| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2018/01741/И |
| Дугаар | 101/ШШ2018/01962 |
| Огноо | 2018-06-05 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2018/01962
| 2018 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 101/ШШ2018/01962 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 87, НСКБ барилга 2, 4 давхарт байрлах ******* ХХК /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 72 хотхон т/3 5-8 тоотод оршин суух, Ганбаатарын Цагаанбарс /регистрийн дугаар: /-д холбогдох,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ганбаатар овогтой Цагаанбарс болон ******* ХХК нар нь Иргэний хуулийн 431.1-т заасныг үндэслэн 2015 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 1 жилийн хугацаатайгаар №1400010656 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, даатгуулагч Г.Цагаанбарс нь 265,000 төгрөгийн даатгалын хураамжийг даатгагчид төлөхөөр тохиролцож, эрсдэлээ даатгуулсан. Гэтэл 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртлэх хугацаанд нийт 66,253 төгрөгийн даатгалын хураамжийг төлсөн боловч үлдэгдэл 198,747 төгрөгийн даатгалын хураамжийг төлөхгүй байна. Манай компанийн зүгээс даатгуулагч******* удаа дараа холбогдож даатгалын хураамжийн үлдэгдэлийг төлж барагдуулахыг хүссэн.
Иймд Г.Цагаанбарсаас Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т Даатгуулагч даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлөх үүргийг хүлээнэ гэж заасны дагуу даатгалын гэрээний хураамжийн төлбөрийн үлдэгдэл 198,747 төгрөгийг ******* ХХК-д гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эзэмшиж байсан 42-47 УБД улсын дугаартай тоёота Аллион маркийн машинд ******* ХХК-иар тээврийн хэрэгслийн даатгалыг хийлгэсэн.
Энэхүү даатгал нь нийт 265,000 төгрөгийн үнэтэй бөгөөд сар бүр 22,000 төгрөг төлөх болзолтой, сарын төлөлтийг тогтсон хугацаанаас хойш 30 хоногийн дотор төлөөгүй тохиолдолд дээрх даатгалын гэрээ цуцлагдах нөхцөлтэйгээр байгуулсан.
Миний бие 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хооронд тус даатгалын компанид эхний 3 сарын хугацаанд 66,253 төгрөг төлсөн ба 4 дэх сард хугацаанд нь төлж амжаагүй учир мандал даатгалаас утсаар залгаж гэрээ цуцлагдах болохыг анхааруулахад би гэрээг цуцлахад ямар нэгэн гомдол саналгүй гэдгээ хэлсэн. Учир нь дээрх хугацаанд даатгалын ямар нэгэн тохиолдол бий болоогүй учраас миний ******* ХХК-иас нөхөн төлбөр аваагүй юм.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, бидний байгуулсан гэрээний 8.1-т заасны дагуу гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдсэнээс хойш 3 сарын дараа гэрээг цуцалж болно гэсэн үндэслэлээ гэрээ цуцлагдсан тул би ******* ХХК-ийн нэхэмжилж буй даатгалын гэрээний хураамжийн төлбөрийн үлдэгдэл гэх 198,747 төгрөгийг төлөх үндэслэлгүй.
Мөн тухайн нэхэмжлэл дээр бичсэн ...даатгуулагч*******тай удаа дараа холбогдож даатгалын хураамжийн үлдэгдлийг төлж барагдуулахыг хүссэн. гэсэн нь ор үндэсгүй зүйл бөгөөд уг компаниас сарын төлөлтөө нөхөн хийхгүй бол гэрээ цуцлагдна гэж ганц удаа л ярьсан. Удаа дараа ярьсан гэдэг нь баримтаар тогтоогдоогүй зүйл юм.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч*******т холбогдуулан даатгалын хураамж 198,747 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Талууд 2015 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 1400010656 дугаартай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, даатгуулагч******* нь 42-47УБД улсын дугаартай, Тоёота Аллион маркийн автомашиныг даатгуулж, даатгалын хураамжид 265,000 төгрөгийг даатгагч ******* ХХК-д төлөх үүрэг хүлээжээ.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ,
мөн хуулийн 437 дугаар зүйлийн 437.1-д Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй бол даатгагч хураамж төлөх 15 хоногийн нэмэлт хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацааг дахин хэтрүүлбэл үүсэх үр дагаврыг даатгагч бичгээр мэдэгдэнэ. 437.2.-т Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй. гэж тус тус зохицуулснаас үзвэл даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөх шаардлагыг хангаснаар даатгалын тохиолдол бий болоход даатгалын нөхөн төлбөрийг авах буюу даатгагч гэрээнд заасан үүргээ биелүүлэх зохицуулалттай байна.
Гэтэл нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.1-д заасан хугацаа тогтоосон, бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлсэн эсэх нь тодорхойгүй, даатгуулагч гэрээгээр тохиролцсон даатгалын хураамжийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, гэрээний хугацаа дууссан байх тул Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан үүрэг бүхий харилцаа талуудын хооронд бодитоор хэрэгжих боломжгүй болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан, хариуцагч*******аас 198,747 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,612.41 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА