Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 401

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЧДНДХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Одаргалж, шүүгч М.Н, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/02555 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ЧДНДХ-ийн хариуцагч “АДС” ХХК-д холбогдуулан гаргасан нийгмийн даатгалын шимтгэл, алдангид 73 357 237 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.  

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй, 50 981 892 төгрөгийн өр үүсгэсний улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Дээрх шимтгэлийг төлүүлэхээр хариуцагчид улсын байцаагчийн 2015 оны 7 дугаар сарын 03, 2016 оны 3 дугаар сарын 02, 2017 оны 9 дүгээр сарын сарын 18, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах албан шаардлагууд, 2016 оны 4 дүгээр сарын 15, 10 дугаар сарын 20-ны өдрийн дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөлгүй Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, 17 дугаар зүйл 17.1.1, 17.1.4 ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг тус тус зөрчиж байна. “АДС” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр 50 981 892 төгрөгт Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэснийг үндэслэн хугацаа хэтрүүлсэн хоног тутам алданги тооцоход 22 375 345 төгрөгийн алданги тооцсон. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангид нийт 73 357 237 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “АДС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, өмгөөлөгч О.А нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 50 981 892 төгрөгийг зөвшөөрч байгаа тул нөхөн төлнө, алданги болох 22 375 345 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах хүсэлтэй байна. Манай компанийн эрхэлдэг ажилд хөрөнгө шаардлагатай байгаа тул нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлөх боломжгүй. Харин хуримтлагдсан өрийг ойрын хугацаанд төлж барагдуулна. Иймд алданги тооцохгүйгээр үндсэн өрийг төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг баримтлан хариуцагчаас 73 357 237 /далан гурван сая гурван зуун тавин долоон мянга хоёр зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас 524 736 /таван зуун хорин дөрвөн мянга долоон зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх “АДС” ХХК-иас дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл болох 50 981 892 төгрөг, алданги 22 375 345 төгрөг, нийт 73 357 237 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн. “АДС” ХХК-ийн санхүүгийн байдал хүндэрч нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлөх боломжгүй байсан. Хариуцагч 50 981 892 төгрөгийг зөвшөөрч нөхөн төлөхөө илэрхийлж байсан бөгөөд нэхэмжлэгч үндсэн төлбөрийг төлчихвөл алданги тооцохгүйгээр нэхэмжлэлээсээ татгалзах боломжтой гэж мэдэгдэж байсан атал дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүй, зохигч нарт эвлэрүүлэх боломж олголгүй шийдвэрлэсэн тул алдангид 22 375 345 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг батлах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “АДС” ХХК-д нийгмийн даатгалын шимтгэл, алдангид 73 357 237 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ./хх1-2/

Анхан шатны шүүх Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг баримтлан хариуцагчаас 73 357 237 /далан гурван сая гурван зуун тавин долоон мянга хоёр зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулан шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зохигчдод эвлэрэх боломж олгоогүй, алдангид 22 375 345 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэж давж заалдах гомдол гаргасан боловч 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан болно.

Эвлэрлийн гэрээнд “хариуцагч “АДС” ХХК-д холбогдуулан анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн нийгмийн даатгалын шимтгэлийн дүн 50 981 892 төгрөг, алданги 22 375 345 төгрөг, нийт 73 357 237 төгрөгөөс хариуцагч нь шүүхийн шатанд 50 981 892 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгч тал нь үлдэгдэл алдангид нэхэмжилсэн 22 375 345 төгрөгөөс татгалзаж эвлэрэн хэлэлцэв” гэж заан зохигчид гарын үсгээ зуржээ.

Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомж зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, хариуцагч “АДС” ХХК нарын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаахгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/02555 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс болон “АДС” ХХК нарын хариуцагч шүүхийн шатанд 50 981 892 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч алдангид нэхэмжилсэн 22 375 345 төгрөгөөс татгалзсан тухай эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.О

                            ШҮҮГЧИД                                       М.Н

                                                                                    А.О