Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 221/MA2017/0313

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаарh221/МА2017/0313 

Улаанбаатар хот

 

 

  Д.Үүрийнтуяагийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дондогмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 118 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Үүрийнтуяагийн  нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 118 дугаар шийдвэрээр: Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1, 6.3, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Үүрийнтуяагийн “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал давж заалдах гомдолдоо: “...Шүүх нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн талаар: Шүүх маргаан бүхий захиргааны акт болох Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1, 6.3, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг тус тус үндэслэн, Улсын Их Хурлаас 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн баталсантай холбогдуулан Д.Үүрийнтуяаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ашигт малтмалын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Хариуцагч Засгийн газар уг захиргааны актыг гаргахдаа Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг ... эрхлэх асуудлын хүрээнд нь тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар ... чөлөөлнө” гэж заасныг зөрчиж, холбогдох Засгийн газрын гишүүний саналд үндэслэлгүйгээр, өөрийн санаачилгаар агентлагийн даргыг чөлөөлж, хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн төрийн албанд хөдөлмөрлөх эрх, төрийн албанаас хууль бусаар халагдахгүй байх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгээгүй.

Мөн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар ажлаас халах үндэслэл тогтоогдоогүй байхад хууль бусаар ажлаас чөлөөлсөн.

Хариуцагч Засгийн газар нь Ашигт малтмалын газар, Газрын тосны газруудыг нийлүүлэх замаар өөрчлөн зохион байгуулж, Ашигт малтмалын газрын даргын орон тоо хасагдсантай холбогдуулан Д.Үүрийнтуяаг Ашигт малтмалын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн гэдэг. Гэтэл анхан шатны шүүх төрийн байгууллагыг өөрчлөн зохион байгуулсан уг фактыг дүгнэхдээ “Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн батлах тухай 12 дугаар тогтоолоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрыг ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын газар болон Газрын тосны газрыг нэгтгэн зохион байгуулж, Ашигт малтмал, газрын тосны газрыг байгуулсан байна. ... Түүнчлэн Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх үүрэг хариуцлагыг өөр хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нэгтгэх гэнэ” гэж заасан” гэж нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, улмаар буруу хууль хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй.

Зохигчдын анхан шатны шүүх хуралдаан дээр гаргаж мэтгэлцсэн тайлбаруудаар Ашигт малтмалын газар, Газрын тосны газар гэсэн хоёр агентлагийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон Ашигт малтмал, газрын тосны газарт шилжүүлж, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасан “хуулийн этгээдийг нийлүүлэх” замаар өөрчлөн байгуулсан болохыг шүүх буруу дүгнэсэн.

Шүүгч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлээ шүүх хуралдаанд товч тайлбарлахдаа, “Товчхондоо, ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэдэг нь тогтоогдсонгүй” гэдэг боловч бичгээр гарсан шүүхийн шийдвэрт ийм дүгнэлт, тайлбарыг тусгаагүй байна. Харин тэрээр шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн зохицуулалтыг хэрэглэсэн, мөн “Ийнхүү Ашигт малтмалын газар, Газрын тосны газрыг нэгтгэснээр Ашигт малтмалын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нэмэгдсэн, ажлын байранд тавигдах шаардлага өөрчлөгдсөн зэргээс үзвэл тухайн ажлын байранд тавих ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах ёстой” хэмээсэн нь “Товчхондоо, ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэдэг нь тогтоогдсонгүй” хэмээх тайлбартай нь нийцэхгүй байгаагаас гадна нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдаагүй гэдгийг нотолсон, ажлын байранд тавигдах өөрчлөгдсөн шаардлагыг нэхэмжлэгч Д.Үүрийнтуяа хангаагүй гэдгийг нотолсон баримт байхгүй байхад ажлаас чөлөөлсөн хууль бус шийдвэрийг хууль ёсных гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхэд хүргэж байна.

Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан хуулийн этгээдийг нэгтгэсний үр дүнд үйл ажиллагаа нь зогссон хуулийн этгээдийн эрх, үүрэг, хариуцлага бүр мөсөн үгүй болдоггүй, харин өөр хуулийн этгээдэд шилжих замаар чиг үүрэг нь хадгалагддаг. Гэтэл Ашигт малтмалын газар, Газрын тосны газрын аль нэгнийх нь үйл ажиллагааг зогсоож, нөгөөд нь нэгтгээгүй, харин Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар хоёулангийнх нь үйл ажиллагааг зогсоож, шинээр бий болсон хуулийн этгээдэд эрх, үүргийг нь шилжүүлсэн буюу нийлүүлсэн байдаг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-эрдэнэ анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “нийлүүлэх, нэгтгэх, өөрчлөх, тусгаарлах, хуваах” гэсэн ойлголт байгаа. Үүнийг Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар ойлгоно гэж тайлбарласан. Иргэний хуулийн 31.2-т хоёр буюу хэд хэдэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нийлүүлэх” гэж заасан. Ашигт малтмалын газар болон Газрын тосны газрыг татан буулгаж, шинээр бий болсон хуулийн этгээдийг нийлүүлэх замаар Ашигт малтмал, газрын тосны газрыг байгуулсан” гэдэг.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид “Д.Үүрийнтуяа гэдэг даргыг төрийн зардлаар сургах, өөр албанд томилох боломж байгаагүй учраас хуульд заасан тэтгэлэг олгон ажлаас чөлөөлсөн” гэдэг боловч “төрийн зардлаар сургах, өөр албанд томилох боломж байгаагүй” гэдгээ тодорхой баримтаар нотлоогүй.

Хариуцагч нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдээгүй буюу орон тоо хасагдсан гэдгийг хангалттай баримтаар, хууль зүйн үндэслэлтэйгээр няцааж чадаагүй байхад шүүгч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайлбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Ашигт малтмалын газрын даргын ажлын байрны тодорхойлолт болон Ашигт малтмал, газрын тосны газрын даргын ажлын байрны тодорхойлолт нь өөр болж, эрхлэх асуудал чиг үүрэг нь нэмэгдсэн. /Шүүгч өөрөө ч бас чиг үүрэг нэмэгдсэн гэж дүгнэснийг дээр дурдсан/. Нарийн мэргэжил, мэргэшил шаарддаг болж, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн” гэж тайлбарладаг. Ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөх нь тухайн албан тушаал /ажлын байр/-ын эрхлэх чиг үүрэг өөрчлөгдөх шууд үндэслэл болохгүй. Тэгээд ч энэ тайлбараар ажлын байрны тодорхойлолт аль хэсгээрээ өөрчлөгдсөнийг тодорхой тайлбарлаагүй бөгөөд “чиг үүрэг нэмэгдсэн” гэдэг тайлбар нь өмнөх чиг үүрэг хэвээр байгаа, түүн дээр өөр чиг үүрэг нэмэгдэж, хамрах хүрээ өргөн болсон гэж үзэхээр байна.

Мөн хариуцагч талаас нэхэмжлэгч Д.Үүрийнтуяаг “Шинээр бий болсон Ашигт малтмал газрын тосны газрын даргын ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангаагүй” гэж маргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй гэдгийг тогтоосон баримт байхгүй, энэ талаар эрх бүхий этгээдийн санал, дүгнэлт гаргаагүй болохыг шүүх хуралдаанд хариуцагчаас асуултад хариулт авах замаар нотолж, няцаасан боловч шүүгч энэ талаар шийдвэртээ тусгаж, дүгнэлт хийгээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болох “ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдсан үлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Шүүх хуулийг буруу хэрэглэсэн талаар: Хариуцагч Засгийн газар нь Д.Үүрийнтуяаг Ашигт малтмалын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө захиргааны санаачилгаар чөлөөлсөн бодит факт бий болсон. Захиргааны санаачилгаар гэдэг нь Засгийн газар шийдвэр гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй оролцогчийн байр суурийг авч үзэлгүйгээр өөрийн хүсэл зоригт нийцүүлэн шийдвэрлэсэн гэсэн үг. Энэ тохиолдолд Засгийн газарт захиргааны санаачилгаар шийдвэр гаргах эрх хэмжээ байсан талаар тайлбар хийе.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар ажлаас халах зохицуулалтыг тусгасан байдаг. Үүний дагуу тус зүйлийн 27.2.1-д заасан (Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална: Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн; Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон; Монгол Улсын харьяатаас гарсан; төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдсан)-аас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх талаар зохицуулжээ. Бусад тохиолдол гэдэгт Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасан тохиолдол хамаарна.

Дээрхээс бусад тохиолдолд төрийн албан хаагчийг захиргааны санаачилгаар төрийн албанаас халахгүй байх тухай энэхүү зохицуулалт нь төрийн албан хаагчийг төрийн албанаас үндэслэлгүйгээр халагдахгүй байх төрийн албан хаагчийн эрх зүйн үндсэн баталгаа юм.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах. өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэжээ.

Тус заалтын тухай 2010 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол дугаар 08-д “Мөн хэсэгт заасан “...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томьёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга хэвээр байхыг хэлнэ” гэж тайлбарласныг харгалзан үзэж, Ашигт малтмалын газрын даргын ажлын байрны тодорхойлолтын чиг үүрэг, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын ажлын байрны тодорхойлолтын чиг үүрэг агуулгаараа давхцаж байгаа буюу хариуцагчийн тайлбараар, чиг үүрэг нэмэгдэж, өргөн хүрээтэй болсон боловч өмнөх чиг үүрэг үгүй болоогүй хэвээр хадгалагдаж байгааг шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судлах шатанд тодруулсан.

Гэтэл анхан шатны шүүх үүнийг үл харгалзан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг хэрэглэж, хэм хэмжээний эрэмбэ, хэрэглэх ёстой нарийвчилсан заалтыг хэрэглэлгүй, бодит байдалд нийцээгүй өөр хэм хэмжээг хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргасан. Хэрэв шүүх маргаж буй ажлын байрны чиг үүрэг нэмэгдэж, тавигдах шаардлага өөрчлөгдсөн гэж дүгнэж байгаа бол Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг хэрэглэх нь зүйтэй байсан.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хуульчилсан байдаг бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т төрийн албанд ажиллах, төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх ашиг сонирхлыг бэхжүүлсэн зохицуулалтууд байдаг. Эдгээр зохицуулалтын дагуу юун түрүүнд төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх бус хуульд заасан арга хэрэгслийг ашиглан төрийн жинхэнэ албанд үргэлжлүүлэн ажиллах бүх нөөц бололцоогоор хангахыг томилох эрх бүхий этгээдэд үүрэг болгосон байдаг. Төрийн албан хаагчийн баталгааг эдлүүлэхдээ тэргүүн ээлжинд түүний хүсэл зоригийг харгалзан үзэх ёстой. Гэтэл хариуцагч Засгийн газар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 16 дугаар тогтоолоо гаргахдаа түүний саналыг асууж, зөвшилцөхгүйгээр шууд ажлаас халж, тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн.

Шүүх хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоогоогүйгээс хэрэглэгдэх ёстой хэм хэмжээг зөв сонгон хэрэглэж чадаагүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтыг буруу бөгөөд дутуу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Үүрийнтуяагаас “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан байна.

Нэхэмжлэгч Д.Үүрийнтуяа нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ашигт малтмалын газрын даргаар Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 135 дугаар тогтоолоор томилогдон ажиллаж байжээ.

Харин Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ашигт малтмал, газрын тосны газрыг өөрчлөн байгуулсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Д.Үүрийнтуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байна.

Учир нь, Монгол Улсын Их Хурлаас шинэчлэн баталсан төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн дагуу Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудыг зохион байгуулж ажиллуулах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч, урьд Уул уурхайн сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа эрхэлж байсан Ашигт малтмалын газар, Газрын тосны газрыг нэгтгэн Ашигт малтмал, газрын тосны газар болгон өөрчлөн байгуулсны улмаас нэхэмжлэгч Д.Үүрийнтуяаг Ашигт малтмалын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасантай нийцжээ.

Тодруулбал, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Монгол Улсын Их хурлын 2014 оны 75 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсонтой холбогдуулж, уг тогтоолын дагуу зохион байгуулагдсан Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлөх нь зайлшгүй тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох боломжгүй.

Нөгөөтэйгүүр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авахаар зохицуулсан байна.

Гэтэл Ашигт малтмалын газар, Газрын тосны газрыг нэгтгэн Ашигт малтмал, газрын тосны газар өөрчлөн байгуулагдаж, тус газрын даргын орон тоо 1 байхаар батлагдсантай холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын ажлын байрны тодорхойлолтыг шинээр баталсан, улмаар Ашигт малтмалын газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталсантай холбогдуулан маргаан бүхий тогтоолоор Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүх хуулийг буруу хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Харин анхан шатны шүүх Ашигт малтмалын газар, Газрыг тосны газрыг нийлүүлэх замаар Ашигт малтмал, газрын тосны газар болгон өөрчлөн байгуулсныг нэгтгэх замаар өөрчлөн байгуулсан гэж буруу дүгнэсэн байх боловч энэ нь Ашигт малтмал, газрын тосны газрыг өөрчлөн зохион байгуулсан үйл баримтыг үгүйсгэх, улмаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 118 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН