Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/46

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

 

 

  2025         03          12                                      2025/ШЦТ/46

      

    

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

 нарийн бичгийн дарга Б.Наранжаргал,

 улсын яллагч Б.Баттуяа,

 шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ............. холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2504000000021 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .......... оны ..........дугаар сарын .........-ны өдөр ............ аймгийн ............ суманд төрсөн, ...........настай, ............., .......... боловсролтой, ............. мэргэжилтэй, ................. эрхэлдэг, ам бүл ..........., ............. дүүргийн ............дүгээр хороо, ............... дүгээр гудамжны .............. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ...............аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, .......... овогт ................ (РД:........),

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ........... нь Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгой 12010 дугаар гудамжны 180/1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “..............” ХХК-ийн сувилалд ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хооронд цонхны рам төмөр 2 ширхэг, төмөр хувин 1 ширхэг, төмөр түмпэн 20 литрийн 1 ширхэг, плита 30х30 хэмжээтэй 30 ширхэг, плита 60х60 хэмжээтэй 4 ширхэг, барилгын лазер хэмжигч 1 ширхэг, зурагт 2 ширхэг, жигнүүр 1 ширхэг, замаск 25 кг-тай 7 ширхэг,  зөөврийн гэрэл 1 ширхэг, ширмэн тогоо 1 ширхэг, төмөр цар 1 ширхэг, хүнсний скоч 1 ширхэг зэрэг эд зүйлийг *******ийн эзэмшил ашиглалтад байгааг мэдсээр байж өөрийн эзэмшилд авч түүнд нийт 3,237,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан завших гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2 жилийн өмнө Багануур дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “................” сувилалд галч, малчин, манаачаар ажилд орсон. Тэгээд 2024 оны 05-06 сарын үеэс ажиллахаа больсон. Анх ажилд орохдоо сарын 1,200,000 төгрөгийн цалин өгч байхаар амаар тохиролцсон боловч хаа нэг 100,000 төгрөг, 300,000 төгрөгийн цалин өгдөг байсан. Тэгээд би цалингаа өгөхгүй болохоор нь 2024 оны 02-03 сарын үед байх сувилалын хашаанд дотор байсан эд зүйлүүдээс цонхны шилгүй рамм 2 ширхэг, 10 гаруй ширхэг пельта, 2 шуудай замаск 10 кг-тай, 1 ширхэг эвдэрхий зурагт зэргийг увуулж цувуулаад авсан. Учир нь би 2 жил цалингүй ажилласан болохоор цалиндаа хөлсөнд авсан. Тэрнээс биш энэ хүний нэхэмжлээд байгаа хувин савыг бол авагүй. Цонхны рамм нь эгч ******* хашаанд байгаа, пельтануудыг нь гэрийн буйран дээр наачихсан байгаа, 2 ширхэг ууттай замаскыг тухайн үедээ мөнгөний хэрэг гараад хажуу айлдаа 20 гаруй мянган төгрөгөөр зарчихсан. 1 ширхэг цагаан  өнгийн зурагт авсан байснаа засуулах гэсэн чинь засах боломжгүй, шатчихсан байна гэхээр нь гэрийн гадаа хог руу хаясан. Би тухайн сувилалд галч, малчин, сахиулаар ажиллаж байсан бөгөөд дээрх эд зүйлүүдийг хариуцан ажиллаж байсан. Би эд зүйлүүдийг авсан талаараа *******т ахад хэлээгүй байсан. Ер нь бол эдгээр эд зүйлүүдийг хаягдал эд зүйл гэж бодсон. ******* өөрөө ч хэрэглэдэггүй болохоор нь би авсан. Би дээрх эд зүйлүүдийг байшин байгаа учраас тэрэндээ ашиглах гэж авсан. ******* гэх хүн энэ талаараа мэдээгүй байсан бөгөөд манай салсан эхнэр ******* хэлээд мэдсэн. Би лазер хэмжигчийг авсан нь үнэн. Гэхдээ одоо хаана байгааг нь санахгүй байна. Ширмэн тогоо бол аваагүй, хуулиатай хүнсний скоч 1 ширхэг, төмөр цар 1 ширхэг зэргийг авсан. Би эдгээр эд зүйлүүдийг минийх биш гэдгийг мэдэж байсан. *******т хэлээгүй авчихсан. Гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Би авсан бүх эд зүйлүүдээ бүгдийг нь бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Аваагүй эд зүйлүүдийнхээ хохирол болох 230,000 төгрөгийг *******ийн данс руу сарын өмнө шилжүүлсэн... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28-30, 32, 50, шүүх хуралдааны тэмдэглэлээс),

             Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгой 12010 дугаар гудамжны 180/1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “.................” ХХК нь уламжлалт сувилалын үйл ажиллагаа явуулдаг. ******* гэх хүнийг 2023 онд галчаар ажилд авсан ба өвөл нь ажиллаад хавраас больчихсон байсан. 2024 оны 12 сард гэх хүний эхнэр тухайн үед манайд бас ажиллаж байсан бөгөөд нөхрийгөө харуулаар ажиллаж байх хугацаандаа эд зүйлүүдийг авч явсан талаар надад хэлсэн. Алдсан эд зүйлүүдээ би мэдээгүй байсан. ******* эхнэр ******* нь надад хэлснээр би эд зүйлүүдээ алга болсон талаар мэдсэн. Би энэ талаар 2024 оны 11 сард мэдээд асуухад “таныг эдгээр зүйлүүдээ бэлэглэсэн юм байх л гэж бодсон” гэж надад хэлсэн. Би ******* авч явсан зүйлүүдээ нэхэмжилж байна ... Ногоон өнгийн будагтай моднуудыг нэхэмжлэхгүй. Эдгээр нь хэрэглэхгүй байсан эд зүйлүүд учраас алдсан гэж үзэхгүй. Төмөр цар болон хуйлаатай хүнсний скочоо хүлээн авсан. Эдгээр зүйлүүд нь миний өөрийн эзэмшлийн эд зүйлүүд байгаа юм. Замаск 7 уут, ширмэн тогоо 1 ширхэг, зурагт 1 ширхэг, төмөр халуун баригч хувин 1 ширхэг, барилгын лазер хэмжигч зэргээ нэхэмжилж байна. Сэтгэл санааны хохирол, гэм хорын хохирол нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17-18, 20-21),

Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би гэх хүнтэй 23 жил ханилсан. 2024 оны 11 сард бид хоёр гэр бүлийн асуудлаас болоод тусдаа байгаа. 2024 оны 10 дугаар сард *******ийн сувилал дээр байсан 2 ширхэг шилгүй цонхыг нь хашаанд байсан амбаарт хийчихсэн байхаар нь “яагаад хүний юм авч байгаа юм бэ” гэхэд нь “өвгөнийхөөс авчирсан юм байшиндаа барих гэж байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь “хүний юм хэлэхгүй дураараа авч болохгүй шүү дээ” гэхэд “яадаг юм” гэж хэлээд өнгөрсөн. Байшинд 2 ширхэг шилгүй цонхны рам, жижиг 50 ширхэг, том 50 ширхэг плита, зөөврийн том гэрэл 1 ширхэг, 8-ийн хувин 1 ширхэг, 20-ын түмпэн, том 20-ын ширмэн тогоо, хөнгөн цагаан 2 жигнүүр, барилга барихад гэрэл тусгаад байдаг лазер 1 ширхэг, 2 ширхэг Хятад улсын зурагт 2 ширхэг нэг зурагт нь эвдэрчихсэн харагдсан би тэнд ажиллаж байсан болохоор ******* гэх хүний эд зүйлүүдийг сайн мэддэг бөгөөд хараад шууд мэдсэн. Би цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдэж хэлээгүй, харин ******* гэх хүнд өөрөө биечлэн очиж хэлээд, “энэ хүнээс цагдаагийн байгууллагад мэдэгдэж асуудлаа шийдээрэй, би энэ асуудалд хамаагүй шүү авсан эсэхийг мэдээгүй энэ хүнтэйгээ учраа олоорой” гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23),

Гэрч Д.*******  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 11-17 тоотод амьдардаг. 2024 оны 11, 12 сарын үед дүү нь над руу залгаад “хашаанд чинь цонхны рамм тавьсан шүү” гэж хэлэхээр харахад байшингийн баруун талд түшүүлээд тавьсан цонхны шилгүй төмөр рамм 2 ширхэг байсан. Надад ямар учиртай зүйл авчирч орхисон талаараа хэлээгүй, би ч энэ талаар асуугаагүй ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25),

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...Би Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 11 дүгээр гудамжны 17 тоотод амьдардаг. нь “эхнэртэйгээ маргалдаад” гээд хэлж байсан. Тухайн үед бид хоёрыг байхгүй байхад ирээд тавьчихсан байсан. Оны өмнө буюу 11 сарын үед манай эхнэрийн дүү над руу утсаар залгаад “хашаанд юм оруулаад тавьсан” талаараа хэлэхээр нь харахад хашаанд байшингийн хойно шилгүй төмөр цонхны рамм 2 ширхэг түшүүлээд тавьчихсан гражид хэдэн хувцас бөөгнүүлээд тавьчихсан байхаар нь юу болсон талаар асуухад “эхнэртэйгээ маргалдаад салж байгаа эхнэр нь хамаг юмыг нь эвдээд хэмхлээд хаячихдаг болохоор нь юмаа аваачиж тавьсан” гэж хэлсэн. Би дээрх зүйлүүдийг ******* эд зүйлүүд л гэж бодсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27),

Хохирогч *******ийн Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (хх-ийн 2),

Сэлэнгэ эстимэйт хөрөнгийн үнэлгээний компанийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаартай шинжээчийн “...цонхны рам төмөр 2 ширхэг, төмөр хувин 1 ширхэг, төмөр түмпэн 20 литрийн 1 ширхэг, плита 30х30 хэмжээтэй 30 ширхэг, плита 60х60 хэмжээтэй 4 ширхэг, барилгын лазер хэмжигч 1 ширхэг, зурагт 2 ширхэг, жигнүүр 1 ширхэг, замаск 25 кг-тай 7 ширхэг,  зөөврийн гэрэл 1 ширхэг, ширмэн тогоо 1 ширхэг, төмөр цар 1 ширхэг, хүнсний скоч 1 ширхэг, нийт 3,237,000 төгрөг...” гэсэн дүгнэлт (хх-ийн 34),

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 6-14),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 57-63),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 64, 66-68) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

1.Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах талаар дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

            Шүүгдэгч ******* нь Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгой 12010 дугаар гудамжны 180/1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “................” ХХК-ийн сувилалд галч, малчин, сахиулаар ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хооронд цонхны рам төмөр 2 ширхэг, төмөр хувин 1 ширхэг, төмөр түмпэн 20 литрийн 1 ширхэг, плита 30х30 хэмжээтэй 30 ширхэг, плита 60х60 хэмжээтэй 4 ширхэг, барилгын лазер хэмжигч 1 ширхэг, зурагт 2 ширхэг, жигнүүр 1 ширхэг, замаск 25 кг-тай 7 ширхэг,  зөөврийн гэрэл 1 ширхэг, ширмэн тогоо 1 ширхэг, төмөр цар 1 ширхэг, хүнсний скоч 1 ширхэг зэрэг эд зүйлийг *******ийн эзэмшил ашиглалтад байгааг мэдсээр байж өөрийн эзэмшилд авч түүнд нийт 3,237,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан завшсан болох нь:

-хохирогч *******ийн “Би энэ талаар 2024 оны 11 сард мэдээд асуухад “таныг эдгээр зүйлүүдээ бэлэглэсэн юм байх л гэж бодсон” гэж надад хэлсэн. Би ******* авч явсан зүйлүүдээ нэхэмжилж байна. Би ногоон өнгийн будагтай моднуудыг нэхэмжлэхгүй эдгээр нь хэрэглэхгүй байсан эд зүйлүүд учраас алдсан гэж үзэхгүй. Төмөр цар болон хуйлаатай хүнсний скочоо хүлээн авсан эдгээр зүйлүүд нь миний өөрийн эзэмшлийн эд зүйлүүд байгаа юм” гэсэн мэдүүлэг,

-гэрч *******ийн “2024 оны 10 дугаар сард *******ийн сувилал дээр байсан 2 ширхэг шилгүй цонхыг нь хашаанд байсан амбаарт хийчихсэн байхаар нь “яагаад хүний юм авч байгаа юм бэ” гэхэд нь “өвгөнийхөөс авчирсан юм байшиндаа барих гэж байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь “хүний юм хэлэхгүй дураараа авч болохгүй шүү дээ” гэхэд “яадаг юм” гэж хэлээд өнгөрсөн. Байшинд 2 ширхэг шилгүй цонхны рам, жижиг 50 ширхэг, том 50 ширхэг плита, зөөврийн том гэрэл 1 ширхэг, 8-ийн хувин 1 ширхэг, 20-ын түмпэн, том 20-ын ширмэн тогоо, хөнгөн цагаан 2 жигнүүр, барилга барихад гэрэл тусгаад байдаг лазер 1 ширхэг, 2 ширхэг Хятад улсын зурагт 2 ширхэг нэг зурагт нь эвдэрчихсэн харагдсан би тэнд ажиллаж байсан болохоор ******* гэх хүний эд зүйлүүдийг сайн мэддэг бөгөөд хараад шууд мэдсэн” гэсэн мэдүүлэг,

-гэрч Д.*******  “2024 оны 11 сараас 12 сарын үед дүү нь над руу залгаад “хашаанд чинь цонхны рамм тавьсан шүү” гэж хэлэхээр харахад байшингийн баруун талд түшүүлээд тавьсан цонхны шилгүй төмөр рамм 2 ширхэг байсан. Надад ямар учиртай зүйл авчирч орхисон талаараа хэлээгүй, би ч энэ талаар асуугаагүй” гэсэн мэдүүлэг,

 -гэрч “11 сарын үед манай эхнэрийн дүү над руу утсаар залгаад “хашаанд юм оруулаад тавьсан” талаараа хэлэхээр нь харахад хашаанд байшингийн хойно шилгүй төмөр цонхны рамм 2 ширхэг түшүүлээд тавьчихсан гражид хэдэн хувцас бөөгнүүлээд тавьчихсан байхаар нь юу болсон талаар асуухад “эхнэртэйгээ маргалдаад салж байгаа эхнэр нь хамаг юмыг нь эвдээд хэмхлээд хаячихдаг болохоор нь юмаа аваачиж тавьсан” гэж хэлсэн. Би дээрх зүйлүүдийг ******* эд зүйлүүд л гэж бодсон” гэсэн мэдүүлэг,

-Сэлэнгэ эстимэйт хөрөнгийн үнэлгээний компанийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлт,

-эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг.

 Хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдэд итгэмжлэн олгогдсон эд хөрөнгө хууль ёсоор шилжиж, хууль бус хэлбэрээр буюу өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр авах, бусдад худалдах, бэлэглэх, өрөнд шилжүүлэх, түрээслүүлэх гэх мэт хэлбэрээр бусдад шилжиж, гэмт этгээд шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор өөрийн өмч мэт ашигласан, захиран зарцуулсан үйлдлийг ойлгоно.

“Итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэж аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс итгэлцлийн үндсэн дээр өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно.

Шүүгдэгч ******* нь “Багануур Талын толгой” ХХК-ийн сувилалд манаачаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хариуцаж буй байдлаа урвуулан ашиглаж, өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр авсан идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч байгууллага болох “..................” ХХК-д 3,237,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд түүний хөрөнгө завшсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Энэ хэргийн улмаас хохирогч “...................” ХХК-д 3,237,000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч ******* нь хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүгдэгчийн тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Улсын яллагчаас “Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,100,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байнагэсэн дүгнэлтийг гаргасан.

Иймд шүүгдэгч *******ын эрхэлсэн тодорхой ажилгүй, 51 настай хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч .................-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ............. 7 (долоо) сарын хугацаагаар Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ........... оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

   5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ...........урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    6.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ