Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 357

 

Д.Э-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 482 дугаар магадлалтай, Д.Э-д холбогдох 1703000010118 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайханы гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1964 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин, найруулагч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Д-н Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироох”,  27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Э-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, автотээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жил хугацаагаар хасч, 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Шүүгдэгч Д.Э нь хохирогч М.Н-д 8,361,053 төгрөг төлсөн болохыг дурдсугай” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н, түүний өмгөөлөгч Д.Э- нарын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...шүүгдэгчийн унаж явсан тээврийн хэрэгсэл амь хохирогчийг мөргөсний улмаас будагны хэлтэрхийнүүд унасан, мөн уг зам тээврийн ослын улмаас хохирогчийн биед гэмтэл, түүний өмсөж явсан хувцаст шинэ урагдалт үүссэн байх боломжтой байна.” гэсэн нь үндэслэл муутай, хоорондоо зөрчилтэй дүгнэлт гэж үзэж байна. Учир нь шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4437 дугаар болон бусад дүгнэлтүүдийн үндэслэл болгосон “осол хэргийн газраас бэхжүүлж авсан” гэх эд мөрийн баримт болох 11 хэсэг цагаан өнгийн будагны хэлтэрхийнүүдийг зам тээврийн осол болсон газраас хурааж авсан эсэх нь тодорхойгүй буюу энэ талаар тэмдэглэлд огт дурдаагүй юм. Өөрөөр хэлбэл будагны хэлтэрхийнүүдийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1-д нотлох баримтыг цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримт мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны ... тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ” гэснийг ноцтой зөрчсөн. Мөн “Хэргийн газрын зургийн үзүүлэлт”-ийн 8, 9 дугаартай гэрэл зурагт авагдсан 11 ширхэг цагаан өнгийн будагны хэлтэрхийнүүд нь хэргийн газрын үзлэгийн явцад хийгдээгүй өөр газар (өрөө тасалгааны шалан дээр), цаг хугацаанд (хэргийн газарт үзлэг хийгдэх үед биш) авагдсан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 2-т “Нотлох баримтыг бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдлэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан ... гэрэл зураг авах ... аргыг хэрэглэнэ” гэснийг зөрчсөн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд дээрх байдлаар хуульд заасан үндэслэл журмын дагуу олж аваагүй “эд мөрийн баримт” болох будагны хэлтэрхийнүүдэд үндэслэсэн шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6-д “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно”, 7-д “Энэ хууль даасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй”, 13-т “Шүүх ... тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэж заасантай нийцээгүй байна.

Хохирогчийн бие дэх гэмтлүүд нь босоо байх үедээ баруун талаасаа мөргөгдөх (хохирогч мөргөгдөөд 8.6 метр зайд шидэгдсэн гэж үзсэн), харин хувцасны урагдалт нь татах, чангаах хүчний үйлчлэлээр үүссэн бөгөөд эдгээрийг шүүгдэгчийн унаж явсан тээврийн хэрэгсэл нэгэн зэрэг үүсгэх боломжгүй юм. Учир нь мөргөх болон татах чангаах хүчний үйлчлэлүүд эсрэг чиглэлтэй бөгөөд нэг хүрэлтээр үүсгэгдэх боломжгүй юм. Нөгөө талаас хохирогчийг мөргөсний улмаас будаг ховхорсон гэх шүүгдэгчийн унаж явсан тээврийн хэрэгслийн урд буферийн зүүн урд хэсэг, зүүн урд далбаа нь мөлгөр тэгш гадаргуутай тул хохирогчийн хувцсыг татах чангаах ямар ч боломжгүй байхад давж заалдах шатны шүүх боломжтой гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэлийн нэг нотлох баримт болох 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл”-д ослын газарт байсан буферийн хагархайнууд ...ослын байдлаар хэмжилтийг хийв. ... буферын хагархайнуудыг үзлэгээр хурааж авав” гэж буферын хагархайнуудын талаар удаа дараа дурдагдсан боловч хожим тухайн эд мөрийн баримт алга болсон. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед улсын яллагч дээрх нөхцөл байдлыг “алдаа гаргасан байна” гэж, анхан шатны шүүх хуралдаан дээр “мөрдөгч нь туршлагатай хүн байсан тул тухайн будагны хэлтэрхийнүүд нь буфернээс ховхорсон гэдгийг мэдээд харин тэмдэглэл үйлдэхдээ буферын хагархайнууд гэж андууурч бичжээ” гэсэн агуулгатай тайлбарыг тус тус хийсэн. Гэтэл хэрэгт авагдсан “Хэргийн газрын зургийн үзүүлэлт”-ийн 1, 2, 3, 7 дугаартай гэрэл зургууд дээр 3 тоот цэгээр тэмдэглэсэн мөнгө, 4 тоот цэгээр тэмдэглэсэн малгайны дунд буферын хагархай байж болохоор харьцангуй том хэмжээтэй эд зүйл харагдаж байна. Орчин үеийн суудлын автомашины зарим эд ангиудыг түүний дотор буферыг ихэвчлэн хуванцар эдээр хийдэг болсон нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд автомашин гадны биеттэй хүчтэй мөргөлдөх үед (хохирогчийг асар хурдтай яваа машинд хүчтэй мөргүүлсэн гэж гэрч Г.Г мэдүүлдэг) буфер нь хагарч, хэргийн газар салж унах магадлал өндөр байдаг. Харин шүүгдэгч Д.Э-гийн жолоодож явсан “Тоёота камери” маркийн 01-88 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн буфер нь огт хагарч гэмтээгүй, бүтэн байгааг шүүх анхаарсангүй. Гэтэл давж заалдах шатны шүүх “... Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл”-д буферийн хагархайг хураан авсныг тэмдэглэсэн байх бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор дээрх зүйлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эд мөрийн баримтаар тооцож шүүхэд хүргүүлжээ” гэснийг зөвшөөрөх боломжгүй. Учир нь эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд “...осол хэргийн газраас хураан авсан цагаан өнгийн автомашины будагны хэлтэрхийнүүдийг эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй” гэж заасан боловч будагны хэлтэрхийнүүдийг хурааж авсан тухай хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд огт тусгаагүй болно. Өөрөөр хэлбэл хэргийн газраас хурааж авсан буферын хагархайнууд нь алга болж, харин хөндлөнгийн гэрчгүйгээр, хаанаас хурааж авсан нь тодорхойгүй будагны хэлтэрхийнүүдийг эд мөрийн баримтаар шууд тооцсон нь ноцтой алдаа юм. Давж заалдах шатны шүүхийн “мөрдөгч будагны хэлтэрхийг буферийн хагархай гэж бичсэн” гэсэн прокурорын тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь анх хэргийн газрын үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Энхбаярыг будагны хэлтэрхий, буферийн хагархай гэсэн огт өөр эд зүйлсийг ялгаж чадахааргүй туршлага багатай гэж үзэх үндэсгүй бөгөөд тэмдэглэлд удаа дараа “андуурч бичнэ” гэдэг нь эргэлзээтэй юм. Хэрэв андуурч бичсэн бол яагаад цаг тухайд нь зохих залруулгыг хийгээгүй юм вэ? мөрдөн байцаалт, прокурорын андуурсан, алдаатай, хууль бусаар бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэж гарсан шүүхийн шийдвэрийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй” гэж үзэх үндэслэлгүй юм.

Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1689 дүгнэлтээр хохирогч нь 165 см өндөртэй бөгөөд түүний биед учирсан гэмтлүүд болох гавлын ясны олон хэсэг салж, үйрч, бяцарсан хугарал, тархины эдийн няцрал, цус харвалт болон баруун 4, 5, 8, 9, 10 дугаар хавирганы хугарал зэрэг нь хохирогчийн бүсэлхийнээс дээш буюу 100 сантиметрээс дээш өндөр түвшинд байдаг. Гэтэл шүүгдэгч Д.Э-гийн жолоодож явсан “Тоёота камри” маркийн 01-88 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирогчийг мөргөсөн гэх урд буферын зүүн доод хэсэг нь газраас 37 сантиметрийн өндөрт буюу хохирогчийн хөлний шилбэний орчим, зүүн хажуугийн далбайн будаг халцарсан хэсэг нь газраас 80 сантиметрийн өндөрт буюу хохирогчийн бүсэлхий орчимд тус тус таарч байна. Энэ нь хохирогчийг алхаж явах үед шүүгдэгчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл мөргөж будаг халцарсан гэх хэсгүүд болон хохирогчийн биед учирсан гэмтлийн түвшингүүд хоорондоо тохирохгүйг баталж байна. Тийм ч учраас тээврийн хэрэгслийн дээрх гэмтэл нь зам тээврийн осолд нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй буюу шалтгаант холбоо нь тодорхойгүй гэж 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 4512 тоот шинжээчийн дүгнэлтэд заасан бөгөөд шинжээч С.Мөнхдалай шүүх хуралдаан дээр ч түүнийг бататган тайлбарласаар байхад шүүх энэ нөхцөл байдлыг анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Мөн хохирогчийг мөргөх үед тээврийн хэрэгсэл дээр үүссэн гэж үзсэн дээрх эвдрэлүүд нь тухайн тээврийн хэрэгслийн зорчиж байсан чиглэлийн эсрэг буюу урдаасаа хойшоо дарааллаар үүссэн гэж үзвэл, нөхөн үзлэгийн дараа хийгдсэн бүдүүвч дээрх хохирогч анх мөргүүлсэн гэх А цэгээс тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиг дагуу буюу чанх урагшаа чиглэлд 8,6 метр зайд Б цэг дээрх унасан мэтээр хэмжилт хийж, нотлох баримтыг бүрдүүлсэн нь хоорондоо зөрчилдөж байна. Учир нь автомашинд мөргүүлж байгаа хохирогчийн тухайн автомашин дээр үлдээж байгаа “ул мөр” буюу будаг ховхорсон хэсгүүд нь автомашины хөдөлгөөний эсрэг чиглэлд буюу эхлээд урд буфер дараа нь зүүн урд далбаа гэсэн дарааллаар үүссэн гэж үзвэл бүдүүвч зураг дээр хохирогчийг автомашины хөдөлгөөний чиглэл дагуу шидэгдэн унах боломжгүй юм. Эдгээр нөхцөл байдлууд нь хохирогчийн мөргүүлж унасан чиглэл болон тээврийн хэрэгсэл дээр үүссэн эвдэрлүүдийн хооронд шалтгаант холбоогүйг давхар нотолж байна гэж үзнэ.

Хохирогчийг 01-88 УБЦ улсын дугаартай “Тоёота камри” маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлж гэмтэн нас барсан гэж анхан болон давж заалдах шатны шүүхүүд дүгнэхдээ 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 8410 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тухайн тээврийн хэрэгслээс цус, арьс, эд, үс илрээгүй, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 4435 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн цамцнууд нь татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас үүссэн ханзралттай гэсэн шүүгдэгчийн гэм буруутайг үгүйсгэх нотлох баримтуудыг шүүх ямар үндэслэлээр хүлээж аваагүй болохоо заагаагүй байна. Гэрч Г.Ганбаярын “...хохирогчийг мөргөсөн автомашин асар хурдтай давхиж ирээд мөргөж өнгөрсөн, ... их л цэмбэгэр өнгөлөг машин харагдаж байсан, ... уг машин ойролцоогоор 80 орчим км/цагийн хурдтай явж байсан байх. Зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байсан”, “Тухайн үед цагаан өнгийн жижиг тэрэг байна гэж араас нь хараад мэдсэн” болон түүний шүүх хуралдаан дээр осол гаргасан тээврийн хэрэгслийг “Тоёота камри” маркийн машин биш байсан, “Элентра” юм уу, “Королла” маркийн машин байсан. Гэрлээр нь тэгж харсан” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын нөхөн үзлэгийн үед гэрч Г.Г хохирогчийн тээврийн хэрэгсэлд мөргөгдсөн А цэгийг зорчих хэсгийн 3 дугаар эгнээ дээр давж буй гэрэл зураг, шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлтээр шүүгдэгч Д.Э-гийн “баруун нүдний хараа 40 см харна, зүүн нүдний хараа хөдөлгөөн, гэрэл мэдэрнэ” зэрэг шүүгдэгчийн гэм буруугүй болохыг нотолсон, эргэлзээтэй олон баримтууд хэрэгт авагдсан байхад шүүх түүнийг огт анхаарч үзээгүй, хэрхэн түүнийг үгүйсгэж байгааг тайлбарлаагүйд гомдолтой байна. Түүнчлэн гэрч М.Уянгын “Талийгаач гарцнаас 2 метрийн зайд байсан”, “зөндөө олон буюу 10-аад машин газар байсан хүнийг тойроод явж байсан” гэсэн мэдүүлэг өгсөн нь хохирогч анх мөргөгдөж унасны дараа өөр машинд дахин мөргөгдөж, чирэгдсэний улмаас шилжиж (8.6 метр) байрлал нь өөрчлөгдсөн байх магадлалтай байна.Осол нь замын зорчих хэсэг дээр гарсан бөгөөд хохирогч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу “өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах”-ыг хориглосон захиргааны актын заалтыг зөрчсөн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч тухайн нөхцөлд хориглосон газраар явж байгаад осолдсон нь хэрэг гарах гол шалтгаан болсон байхад шүүх энэ талаарх дүгнэлтийг шүүх огт хийгээгүй.

Мөн давж заалдах шатны шүүх “...прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.5а, б, в заалтуудыг бичилгүйгээр орхигдуулж, шинжээчийн дүгнэлтэд огт дурдагдаагүй Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 2.7а заалтуудыг бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасныг дурдах нь зүйтэй” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь улсын яллагч шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн 2.5а, б, в заалтуудыг яллах дүгнэлтдээ зааж буруутгаагүй байхад шүүх Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шийдвэрлэж, мөн дүрмийн 2.1а, 2.7а. заалтыг тус тус зөрчсөн гэж шалгаж, тогтоогдоогүй үйлдлээр буруутгасан нь хууль бус юм.

Эрүүгийн хуулийн холбогдох заалт нь Захиргааны хэм хэмжээний актыг иш татсан зохицуулалттай байхад тухайн захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалтыг бичихгүй орхих, үндэслэлгүйгээр нэмж бичих нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1-д заасан техникийн шинжтэй алдаанд тооцогдохгүй бөгөөд харин хууль хэрэглээний алдаа гэж үзнэ. Техникийн шинжтэй алдааг хэрхэн залруулах тухай хуулийн зохицуулалт тодорхой бий. Дээрх байдлаар Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтыг үнэлж дүгнэсэн, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, онцгой ач холбогдол бүхий зарим нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг няцаасан үндэслэлийг огт заахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Өмгөөлөгч хууль бус нотлох баримтыг үнэлж шүүгдэгчийг яллаж байна гэсэн агуулга бүхий гомдол гаргасан байна. Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон 3 зүйлийг тайлбарлаж байна. Нэгдүгээрт гэрч “Тоёота камри” маркийн машин биш “Элентра” юм уу, “Королло” маркийн машин байсан гэж хэлсэн. Хоёрдугаарт эд мөрийн  баримтаар хураагдсан будагны хэлтэрхийг буферийн хагархай гэж хоёр өөрөөр бичсэн. Гуравдугаарт хохирогч урагшаа шидэгдсэн гэх  зэргээр үндэслэлээ тайлбарлаж байна. Хохирогч урагшаа шидэгдэж унасан байна гэх нөхцөл байдлын талаар ямар нэгэн дүгнэлт байхгүй. Тухайн хэрэг шөнө, камерийн бичлэг байхгүй газар гарсан. Гэрч автомашиныг биш л гэсэн бол тухайн машин биш гэсэн хууль зүйн ойлголт хэзээ ч байх ёсгүй. Гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаад хууль зүйн дүгнэлт хийх ёстой. Эд мөрийн баримт нотлох баримтын шаардлага хангаж байна уу гэдэгт шүүхийн шийтгэх тогтоол, магадлал, урьдчилсан  хэлэлцүүлэгт дүгнэлт хийсэн. Шүүгдэгчийг ялласан гол нотлох баримт нь гэрчийн мэдүүлэг, машины өнгө, шүүгдэгч тухайн цаг хугацаанд түүгээр зорчиж байсан нөхцөл байдал, будагны хагархай, машины халцархай, хэргийн газраас олдсон нотлох баримтад 2 удаагийн шинжээчийн дүгнэлт зэрэгт шүүх дүгнэлт хийсэн. Буферийн хагархай гэж зөрүүтэй бичсэн байсныг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн. Мөн шүүхийн шийтгэх тогтоол, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед прокурор тайлбарласан. Мөн давж заалдах шатны шүүх дүгнэлт хийсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайханы гаргасан гомдлыг үндэслэн Д.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 08 дугаар сарын 26-ны шөнийн 00 цаг 10 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Тасганы овоо”-нд байрлах Сод монгол шатахуун түгээх станцын хойд талын замд “Тоёота камри” загварын 01-88 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэг, Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 а, 13.1, 2.1 а, 2.7 а, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Мөнхжаргалыг мөргөж амь насыг нь хохироосон,

Дээрх гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Э-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

Харин шүүгдэгч Д.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтах” гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.  

Мөн анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял шийтгэхдээ эрх хасах нэмэгдэл ялын хугацааг хэрхэн тооцох талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан тул шүүхийн шийдвэрт хорих ялыг эдэлж дууссаны дараа эрх хасах ялын хугацааг тоолох тухай нэмэлт өөрчлөлт оруулахаар тогтож, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайханы гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 482 дугаар магадлалд:

“Шүүгдэгч Д.Э-д холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнд оногдуулсан 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолсугай” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайханы  хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН