Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашгайн Отгончулуун |
Хэргийн индекс | 151/2021/00046/И |
Дугаар | 151/ШШ2021/00576 |
Огноо | 2021-08-12 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 151/ШШ2021/00576
2021 08 12 151/ШШ2021/00576
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Б-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З.О-т холбогдох
45.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.***, гэрч Л.***, нарийн бичгийн дарга Ш.Баттөмөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.*** шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр би өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 31 дүгээр байр, 22 тоотод байрлах, 40 м.кв талбайтай 2 өрөө байрыг барьцаалан “Капитал” ББСБ-аас 45.000.000 төгрөгийн зээл авч хариуцагч З.***т 45.000.000 төгрөгийг зээлдүүлсэн. Тухайн үед З.*** нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөлд шалгарсан, төслийн мөнгө 7 хоногийн дараа орж ирэхээр буцааж өгнө гэсэн болзолтойгоор 45.000.000 төгрөгийг надаас зээлсэн. З.*** нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Иргэний хуульд нийцүүлэн Төлбөр барагдуулах гэрээг надтай байгуулсан. Уг гэрээгээр З.*** нь 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр “Капитал” ББСБ-аас Э.*** миний авсан 45.000.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Төлбөр барагдуулах гэрээний агуулга нь хариуцагч З.*** нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг сунгах талаар харилцан тохиролцсон баримт бичиг юм. Иймд иргэн З.***ээс 45.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.*** нь Э.***ы төрсөн эцэг Л.***тай хамтран Төв аймгийн Эрдэнэ сумын дотуур байрны барилга, Төв аймаг, Зуунмод суманд хэрэгжүүлэх 9 мб нарны цахилгаан станц барих төсөлд тус тус хамтран ажиллаж байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан зарим мөнгийг Л.*** нь З.***т өгсөн учраас нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд Э.*** биш гэж үзэж байна. Мөн дээрх мөнгөнөөс Л.***т заримыг нь буцааж өгсөн. Холбогдох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгнө. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид 45.000.000 төгрөг авсан гэдэг дээр маргаагүй, авсан нь үнэн, аваад төслийн ажилд зарцуулаад явсан. Э.***ы байрыг барьцаанд тавиулж 45.000.000 төгрөгийг зээлж авсан. Одоо ч энэ зээлийг нь З.*** төлөөд явж байгаа. Гэхдээ энэ мөнгийг Э.***аас биш түүний аав Л.***аас авсан. Иймд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нь Э.*** биш юм гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*** шүүх хуралдаанд гаргасан эрх зүйн дүгнэлтдээ: Э.*** нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн өмчлөлийн 40 м.кв талбайтай 2 өрөө байрыг барьцаалан “Капитал” ББСБ-аас 45.000.000 төгрөгийн зээл авч хариуцагч З.***т 45.000.000 төгрөгийг зээлдүүлсэн байдаг. Тухайн үед З.*** нь төслийн мөнгө 7 хоногийн дараа орж ирэхээр буцааж өгнө гэсэн болзолтойгоор 45.000.000 төгрөгийг зээлсэн. З.*** нь мөнгийг хүлээж аваад гарын үсэг зурсан банкны баримтыг хэрэгт өгсөн байгаа. Ингээд З.*** нь тохирсон хугацаандаа мөнгөө өгөөгүй тул 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Иргэний хуульд нийцүүлэн Төлбөр барагдуулах гэрээг Э.***тай байгуулсан байдаг. Уг гэрээгээр З.*** нь 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр “Капитал” ББСБ-аас Э.***ы авсан 45.000.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Төлбөр барагдуулах гэрээний агуулга нь хариуцагч З.*** нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг сунгах талаар харилцан тохиролцсон баримт бичиг юм.
Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1-д: Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, гэж заасны дагуу З.***ээс 45.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Хариуцагч З.*** нь Э.***аас 45.000.000 төгрөг зээлж авсан гэдгээ удаа дараа хүлээн зөвшөөрсөн баримт байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн 45.000.000 төгрөг авсан гэдэг дээр маргаагүй, авсан нь үнэн гэдгийг хэллээ. Гэхдээ энэ мөнгийг Э.***аас биш түүний аав Л.***аас авсан гэдэг тайлбар нь үндэслэлгүй. Гэрч Л.*** энэ талаар тодорхой хэлсэн. “Энэ 45.000.000 төгрөгийн асуудал надтай холбоогүй, З.*** нь миний хүү Э.***тай уулзаад байрыг нь барьцаанд тавиулж 45.000.000 төгрөгийг зээлж авсан байсан” гэж гэрч тодорхой мэдүүлсэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, иргэн З.***ээс 45.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Гэрч Л.*** шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: З.*** мөнгө зээлээч гэж над руу ярьсан. Тухайн үед надад мөнгө байгаагүй тул байхгүй гэдгээ хэлсэн. Тэр үед би хөдөө ажлаар явж байсан юм. Гэтэл З.*** нь манай хүү Э.***тай яриад байрыг нь барьцаанд тавиулж 45.000.000 төгрөг зээлж авсан байсан. Энэ асуудалд нь би оролцоогүй, сүүлд хүүгээсээ сонссон. З.***ийн хувь эзэмшдэг “БН” ХХК нь манай “Тусгал төв” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр явдаг. Иймд З.*** манайхаас мөнгө зээлэх, өгч авах асуудал байдаг.
“БН” ХХК-ийн албан бичигт дурьдсан 28.000.000 төгрөгийг суутгуулж тооцуулах асуудал нь надтай буюу манай “Тусгал төв” ХХК-тай холбоотой асуудал. Би “Тусгал төв” ХХК-ийн захирал нь юм. З.*** нь надаас буюу “Тусгал төв” ХХК-аас 47.500.000 төгрөг зээлсэн байсан.
Манай “Тусгал төв” ХХК Төв аймгийн Эрдэнэ суманд 320 хүүхдийн сургуулийн барилга барихад “БН” ХХК туслан гүйцэтгэгчээр ажиллаж 60.000.000 төгрөгийн өртөг бүхий сантехникийн ажил хийсэн бөгөөд энэ 60.000.000 төгрөгнөөс нь би З.***т зээлүүлсэн 47.500.000 төгрөгөө суутгаж тооцох асуудлыг тавьсан юм. Үүнийг З.*** зөвшөөрсөн боловч “БН” ХХК-ийн захирал Н.Бадрах нь “47.500.000 төгрөгийг бүгдийг нь суутгаад авчихвал бид ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй болно. Та 28.000.000 төгрөгийг нь суутгаж ав, үлдэх 32.000.000 төгрөгийг бидэнд өгчих” гэснээр бид тохирч З.***ийн манайд төлөх 47.500.000 төгрөгийн өрнөөс 28.000.000 төгрөгийг нь суутгаж авсан. Одоо манай компани З.***ээс 19.500.000 төгрөгийн авлагатай байгаа. Энэ асуудал бол Э.***тай холбоогүй, “БН” ХХК болон манай “Тусгал төв” ХХК-ийн хоорондын асуудал юм гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.*** нь З.***т холбогдуулан 45.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч З.*** нь 45.000.000 төгрөг зээлж авснаа зөвшөөрч байх боловч “Энэ мөнгийг Э.***аас биш түүний аав Л.***аас авсан. Иймд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нь Э.*** биш” гэсэн тайлбар гаргаж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч З.*** нь 2015 оны 09 сарын 30-ны өдөр Э.***аас 45.000.000 төгрөгийг зээлж авсан болох нь хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн баримтын хуулбар /ХХ-35 дугаар хуудас/, нэхэмжлэгч хариуцагч нарын 2018 оны 10 сарын 29-ны өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээ”-ний хуулбар /ХХ-5 дугаар хуудас/, хариуцагч З.***ийн Цагдаагийн байгууллагад өгсөн “Л.***ын хүү Э.***аас 45.000.000 төгрөгийг бэлэн мөнгөөр авсан. Энэ мөнгийг төслийн ажилд зарцуулсан. Хөрөнгө оруулалт орж ирэхээр буцаан өгөхөөр тохирсон. Бичгээр гэрээ хийсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /ХХ-61-63 дугаар хуудас, Баянгол дүүргийн Прокурорын тогтоол/, гэрч Л.***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ .. З.*** нь манай хүү Э.***тай яриад байрыг нь барьцаанд тавиулж 45.000.000 төгрөг зээлж авсан байсан” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Тодруулбал зохигчдын хооронд 2018 оны 10 сарын 29-ны өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээ”-гээр З.*** нь Э.***аас 45.000.000 төгрөг зээлж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч уг мөнгийг хүүгийн хамт 2018 оны 11 сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээж, гарын үсэг зурсан байна.
Мөн хариуцагч нь Э.***аас 45.000.000 төгрөг зээлж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч Цагдаагийн байгууллагад мэдүүлж байсан болох нь Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 3614 тоот прокурорын тогтоолд дурьдагдсан байна.
Иймд Э.***, З.*** нар нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хэлцлийн гол нөхцлийн талаар хэлэлцэн тохиролцсон, нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “энэ мөнгийг Э.***аас биш түүний аав Л.***аас авсан. Иймд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нь Э.*** биш” гэж тайлбарлаж байх боловч энэ тайлбараа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, түүний энэ тайлбар нь дээр дурьдсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгааг дурьдах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.2, 38-р зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй болно.
Нөгөөтэйгүүр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурьдагдсан Э.***ы аав гэх Л.*** шүүх хуралдаанд гэрчээр оролцож “З.*** нь манай хүү Э.***тай яриад байрыг нь барьцаанд тавиулж 45.000.000 төгрөг зээлж авсан байсан. Энэ асуудалд нь би оролцоогүй” гэж мэдүүлэг өгсөн байна. Иймд хариуцагчид мөнгө зээлдүүлсэн буюу нэхэмжлэх эрхтэй этгээд нь Л.*** гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 45.000.000 төгрөг авсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй ба хэрэгт авагдсан баримтуудаар З.*** нь 45.000.000 төгрөгийг Э.***аас зээлж авсан болох нь тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1-д: Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч З.***ээс 45.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.***д олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Тус хэрэгт нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гарган өгсөн “БН” ХХК-ийн “Тусгал төв” ХХК-д хаягласан, зээл төлөх талаарх албан бичиг нь он, сар, өдөр, дугаар тавигдаагүй, хэзээ бичигдсэн нь тодорхойгүй зэргээр албан бичгийн болон нотлох баримтын шаардлага хангахгүй /ХХ-78 дугаар хуудас/, мөн хариуцагч З.***ийн гараар бичсэн тодорхойлолт /ХХ-82 дугаар хуудас/, Л.***, З.*** нарын зээлийн тооцоо /ХХ-83-84 дүгээр хуудас/ зэрэг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хэрэгт хамааралгүй тул шүүх үнэлээгүй, эдгээр баримтууд шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурьдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Э.***ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.***ээс 387.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.***д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч З.***ээс 45.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.***д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Э.***ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.***ээс 387.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.***д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоногийн дараа шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН