Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2017/01260

 

 

 

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2017/01260

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 0000000000 тоотод оршин суух, 53 настай, эрэгтэй, Намсрайн Бийн /РД: 000000000/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: 00000000 тоотод оршин суух, 44 настай, эмэгтэй, Нийн Б /РД: 000000000/, Доржбатын Г /РД: ХП000000/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 8.800.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б,

Хариуцагч Д.Г, Н.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Өнөржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Б миний бие Д.Г, Н.Б нартай найз нөхдийн холбоотой бөгөөд тэдний мөнгө зээлэх хүсэлтийн дагуу Н.Бгийн өмчлөлийн хххххххххххх тоотын 170 м.кв талбайтай, зоорийн давхрын хамт 3 давхар хувийн сууц болон Д.Ггийн эзэмшлийн хххх УБГ улсын дугаар бүхий хьюндай грейс маркийн автомашиныг нь барьцаалж 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 3.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн.

Д.Г, Н.Б нар 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 300.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 300.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сард 400.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөг төлсөн. Үүний 900.000 төгрөг нь зээлийн гэрээний хугацааны хүү.

2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд 3.000.000 төгрөгийн 10 хувийн хүү 3.600.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 3.000.000 төгрөгийн 10 хувийн хүү 3.600.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл 2 сарын хүү 600.000 төгрөг, уг зээлийн хүү нийт 7.800.000 төгрөг болж байна. Үүн дээр үндсэн зээл 3.000.000 төгрөгийн нэмэхэд нийт 10.800.000 төгрөг болж байгаа.

Энэ 10.800.000 төгрөгөөс Н.Г, Д.Б нарын надад өгсөн 2.000.000 төгрөгийг хасахад 8.800.000 төгрөг болж байгаа бөгөөд уг мөнгийг Н.Г, Д.Б нараас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Д.Г, Н.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Г, Н.Б бид гэр бүл бөгөөд нэхэмжлэгч Н.Бтэй бид найз нөхдийн харилцаатай байсан. Бид банкныхаа хүүг төлөхөөр Н.Бээс 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 3.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн. 8.800.000 төгрөгийг хэрхэн тооцож нэхэмжилж байгаа нь ойлгомжгүйгээс гадна зээлийн хугацааг сунгах талаар 2 тал тохирч байгаагүй болно.

2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 300.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 300.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сард 400.000 төгрөг тус тус төлсөн.

Үүний 900.000 төгрөг нь хүүнд төлсөн мөнгө, 1.100.000 төгрөг нь үндсэн зээлээс төлсөн мөнгө юм. Үлдсэн 1.900.000 төгрөгийг боломжтой үедээ эсвэл ажил хийж төлье гэж гуйдаг байсан. Тухайн үед бидэнд ажил олдохгүй хэцүү байсан тул зээлийг бүрэн төлж чадахгүй өдий хүргэсэн.

Одоо бид Н.Бэд 1.900.000 төгрөг төлөх ёстой гэж үзэж байгаа ч мөнгийг нь төлж чадахгүй удаасан учир 3.000.000 төгрөгийг төлье гэж үзэж байна гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Д.Г, Н.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 8.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Н.Б нь Д.Г, Н.Б нартай харилцан тохиролцож, тэдгээрт 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 3.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлсэн нь зохигчийн шүүхэд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, мөн өдрийн мөнгө зээлсэн тухай баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Д.Г, Д.Б нар нь нэхэмжлэгч Н.Бээс 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 3.000.000 төгрөгийг зээлсэн талаараа маргахгүй байгаа болно.

2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн мөнгө зээлсэн тухай баримтанд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зурж баталгаажуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 3 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Н.Б нь 2014 оны 12 дугаар сарын 19-ний зээлийн гэрээний дагуу Н.Бгийн өмчлөлийн хххххххххххх тоотын 170 м.кв талбайтай, зоорийн давхрын хамт 3 давхар хувийн сууцыг барьцаалсан гэх боловч талууд барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156 дугаар зүйлийн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ, 156 дугаар зүйлийн 156.3-т Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч Н.Б гэрээний дагуу барьцаалсан гэх боловч дээрхи шаардлагыг хангасан барьцааны гэрээ байгуулаагүй тул уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэж үзэх боломжгүй.

 

Мөн хариуцагч Д.Ггийн эзэмшлийн хххх УБГ улсын дугаар бүхий хьюндай грейс маркийн автомашиныг барьцаалсан гэх боловч Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.5-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг хуульд заасны дагуу бичгээр байгуулах шаардлагыг хангаагүй тул уг автомашиныг барьцаалсан гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,

282 дүгээр зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно,

282.3-т Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заажээ.

 

Хариуцагч Д.Г, Н.Б нар нь нэхэмжлэгч Н.Бэд 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 300.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 300.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сард 400.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөг төлсөн байх ба зохигчид энэ талаар маргахгүй байгаа болно.

 

Талууд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний хугацааг сунгаагүй байх тул гэрээ ёсоор тохирсон хугацааны хүүг буюу 3 сарын хугацааны хүү 900.000 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагч Д.Г, Н.Б нар нь зээлдүүлэгч Н.Бэд төлөх учиртай.

 

Хариуцагч Д.Г, Н.Б нар нь 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн гэрээгээр тохирсоны дагуу зээлийн төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч Н.Б тэднээс зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Д.Г, Н.Б нарын гүйцэтгэх ёстой үүрэг 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн гэрээ ёсоор:

-Үндсэн зээл-3.000.000 төгрөг,

-Хүү-300.000 төгрөг /3 сар/,

-Нийт гүйцэтгэх үүрэг 3.000.000 төгрөг+900.000 төгрөг=3.900.000 төгрөг.

 

-3.900.000 төгрөг-900.000 төгрөг=3.000.000 төгрөг,

-3.000.000 төгрөг-1.100.000=1.900.000 төгрөг

 

Хариуцагч Д.Г, Н.Б нар нь дээрхи гэрээ ёсоор 1.900.000 төгрөг төлөхөөр байх боловч тэд нэхэмжлэгч Н.Бэд 3.000.000 төгрөгийг өгнө хэмээн тайлбарлаж байх тул хариуцагч нарын хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иймд хариуцагч Д.Г, Н.Б нараас 3.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Бэд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5.800.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Д.Г, Н.Б нараас 3.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Бэд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5.800.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г, Н.Б нараас 62.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Бэд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Н.САРАНГҮН