| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 315/2025/0015/Э/222/2025/0015 |
| Дугаар | 2025/ШЦТ/51 |
| Огноо | 2025-01-27 |
| Зүйл хэсэг | 17.12.2.4., |
| Улсын яллагч | Д.Дашням |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/51
| 2025 01 27 | 2025/ШЦТ/51 | |
|
| ||
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,
Улсын яллагч Д.Дашням (томилолтоор),
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан (цахимаар),
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2430002970276 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр баг “Улаан өндөр” гэх газар нутаглах, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
******* овогт ******* (РД:*******),
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар):
Шүүгдэгч ******* нь “машин механизм ашиглаж мал хулгайлсан” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Эрүүгийн 2430002970276 дугаартай хэргээс:
- Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Миний бие 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Энхтөгсийн хашаанд ******* 7 тооны адууг хашаанд 1 тооны байдсан гүүг нь бугуйлдаж оосорлосон нь үнэн...******* адууг хөөж хашихдаа өөрийнхөө ногоон өнгийн “Даюун” маркийн мотоциклоор хөөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-69-р хуудас),
- Гэрч ******* өгсөн “…Би Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн нутаг Жавхлант гэх газарт эхнэр хүүхдийн хамт мал маллан амьдардаг. Би 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 08 цагийн үед адуугаа хураагаад явж байгаад “Улаан өндөр” гэх газраас адуу мал дурандаж байхад цагаан өнгийн ачааны портер маркийн машин дагуулсан мотоциклтой хүн /сумаас урагшаа 24 км орчимд байдаг/ Жавхлант уулын баруун доорх манай өвөлжөө рүү очсон. Тэгээд би ямар хүмүүс байдаг юм бол гээд яваад очсон чинь зүсэх танихгүй залуу, манай сумын Батжаргал хоёр манай хадам дүү Б.******* 7 тооны адууг манай өвөлжөөний хашаанд хашчихсан сартай онгин тамгатай хээр зүсмийн байдсан гүүг Батжаргал бугуйлдаад шонгоос орооцон, зүс танихгүй цагаан өнгийн портерын жолооч залуу ногт барьцан оосорлох гээд байж байсан. Би тэгээд та нар хүний адууг яаж байгаа юм бэ гээд хадам дүү Мөнх-эрдэнэ рүү залгаад хэл дуулгасан юм…******* адуу манай худаг ус уудаг, жилийн дөрвөн улирал хардаг адуу юм. Хашаа байхад хараад л таньсан. Батжаргалын барьсан хээр байдас ******* өөрийнх нь сартай онгин тамгатай байсан… Би 2024 оны 08 дугаар сарын 27-ны өглөө 07 цаг гээд гэрээсээ гараад адуундаа явсан тэгэхэд манай өвөлжөө рүү адуу мал хөөж яваа хүн харагдаагүй. Би 08 цагийн үед улаан өндөр гэх газраас дурандахад цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл дагуулсан мотоциклтой хүн манай өвөлжөө рүү орсон. Би өөрөө бодохдоо өчигдөр шөнө хашиж хоносон байх гэж бодож байна…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17-р хуудас),
- Гэрч ******* дахин өгсөн “…******* адуу манай адуу хоёр нэг бэлчээртэй, нэг худгаас ус уудаг. Би адуунд явахдаа Мөнх-Эрдэнэнийн буурал азаргатай адууг татдаг юм. Тухайн буурал азаргатай адуу 7 тооны адуу явдаг. Батжаргал нь Мөнх-Эрдэнэтэй уулзаад ярихдаа танай адуунд манай хоёр байдсан гүү байсан тэр хоёрыгоо ялгаж авсан гэж ярьсан байна лээ. Батжаргалын адуу ******* адуунд байгаагүй би өдөр болгон адуугаа хуураадаг юм. Тухайн үед намайг өвөлжөөн дээр очиход Батжаргал садраад хөл, гаран чичрээд байсан. Манай хадам дүү Мөнх-Эрдэнэд сандарсандаа манай хоёр байдас танай адуунд байсан гэж Батжаргал худлаа ярьсан байхаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21-р хуудас),
- Гэрч өгсөн “...******* бид хоёр сумаас урагш 7 км-д Гансүх ахын 4 адууг *******ыг ах Батсуурийн гадаа буулгасан. Би ачиж ирсэн адуугаа Батжаргалтай хамжаад буулгаж байхад ******* надаас чи ачиж ирсэн 4 адууныхаа хөлсийг Гансүх ахтай яаж тохирсон юм бэ гэж надаас асуухаар нь би 800.000 төгрөгөөр ачсан гэж хэлсэн. Тэгсэн ******* надад нэг байдсан гүү байгаа манай эрлийз хээр азарганы төл чи 800.000 төгрөг-д авах уу гэхээр би үзье бэлэн байгаа юм уу гэж асуухад ******* бэлэн байгаа, манай өвөлжөө нь дээр хашаатай байгаа гэж хэлээр би үзье гэсэн юм. Тэгээд *******ын ах Батсуурийн гаднаас намайг дагуулаад урагшаа яваад барилгатай барилгынхаа баруун талд байшинтай өвөлжөө нь дээр очиход Буурал азаргатай 7 тооны адуу хашаатай байсан. Тэгсэн Батжаргал надад буурал азаргатай адуунаас хээр зүсмийн байдсан гүү харуулаад энийг авах уу гэж асуухаар нь би сайхан байдсан гүү байна авъя гэж хэлсэн. Тэгээд Батжаргал нөгөө хээр зүсмийн байдсан гүүг буйгуулдаад бариулж авчаад байхад гадааны байрын залуу мотоциклтой ирсэн. Тэгээд би оосорлох гээд ногт барьж байгаад тэр залууг хөдөөний адуунд гайгүй залуу байх гээд би оосорлоод өгчих гээд гуйсан чинь тэр залуу наадах чинь манай адуу байна гэхээр би Батжаргалд хандаж “чи надад хүний адуу барьж өгөх гэж байсан юм уу” гэж хэлсэн чинь *******ын хөл гар нь чичрээд, нүүр нь улаагаад надад хандаж машинаа холдуулалдаа энэ адууг гарга гээд сандраад байсан. Тэгээд буурал азаргатай адууг гаргаад би адууны эзэн гэх Энхтөгс гэх залууг дагаад явсан. Адууны эзэн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Ийм зүйл болсон…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30-р хуудас),
- “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2402295 дугаартай “...1,000,000 төгрөг байна гэж дүгнэж байна...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 35-40-р хуудас)
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2-р хуудас),
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
1. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч *******ыг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар баг “Жавхлант” гэх газраас Б.******* өмчлөлийн 1 тооны адууг мотоциклоор тууж хашиж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 674,000 төгрөгийн хохирол учруулахыг завдсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
1.2.1 Улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар баг “Жавхлант” гэх газраас Б.******* өмчлөлийн 1 тооны адууг мотоциклоор тууж хашиж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 674,000 төгрөгийн хохирол учруулахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна. Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна.
Иймд *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлтийг,
1.2.2 Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Гэм буруугийн талаар санал хүсэлт байхгүй” гэх дүгнэлтийг,
1.2.3 Шүүгдэгч ******* хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Хууль зүйн дүгнэлт
2.1. Мал хулгайлах гэмт хэрэг гэдэгт: бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хууль бусаар авч, бүрмөсөн, үнэ төлбөргүй, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг,
Машин механизм гэж: “Зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгсэл”-ийг ойлгохоор хуульчилжээ.
Тухайн хэргийн хувьд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүхэд хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлахад прокуророос шүүгдэгч *******ын үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийхдээ түүнийг “машин механизм ашиглаж мал хулгайлсан” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.” гэж хуульчилсан бөгөөд өөрөөр хэлбэл, гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь тодорхой гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн, нэгэнт эхэлсэн байх, халдлагын объектод хор уршиг учрах бодит заналхийлэл бий болсон байх, гэмт хэргийн объектив талыг шууд хэрэгжүүлж эхэлсэн боловч гэмт хэрэг төгсөөгүй байх, гэмт хэрэг төгсөөгүй нь гэмт этгээдийн хүсэл зоригоос гадуур түүний үйлдлийг таслан зогсоосон, хөндлөнгийн хүмүүс саад болсон зэрэг объектив шалтгааны үйлчлэлтэй холбоотой байх гэсэн шалгуур шинжүүд хангагдсан бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэж ойлгоно.
Дээрх үйл баримтын хувьд ******* нь хохирогч Б.******* “... 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр манай хүргэн Энхтөгс ах над руу утсаар залгаад танай буурал азаргатай адууг чинь Батжаргал манай өвөлжөөн дээр хашчихаад дотроос хээр зүсмийн байдсан хүнд ачуулах гэж байхад би таараад болиулсан. Батжаргалыг танай буурал азаргатай адууг чинь хөөгөөд ир гэж хэлчхээд, нөгөө адуу ачих гэж байсан хүнийг нь машинтай нь дагуулаад гэр лүүгээ явж байна чи манайд хүрээд ир гэж надад утсаар ярьсан. ... Тэгээд би сумын төв рүү орж ирээд цагдаагийн хэсэг дээр ирээд гомдол гаргасан. ... Манай хүргэн ах Энхтөгс өглөө эрт адуунд явж байгаа тараагүй бол Батжаргал миний байдсыг хүнд ачуулаад явуулах байсан. Үүнд гомдолтой байна.”, гэрч ******* “... Би тэгээд та нар хүний адууг яаж байгаа юм бэ гээд хадам дүү Мөнх-эрдэнэ рүү залгаад хэл дуулгасан юм…******* адуу манай худаг ус уудаг, жилийн дөрвөн улирал хардаг адуу юм. Хашаанд байхад хараад л таньсан. Батжаргалын барьсан хээр байдас ******* өөрийнх нь сартай онгин тамгатай байсан”, гэрч “...Тэгээд буурал азаргатай адууг гаргаад би адууны эзэн гэх Энхтөгс гэх залууг дагаад явсан. Адууны эзэн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Ийм зүйл болсон…” зэрэг мэдүүлгээр Б.******* өмчлөлийн 1 тооны адууг мотоциклоор тууж хашиж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдлээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжгүй болж гэмт үйлдэл туйлдаа хүрэлгүй таслан зогсоогдсон болох нь тогтоогдсон байх тул гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
2.2. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын өмчлөх эрхэд санаатай хохирол учруулан гэмт хэргийг амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох зорилгоор, шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
2.3. Прокуророос шүүгдэгч *******ыг машин механизм ашиглаж мал хулгайлсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “машин механизм ашиглаж мал хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
3.1 Шүүхээс шүүгдэгч *******ыг “машин механизм ашиглаж мал хулгайлсан” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх” нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага хүндрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.2 Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилжээ.
Улсын яллагч болон өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ:
3.2.1. Улсын яллагч: “Шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал үйлдсэн гэмт хэрэгт үзүүлж буй гэм буруугийн сэтгэхүйн дүгнэлт,зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгчийг цагдан хорьсон 4 хоногийг эдлэх ялаас хасаж тооцох, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн улсын дугааргүй ногоон өнгийн “Даюун” маркийн мотоциклийг улсын орлого болгох. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх” гэх санал, дүгнэлтийг,
3.2.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Өнөөдрийн шүүх хуралдаанд үйлчлүүлэгч ******* овогтой Батжаргалыг шүүх хуралдаанаар гэм буруугийн талаар хэлэлцлээ. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчаас ял шийтгэлийн талаар гаргасан дүгнэлттэй танилцлаа. Миний хувьд үйлчлүүлэгч маань өөрийнхөө үйлдсэн гэм буруугаа анхнаас эхлээд хүлээн зөвшөөрсөн ойлгож гэмшсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчоос уучлалт гуйсан хохирлыг газар дээр нь барагдуулсан. Мөн урьд өмнө ямарваа нэгэн гэмт хэрэг үйлдэж холбогдож байгаагүй тийм учраас насны хувьд бас 40 гарчихсан байна. Ийм учраас манай үйлчлүүлэгч алдаж гэмт хэрэгт холбогдлоо. Энийгээ өнөөдрийн шүүх хуралдаанаар хүлээн зөвшөөрдөг. Ялын хувьд эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар улсын яллагчаас 2 жилийн хорих ял оногдуулж байгаа. Энийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрмөөргүй байна. Анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлоо арилгасан тийм учраас эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж 1.3-т зааснаар 2 жилийн хорих ялын хоёрны нэг буюу 1 жилийн хугацаагаар уг ялыг хорих ялаар сольж өгнө үү оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Хохирлын хувьд хохирол бүрэн арилсан гэж үзэж байгаа” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцсэн.
3.3 Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнд” гэмт хэрэгт анх удаа холбогдсон, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид учирсан хохиролд 674,000 төгрөгийг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
4. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч Б.******* эд хөрөнгөд санаатай хохирол учруулсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн буюу хохирогчид 674,000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй.
5. Бусад асуудлаар
5.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, “Даюун” маркийн улсын дугааргүй, ногоон өнгийн мотоциклийг ашиглан гэмт хэргийг үйлдсэн.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, “Даюун” маркийн улсын дугааргүй, улбар шар өнгийн мотоциклийг улсын төсөвт оруулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ыг “машин механизм ашиглаж мал хулгайлсан” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******ыг 1 (нэг) жил, 10 (арав) хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 1 (нэг) жил, 10 (арав) хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 4 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч *******аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Мөнх-Эрдэнэд учирсан хохирлыг нөхөн төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, “Даюун” маркийн улсын дугааргүй, ногоон өнгийн мотоциклийг улсын төсөвт оруулсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, “Даюун” маркийн улсын дугааргүй, улбар шар өнгийн мотоциклийг битүүмжилсэн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаартай Прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ