Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 213

 

 

   

 

 

 

  2017           05            26                                         213

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч Ч.Тулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бат овгийн Чинбатын Тулгад холбогдох эрүүгийн 2016 2601 0075 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн  авч, тус шүүхийн “А-1” танхимд энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Бат овгийн Чинбатын Тулга Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникийн слесерь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн  16-50 тоотод бүртгэлтэй, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 3-А байрны 0 тоотыг түрээслэн суудаг гэх, урьд ял шийтгэлгүй (РД:УШ93122292).

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Ч.Тулга нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зуслангийн задгай тоотод оршин суух иргэн Ц.Бат-Эрдэнийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж “Фунай” маркийн 32 инчийн зурагт, ДДШТВ-ийн хүлээн авагч, антен зэрэг эд зүйлсийг хулгайлан 430,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Тулга мэдүүлэхдээ: Мэдүүлэг гаргахгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.

 

Эрүүгийн 2016 2601 0075 дугаартай хэргээс хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх нотлох баримтууд.

2.Хохирогч Ц.Бат-Эрдэнийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлсэн:

“...2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 08 цагийн орчим би гэрээсээ эхнэр хоёр хүүхдийн хамт гараад эхнэр хүүхдээ Орбитын Тахилтад байдаг ээжийндээ хүргэж өгсөн. Тэгээд Барс зах руу ажил руугаа яваад орой ажлаа тарах гээд 17 цагийн орчим байж байтал манай эхнэр Б.Алтантуяа над руу залгаад манай гэрээс Тулгаа зурагт хулгайлсан гэнээ гэж хэлсэн. Тэгээд би ажлаасаа 19 цагийн орчим эхнэрийн хамт зүүн салаанд гэртээ иртэл манай гэрийн хаалганы цоожийг эвдээд гэрт байсан “Фунай” маркийн 32 инчийн зурагт, удирдлага, төхөөрөмж, гадаа байсан ДДШТВ-ийн тавган антен зэрэг алга болсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд, цагдаа нар ирээд шалгаж байх үеэр манай эхнэр рүү Ган-Эрдэнэ гэх залуу яриад Тулгааг Ган-Эрдэнэ манай ДДШТВ-ийн антенийг төхөөрөмжийн хамт аваад ирсэн. Харин манай зурагтыг Тулгаа ломбарданд 100,000 төгрөгөөр тавьсан гэж хэлсэн. 2015 оны 6 дугаар сард “фунай” маркийн 32 инчийн зурагтаа 250,000 төгрөгөөр авч байсан. Харин ДДШТВ-ийн антенийг төхөөрөмжийн хамт 2015 онд би төрсөн ээж Хоролхүүгээс авч байсан. Энийг манай ээж 2012 онд худалдан авч байсан. Тулгаа миний гэрийн цоожийг эвдээд зурагт авах, захиран зарцуулах эрх байхгүй. Тулгаа манай хадам ээжийн төрсөн дүүгийнх хүүхэд байгаа юм. Би зурагтаа 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Өргөө” кино театрын зүүн талд байдаг ломбарднаас хүүг нь бодоод 110,000 төгрөгөөр авсан. Миний зурагтыг Тулгаа 2015 оны 12 дугаар сарын 23-наас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ган-Эрдэнийн нэр дээр 100,000 төгрөгөөр тавьсан байсан. Би өөрийн зурагтаа ломбарднаас авсан 110,000 төгрөгөө Тулга болон холбогдох хүмүүсээс гаргуулж авах хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг [1],

-2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дахин хохирогчоор мэдүүлсэн:

“...2016 оны 08 дугаар сарын дундуур Тулга ажил дээр ирээд ээжийн цалин буусан гээд 100,000 төгрөг өгсөн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. 10,000 төгрөгийг Тулгаас нэхэмжлэхгүй. Антенийг нэг хүн тайлж авах боломжтой. Яагаад гэвэл манай антен нилээн доор суурилсан байдаг. Газраас 1 метр 20 сантметрийн хэмжээтэй байдаг. Тухайн антенийг аваад би ганцаараа угсарч байсан. ...” гэх мэдүүлэг [2],

 

3.Гэрч Б.Алтантуяагийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2015 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 08 цагийн орчим нөхөр хүүхдүүдийн хамт гэрээсээ гараад Орбитын тахилтад хадам ээжийндээ хоёр хүүхдийн хамт үлдсэн. Манай нөхөр ажилдаа явсан. Тэгээд өдөр 14 цагийн орчим Тулгаа 88550233 дугаарын утсаар залгаад “та гэртээ байна уу” гэхээр нь байхгүй гэж хэлтэл утсаа салгасан. Тэгээд орой 17 цагийн орчим Тулгаа дахин өөрийн дээрх дугаараас залгаад Туяа эгчээ уучлаарай, би танай зурагтыг ломбарданд тавьсан гэхээр нь чи яаж авсан юм бэ гэтэл утсаа салгачихсан. Тэгэхээр нь би нөхөр Бат-Эрдэнэ рүү залгаад чамаас Тулгаа гэрийн түлхүүр авсан юм уу гэтэл үгүй гэхээр нь буцаад Тулгаа руу залгаад чи манай гэрт яаж орсон юм бэ гэтэл Тулгаа танай хаалгыг эвдээд гэрт чинь ороод зурагтыг чинь авсан. 2-3 хоногийн дараа зурагтыг чинь аваад өгнө гэж хэлсэн. Тэгээд би нөхрийнхөө хамт гэр рүүгээ явж байтал Ган-Эрдэнэ над руу залгаад Тулгаа танайхаас зурагт аваад ломбарданд тавиад миний банкны 100,000 төгрөгийг төлсөн гээд байна гэсэн. Тэгээд нөхрийн хамт гэртээ иртэл гэрийн хаалганы цоож эвдээд гэрт байсан “фунай” маркийн 32 инчийн зурагт, төхөөрөмж, ДДШТВ-ийн тавган антен зэрэг алга болсон байсан. Тэгээд цагдаа нар манай гэрт ирээд үзлэг шалгалт хийж байтал Ган-Эрдэнэ дахин над руу утсаар яриад Тулгааг олчихлоо гэхээр нь манай ДДШТВ-ийн антен байна уу гэж асуутал зурагтын автобусны буудлын ойролцоо дугуй засвар дээр тавьсан гэж байна. Би Тулгааг танайд аваад очих уу, цагдаа дээр аваад очих уу гэхээр нь манай гэрт хүрээд ир гэтэл удалгүй Ган-Эрдэнэ Тулгааг манай антены хамт дагуулаад ороод ирсэн. Тэгээд цагдаа нар Тулгааг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Манай гэрээс зурагт, антен алга болсон байсан, өөр эд зүйл алдагдаагүй. ...Тулгаа бидний зурагтыг захиран зарцуулах эрх байхгүй. ...” гэх мэдүүлэг [3],

 

4.Гэрч Л.Долгормаагийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн:

“...2015 оны 12 дугаар сарын 23-ны болсон зүйлийн талаар би дараа нь миний төрсөн эгч Баасанхүүгийн охин Б.Алтантуяагийн гэрээс манай хүү Ч.Тулга зурагт, телевизийн антен зэргийг хулгайлж аваад зурагтыг нь ломбарданд тавьсан байсаныг сонссон. Манай хүү Ган-Эрдэнэ гэх залууд өртэй байсан гэсэн. Тэгээд өрөө төлөх гэж Алтантуяагийн гэрээс хулгай хийсэн гэсэн. Ч.Тулга надад хэлэхдээ Ган-Эрдэнэ ахын өрийг төлөх гэж Б.Алтантуяагийнхаас хулгай хийсэн, Ган-Эрдэнэ Тулгыг хулгай хий гэж шахаж шаардаагүй гэсэн. Мөн Ган-Эрдэнииг хулгай хийхэд оролцоогүй харин ганцаараа хулгай хийсэн гэж хэлж байсан.  ...” гэх мэдүүлэг  [4],

 

5.Гэрч Э.Ган-Эрдэнийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн:

“...Тухайн өдрийн өглөө би Тулга руу залгаад мөнгөө тушаа гээд ярьж байсан гэж ярьчихаад 13 цагийн үед гэрээсээ гараад ус авахаар машинтайгаа явж байсан. Тулгаа гудамжинд найзуудтайгаа халамцуу байхаар нь уурлаад “чи одоо мөнгө төлөхгүй, намайг найдваргүй зээлдэгч болгочих юм, эсхүл тэр зээлээ өөрийнхөө нэр дээр шилжүүлж ав” гээд нилээн уурлаад, одоо тэр мөнгө тушаа гээд явсан. Тэгтэл орой 18 цагийн үед Тулгаа өөрөө залгаад “та Өргөөгийн хажууд хүрээд ирээч” гэхээр мөнгө нь бэлэн болчихсон юм байх гээд баярлаад очсон. Тэгтэл нэг зурагт барьчихсан байхаар хулгайн зурагт гэдгийг нь мэдээгүй учир хэний зурагт юун зурагт вэ гэж асуутал Туяа эгчийн зурагтыг гуйгаад авчихсан юм гэж хэлсэн. Би дотроо 2 сар гаруй амьдарсан юм чинь эгч нь өгсөн юм байлгүйдээ гэж бодсон. Би уг зурагтыг жолооны үнэмлэхээрээ тавиад орой 20 цагийн үед “Бичил глобус” дээр Тулгаагийн хамт очиж тушаачихаад Тулгаа бид хоёр салаад явсан. Тэгээд Туяа над руу залгаж Тулгаагийн талаар асуухаар нь за би хайя гэж хэлээд Тулгааг урд гудамжных нь сагсны талбайгаас олж аваад Туяа руу залгаад аваад очлоо гээд Тулгааг аваад очсон. Тулгаас асуухад Зурагтын ойролцоо дугуй завсарын газар байгаа гэхээр нь Туяагийн гэр рүү очих замдаа аваад очсон. Тухайн үед би Тулгатай хамт явж байсан. Би хулгайн зурагт гэж огт мэдээгүй. Хэрэв тийм гэдгийг нь мэдсэн бол ломбарданд тавиулахгүй байсан. Тухайн үед эдийн засагч нь би хүлээж байя өнөөдөр аваад ир гээд байхаар бэлнээр нь эдийн засагчид нь өгөөд маргааш данс руу хийе гэж хэлсэн. Үлдэгдэл 480,000 төгрөг үлдсэн байсан. Түүнээс 150,000 төгрөг тушаачихвал хэвийн графикт орох гээд байна гээд байсан боловч тухайн үед 100,000 төгрөг тушаасан. Би өмнө өгсөн байцаалтандаа 480,000 төгрөгийн талаар дурьдсан нь үүнтэй холбоотой гэж санаж байна. ...” гэх мэдүүлэг [5] ,

 

6.Гэрч Ш.Эрдэнэ-Зулын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн:

“...2015 оны 04 дүгээр сараас өөрийн нөхрийн хамт Өргөө кинотеатрын зүүн талд “Эзэн мөнх” гэх ломбард ажиллуулдаг болсон. Уг ломбардандаа зурагт, нөтебүүк, гар утас авдаг. Манайд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлоо барагдуулсан. Эд зүйл тавьсан баримтанд Туяа гэх хүн өөрөө авсан байна. Эд зүйлээ тавих гэж байгаа бол заавал тухай хүн өөрийн бичиг баримттайгаа байх ёстой. Хэрэв өөр хүний бичиг баримтаар үйлчлүүлбэл манайх авдаггүй. Хэрэв бичиг баримтаараа тавиад авах тохиолдолд утсаар холбогдоод ямар хүн авахыг нь сайн лавлаж байгаад тухайн хүнтэй холбоотой гэсэн хүнд буцааж өгдөг. ...” гэх мэдүүлэг [6] ,

 

7.Ч.Тулгын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн:

“...Тухайн өдрийн 17 цагийн үед 3, 4 дүгээр хороололд явж байтал “Бичил глобус” гэх зээлийн хоршооноос залгаад 2015 оны 04 дүгээр сард хуурай ах Ган- Эрдэнэ машинаа унаад зээл авсан байсан. Хэдэн төгрөг зээлсэнийг мэдэхгүй байна. Би тэр мөнгөнөөс 200,000 төгрөг зээлсэн. Ах надад хэлэхдээ “зээлсэн мөнгөө сар, сараар нь өгчихөөрэй” гэж хэлсэн. Тэр өдөр хүүнийхээ сүүлийн төлөлт буюу 100,000 төгрөг өгөх байсныг залгаад мөнгөө өг гээд байсан. Тухайн үед мөнгө байхгүй байсан учир “Өргөө” кино театраас такси бариад Зүүнсалаанд байх эгч Б.Алтантуяагийн гэрт зурагтыг нь авах гээд шууд очсон. Тэгээд гэрт нь очоод гэрийнх нь хаалгыг чулуугаар эвдлээд гэрт нь орж зурагт авч гарсан. Тэгээд ирсэн таксигаараа хороолол руу явж байхдаа Б.Алтантуяа эгч рүү залгаад “уучлаарай би зурагтыг чинь авчихлаа шүү” гээд утсаа унтраасан. Уг зурагтыг хороололын “Өргөө” кинотеатрын ертөнцийн зүгээр зүүн талд нь байх шилэн 3 давхар барилгын 1 давхарт байрлах ломбарданд 100,000 төгрөгөөр тавьсан. Тухайн үед миний бичиг баримт байхгүй байсан учир Ган-Эрдэнэ ахыг дуудаад бичиг баримтаар нь уг зурагтыг тавьсан. Ган-Эрдэнэ ахад хулгайн зурагт гэдгийг хэлээгүй, эгчийн зурагт байгаа юм гэж хэлсэн. Тэгээд уг ломборднаас гараад “Бичил глобус"-д Ган-Эрдэнэ ахын нэрээр 100,000 төгрөг тушаачихаад гараад утасаа асаагаад Б.Алтантуяа эгч рүү залгатал “манай гэрт цагдаа нар ирчихсэн байна” гэж хэлэхээр нь за за би одоо очлоо гээд очсон. Тэгээд цагдаа нар бариад цагдаагийн газар авч ирсэн. “Фунай” гэх 32 инчийн улаан хар өнгийн зурагт болон зурагттай холбосон байсан кабелийн хүлээн авагч, гэрийн гадаа байсан тавган антеныг авсан. Тухайн кабелийн антенийг таксинаас буухдаа авч буугаад Ган-Эрдэнэ ахын машинд тавиад тэр өдөртөө буцаагаад өгсөн. Би Б.Алтантуяа эгчийн хүүхдийг харах гээд ирэн очин байдаг байсан. Мөнгө хэрэгтэй болоход хамгийн түрүүнд Алтантуяа эгчийн гэр санаанд буусан. Тухайн хэрэг болохоос 3 хоногийн өмнө очиж байсан. Алтантуяа эгчийн гэр рүү очихоосоо өмнө Туяа эгч рүү 18 цаг өнгөрч байхад залгаад “Та хаана байгаа юм” гэж асуутал Туяа эгч “Тахилтад байна” гэж хэлэхээр нь “аан за за” гээд тасалсан. Тэгээд гэртээ байхгүй гэдгийг мэдээд гэрт нь шууд очсон. Хэргийг ганцаараа үйлдсэн. Ямар нэгэн хүн хажууд байгаагүй. Таксины жолооч машиндаа сууж байсан. Би хэлэхдээ “гэр рүүгээ ороод зурагтаа аваад гараад ирье” гэж хэлсэн. Тухайн үед би монгол гэрийн хаалгыг хашаан дотор газар байсан том чулуугаар цоожийг нь цохиж онгойлгоод орсон. Энэ үед би ямар нэгэн бээлий өмсөөгүй байсан. Тухайн үед над руу залгана гэж хэлсэн ч дахиж залгахгүй болохоор нь гайгүй юм байх гэж бодоод яваад байсан. Энэ хугацаанд Улаанбаатар хотод гэртээ байсан. Би өөрийн гар утсаа 2016 оны 07 дугаар сард алга болгоод 2016 оны 12 дугаар сард дахин сэргээж барьсан. Мөн хэрэг үйлдэх үедээ Туяа эгчийн гэрт байдаг байсан. Хэрэг болсоноос хойш ээж дүүгийн хамт 10 дугаар хороололд байх “Хэрмис” гэх барилгын худалдааны замын эсрэг талд буюу ертөнцийн зүгээр зүүн талд байх саарал өнгийн 5 давхар За байрны пудволд байх болсон. Намайг энд нүүж ирэн амьдардаг болсоныг цагдаа болон байцаагч маань мэдээгүй байсан. ...” гэх мэдүүлэг [7],

-яллагдагчаар 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн:

“...2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр миний төрсөн өдөр байсан тул төрсөн өдрөө тэмдэглээд Ганаа ахын гэрийн ойролцоо байх “Секрет” гэх буудалд хоносон. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагийн үед сэртэл утас унтарчихсан байсан. Утсаа асаатал “Бичил глобус”-ын 70-тай дугаараас 3 орчим удаа дуудлага орж ирсэн байсан. Тэгээд орж ирсэн дуудлагануудаа хараад байж байтал Ганаа ах залгаад “банкнаас залгаад мөнгөө тушаа гээд байна. Чи мөнгөө яасан бэ, чам руу залгасан байна уу, өнөөдөр мөнгөө заавал тушаагаарай” гэж хэлэхээр нь би “өнөөдөр заавал мөнгө олж байгаад мөнгөө тушаанаа” гэж хэлээд утасаа салгасан. Тэгж ярихад 13 цаг өнгөрч байсан. Буудлаас гараад гудамжны үзүүрт зогсож байтал Ганаа ах урдаас машинтайгаа ирээд надад “чи одоо мөнгөө олохгүй согтуу явж байгаа юмуу хаашаа юм, мөнгөө хурдан ол гээд уурлахаар нь би олноо гээд салаад явсан. Тэрнээс хойш над руу залгасан ч би мөнгөө олоогүй байсан учир утасыг нь авалгүй байж байгаад 18 цагийн үед Ган-Эрдэнэ ах руу залгаад “та гэрээсээ гараад ир, би өргөө дээр байна” гэж хэлсэн. Надаас “яах гэж байгаа юм” гэж асуухаар нь би “зүгээр агаа хүрээд ирээ” гээд утасаа салгасан. Тэгтэл нээх удалгүй хүрээд ирэхээр нь “энэ зурагтыг тавиад банкинд мөнгөө тушаая, өөр ямар ч арга байхгүй” гэж хэлтэл Ганаа ах “энэ ямар учиртай зурагт юм” гэж надаас асуухаар нь би “зүгээрээ агаа миний бичиг баримт байхгүй байна. Та өөрийнхөө бичиг баримтаар тавиад өгөөч” гээд тавиулсан. Тэгээд би Ганаа ахтай хамт “Бичил глобус” орж 100.000 төгрөгөөр бэлнээр тушаачихаад бид хоёр салаад явсан. Тэгээд Туяа эгч залгаад хаана байгаа юм гэхээр нь би хаана байгаагаа хэлээгүй. Би ганцаараа “Өргөө”-гөөс хойшоо Зүүн наран руу хоёр дэлгүүрийн тийшээ найзуудтайгаа уулзах хоёр дэлгүүр гэх автобусны буудлын ойролцоо байх хүүхдийн тоглоомны газрын ойролцоо явж байтал Ганаа ирээд “чи Туяагийн юмыг нь авчихсан юм уу, алив явья гээд машинд суулгаад явж байхдаа зурагтын автобусны ойролцоо байх нэрийг нь мэдэхгүй дугуй засварын газраас антенаа аваад Туяа эгчийн гэрт нь очсон. Тухайн үед би гэрийн урдхан талд байх бага зэрэг том чулуугаар цүүг нь цохиод бариулнаас хүчтэй таттал хаалганы нэг талын цүү нь мултараад хаалга нь онгойчихсон. Утас унтарсан байсан. ...Ганаа ах утас асангуут шууд залгаад ярьсан. Батка ахын гэрийн зурагт 100,000 төгрөг хүрэхгүй байх гэж бодоод гадна байсан тавган антенийг хамт авсан. Уг антеныг Батка ахын гэрийнхэн шургуулганд байсан бахиар аваад таксинд байлгаж байгаад ломбарданд зурагтаа Ган-Эрдэнэ ахын хамт тавьчихаад гарч ирээд антенаа Ганаа ахын машинд хийсэн. Энэ үед Ганаа ямар учиртай антен болохыг асуухаар нь би зүгээр багажиндаа хийчих гээд хийсэн. Би өмнө нь 62-10 УНН улсын дугаартай авто машиныг 7 хоногийн 100,000 төгрөгөөр хэсэг унаж байсан. Тэгээд тухайн унаж байсан авто машинаа засуулах гэхээр мөнгө хэрэгтэй байсан учир Ганаа ахаас мөнгө зээлсэн. Тухайн мөнгө Ганаа ах Соната-5 маркын хоёр авто машин “Бичил глобус” ББСБ-д хэдэн төгрөгөөр тавьсаныг нь мэдэхгүй байна. Би тэр мөнгөнөөс нь 250,000 төгрөг зээлээд машинаа зассан. ...” гэх мэдүүлэг [8],

 

8. 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг [9],

9.2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Цагаан өнгийн ДДШ гэсэн бичигтэй төмөр таваг, хар өнгийн суваг хүлээн авагч, хар өнгийн зурагтын удирдлага зэргийг түр хураан авч, хохирогч Ц.Бат-Эрдэнэд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл [10],

10.Эд зүйлийн үнэлгээ [11],

11.”Эзэн Мөнх” ХХК-ний барьцаат зээлийн үйлчилгээний баримт [12],

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд.

12.Гэрч Л.Долгормаагийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн:

“...Манай хүү Тулга 1993 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Эх нялхаст төрсөн. Одоо миний хүү 23 настай, том хүү байгаа юм. Миний хүү нэгдүгээр ангид 1998 онд Баянгол дүүргийн 13 дугаар сургуульд орж суралцаад 8 дугаар анги төгссөн. Тэгээд барилгын коллежид орж 3 жил суралцаж төгсөөд Сантехникийн мэргэжилтэй болсон. Мэргэжлээрээ ажиллаагүй, дандаа хувийн такси барьж халтуур хийдэг байсан. ...Миний хүү урьд өмнө нь ял шийтгэл эдлэж байгаагүй. Миний хүү их даруухан зантай хүүхэд, гоц авъяас чадвар гээд байхаар зүйл байдаггүй гэх...” гэх мэдүүлэг [13],

-түүний 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэрчээр дахин өгсөн мэдүүлсэн:

“...Миний хүү Ч.Тулга цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа өөрийн найз Чинзоригтой Төв аймгийн Заамар сум руу 2016 оны 03 дугаар сарын 20-ны үед явсан. Яг ямар ажлаар явсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Надад утсаар ажил гарлаа гээд хэлчихээд явсан. Над руу миний хүүгийн хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч асууж, та өөрийн хүү Тулгыг аваад ирээрэй гэж хэлсэн. Тухайн үед миний хүү байхгүй, хөдөө явсан байсан учир очиж чадаагүй. Би одоогоор өөрийн 2 хүү болох Ч.Тупга, Ч.Төгөлдөр нарын хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, З-а байрны түрээсийн подволд амьдарч байгаа. Хүү маань өөрийн барьж байсан 88550233 дугаартай утсаа алга болгочихсон. Тэгээд миний дугаар болох 95192549 дугаарыг барьж байсан. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа ямар нэгэн ажил хийгээгүй. Одоо надтай цуг байгаа. ...” гэх мэдүүлэг [14],

 

13.Гэрч Б.Алтанцөгцийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн:

“...Ч.Тулга нь манай ээжийн дүүгийн хүүхэд бөгөөд 1993 онд айлын том хүүхэд болон мэндэлсэн. Ээжийн хамт хотод цэцэрлэг сургуулиар хүмүүжсэн. Бага байхаас гэрээр нь орж гардаг байсан учир их даруухан бор хүүхэд байдаг байсан. Тулгын аав нь бага байхад нас барсан учир эмээ ээжтэйгээ хамт амьдарч байсан. Уг нь хэл ам татлаад байдаггүй хүүхэд байсан. Тулгад ямар нэгэн муу зуршил байхгүй. Би тусдаа амьдардаг, хааяа тэдний гэрээр орж гардаг байсан учир сайн уу анай гээд байдаг, хөөрхөн даруухан хүүхэд байсан. Ямар нэгэн хэрэг төвөгт орооцолдож дуудаж энээ тэрээ болж байгаагүй болохоор өөр зүйлийн талаар сайн мэдэхгүй байна. Тулга маань доороо нэг дүүтэй, ээжтэйгээ гуравуулаа амьдарч байгаа. Тухайн үед хэргийн талаар мэдээгүй. Дараа нь Б.Алтантуяагаас сонсож байсан. Түүнээс Тулгаас өөрөөс нь яагаад ийм зүйл хийсэн талаар асуугаагүй. ...” гэх мэдүүлэг [15],

 

14.Шүүгдэгч Ч.Тулгын иргэний үнэмлэхийн лавлагаа [16], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [17] болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Ч.Тулгад холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримталж Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэв.

 

Шүүхийн хууль зүйн дүгнэлт:

Нэг. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад дүгнэвэл:

Шүүгдэгч Ч.Тулга нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зуслангийн задгай тоотод оршин суух иргэн Ц.Бат-Эрдэнийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, нэвтрэн орж “Фунай” маркийн 32 инчийн зурагт, ДДШТВ-ийн хүлээн авагч, антен зэрэг эд зүйлсийг хулгайлан 430,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-Мөрдөн байцаалтад:

-хохирогч Ц.Бат-Эрдэнийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...манай эхнэр Алтантуяа над руу залгаад манай гэрээс Тулгаа зурагт хулгайлсан гэнээ гэж хэлсэн. Тэгээд би ажлаасаа 19 цагийн орчим эхнэрийн хамт зүүн салаанд гэртээ иртэл манай гэрийн хаалганы цоожийг эвдээд гэрт байсан “Фунай” маркийн 32 инчийн зурагт, удирдлага, төхөөрөмж, гадаа байсан ДДШТВ-ийн тавган антен зэрэг алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг [18],

-гэрч Б.Алтантуяагийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...би нөхөр Бат-Эрдэнэ рүү залгаад чамаас Тулгаа гэрийн түлхүүр авсан юм уу гэтэл үгүй гэхээр нь буцаад Тулгаа руу залгаад чи манай гэрт яаж орсон юм бэ гэтэл Тулгаа танай хаалгыг эвдээд гэрт чинь ороод зурагтыг чинь авсан. 2-3 хоногийн дараа зурагтыг чинь аваад өгнө гэж хэлсэн. Тэгээд би нөхрийнхөө хамт гэр рүүгээ явж байтал Ган-Эрдэнэ над руу залгаад Тулгаа танайхаас зурагт аваад ломбарданд тавиад миний банкны 100,000 төгрөгийг төлсөн гээд байна гэсэн. Тэгээд нөхрийн хамт гэртээ иртэл гэрийн хаалганы цоож эвдээд гэрт байсан “фунай” маркийн 32 инчийн зурагт, төхөөрөмж, ДДШТВ-ийн тавган антен зэрэг алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг [19],

-гэрч Л.Долгормаагийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...2015 оны 12 дугаар сарын 23-ны болсон зүйлийн талаар би дараа нь миний төрсөн эгч Баасанхүүгийн охин Б.Алтантуяагийн гэрээс манай хүү Ч.Тулга зурагт, телевизийн антен зэргийг хулгайлж аваад зурагтыг нь ломбарданд тавьсан байсныг нь сонссон. ...” гэх мэдүүлэг  [20],

-гэрч Э.Ган-Эрдэнийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...орой 18 цагийн үед Тулгаа өөрөө залгаад “та Өргөөгийн хажууд хүрээд ирээч” гэхээр мөнгө нь бэлэн болчихсон юм байх гээд баярлаад очсон. Тэгтэл нэг зурагт барьчихсан байхаар хулгайн зурагт гэдгийг нь мэдээгүй учир хэний зурагт юун зурагт вэ гэж асуутал Туяа эгчийн зурагтыг гуйгаад авчихсан юм гэж хэлсэн. Би дотроо 2 сар гаруй амьдарсан юм чинь эгч нь өгсөн юм байлгүйдээ гэж бодсон. Би уг зурагтыг жолооны үнэмлэхээрээ тавиад орой 20 цагийн үед “Бичил глобус” дээр Тулгаагийн хамт очиж мөнгө тушаачихаад Тулгаа бид хоёр салаад явсан. Тэгээд Туяа над руу залгаж Тулгаагийн талаар асуухаар нь “за би хайя” гэж хэлээд Тулгааг урд гудамжных нь сагсны талбайгаас олж аваад Туяа руу залгаад аваад очлоо гээд Тулгааг аваад очсон. ...” гэх мэдүүлэг [21] ,

-Ч.Тулгын сэжигтнээр 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...Тухайн үед мөнгө байхгүй байсан учир “Өргөө” кинотеатраас такси бариад Зүүнсалаанд байх эгч Б.Алтантуяагийн гэрт зурагтыг нь авах гээд шууд очсон. Тэгээд гэрт нь очоод гэрийнх нь хаалгыг чулуугаар эвдлээд гэрт орж зурагт авч гарсан. Тэгээд ирсэн таксигаараа хороолол руу явж байхдаа Б.Алтантуяа эгч рүү залгаад “уучлаарай би зурагтыг чинь авчихлаа шүү” гээд утсаа унтраасан. Уг зурагтыг хороололын “Өргөө” кинотеатрын ертөнцийн зүгээр зүүн талд нь байх шилэн 3 давхар барилгын 1 давхарт байрлах ломбарданд 100,000 төгрөгөөр тавьсан. ...”Фунай” гэх 32 инчийн улаан хар өнгийн зурагт болон зурагттай холбосон байсан кабелийн хүлээн авагч, гэрийн гадаа байсан тавган антеныг авсан. Тухайн кабелийн антенийг таксинаас буухдаа авч буугаад Ган-Эрдэнэ ахын машинд тавиад тэр өдөртөө буцаагаад өгсөн. ...” гэх мэдүүлэг [22],

-яллагдагчаар 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...18 цагийн үед Ган-Эрдэнэ ах руу залгаад “та гэрээсээ гараад ир, би Өргөө дээр байна” гэж хэлсэн. Надаас “яах гэж байгаа юм” гэж асуухаар нь би “зүгээр агаа хүрээд ирээ гээд утсаа салгасан. ...удалгүй хүрээд ирэхээр нь “энэ зурагтыг тавиад банкинд мөнгөө тушаая өөр ямар ч арга байхгүй” гэж хэлтэл Ганаа ах “энэ ямар учиртай зурагт юм” гэж надаас асуухаар нь би “зүгээрээ агаа миний бичиг баримт байхгүй байна. Та өөрийнхөө бичиг баримтаар тавиад өгөөч” гээд тавиулсан. ...Ганаа ирээд “чи Туяагийн юмыг нь авчихсан юм уу, алив явья гээд машинд суулгаад явж байхдаа зурагтын автобусны ойролцоо байх нэрийг нь мэдэхгүй дугуй засварын газраас антенаа аваад Туяа эгчийн гэрт нь очсон. Тухайн үед би гэрийн урдхан талд байх бага зэрэг том чулуугаар цүүг нь цохиод бариулнаас хүчтэй таттал хаалганы нэг талын цүү нь мултараад хаалга нь онгойчихсон. ...” гэх мэдүүлэг [23], 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг [24], Цагаан өнгийн “ДДШ” гэсэн бичигтэй төмөр таваг, хар өнгийн суваг хүлээн авагч, хар өнгийн зурагтын удирдлага зэргийг түр хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл [25], Эд зүйлийн үнэлгээ [26], Эзэн Мөнх ХХК-ний барьцаат зээлийн үйлчилгээний баримт [27] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Тулга нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Ч.Тулга нь шунахай сэдэлтээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Орон байранд нэвтрэх гэдэгт “хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан орон сууц, байшин, гэр зэрэгт онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтэрч орохыг ойлгоно.  

Шүүгдэгч Ч.Тулгын хулгайлж авсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ нь бага бус хэмжээний буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх ба харин орон байранд нэвтэрч үйлдсэн нь гэмт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл болсон буюу мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Иймд шүүгдэгч Ч.Тулгыг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Бат-Эрдэнэ нь “Фунай” маркийн 32 инчийн зурагт, удирдлагын хамт, төхөөрөмж, ДДШТВ-ийн антен алдагдсан гэж мэдүүлсэн ба эд зүйлийн үнэлгээ тогтоох комиссоос “Фунай” маркийн 32 инчийн зурагтыг 250,000 төгрөгөөр, ДДШТВ-ийн антенийг 180,000 төгрөгөөр тогтоосон, эдгээрийн нийт үнэ 430,000 төгрөг байна.

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Бат-Эрдэнэ нь хулгайд алдагдсан “Фунай” маркийн 32 инчийн зурагтыг удирдлагын хамт ломбарднаас 110,000 төгрөг төлж авсан. Төхөөрөмж, ДДШТВ-ийн антен зэргийг биетээр нь хүлээн авсан. 2016 оны 08 дугаар сарын дундуур Ч.Тулга 100,000 төгрөг өгсөн, үлдэгдэл 10,000 төгрөгийг түүнээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, мөн хэрэгт эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл авагдсан байна. Иймд шүүгдэгч Ч.Тулгыг хохирогч Ц.Бат-Эрдэнэд төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Гурав: Шүүгдэгчийн хувийн байдал болон бусад:

Хэрэгт авагдсан ЦЕГ-ын МСТТ-ийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар [28] шүүгдэгч Ч.Тулга нь лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна. 

Иймд шүүгдэгч Ч.Тулгад ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэрэг байдлыг хөнгөрүүлөх нөхцөлд тооцов.

Түүнчлэн шүүгдэгч Ч.Тулгын хувийн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдүүлэх шаардлагагүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэж, түүний нэр дээр хувь хөрөнгө тогтоогдоогүй тул нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.  

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 296.4, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1.Шүүгдэгч Бат овгийн Чинбатын Тулгыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Чинбатын Тулгыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тулгад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ч.Тулга нь цагдан хоригдсон хоноггүй, түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, хохирогч Ц.Бат-Эрдэнэд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг баримтлан шүүгдэгч Ч.Тулгад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүргийн  цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ч.Тулгад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Тулгад урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

 

 


[1] Хавтаст хэргийн 16 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 34 дүгээр тал.

[3] Хавтаст хэргийн 46 дугаар тал. 

[4] Хавтаст хэргийн 20 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 50-51 дүгээр тал.

[6] Хавтаст хэргийн 52-53 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 60 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 62-63 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 4-7 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 12 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 13 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 14 дүгээр тал.

[13] Хавтаст хэргийн 20 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 48-49 дүгээр тал.

[15] Хавтаст хэргийн 47 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 31 дүгээр тал.

[17] Хавтаст хэргийн 32 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 16 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 46 дугаар тал. 

[20] Хавтаст хэргийн 20 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 50-51 дүгээр тал.

[22] Хавтаст хэргийн 60 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 62-63 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 4-7 дугаар тал.

[25] Хавтаст хэргийн 12 дугаар тал.

[26] Хавтаст хэргийн 13 дугаар тал.

[27] Хавтаст хэргийн 14 дүгээр тал.

[28] Хавтаст хэргийн 32 дугаар тал.