Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2018/01911

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, И1 тоот хаягт байрлах Т ХХК /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, тоот хаягт байрлах П ХХК /регистрийн дугаар: /-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 6,864,720 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь П ХХК-тай 32 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан бөгөөд уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төгс цогцолбор барилгын зарим хэсгийн дараахь ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Үүнд:

-       Суурийн доорхи ул бетон цутгалтын ажил

-       Нил хавтан суурийн ажил

-       Суурийн буцааж булагдах хэсэгт ус, чийгнээс хамгаалах түрхлэг ажил

-       Зоорийн шалны цутгалтын ажил

-       Зоорийн давхрын арматурчлал хэв хашмалын угсалт, бетон цутгалтын ажил

-       1-5 давхар нь үйлчилгээний төв, 6-15 давхар нь орон сууц байх барилгын арматурчлал, хэв хашмал угсралт, бетон цутгалт

-       Техникийн давхрын арматурчлал, хэв хашмал угсралт, бетон цутгалтын ажил

-       Парапет, пандус, гадна шат, довжооны армартурчлал, хэв хашмал угсралт, бетон цутгалтын ажил

-       Барилгын талбай дээрх ачааг зөөх, буулгах, хураах, шаардлагатай үед бараа материал байгаа газраас ачих, зөөх авчрах

-       ХХАА-ны тор, хаалт, хамгаалалт татах, тэмдэг тэмдэглэхээ хийх

-       Хог хаягдлыг цэвэрлэх, ачих зөөх зэрэг ажлууд багтсан

П ХХК нь Төгс төслийн 2 болон 10 дугаар блокын барилга угсралтын ажилд 2017 оны 7 дугаар сарын 10-наас ажиллаж эхэлсэн бөгөөд уг ажилыг нийт 51 хоногт буюу 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цутгалтыг хийж гүйцэтгэсэн. Энэ хугацаанд 2 дугаар блокын нил хавтан суурь, В3, В2, 10 дугаар блокын суурийн барилга угсралтын ажлыг графикт хугацаанаас 4 хоног хоцорч хийж гүйцэтгэн ажлаа орхин явсан учир өөр туслан гүйцэтгэгчээр тухайн ажлыг гүйцэтгүүлэхээр болсон. Ийнхүү хугацаа алдсанаар манай компанид бусдаас түрээслэн ашиглаж байсан сапуд, пум, хэв хашмалын түрээсийн төлбөр, гэрээний дагуу гүйцэтгэх үүргээ биелүүлээгүйн алданги болон бусад хохирол нийт 6,864,720 төгрөгийн хохирол учирсан. Үүнд:

-       Ажлын хөлсний алданги 902,120 төгрөг

-       Сапуд 888,000 төгрөг

-       Пум 974,000 төгрөг

-       Хэв хашмалын торгууль 3,550,000 төгрөг

-       Сапудны эвдрэл 550,000 төгрөг

Талуудын үйлдсэн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Гэрээ дүгнэсэн актад дурдсанаар 4 хоногийн алданги болон бараа материалын түрээсийн төлбөр, бусдад төлсөн торгууль болох 6,864,720 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, 32 тоот барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцлах нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагч П ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжилж буй ажлын хөлсний алданги, сапуд, пум, хэв хашмалын торгууль, сапудны эвдрэл зэргийг манай компани хариуцах хууль зүйн ямар ч үндэслэлгүй.

П ХХК нь Т ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан П ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн. Харин одоо хийсэн ажлын хөлсөө авч чадахгүй өнөөдрийг хүрсэн болно гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч П ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний алданги болон бусдаас түрээслэн ашигласан эд зүйлийн хөлсөнд зарцуулсан зардал, нийт 6,684,720 төгрөг гаргуулах, ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Талууд 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 32 дугаартай, Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажил гүйцэтгэгч П ХХК нь захиалагч Т ХХК-ийн захиалсан ажил болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах талбайд баригдах Төгс төслийн барилга угсралтын ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон байх бөгөөд ажлыг ямар хугацаанд хийж дуусгах талаар талууд хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй байна.

2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 32 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлд гэрээний хугацааг тусгахдаа Гүйцэгтэгч нь талууд гэрээнд гарын үсэг зурж, гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн ажлыг гүйцэтгэж эхэлсэнд тооцох ба гэрээний хавсралтаар батлагдсан графикчилсан төлөвлөгөөний дагуу ажлаа хийж дуусгана гэж заасан байх боловч дурдаж буй график бүхий хавсралтыг зохигч талууд шүүхэд нотлох баримтаар гаргаагүй тул хугацааг тогтоох боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу, ажил гүйцэтгэгчийг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд цутгалтын ажил хийж гүйцэтгэсэн гэх бөгөөд уг хугацааны талаар талууд маргаагүй бөгөөд талууд ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгдсэн гэх ажлын үр дүнг хүлээлцээгүй ажээ.

Талууд 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн акт үйлдсэн байх бөгөөд дутуу гүйцэтгэгдсэн ажлуудыг хийж гүйцэтгэх хугацаа тогтоожээ.

Гэвч ажил гүйцэтгэх гэрээний хугацаа тодорхойгүй тул талууд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 4 хоног хоцорч ажил гүйцэтгэсэн гэх ажлын хөлсний алданги гаргуулах шаардлагыг хангах, хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзнэ.

Талууд 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн акт үйлдсэн нь гэрээний хугацаа сунгасан гэж үзхээргүй байх бөгөөд ажлын үр дүнг хүлээлцээгүй буюу эрхээ хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон зүйлгүй, гэрээний үүргийг зөрчсөн буюу гэрээ цуцлах үндэслэлийг нэхэмжлэгч нотлоогүй тул ажил гүйцэтгэх гэрээг цуцлах талаар гаргасан шаардлагыг үндэслэлгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан боловч нэхэмжлэгч нь хариуцагчийн буруугаас үүдэн бусдаас түрээслэн авч ашигласан эд зүйлсийн хөлс төлөх зарцуулсан сапуд 888,000 төгрөг, пум 974,000 төгрөг, хэв хашмалын торгууль 3,550,000 төгрөг, сапудны эвдрэл 550,000 төгрөг гаргуулахтай холбоотой нотлох баримтыг гаргаагүй, ийм зардал гаргасан нь нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь гэрээ цуцлуулах талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх бөгөөд талуудын байгуулсан 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаартай, Ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-т зааснаар нэхэмжлэлийн үнийг тодорхойлох, улмаар улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тогтоох боломжгүй байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч П ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний алданги болон бусдаас түрээслэн ашигласан эд зүйлийн хөлсөнд зарцуулсан зардал, нийт 6,684,720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 1234657989 дугаар дансанд нөхөн төлүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА