Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/29

 

 

 

 

 

 

 

 

2025       02           05                                          2025/ШЦТ/29

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаяр, шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төмөртогоогийн *******д холбогдох эрүүгийн 2439000000425 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.******* нь 2023 оны 11 дүгээр сард хээр зүсмийн хязаалан насны морьтой Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Т.*******ын эзэмшлийн хүрэн алаг зүсмийн 1 тооны эр бярууг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2439000000425 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн  хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Шүүгдэгч Т.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэж тус тус байр сууриа илэрхийлжээ.

Шүүгдэгч Т.******* “Үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нарт хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа” гэж мэдүүлсэн болно.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Т.******* нь 2023 оны 11 дүгээр сард хээр зүсмийн хязаалан насны морьтой Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Т.*******ын эзэмшлийн хүрэн алаг зүсмийн 1 тооны эр бяруу буюу бусдын малын хулгайлсан болох нь:

-Т.*******аас Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 1 дэх хуудас),

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас),

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас),

-Хохирогч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Хэнтий аймгийн ******* сумын 2-р багт 2022 оноос мал маллан аж төрж байна. Одоогоор өөрийн болон ээжийн нэр дээрх 233 тооны үхэртэй бөгөөд 2023 оны 12 сарын сүүлээр ******* ар гэх шинэ өвөлжөөнөөсөө хуучин өвөлжөө болох ******* ар гэх газар луу очоод удаагүй байхад буюу 2024 оны 01 сарын үед үхрээ тоолтол 1 тооны бяруу дутсан бөгөөд тухайн бяруу нь хүрэн алаг зүсмийн эр бяруу алга болсон байсан. Тэгээд би ойр хавын айлуудаар явж эм зүсээр нь асууж сураглахад бүгд хараагүй гэсэн. Тухайн үед тэгээд сураг гарахгүй байсан учир чоно, нохойны хоол болсон юм болов уу гэж бодоод явж байтал 2024 оны 10 дугаар сарын 20-нд Дадал сум руу очих гээд замд явж байтал сумын төвөөс хойд зүгт 5 орчим км-т байх айлын хажууд манай алга болсон хүрэн алаг зүсмийн зүүн талын чих араасаа догол, баруун тал урдаасаа догол имтэй эр бяруу маань замын хажууд байж байхаар зургийг нь аваад тугал байхад нь авсан байсан зургийг нь харьцуулж үзтэл яг таарч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),

-Гэрч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2018 оноос хойш төрсөн нутагтаа буюу Хэнтий аймгийн ******* суманд мал маллахаар хотоос ирсэн. 2023 оны байдлаар 66 тооны үхэр 34 хонь, ямаа тоолуулсан бөгөөд 2024 оны эхээр би тугал авна гэж ойрын хүмүүстээ хэлсэн байсан. Тэгтэл тухайн оны буюу 01 юм уу 02 сарын үед манай төрсөн ах болох Т.******* нь “чи тугал авах юм уу, манайд тугал байна” гэхээр нь “тэгье, та ачаад аваад ирээрэй” гэж хэлсэн. Тухайн үед манай ах болох Т.******* нь ******* сумын 2 дугаар баг Сонорын даваанаас урагшаа өвөлжиж байсан бөгөөд тугал зарна гэж ярьснаас 7 хоногийн дараа 12 цагийн үед Т.******* ах өөрийн хөх өнгийн тэвштэй машин дээрээ хүрэн алаг засчихсан догол имтэй эр тугал ачаад манайд аваад ирсэн тэгэхээр нь би бэлэн мөнгөөр 300,000 өгсөн. Тэгээд буцаад яваад өгсөн. Би тухайн үедээ төрсөн ахаасаа авч байсан болохоор ямар нэгэн юм бодоогүй авчихсан одоог хүртэл манай үхэрт тэр тугал нь бяруу болчихсон сүрэг дунд маань байгаа. Би сайн харж авсан зүүн тал нь догол имтэй засчихсан эр тугал байсан. Би Т.******* ахын үхрийн ямар имтэй байдаг гэдгийг сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),

-Сэжигтэн Т.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2000 оноос хойш мал маллаж байгаа бөгөөд одоогоор Хэнтий аймгийн ******* сумын 2-р баг Сонорын давааны энгэр гэх газар өвөлжиж, Орной гэх газар зусдаг. 2023 оны 11 сарын эхээр манайх өвөлжөөн дээрээ буюу Сонорын даваа гэх газар байсан. Тухайн үед манай үхэр гэрээс урагшаа 3-4 км зайд буюу эргэцэг, бөгтөр ухаа гэх газарт ихэвчлэн бэлчдэг байсан. 11 сарын эхээр яг сар өдрийг санахгүй байна би орой үхрээ татахаар хээр морьтойгоо очтол манай үхрийн цаад захад өөр айлын улаан алаг зүсмийн ногооны бяруу явж байхаар нь цуг туугаад гэр лүүгээ аваад явчихсан. Тэгээд би өөрийн малтайгаа нийлүүлж тэжээж байгаад 2024 оны 02 сарын эхээр манай дүү болох Т.******* бяруу авч байгаа гэхээр нь дүүд 300,000 төгрөгөөр зарахаар тохироод хэд хоногийн дараа би өөрийн эзэмшлийн Бонго 3 маркийн машин дээрээ ачаад 10 цагийн үед сумын төвөөс хойш Нарангийн энгэр гэх газарт байх өвөлжөөн дээр нь аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),

-Бодит үнэлгээ ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ШД-436 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 28-30 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Т.*******ын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв, тохирсон байна гэж үзлээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлснээр эсхүл захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.

Шүүгдэгч нь бусдын малыг нууцаар, хэнд ч мэдэгдэлгүйгээр бэлчээр дээрээс нь хулгайлан авч өөрийн малдаа нийлүүлсэн, улмаар өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулсан идэвхтэй үйлдэл байх бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.******* нь Т.*******ын 1 тооны бярууг хулгайлан авсан үйл баримт тогтоогдсон болно.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Т.******* нь хохирогч Т.*******ын эзэмшлийн хүрэн алаг зүсмийн 1 тооны эр бярууг нууц далд аргаар хууль бусаар авсан гэмт үйлдлийн улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогчийн зүгээс малаа хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хохирлын талаар:

Шинжээчийн гаргасан 436 дугаартай эд зүйлийн үнэлгээний дүгнэлт (хавтаст хэргийн 28-30 дугаар хуудас)-ээр хохирогч Т.*******ын эзэмшлийн 1 тооны эр бярууг 300,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хохирогч энэхүү үнэлгээтэй холбоотой санал, хүсэлт гаргаагүй байна.

Мөн мөрдөгчөөс хохирогчийг хэргийн материалтай танилцуулахаар мэдэгдэхэд “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж тэмдэглүүлсэн, шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралд оролцохгүй” гэж мэдүүлсэн, шүүгдэгч “хохирогчид биет байдлаар малыг нь буцаан өгсөн” гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Т.*******ыг тогтоосон боловч иргэний нэхэмжлэгч нь “...300,000 төгрөгөө буцаан авсан, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Улсын яллагчаас “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч үйлдсэн гэмт хэргээ бүрэн дүүрэн хүлээж байгаа, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Т.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хэнтий аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээр тогтоож, тухайн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж, түүнд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Бусад зүйлийн талаар:

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан хээр зүсмийн хязаалан адууны үнэ 1,000,000 төгрөгийг улсын орлого болгох саналтай байна” гэх саналыг гаргасан бол өмгөөлөгчийн зүгээс энэ талаар ямар нэг тайлбар гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Т.*******ын гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан нэг тооны адуу нь одоо байхгүй, үхэж үрэгдсэн талаар шүүгдэгч мэдүүлсэн тул уг адууны үнэлгээ 1,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаруулж улсын орлого болгох нь зүйтэй.

Эрүүгийн 2439000000425 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* ургийн овогт Төмөртогоогийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Хэнтий аймгийн ******* сумаас гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан нэг тооны адууны үнэлгээ 1,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгосугай.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уг тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            А.МӨНХСАЙХАН