Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/201

 

 

 

 

 

2021             02             25                                         2021/ДШМ/201                                                                                                                         Т  M 546                АЛ

Д.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чинзориг,

шүүгдэгч Д.Х-гийн өмгөөлөгч Н.Энхжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 21ий өдрийн 2020/ШЦТ/1248 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргалын гаргасан гомдлыг үндэслэн Д.Х-д холбогдох 2003004650422 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д-гийн Х-, Баянхонгор аймагт 1984 оны 12 дугаар сарын 22ы өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “.....” Хууль зүйн товчоонд туслах ажилтай, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000/

Д.Х- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Содон” хорооллын баруун талын замд “Тoyota prius-20” загварын 72-67 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчин гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.З-ыг автомашинаар мөргөсөн, мөн дүрмийн 14.6-д “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэснийг зөрчиж бууснаас жолоочгүй тээврийн хэрэгсэл нь дахин хохирогчийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Тээврийн прокурорын газраас Д.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Х-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хэргийн бодит байдалд тохирсон дүгнэлт хийж чадаагүй. Д.Х- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс ялаас чөлөөлөх боломжтой. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэсэн байхад Д.Х-г заавал тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилээр хассан нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцлийг бүрэн хангасан дараах үйл баримтууд тогтоогдсон. Шүүгдэгч Д.Х- нь хохирогч Ц.З-ыг мөргөсөн даруйдаа эмнэлэгт үзүүлж өөрийн санаачлагаар иргэний үүргээ биелүүлсэн ба түүнээс хойш эмчилгээний зардал, шаардлагатай эмчилгээний зүйлийг цаг тухайд нь гаргаж өгч байсан. Мөн заавал хохирлын нотлох баримт шаардалгүйгээр сайн дураараа хохиролд зориулж өөрийн эзэмшлийн 5,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашинаа өгч хохирлыг барагдуулсан. Тэрээр гэм буруугаа бүх шатанд хүлээн зөвшөөрч, гэмшиж буйгаа илэрхийлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт болон бусад баримтаар нотлогдож байгаа. Хувийн байдлын хувьд ял шийтгэлгүй, эрх зүйч мэргэжилтэй, олон улсын төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлдэг, нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын ажилд идэвхитэй оролцдог. Бие даан судалгаа шинжилгээний ажил хийж, ном бүтээл туурвисан. Цаашид хуульчийн сонгон шалгаруулалт өгч төрийн албанд орох хүсэлтэй байгаа тул түүнд холбогдох хэрэгт түүнийг ялаас чөлөөлөх боломжтой. Хэрэгт холбогдох үедээ жолоодох эрх нь сэргэсэн байсан ба үнэмлэхээ аваагүй байсан нь түүнийг жолоодох эрхгүй байсан гэж үзэх үндэслэл болохгүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломжтой байсан.

Иймд шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж, жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хүчингүй болгож өгнө үү” гэв.  

            Прокурор Б.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх энэ хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ оногдуулсан. Анхан шатны шүүхээс уг шийдвэрийг гаргахдаа шүүгдэгчийн гэм буруу дээрээ маргаагүй, хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзан үзэж тэнсэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Тухайн үед Д.Х- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан гэдэг нь хэрэгт авагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төвийн лавлагаа зэрэг баримтаар тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шийтгэх тогтоолоос үзэхэд шүүгдэгч Д.Х- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг хэрхэн зөрчсөн талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн ...” гэж заасан иш татсан диспозицид нийцүүлэн дүгнэлт хийгээгүй нь хууль ёсны шаардлагад нийцэхгүй. Гэвч шүүхийн энэхүү алдаа нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзсэн тул давж заалдах шатны шүүхээс залруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.     

Шүүгдэгч Д.Х- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Содон” хорооллын баруун талын замд “Тoyota prius-20” загварын 72-67 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчин гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.З-ыг автомашинаар мөргөсөн, мөн дүрмийн 14.6-д “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэснийг зөрчиж бууснаас жолоочгүй тээврийн хэрэгсэл нь дахин хохирогчийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.З-ын “... хүүхдүүдийн хамт явган хүний гарцаар гарч явахад баруун талаас мөргөсөн. Гэрлэн дохион дээр зогсож байсан жижиг хар өнгийн машинтай намайг хавсарч мөргөсөн. Намайг тэр машин 2 удаа мөргөсөн...” /хх 18-19/,

гэрч Г.Э-ийн “... мөргүүлсэн хүн хүүхэд тэвэрч, бас нэг хүүхэд хөтөлсөн явж байсан. Жолооч нь машиныхаа арааг салгалгүй буусан учраас машин өнхөрч байсан. Би очиж машины арааг салгаж зогсоосон...” /хх 29-30/,

гэрч Ж.О-ын “... замаар гарч явсан эмэгтэйг тэр машин мөргөсөн...” /хх 31/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Ц.З-ын биед умдаг ясны хугарал, баруун зүүн гуянд цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10640 тоот дүгнэлт /хх 43-44/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн зураглал /хх 6-11/, Цагдаагийн Ерөнхий газрын жолоодох эрхийн талаар гаргасан лавлагаа /хх 35/, жолооч Д.Х- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 14.6, 3.7-ийн а/ дахь заалтуудыг зөрчсөн талаар мөрдөгчийн магадлагаа зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “... тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй ...” гэдэгт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-гийн а/-д заасан “тухай ангиллын тээврийг хэрэгслийг жолоодох эрхгүй ...” хүнийг ойлгоно.

Шүүгдэгч Д.Х- нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдсэний учир Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс жолоодох эрхээ 1 жилийн хугацаанд хасуулсан бөгөөд энэ хугацаа дууссан боловч эрх нь сэргээгдээгүй байх тул түүний жолоодох эрхгүй этгээд гэж үзнэ. Тэрээр автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтыг зөрчин гарцаар зам хөндлөн гарч байгаа явган зорчигчийг мөргөж, улмаар автомашинаас буухдаа мөн дүрмийн 14.6 дахь заалтын дагуу бүрэн зогсоох арга хэмжээ авалгүй автомашинаас буусны улмаас жолоочгүй автомашин дахин хохирогчийг мөргөж гэмтээсэн талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэр зэргийн зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Х-гийн гэм буруу хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Явган хүний гарцан дээр явган зорчигчийг мөргөж гэмтээсэн, мөн автомашиныг бүрэн зогсоох арга хэмжээ авалгүй бууснаас жолоочгүй автомашин хохирогчийг дахин мөргөсөн шүүгдэгч Д.Х-гийн үйлдэл авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг дотор нийгмийн хор аюул ихтэйд тооцогдох тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх талаар гаргасан өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21ий өдрийн 2020/ШЦТ/1248 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Х-гийн өмгөөлөгч Н.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ         

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН