Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/31

 

 

 

 

 

 

 

 

2025       02           06                                          2025/ШЦТ/31

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв, хохирогч Д.*******, шүүгдэгч Г.*******, Ю.*******, шүүгдэгч Ю.*******ын өмгөөлөгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******, Ю.******* нарт холбогдох эрүүгийн 2439002730435  дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.*******, Ю.******* нар бүлэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 21 цагийн орчим Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг ******* *******н 2-212 тоот хашаанд хохирогч Д.*******тэй “та нар гар, айл амраа” гэж хэллээ гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэгт 1-2 удаа өшиглөж, ноцолдож, түүний эрүүл мэндэд “тархи доргилт, дух, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, дээд уруул, баруун өвдгөнд цус хуралт, *******, баруун хацар, шанаа, дээд уруулд зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2439002730435 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Д.Чулуунпүрэв: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж;

Шүүгдэгч Ю.*******ын өмгөөлөгч Л.*******: “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэж тус тусын байр суурийг илэрхийлсэн болно.

Шүүгдэгч Г.*******: “Би шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно, гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******, Ю.******* нар “мэдүүлэг өгөхгүй, өмнө мөрдөн байцаалтад мэдүүлгээ гаргасан” гэж тус тус мэдүүлэг гаргаагүй бол хохирогч Д.******* “...2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр С.******* гэх айлд байж байхад Г.*******, Ю.******* нар адуугаа асуугаад орж ирсэн. С.******* ах энэ хоёрыг унтуулж амраахгүй шуугилдаад байсан гэхээр нь би “та хоёр явж амар” гэж хэлсэн. Гадаа гартал яваагүй байсан бөгөөд намайг дуудаад байхаар нь очтол байшингийнх нь урд архи уугаад сууж байсан. Тэр архинаасаа нэг хийж өгөхөд нь уугаад “та хоёр явахгүй яасан юм” гэж хэлээд маргаан болсон. С.******* ах цагдаа дуудсан байсан.Би Г.*******, Ю.******* нарт гомдол саналгүй, хохирол төлбөрөө барагдуулсан байгаа, залуу хүмүүс дахин ийм алдаа битгий гаргаасай гэж бодож байна” гэх мэдүүлгийг гаргасан болно.

1. Шүүгдэгч Г.*******, Ю.******* нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.*******, Ю.******* нар нь бүлэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагийн орчим Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг ******* *******н 2-212 тоотод хохирогч Д.*******тэй “та нар гар, айл амраа” гэж хэллээ гэх шалтгаанаар маргалдаж улмаар хохирогчийн нүүр хэсэгт 1-2 удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-Хохирогч Д.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр би ах Бат-Эрдэнийн ******* сумын төвд байх гэрт нь байсан юм. Тэгтэл *******, ******* нар гаднаас орж ирсэн. ******* ах “та нар битгий архи уугаад бай” гэж хэлээд гэрээсээ гаргасан юм. Удалгүй би араас нь гартал *******, ******* хоёр ******* ахын хашаанд гэрийнх нь үүдэнд архи уугаад байж байсан. Надад архинаасаа хийж өгөхөөр нь би 1 татчихаад “одоо та нар гар, айл амьтан амраа” гэж хэлтэл *******, ******* нар над руу “та бид нарыг хөөлөө” гээд уурлаад дайраад байсан. Би *******тай зууралдаад байж байтал ******* миний нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон ба тонгойтол ******* миний нүүр хэсэг рүү 1 удаа өшиглөсөн тэгээд л *******, ******* хоёулаа нийлээд намайг балбаад эхэлсэн. Сүүлдээ хэн нь хаашаа цохиж байгаа нь ч мэдэгдэхээ больсон. Би ухаан алдаад нэг сэртэл эмнэлэгт сэрсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дэх тал),

-Гэрч С.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* *******н 2-212 тоотод хүүгийнхээ хамтаар хоёулаа амьдардаг. ...2024 оны 6 дугаар сарын 11-ний орой 19 цаг өнгөрч байхад миний өмнө нь малыг нь хардаг байсан айлын эзэн нутгийн залуу Д.******* манай гэрт ганцаараа эрүүл хүрч ирсэн. Ингээд би *******д гэртээ байсан 1 шил 0.75 литрийн “Хараа” нэртэй архийг гаргаж өгөөд бид хоёр уугаад сууж байхад орой 20 цаг өнгөрч байх үед манай гэрт гаднаас нутгийн таньдаг залуучууд болох Г.*******, Ю.******* 2 орж ирсэн. Ингээд тэр хоёрт ууж байсан архинаас Д.******* нэг удаагийн цаасан аягаар 2-3 удаа тус бүр хийж өгсөн. Тэгэхээр нь би уурлаад Г.*******, Ю.******* нарыг “та хоёр одоо болно, манай гэрт архи уухгүй” гэж хэлсэн. Ингээд намайг хэлэхээр Г.*******, Ю.******* хоёр манай гэрээс гараад явсан. Тэгээд ******* бид хоёр ууж байсан 1 шил архиа хувааж ууж дуусгаад манай гэрээс Д.******* гэртээ харих гээд гэрээс гадагш гарсан. Тухайн үед цаг анзаараагүй юм. Тэгээд би гэртээ ганцаараа үлдээд унтах гээд гэр орноо цэвэрлээд байж байтал манай гэрийн хашаан дотор гэнэт хүмүүс дуугараад чанга, чанга яриад байхаар нь гэрээсээ гараад хартал Д.*******, Г.*******, Ю.******* нар хоорондоо зууралдаад хашааны урд хэсэгт хаалганы ойролцоо зодолдоод байсан. Би тухайн хүмүүс дээр хүрч очоод “больцгоо” гэж хэлтэл улам хоорондоо зодолдоод салахгүй байсан учраас би сумын цагдаагийн тасаг руу хүрч очиж дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн үед Г.*******, Ю.******* хоёр нийлээд Д.Болор-Эрдэнийг зодоод байгаа харагдсан. Ю.******* нь дээлийнх нь энгэр хэсгээс заамдсан байдалтай, харин Г.******* нь дээлийнх нь мөр хэсгээс гараараа зуурсан байдалтай байсан бөгөөд Г.******* нь намайг харж байхад Д.Болор-Эрдэнийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохиж байгаа харагдсан. Тэгэхээр нь би “боль” гэж хэлэхэд миний үгэнд орохгүй байсан. Харин би Ю.*******ыг Болор-Эрдэнийн хаашаа нь цохисон талаар хараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30 дахь тал),

 

-Гэрч С.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн “...Би гэрээс гараад тэр 3 дээр очиход *******, Болор-Эрдэнийг заамдчихсан ******* дээлийн мөрөн дээрээс нь барьчихсан байсан. Яг намайг очоод “боль” гэж хэлэхэд ******* Болор-Эрдэнийн нүүр рүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал),

-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Д.*******ийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1.Д.Болор-Эрдэнийн биед тархи доргилт, дух, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний зовхи, дээд уруул, баруун өвдгөнд цус хуралт, *******, баруун хацар, шанаа, дээд уруулд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх 290 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 36-38 дахь тал) зэрэг баримтууд болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Тодруулбал, шүүгдэгч Г.*******, Ю.******* нар нь хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцнэ.

Шүүгдэгч нарын хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Прокуророос шүүгдэгч Г.*******, Ю.******* нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв, тохирчээ6

Учир нь шүүгдэгч Г.*******, Ю.******* нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахдаа бүлэглэж үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Д.Болор-Эрдэнийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, шүүгдэгч нарын хэргээ хүлээн зөвшөөрсөн зэргээр нотлогдож байх тул тэднийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “бүлэглэж” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилжээ.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Д.******* нь гэмт  хэргийн улмаас учирсан шууд хохиролд баримтаар нэхэмжилсэн хохиролгүй боловч хохирол төлбөрт 1,000,000 төгрөг дансаар авсан одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байх тул энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.*******, Ю.******* нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: “Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн талаар маргаагүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч Ю.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 380 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч Ю.******* урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа холбогдож байсан нөхцөл байдлыг харгалзсан талаар тайлбар гаргасан бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хохирол төлбөрөө төлж барагдуулсан тул торгох ял оногдуулж өгнө үү. Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй” гэж, шүүгдэгч Г.*******, Ю.******* нар “торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тусын санал, тайлбар гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Ю.******* нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй уг ялуудыг бүрэн эдэлж дууссан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхгүйгээр ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Харин Г.******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал тогтоогдож байх боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд хамаарахгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г.*******, Ю.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Бусад шийдвэрийн талаар:

Шүүгдэгч Г.*******, Ю.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ургийн овогт Ганбатын *******, ургийн овогт Юрагийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******, Ю.******* нарыг тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Шүүгдэгч нар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх төлөгдөөгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Ялтнуудын эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.МӨНХСАЙХАН