| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2018/01959/И |
| Дугаар | 101/ШШ2018/01897 |
| Огноо | 2018-05-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2018/01897
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Өнөр хороолол, 45 тоот хаягт оршин суух, Боржигон овогт А.Э /регистрийн дугаар: -ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Жансран уулын өвөр 2 тоот хаягт оршин суух Боржигон овогт А.З /регистрийн дугаар: /-д холбогдох,
Хууль бус эзэмшигчээс өөрийн өмчлөлийн контейнэрийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Э, хариуцагч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч А.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Техник импортоос 40 тоннын 123654 дугаартай контейнэрийг 2,900,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд өөрийн төрсөн эгчийн хашаанд буулгасан. Тухайн үед манай эгч энэ контейнэр дотор чинь мужааны ажил хийж болох уу гэж асуухад нь би зөвшөөрсөн. Тус маргаан бүхий контейнэр надад 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хэрэг болоод авах тухай мэдэгдэхэд эгч нь чамаас хөлслөөд мөнгийг нь өгч байна гээд эхэндээ хөлслүүлсэн төлбөрийг төлж байгаад 2017 оны сүүлээс эхэлж төлөхөө больсон.
Би тус контейнэрийг Говь-Алтай аймаг руу өөрийн хамтарсан махны цех рүү ачуулж тэндээ ашиглах болсон тухай 2017 оны 12 дугаар сард өөрийн төрсөн эгчдээ хэлсэн боловч Цагаан сар өнгөрөөгөөд аваарай гэж хэлээд буцаасан. Би цагаан сар өнгөрөөд авах гэхэд энэ контейнэр одоо миний болсон өгөхгүй гэсэн. Иймд хууль бус эзэмшигчээс миний өмчлөлийн контейнэрийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Э бол миний төрсөн дүү бөгөөд 40 тоннын контейнэрийг манай хашаанд авч ирж тавиад наймааны мах, гэдэс, толгой зэргийг хийж байя, хашаанд чинь тавьсны хөлс сард 50,000 төгрөг өгье гэж гуйхад нь би зөвшөөрснөөр 2013 оны 11 дүгээр сарын 18-нд контейнэрийг авч ирж тавьсан. Мужааны ажил контейнэрт хийнэ гэсэн нь худлаа. А.Э нь тэр жилийнхээ өвөл, контейнэртээ үхрийн толгой, гэдэс хийж, дараа жил нь мах хийж өвөлжүүлсэн. 2015, 2016 оны намар, өвөл нь бас л наймааны самар хийж ашигласан. Энэ хугацаанд сар бүр 50,000 төгрөг өгнө гэсэн боловч огт өгөөгүй. 2016 оны 4 дүгээр сард манайх хашаагаа хувааж зарах болоод контейнэрээ ав гэхэд аваагүй, хашаандаа аргалаад тавьчих гэхэд нь нөхөр бид хоёр кран 200,000 төгрөгөөр хөлслөөд байрлалыг нь өөрчилж тавьсан. Түүнээс хойш контейнэрт А.Эы болон манай ойр зуурын юм бараг хоосон байгаа.
2016 онд А.Э нь нөхөр бид хоёроор самар түүлгээд хөлс, мөнгө 2,400,000 төгрөгийг минь өгөөгүйгээс бид муудалцаад 2 бил болж байна. Сая утасдаад контейнэрээ авъя гэхэд нь самрын тооцоо 2,400,000 төгрөг, манай хашааны түрээс болох мөнгөө өгөөд ав гэж хэлсэн.
Самрын тооцоо 2,400,000 төгрөг, түрээсийн төлбөр 2,000,000 төгрөгийг гаргаж өгвөл контейнэрийг нь өгөхөд бэлэн байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Э нь хариуцагч А.З-д холбогдуулан, хууль бус эзэмшигчээс өөрийн өмчлөлийн контейнэрийг гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь контейнэрийг өөрийн хашаандаа байлгасны хөлс 2,000,000 төгрөг болон самрын төлбөр тооцоо гэх 2,400,000 төгрөгийг нэхэмжлэгч төлөөгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
Хариуцагч А.З-гийн хашаанд байгаа гэх 40 тоннын контейнэрыг нэхэмжлэгч А.Э нь 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр худалдан авсан төлбөрийг төлсөн гэх депозит дансны хуулга болон А.Э тухайн контейнэрийг өөрийн эгч А.З-гийн хашаанд буулгасан гэх тайлбараас үзэхэд, нэхэмжлэгч А.Э-ыг тухайн контейнэрийн өмчлөгч мөн гэж үзнэ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч нь өөрийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин хариуцагч А.З нь контейнэрийг өөрийн хашаандаа байлгасны хөлс 2,000,000 төгрөг болон самрын төлбөр тооцоо гэх 2,400,000 төгрөгийг төлбөл контейнэрийг өгнө гэж шүүхэд тайлбарласан боловч контейнэрийг хашаандаа байрлуулсны хөлс төлөхөөр тохиролцсон гэх тайлбар нотлогдоогүйн дээр контейнэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 73 дугаар зүйлд тухайлан зааснаар шүүхэд гаргаагүй тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч А.З-гаас 40 тоннын контейнэрийг гаргуулж нэхэмжлэгч А.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан, хариуцагч А.З-гаас 40 тоннын контейнэрийг гаргуулж нэхэмжлэгч А.Э-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,350 төгрөгийн 61,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 10,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс буцаан гаргуулж, хариуцагч А.З-гаас улсын тэмдэгтийн хураамжид 61,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Э-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА