Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2018/01967

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2018/01967

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш 4-21 тоот хаягт байрлах Ард финанс ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжины 20-533 тоот хаягт оршин суух Монгол овогт Дагвадоржийн Эрдэнэбаатар /регистрийн дугаар: /-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 14,763,364 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болор, хариуцагч Д.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ард финанс ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Эрдэнэбаатар нь 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 15/029 дугаартай Зээлийн гэрээ байгуулан өөрийн нэр дээрх 31-30УНМ улсын дугаартай Toyota pirus-11, 90-74 УНЧ улсын дугаартай Hummer H-3 маркийн автомашиныг барьцаалан 13,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлэгч гэрээний дагуу сар бүр тэнцүү төлөлтөөр 1,428,000 төгрөгийг төлөх ёстой байсан. Гэвч зээлдэгч хуваарийнхаа дагуу төлөөгүй бөгөөд үндсэн зээлээс 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 13-нд 1,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 23-нд ахин 1,000,000 төгрөгийг төлснөөр үндсэн зээлийн үлдэгдэл 9,000,000 төгрөг үлдсэн байна. 2015 оны 10 дугаар сард Н2 маркийн автомашины алдсан байгаа, олох хэрэгтэй байна, олоод заж танай зээлийн барагдуулна гэж гуйхад нь би итгэж тээврийн хэрэгслийг нь өөрийнх нь нэр дээр нь шилжүүлж өгсөн боловч төлөөгүй. Би олон удаа утсаар холбогдож ажлын байраар нь байнга очиж сануулан зээлээ нэхэж байсан боловч ажил явагдахгүй байна, удахгүй төлнө боломж алга байхгүй гэсэн тайлбарыг тавьдаг байсан. 2016 оны 11 дүгээр сарын 01-нд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад хаяг тодорхойгүй гээд хэрэг хэрэгсэхгүй болж байсан.

Үндсэн зээл 9,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сараас хойш гэрээ дуусталх хугацаанд төлөөгүй 8 сарын зээлийн хүү болох 3,600,000 төгрөг, гэрээний дагуу алданги болох хүүний 0,5 хувиар 859 хоногийн алданги 1,932,750 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 229,163 төгрөг, нийт 14,763,364 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хариуцагч нь 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн гэрээг яриад байна. Хамгийн анх 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хийсэн зээлийн гэрээ байгаа. Энэ гэрээг яагаад өгөөгүй вэ гэвэл миний хуулийн мэдлэггүй, алдаа болсон байна. Материалд байгаа зээлийн гэрээний 2.2-т зээлдүүлэгч нь гэрээг сунгаж болно гэдэг дээр заалт оруулаад зээлийн гэрээг дахин хийсэн байдаг юм. Хамгийн анх хийсэн гэрээний 2.2-т өр шилжүүлж авах дансны дугаар байгаа. Сүүлд сунгасан гэрээнд 2.2-т энэхүү гэрээг сунгасан болно гэж заагаад сунгасан. Хариуцагчийн ярьж байгаагаар мөнгө шилжүүлж өгөөгүй. Гэхдээ энэ гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаагүй учраас гэрээ дуусаад яваад байж болохгүй. Энэ хүн маань мөнгөө бүрэн төлж дуусгаагүй байсны улмаас гэрээг сунгасан юм. Дарамт учруулж дахиад энэ зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан мэтээр хариуцагч тайлбарласан боловч тийм зүйл байхгүй, цэвэр итгэлцлийн үндсэн дээр гэрээ хийсэн.

Манай байгууллагын данс Голомт банкны данс байсан бөгөөд хариуцагч Д.Эрдэнэбаатар нь Хаан банкны данс руу АТМ-аас шилжүүлье гэхэд нь миний нөхөр Чинбатын Дашзэвэгийн данс руу мөнгө шилжүүлүүлж авсан. Яг хэдэн төгрөгийг дансаар авсныг тооцоолж гаргаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Эрдэнэбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Эрдэнэбаатар миний бие нь Ард финанс ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан 14,763,364 төгрөгийг төлөх үндэслэлгүй, 2013 онд зээлийн гэрээг 13,000,000 төгрөгт байгуулж хүү алдангийн хамт сайн дураар төлж дуусгасан.

2013 онд зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлж байх хугацаанд Ард финанс ХХК нь надад Hummer H-3 маркийн тээврийн хэрэгслийг чөлөөлж өгөхдөө 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 15/029 зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурвал 1 машиныг чинь чөлөөлнө гэж дарамт үүсгэн барьцаалж, гарын үсэг зуруулж аваад үүнийг хүчин төгөлдөр гэрээ мэтээр шүүхэд ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь гэвэл 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 15/029 гэрээг байгуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж байгаа нөхцөлд 13,000,000 төгрөгийг надад заавал олгож байж гэрээг хүчин төгөлдөр мөрдөгдөх учиртай байтал огт хүлээлгэн өгч, шилжүүлээгүй байж мөнгө авсан мэтээр дээрх мөнгийг үндэслэлгүйгээр гэрээ хэлбэрт шилжүүлэн гарын үсэг зуруулснаар нэхэмжилж байгаад маш их гомдолтой, хууль бус үйл ажиллагаа явуулсан байна гэж үзэж байна.

2015 оны гэрээгээр би мөнгө аваагүй, 2014 оны гэрээний дагуу би үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ард финанс ХХК нь хариуцагч Д.Эрдэнэбаатарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт, үндсэн зээлийн үлдэгдэл 9,000,000 төгрөг, зээлийн хүү 3,600,000 төгрөг, алданги 1,932,750 төгрөг, нийт 14,532,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

Ард финанс ХХК нь Д.Эрдэнэбаатартай 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 15/029 дугаартай Зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх Фидуцийн гэрээг тус тус байгуулж, 13,000,000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай, сард 5 хувийн хүүтэй, зээл, хүү хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцохоор зээлдүүлж, зээлдэгч нь зээлийн барьцаанд 31-30УНМ улсын дугаартай Toyota pirus-11, 90-74 УНЧ улсын дугаартай Hummer H-3 маркийн автомашиныг тус тус барьцаалжээ.

Нэхэмжлэгч нь дээрх 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 15/029 дугаартай зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардаж байх боловч энэхүү зээлийн гэрээ нь өөр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг сунгах зорилгоор талууд тохиролцож байгуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдов.

Гэвч дурьдагдаж буй өмнөх зээлийн гэрээний үүрэгт хэдэн төгрөг төлөгдсөнийг зээлдүүлэгч мэдэхгүй байх бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 15/029 дугаартай зээлийн гэрээний дагуу зээл бодитоор олгогдоогүй үйл баримт тогтоогдлоо.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1. 286.2, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар, 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 15/029 дугаартай зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс шаардах эрхгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 286 дүгээр зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Д.Эрдэнэбаатараас 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 15/029 дугаартай зээлийн гэрээний үүрэгт, үндсэн зээлийн үлдэгдэл 9,000,000 төгрөг, зээлийн хүү 3,600,000 төгрөг, алданги 1,932,750 төгрөг, нийт 14,532,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ард финанс ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 230,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 414 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 дугаар дансанд төлүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА