байхыг бол би харж байгаагүй дандаа мотоциклтой явж байдаг. ...2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр манай суманд хүйтэн бороо орсон юм. Тэр борооноор адуу мал ерөнхийдөө баруун урд зүгтээ нэлээн уруудсан байсан. Уг хүйтэн бороо нь зүүн хойд зүгээсээ хүчтэй салхитай орсон юм....” гэх мэдүүлэг,

гэрч : “...2024 оны 09 дүгээр сарын 12-13 өдрүүдэд манай суманд хүйтэн бороо орсон. Гэхдээ эхийгээ хөхөөд явж байгаа унага эхээсээ салахаар хэмжээний бороо ороогүй. ...Сүүлийн хэдэн жил алдуул мал бүртгүүлсэн тийм тохиолдол гарсангүй. ******* нь надад өөрийнх нь малд хүний мал ирж нийлсэн талаар хэлж яриагүй. ...Манай багийн иргэд алдуул малыг холбогдох албан тушаалтанд бүртгүүлдэг гэдгийг мэддэг. ...Манай багт морь унаж мал малладаг хүн байхаа болиод удаж байна. ******* нь мотоцикл унаад малдаа явж байдаг. 2024 оны 09 дүгээр сард орсон хүйтэн борооны ард дээр морьтой адууны эрэлд явсан хүн байхгүй. Тэгэхээр ******* малын эрэлд явсан бол мотоциклтой явсан.” гэх мэдүүлэг,

- Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2402280 дугаартай “...Дааганы зах зээлийн үнэ цэнэ нь 550,000.00     (таван зуун тавин мянган) төгрөг байна гэж дүгнэж байна.” гэх шинжээчийн дүгнэлт,

- Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2402281 дугаартай “...1. Унаганы зах зээлийн үнэ цэнэ нь 313,500.00 (гурван зуун арван гурван мянга таван зуун ) төгрөг байна гэж дүгнэж байна.” гэх шинжээчийн дүгнэлт баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч нарын мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм болох мотоцикл унаж яваагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэх, хор уршиг учруулсан гэж үзэж байгаа бол хэргийг Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар  гэм буруугүйгээр хор уршиг учруулсан гэж шийдвэрлүүлэхээр санал, дүгнэлт гаргаж мэтгэлцсэн нь үгүйсгэгдэн няцаагдаж байна.     

         Иймд дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.            

2 Эрх зүйн дүгнэлт:

2.1. Мал хулгайлах гэмт хэрэг гэдэгт: бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно. Энэ зүйлд “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарах бөгөөд “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгохоор,

Машин механизм гэж: “Зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгсэл”-ийг  ойлгохоор хуульчилжээ.

Тодруулбал шүүгдэгч ******* нь “Даюун” маркийн улсын дугааргүй, улбар шар өнгийн мотоциклийг ашиглан хохирогч ******* 1 тооны адууг, хохирогч ******* 1 тооны адууг тууж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч гэмт хэрэг төгссөн байна.

2.2. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын өмчлөх эрхэд санаатай хохирол учруулан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

2.3. Прокуророос шүүгдэгч *******ыг олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******ыг олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3.1. Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилжээ.

Улсын яллагч болон өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ:     

          3.2.1. Улсын яллагч: “Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй. прокурорын тогтоолоор шүүгдэгч *******ын өмчлөлийн  “БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, “Даюун” маркийн улсын дугааргүй, улбар шар өнгийн мотоциклийг болон шаргал зүсмийн зөв талын гэр гуяндаа онгин тамгатай, соёолон насны морийг тус тус битүүмжилсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах” гэх санал, дүгнэлтийг,         

          3.2.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч: “******* нь тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол бодит байдлаар буцаан төлөгдсөн. Хохирогч нар болон бусдад төлөх төлбөр байхгүй байгаа нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл болно. ******* нь бага байхаасаа бөөрний өвчтэй, бага насны хоёр хүүхэдтэй зэрэг байдлыг харгалзан шүүхээс оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Нэгэнт шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэж байгаа учир Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцсэн.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт анх удаа холбогдсон, хохирогч ******* учирсан хохиролд 674,000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч ******* бор зүсмийн тамгагүй унагыг  буцаан өгсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

4. Хохирол, хор уршгийн талаар

4.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******  нь хохирогч Ч.Очхүү, Ч.Билэгсайхан нарын эд хөрөнгөд санаатай хохирол учруулсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

5. Бусад асуудлаар

5.1. Шүүгдэгч *******  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс тоолох нь зүйтэй.

5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь өөрийн эзэмшлийн шаргал зүсмийн зөв талын гэр гуяндаа онгин тамгатай, соёолон насны морь, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, “Даюун” маркийн улсын дугааргүй, улбар шар өнгийн мотоциклийг ашиглан гэмт хэргийг үйлдсэн.

Хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нар сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шаргал зүсмийн зөв талын гэр гуяндаа онгин тамгатай, соёолон насны морь, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, “Даюун” маркийн улсын дугааргүй, улбар шар өнгийн мотоциклийг битүүмжилсэн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07, 08 дугаартай Прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгийг эзэмшигчид буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зээрднүүд овогт олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч 1 (нэг) жил, 10 (арав)  хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.                                                                     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан 1 (нэг) жил, 10 (арав)  хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч *******т шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч *******  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.Билэгсайхан, Ч.Очхүү нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын шаргал зүсмийн зөв талын гэр гуяндаа онгин тамгатай, соёолон насны морь, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, “Даюун” маркийн улсын дугааргүй, улбар шар өнгийн мотоциклийг битүүмжилсэн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07, 08 дугаартай Прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ