Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 440

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.О даргалж, шүүгч Д.Ц, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/02811 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Б.М-ийн хариуцагч ХУДЗД-д холбогдуулан гаргасан ХУДЗД-ын 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгуулж, хууль бусаар ажлаас халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ХУД-ийн Соёлын ордны даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх ХУДЗД-ын 2009 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 165 дугаар захирамжаар ХУД-ийн Соёлын төв /ордон/-ийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр эхний удаагаа, 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хоёр дахь удаагаа, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ХУДЗД-ын захирамжаар гурав дахь удаагаа нэг л үндэслэлээр ажлаасаа халагдаад байна. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэсэн үндэслэл бөгөөд ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/01002 дугаар шийдвэрийн 3, 4 дэх хуудсан дахь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, 5 дугаар хуудсан дахь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаар, ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02418 дугаар шийдвэрээр өөрийн төрсөн ах, хамтран амьдрагч, өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргасан гэж, Б.М-ийг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй, хуульд нийцээгүй гэж дүгнэсэн. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэснийг зөрчиж хамтран амьдрагч Ч.Б 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар Соёлын ордны нярав, кассын ажлыг хослон гүйцэтгүүлэхээр, төрсөн ах Б.Н 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/15 дугаар тушаалаар соёлын ордны жижүүрээр томилон ажиллуулж байсан байна гэжээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл хүлээлгэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дахь хэсэгт  зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Учир нь АТГ бичигтэй болохоор халж болдог, бичиггүй бол халахгүй гэсэн зохицуулалт байхгүй. Иймд дээрх үндэслэлээр намайг дахин ажлаас халах нь үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоож, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин 4 602 560 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийж баталгаажуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хяналт, шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай Авлигатай тэмцэх газрын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05/3441 тоот албан бичиг ирүүлсний дагуу хариуцлага тооцож хариуг 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 08/874 дугаар албан бичгээр хүргүүлсэн болно. Б.М нь ХУД-ийн соёлын ордны даргаар ажиллаж байхдаа өөрт хамаарал бүхий этгээдүүдийг ажилд авч ажиллуулж байсан. Энэ талаар шүүх үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж шийдвэрлэж байсан. Учир нь эхний шүүхийн шийдвэр 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гарч Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн захирамж Б.М-ийг ажлаас чөлөөлөх үндэслэл заалгүйгээр шууд чөлөөлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч тал Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж, өөрт хамаарал бүхий этгээдүүдийг ажилд томилон, удирдан ажиллаж байсан талаар баримтуудыг гаргасан боловч шүүх ажлаас чөлөөлсөн захирамжид энэхүү үндэслэлийг дурдаагүй, захирамжтай холбоотой баримтууд биш гэж үзсэн. Үүний дараа Б.М-ийг Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/69 дүгээр захирамжаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр хоёр дахь удаагаа ажлаас чөлөөлсөн. Б.М нь дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “түүнийг ажилд томилсон атлаа мөн өдрөө ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь тушаалд заасан үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй” гэж үзэн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэсгийг хэрэгсэхгүй болгосон. АТГ 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05/3441 тоот ХУД-ийн Засаг даргад хандсан хяналт, шалгалтаар гарсан зөрчилд хариуцлага тооцуулах тухай албан бичиг ирсэн тул гурав дахь удаагаа Б.М-ийг ажлаас халах тухай Засаг даргын захирамж 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гарсан бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр мэдэгдэл хүргүүлж, Авлигатай тэмцэх газраас ирсэн албан бичигтэй холбоотойгоор таны эрх ашгийг хөндсөн захиргааны шийдвэр гарч байна, сонсох ажиллагаанд оролцохыг мэдэгдэхийг хэлэхэд ирж уулзаад зөвшөөрөхгүй гэж мэдэгдээд тайлбараа 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цагт авчирч өгнө гэсэн. Маргааш нь ирээд тайлбар өгөх шаардлагагүй гэсэн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтыг үндэслээд 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Авлигатай тэмцэх газрын албан бичгийн дагуу хуулийг зөрчин ажиллаж байсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч анх 2009 оны 8 дугаар сарын 14-ний өдөр  өөрийн төрсөн ах болон БН-г аж ахуйн албаны даргаар, 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хамтран амьдрагч Ч.Баярмааг зохион байгуулагчаар тус тус ажилд авсан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдсанаас хойш 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн төрсөн хүү Минжүүрийн Пүрэвсүрэнг жижүүрээр ажилд авсан. Мөн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/15 дугаар тушаалаар төрсөн ах Б.Н хөгжмийн багшаар томилж, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтыг зөрчсөн. Хэрвээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан тохиолдолд нийтийн албанаас халахаар заасан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглохоор заасан. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтанд төрийн үйлчилгээний албан тушаалтны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч нарыг хамаарна гэж заасан. Иймд өөртэйгээ хамаарал бүхий этгээдүүдэд чиглэсэн тушаал шийдвэр гаргасан, удирдаж ажилласан зэрэг зөрчил гаргасан тул Засаг даргын захирамжаар ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргасныг илрүүлж 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/69 дүгээр захирамжаар ажлаас халсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч тогтоосон журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна” гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, хэзээ сахилгын зөрчлийг илрүүлснийг тодорхойлоогүй. Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдах тухай 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд багтаж шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлэгдэж дууссан харилцаа юм. Өөрөөр хэлбэл хууль зүйн факт үүсээд дуусгавар болсон. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдсан ”... магадлалаар Б.М-т холбогдох ХУДЗД-ын Б/69 дүгээр захирамжийг хүчингүй болгосон боловч түүний ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Иймд Засаг даргын нэхэмжлэгч Б.М-ийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг зөрчиж, өөрийн төрсөн хүү, төрсөн ах, хамтран амьдрагч буюу өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргасан үндэслэлээр ажлаас халсан талаар хэлэлцэж шийдвэрлээгүй байна” гэсэн нь үндэслэлгүй. Учир нь анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1002 дугаар шийдвэрийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаар хариуцагч нь анх Б.М-ийг ажлаас чөлөөлсөн захирамжийнхаа гол үндэслэл болгож шүүхэд бичгээр тайлбараа гаргаснаар нотлогддог юм. Мөн Б.М-ийг 2 дахь удаагаа ажлаас халсан дүүргийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/69 дүгээр захирамжийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосноор энэ нь уг асуудлын талаар хэлэлцэж байсныг нотолж байх тул шүүхийн дүгнэлт ойлгомжгүй. ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 02418 дугаар шийдвэрийн 2, 3, 4 дүгээр талд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаар; Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 00217 дугаар магадлалд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээс харахад ч дээрх анхан шатны шүүхийн дүгнэлт үгүйсгэгдэнэ. ХУДЗД-ын 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар Б.М намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох ХУД-ийн Соёлын ордны даргаар эгүүлэн томилсон. Гэвч яг 2 сарын дараа 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар дахин 3 дахь удаагаа ажлаас халсан шийдвэртэй холбогдуулж хууль бусаар ажлаас халагдсан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн анхан шатны шүүхийн 1786 дугаар шийдвэрээр миний нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн ч давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Авлигатай тэмцэх газраас хийсэн хяналт, шалгалтаар дээрх байдал дахин тогтоогдож, хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай ХУД-ийн Засаг даргад мэдэгдсэнийг үндэслэн Б.М-ийг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар дахин ажлаас халсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргасан байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, дахин шинээр эхлэн тоолоход Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж хуулийг буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Б.М хуульд заасан хөөн хэлэлцэх 30 хоногийн хугацаандаа багтаж нэхэмжлэл гаргасан байхад энэхүү хугацааг хариуцагчийн буюу дүүргийн Засаг даргын ажлаас халах шийдвэр гаргасан үйл явдалтай хольж Хөдөлмөрийн хуулиар тусгайлан тогтоосон хугацааг Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаа, хөөн хэлэлцэх хугацаа тасалдахтай холбоотой зүйл, заалттай буруу холбож, хариуцагчийн шийдвэр гаргасан хугацааг шийдвэр гарсны дараа шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэгчийн гагцхүү нэхэмжлэгчид л хамаарах хөөн хэлэлцэх хугацаатай урвуугаар холбон тайлбарлаж Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацаа дуусаагүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Ажил олгогч буюу дүүргийн Засаг дарга нь шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг зөрчиж 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 08/816 тоот албан бичгийг Тамгын газрын даргаараа Соёлын ордны дарга Б.Минжүүрт хүргүүлж, тухайн өдрөө буюу 2018 оны 4 дүгээр сарын 26-ны 16 цагт сонсох ажиллагаа явуулсан болж, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ажлаас халсан болно. Ингэснээрээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн Б.Минжүүрт өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, тайлбар, санал гаргах боломжоор хангахгүйгээр сонсох ажиллагааг явуулсан. Хариуцагч нь ажилд эгүүлэн томилсон 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс хойш халагдах хүртэлх 2 сарын хугацаанд надтай үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Гэрээ байгуулах, өмнөх даргатай байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал тавихаар удахгүй халагдах хүнтэй гэрээ хийхгүй гэж хэлдэг байсан. 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ажилд эгүүлэн томилогдсоноосоо хойш 30 хоногийн дотор хугацаандаа багтаж хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргаж дүүргийн хариуцсан ажилтанд хүлээлгэж өгсөн. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгосон хэсгийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Б.М хариуцагч ХУД-ийн Засаг даргад холбогдуулан 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч марган, Авлигатай тэмцэх газрын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05/3441 дугаартай албан бичгийн дагуу хариуцлага тооцсон гэх үндэслэл заан маргажээ.

            Б.М нь ХУДЗД-ын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 01002 дугаар шийдвэрээр түүнийг ажилд эгүүлэн тогтоосныг /хх6/ хариуцагч хэрэгжүүлэн нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон боловч тухайн өдрийн Б/69 дүгээр тушаалаар дахин ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан, давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02418 дугаар магадлалаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилжээ./хх7-9/

            Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/23 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон /хх14/ боловч 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 05/3441 дугаар Авлигатай тэмцэх газраас хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай албан бичгийг ХУДЗД-д ирүүлснийг /хх15/ нэхэмжлэгчид 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр албан бичгээр мэдэгдэж, сонсох ажиллагааг тухайн өдрийн 16 цагт болохыг мэдэгдэж /хх16/, мөн сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлжээ.

            Хариуцагч 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө АТГ-аас ирүүлсэн 05/3441 дүгээр албан бичгийг үндэслэсэн гэх боловч уг албан бичигт нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ч.Б, 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр М.П, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Б.Н ажилд томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн агуулгатай байх бөгөөд үүнийг үндэслэн Б.М-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсныг зөвтгөх үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчийг уг үндэслэлээр 2 удаа ажлаас чөлөөлсөн бөгөөд өөртэйгээ хамаарал бүхий этгээдийг ажилд авсан гэх үйл баримттай холбоотойгоор ажил олгогчийн гаргасан шийдвэрийн үндэслэлийг дүгнэж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

            Иймд Авлигатай тэмцэх газрын албан бичигт дурдсан зөрчилд арга хэмжээ тооцуулахаар заасан асуудал нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт шийдвэрлэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй. Хариуцагч нэгэнт урьд шийдвэрлэсэн асуудлыг дурдсан Авлигатай тэмцэх газрын албан бичгийг үндэслэн Б.М-ийг ажлаас халсан нь үндэслэлгүй.

            Иймд нэхэмжлэгчийн  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийг хангаж, ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 4 602 560 төгрөг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

            Нэхэмжлэгч Б.М-ийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар ажилд томилохдоо тогтоосон 618 461 төгрөгийн үндсэн цалингаар тооцвол ажилгүй байсан 7 сар 17 хоногийн хугацаанд 4 818 242 төгрөгийн олговрыг олгох үндэслэлтэй боловч олговрын хэмжээг нэхэмжлэгчийн тодорхойлсон 4 602 560 төгрөгийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэсэн болно.

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/02811 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад заасан “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М-ийг ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ХУД-ийн Засаг даргаас ажилгүй байсан хугацааны олговорт 4 602 560 төгрөгийг гаргуулсугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ж.О

 

                                      ШҮҮГЧИД                                    Д.Ц

 

                                                                                           А.О