| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2017/04763/И |
| Дугаар | 101/ШШ2018/00354 |
| Огноо | 2018-01-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2018/00354
| 2018 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 101/ШШ2018/00354 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.М-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Ц-д холбогдох,
Зээлийн төлбөр 5.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн танил Б.Ц-т 5.000.000 төгрөг зээлдүүлсэн. Гэтэл Б.Ц нь зээлдсэн мөнгөө буцааж өгөхгүй байсан тул миний бие Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст надаас 5.000.000 төгрөг авч залилсан гэх гомдол гаргасан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийг прокурорын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 449 дүгээр тогтоолоор хаасан. Б.Ц нь цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ надаас 5.000.000 төгрөг зээлсэн тухайгаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн гэрч Б.Ц*******аас авсан мэдүүлгээр би Б.Цт 5.000.000 төгрөг зээлдүүлсэн болох нь нотлогдож байдаг. Иймд хариуцагчаас 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зээлдүүлсэн 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Ц, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ннар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Б.Мыг нэг сумын Г.П******* гэдэг хүнээр дамжуулан таних болсон. Удалгүй нилээн дотно болж ярьж хөөрдөг олон сэдвийн дотор ажилтай эсвэл тогтмол сайн орлоготой, тэр ч байтугай хурдан удмын адуутай болох талаар ч мөрөөддөг тухай надад ярьдаг байсан. Би ч гэмгүй сайхан танилцсан нутгийн залууд чадах юмаараа туслах юмсан гэж дотроо бодох болсон. Ингээд би 2012 онд Б.Мад хурдан удмын адуутай болгох зорилгоор нэгээр нь азарга тавьж, нөгөөгөөр нь морь болгож уралдаарай гээд бүсийн уралдаанд нэг түрүүлж, нэг аман хүзүүлж, нэг айрагдсан хээр азарганыхаа төл хонгор даагыг 5.000.000 төгрөгт, Яармагийн тойруулгын уралдаанд хоёр түрүүлж нэг аман хүзүүдсэн хонгор азарганыхаа төл хонгор халзан шүдлэнг 2.500.000 төгрөгт бодож бололцоотой үедээ үнийг нь төлөөрэй гэж өгсөн. Одоо 5.000.000 төгрөгт бодож өгсөн хонгор даага нь шүдлэн хязаалан насандаа 5 уралдаж, 5 түрүүлэн хурдан гэдгээ баталсан азарга болсон. Мөн Б.Мыг санхүүгийн хувьд хөл дээрээ босоход нь дэмжлэг болгож 135.000.000 төгрөгийн хөлстэй ажил олж өгч мөнгийг нь бэлэн гаргуулж гаргуулж өгч байсан. Би өөрт байсан бэлэн мөнгийг таньдаг хүнийхээ бизнесийг дэмжих зорилгоор хөрөнгө оруулалт хийгээд үр дүн нь хараахан гараагүй байсан үед надад яаралтай мөнгөний хэрэг гарсан тул Б.Маас адууныхаа үнэ 5.500.000 төгрөгийг нэхэхийн оронд мөнгөтэй болтол 5.000.000 төгрөг түр зээлээч гэсний дагуу зээл гэсэн утгаар 5.000.000 төгрөг надад бэлнээр өгсөн. Би Б.Маас авсан адууныхаа үнийг төлөх талаар удаа дараа сануулдаг байсан боловч мөнгөний боломжгүйг нь мэдэх учир их хүчилдэггүй байсан. Зээл авч байх үед би ч энэ тухай сануулаагүй, Б.М ч тодорхой санал хэлээгүй. Гэтэл Б.М 5 жилийн өмнө авсан адууныхаа үнийн дутуу 5.500.000 төгрөгийг өгөөгүй байж миний түр зээлсэн 5.000.000 төгрөгийг залилж авсан мэтээр эрүү үүсгэн шалгуулж намайг гүтгэж байгаад гайхаж байна. Иймээс Б.Мын нэхэмжилж байгаа 5.000.000 төгрөгийн төлбөрийг төлөхөөс өмнө эхний ээлжинд авсан адууны төлбөр 5.500.000 төгрөгийг гаргуулна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нь хариуцагч Б.Цт холбогдуулан зээлийн төлбөр 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.Ц нь нэхэмжлэгчээс 5.000.000 төгрөг зээлснээ маргахгүй байх боловч түүнээс авах адууны үнийн авлагад тооцно гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэв.
Зохигчдын хооронд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ амаар байгуулагдаж, нэхэмжлэгчээс хариуцагчид 5.000.000 төгрөг зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулсан байх ба зээлийн гэрээ байгуулагдсан, мөн хүчин төгөлдөр эсэх, түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэгчид зээл шилжүүлсэн талаар зохигч маргаагүй.
Хариуцагч нь нэхэмжлэгчид 2012 онд хурдан удмын хоёр адууг 7.500.000 төгрөгөөр худалдсанаас адууны үнэ 5.500.000 төгрөгийг төлөөгүй тул эхлээд адууны үнийг гаргуулна гэж маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч уг асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлтэй тооцогдохгүй гэж үзэж хүлээн авахаас татгалзсан ба тухайн маргаантай асуудлаар хариуцагч бие даасан нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болно.
Иймээс хариуцагчийн татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба нэхэмжлэгч зээл шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.
Дээр дурдсаныг үндэслэн хариуцагч Б.Цээс зээл 5.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мад олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Цээс 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-ээс 94.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.М-д олгосугай.
3. Хариуцагч Б.Ц шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА