| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2018/04752/И |
| Дугаар | 101/ШШ2018/03546 |
| Огноо | 2018-11-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2018/03546
| 2018 оны 11 сарын 21 өдөр | Дугаар 101/ШШ2018/03546 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Н
Хариуцагч: Д.Б
279,685,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ж, хариуцагчийн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Их суврага ХХК-ийн захирал Д овогтой Б хамтран зээлдэгч С.Н бид нар хамтарч бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Капитал банк ХХК-тай 2012 оны 11-р сарын 23-ны өдрийн 698 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 685 000 000 төгрөгийг 0,67 хувийн хүүтэй зээлийг авахдаа хамтран зээлдэгч С.Н миний өмчлөлийн доорх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж зээл авсан. Үүнд:
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо зүүн сэлбийн 7-89 тоотод байрлах 226.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, //
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо зүүн сэлбийн 7-89а тоотод байрлах 274 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлах эрхтэй газар, //
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо зүүн сэлбийн 7-87 тоотод байрлах 88 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, //
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо зүүн сэлбийн 7-87 тоотод байрлах 48 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, //
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо зүүн сэлбийн 7-87 тоотод байрлах 96 м.кв талбайтай хувийн сууц, 300 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай барилга,
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо зүүн сэлбийн зүүн сэлбийн 7-87 тоотод байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, -д тус тус болно.
Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 49-13 тоотод байрлах 50 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, гэр ахуйн тавилга хэрэгсэл,
Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 13-52 тоотод байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц гэр ахуйн тавилга хэрэгсэл,
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Цагдаагийн гудамж 14171, 49/1 тоот хаягт байрлах 58 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай барилга,
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 58 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, тус тус болно.
Д.Б, С.Н нар нь Капитал банк ХХК-аас авсан зээлийг хувааж авсан бөгөөд зээлийн төлбөрийн 40,83 хувь буюу 279 685 500 төгрөгийг хүүгийн хамт эргэн төлөх хуваарийг гаргаж гэрээ байгуулсан билээ. Гэтэл Д.Б нь Капитал банк-тай хуйвалдан эвлэрлийн гэрээ байгуулж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/01313 дугаартай хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн захирамж гарч барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжин зээлийн төлбөрт миний өмчлөлийн бүх эд хөрөнгийг шилжүүлсэн. Иймд Их суврага ХХК-ийн захирал Д овогтой Б аас 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 698 дугаартай зээлийн гэрээний төлбөрийн 685 000 000 төгрөгний 40,83 хувь болох 279 685 500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
Мөн миний бие 2016 оноос хойш сахар болон цусны хорт хавдар өвчний улмаас зүүн хөлөө бүрэн тайруулж, 100 хувь хүний асрамжид байдаг бөгөөд группээс өөр орлогогүй өрх толгойлсон эмэгтэй 4 өнчин хүүхэдтэй хүүхдүүд маань бүгд тогтсон ажил, хөдөлмөр эрхэлдэггүй өрхийн өөр орлогогүй хүнд хэцүү бодит нөхцөл байдлыг минь харгалзан үзэж эрхэм шүүгч Та Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу улсын тэмдэггтийн хураамжаас чөлөөлж, иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу үнэн зөвийг минь олж өгч тусална уу гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Жшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Н нь 279 685 500 төгрөгийг хариуцагч Д.Баас гаргуулах нэмэмжлэлийн шаардлага гаргасан. Их суврага ХХК-ийн захирал Д.Б нь нэхэмжлэгчтэй хамтран Капитал банкнаас 685 000 000 төгрөгийг компанийхаа нэрээр зээлж авахдаа нэхэмжлэгчийн эд хөрөнгийг барьцаалсан байдаг. Зохигчид тохиролцож зээлийн 40,83 хувь болох 279 685 500 төгрөгийг хариуцагч, үлдэх хэсгийг нэхэмжлэгч хариуцан төлөхөөр тохиролцон эргэн төлөх тооцоо хийсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь банкинд төлөх төлбөрөө хариуцагч болон түүний эхнэрт дансаар өгч байсан боловч хариуцагч нь банкинд зээлээ төлөөгүй байсан. Улмаар банк шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг хариуцагч зөвшөөрөөд барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдүүлсэн байсан. Ингээд нэхэмжлэгч нь бүх хөрөнгөөрөө зээлийг төлөх болоод байна. Нэхэмжлэгч нь мөнгөө хувааж авсан тул хариуцагчийн авсан мөнгийг гаргуулна. Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссанаар зохигчдын хооронд харилцаа үүснэ гэсэн байдаг. Гэтэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаад барьцаа хөрөнгөөр төлбөрийг төлүүлж байгаа болно гэв.
Хариуцагчийн төлөөлөгч С.Нагашыбай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай миний бие нэхэмжлэлтэй танилцаад доорхи хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Өнөөдрийн байдлаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/01313 дугаартай захирамж, мөн шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШЗ2016/16169 дугаартай захирамж, шүүхийн мөн өдрийн 1789 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн төлбөр төлөгч Их суврага ХХК, төлбөр авагч Капитал банк, гуравдагч этгээд С.Н, Н.Оюунгэрэл нарт хамаарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 279 685 500 төгрөгийг энэ удаагын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шийдвэрлэх боломжгүй. Учир нь 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 698 дугаартай Зээлийн гэрээ-ний төлбөрийг хариуцах талуудын хувь болохоос Д.Б, С.Нт төлөх дүн биш. Нэхэмжлэлийн утгад дурдсан шиг үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүд төлбөр авагчид ямар нэг байдлаар шилжээгүй бөгөөд дээрхи шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж байж маргаан байгаа эсэх, хэн нэгэндээ төлбөр төлөх эсэх талаар хэлэлцэгдэнэ. Иймд төлбөр төлөгчид шилжих үл хөдлөх эд хөрөнгө, эсвэл нэхэмжлэлд заасан дүнг хэн нэгэндээ төлөх эсэх талаархи маргааныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана уу.
Бид банктай байгуулсан гэрээ болон зээлээ хувааж авсан талаар маргахгүй байна. Банктай хуйвалдаж эвлэрэл батлуулсан гэж байна. Гэвч ийм хуйвалдаан байхгүй. Энэ үед нэхэмжлэгч өөрөө гуравдагч этгээдээр оролцож байсан. Улмаар хоорондоо ярилцаад зээлийг хэрхэн төлөх талаар тохиролцож байсан. Мөн банк нэмэмжлэл гаргахаас өмнө банктай уулзаж хугацаа тохирч байсан. Хариуцагчид бэлнээр мөнгө өгч байсан зүйл байхгүй. Зохигчид зээлийн гэрээг хэрхэн хувааж хариуцах талаар тохиролцсон байдаг. Барьцаанд байсан эд хөрөнгө шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хөрөнгийг битүүмжлээд орхисон. Өөр ажиллагаа хийгдээгүй зогссон байдаг. Хуучин хуулиар битүүмжлэгдсэн байдаг. Хэн нэгэнд шилжээгүй. Мөн гэр ахуйн тавилга хэрэгсэлийг битүүмжилсэн баримт хэрэгт байхгүй. Хариуцагч нь нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр зөвшөөрөх боломжгүй. Учир нь зээлийг компаний нэр дээр авсан. Барьцааны хөрөнгө нэхэмжлэгч болон түүний охины хөрөнгө байдаг. Захирамжаар зээлийг төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр төлнө гэсэн. Гэтэл энэ ажиллагаа бүрэн явагдаж дуусаагүй. Барьцаа дундаас цонхны нэг үйлдвэр өөр хүнд шилжсэн маргаан байдаг. Шийдвэр гүйцэтгэлийн үед барьцаа хөрөнгө нь дутвал яахав. Мөн илүү гарвал бас тооцоо хийх ёстой болно. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссаны дараа үүнийг ярих ёстой байсан. Барьцаа хөрөнгийн зарим нь охиных нь байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч нь ганцаараа нэхэмжлэгч биш юм. Зохигчдын хооронд хийсэн хэлцэл нь зээлийг хэрхэн хариуцах талаар тохирсон. Тэрнээс биш хариуцагч нь нэхэмжлэгчид мөнгө өгнө гэсэн зүйл биш. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусаагүй байхад одоо энэ талаар яригдах боломжгүй. Хөрөнгө нь хэдээр үнэлэгдэх нь тодорхойгүй. Бид хөрөнгийн талаар банктай хүртэл ярилцаж байсан гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Н нь хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн гэж 279,685,500 гаргуулах төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Д.Б нь зээлийн гэрээний үүрэгтэй холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дуусаагүй, барьцаа хөрөнгө хураагдаагүй, зээлийг хуваан төлөх талаар тохиролцсон боловч нэхэмжлэгчид төлнө гэж гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Капитал банк ХХК болон Их суварга ХХК нар нь 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 685,000,000 төгрөгний үнэ бүхий 698 дугаар зээлийн гэрээ байгуулсан байна. Гэрээний нийтлэг үндэслэлд зээлдэгчийг Их суварга ХХК гэсэн боловч гэрээ байгуулсан гэх хэсэгт хамтран зээлдэгч С.Н гэж тусгажээ. Улмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 698 дугаар барьцааны гэрээг зээлдүүлэгч Капитал банк ХХК болон Их суварга ХХК, С.Н нар байгуулсан. Энэхүү барьцааны гэрээгээр нийт 10 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан байна. Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн барьцаалсан зарим эд хөрөнгө нэхэмжлэгчийн өмч биш тул шаардах эрхгүй гэх тайлбар үндэслэлгүй.
Дээрх гэрээний зээлдэгч Их суварга ХХК-ний үүсгэн байгуулагч нь 2007 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2 болж улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1 болж бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл Их суварга ХХК нь одоогийн байдлаар 1 үүсгэн байгуулагчтай байна. Улмаар тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь үүсгэн байгуулагч бөгөөд энэ хэргийн хариуцагч Д.Б болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбараар тогтоогдож байна.
Зохигчид Капитал банк ХХК-аас 685 000 000 төгрөгний зээл авч, уг зээлийг 59,17 хувь, 40,83 хувиар хуваан авч, авсан хэмжээгээр буцаан төлөхөөр тохиролцсон талаар маргаагүй. Зээлийн гэрээний дагуу Их суварга ХХК-ний төлөх 40,83 хувьд ногдох хэсгийг хуулийн этгээдийг үүсгэн байгуулагч, хариуцагч Д.Б төлж барагдуулахаар тохиролцсон байна. Хэдийгээр хэрэгт байгаа хариуцагч Д.Бын хариуцах 40,83 хувийн талаарх баримтад гарын үсэг зурагдаагүй байх боловч энэ талаар маргаагүй. Тодруулбал зээлийн гэрээний үүргийн 40,83 хувийг төлөхийг зөвшөөрч байна. Гэхдээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр авагч банкинд төлнө гэж маргасан. Гэвч Их суварга ХХК нь дээрх зээлийн гэрээний дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01313 дугаар захирамжийг сайн дураар биелүүлээгүй, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөөгүй болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 16169 дугаар албадан гүйцэтгэх тухай захирамж, шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тэмдэглэлээр тус тус тогтоогдсон. Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч нь зээлийн гэрээний талаар гарсан 01313 дугаар захирамжтай хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хэргийн нэхэмжлэгч оролцсон гэж маргасан боловч энэхүү тайлбар нь 01313 дугаар захирамжаар үгүйсгэгдсэн.
Мөн барьцааны хөрөнгийг битүүмжлээд цааших ажиллагаа зогссон гэж хариуцагч тал тайлбарласан боловч уг тайлбар нь шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тэмдэглэлд одоогоор битүүмжлэх, хураах ажиллагаа явагдсан, үнийн санал өгөх үлдсэн, таньд удаа дараа үнийн санал ирүүлэхийг шаардсан байдаг, таньд хугацаа өгч болно, талуудын үнийн санал хоорондоо зөрсөн тохиолдолд шинжээч томилохыг сануулая, талуудын болон шинжээчийн дүгнэлтээр гарсан үнэлгээний 70 хувиар анхны дуудлага худалдаанд оруулна, анхны дуудлага худалдаанд 70 хувиар худалдан борлогдоогүй тохиолдолд 50 хувиар таны эд хөрөнгө хоёр дахь дуудлага худалдаанд орж, мөн борлогдоогүй тохиолдолд төлбөр авагч талд барьцаа хөрөнгийг санал болгоно гэж тусгагдсанаар үгүйсгэгдэж байна. Энэхүү тэмдэглэлээр үнийн санал өгөхийг 2018 оны 01 дүгээр сарын 12-нд шаардаад 2018 оны 01 дүгээр сарын 15-нд үнийн санал өгсөн гэж нэхэмжлэгч тайлбарласан. Улмаар албадан дуудлага худалдаа явагдах талаар тайлбарласан байна.
Эдгээрээс хариуцагч нь өөрийн төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс зээлийн барьцаанд барьцаалсан нэхэмжлэгчийн эд хөрөнгө зээлийн төлбөрт хураагдаж, улмаар зээлийн гэрээний үүргийг хангах иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Иймд нэгэнт нэхэмжлэгч нь хариуцагчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийг өөрийн эд хөрөнгөөр төлж байх тул хариуцагчийн төлөх ёстой байсан төлбөрийг нэхэмжлэх эрх үүссэн. Тодруулбал хариуцагч нь өөрийн төлөх төлбөрийг төлөөгүйн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д зааснаар зохигчдын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна. Улмаар хариуцагчийн төлбөрийг нэхэмжлэгч төлж байх тул Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар хариуцагчид төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэг үүссэн. Цаашлаад нэхэмжлэгчид Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-т зааснаар бусдын төлөх төлбөрийг төлж байгаа тул үүрэг гүйцэтгэгч буюу энэ хэргийн хариуцагчид ногдох төлбөрийг шаардах эрх үүсжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01313 дугаар захирамжаар тухайн хэргийн нэхэмжлэгч Капитал банк ХХК болон хариуцагч Их суварга ХХК нар нь зээлийн гэрээний үүрэгт 741,221,180,26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 737,000,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч эвлэрсэн байна. Үүнээс дээр дурдсан үндэслэлээр Их суварга ХХК-ний буюу энэ хэргийн хариуцагч Д.Бын гүйцэтгэх үүрэг нь 40,83 хувь буюу 300,917,100 төгрөг юм. Гэвч нэхэмжлэгч нь дээрх 01313 захирамжийн дагуу төлөх төлбөрт 279,685,500 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 242 дугаар зүйлийн 242.12-т зааснаар хариуцагч Д.Б-аас 279,685,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Н-т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Б-аас 1,556,377.50 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД