| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 105/2025/0011/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/555 |
| Огноо | 2025-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энхбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/555
2025 02 21 2025/ШЦТ/555
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чинис,
улсын яллагч Д.Энхбаяр,
шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ад холбогдох эрүүгийн 2406033303435 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.А нь 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Н зах дотор Ж.Атай маргалдаж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал зүүн чамархайн хуйх, зүүн дунд хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тэр хүнийг цохиогүй...” гэв.
Эрүүгийн 2406033303435 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/
Хохирогч Ж.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Н зах дээр алт, мөнгөн эдлэлийн 1 дүгээр лангуун дээр ажилаа хийгээд байж байсан. Тухайн өдөр миний пангууны ард нэрийг нь мэдэхгүй зүс таних гурван дугуйтай ачааны мотоцикль байрлуулчихсан байж байгаад мотоцикльтойгоо хөдлөхдөө миний сууж байсан сандалыг шүргээд явчихаар нь би чи яаж явж байна гэхэд танихгүй нэг залуу тэгээд яачихаад байгаа юм гэж надруу уурлахаар нь би царайг нь харт, танихгүй хүн байсан. Тэгэхээр нь би эсрэг талын лангуун дээр очоод С гэх залуугаас энэ хэний мотоцикль вэ гэж асуусан чинь манай тэрэг гэж С хэлээд яасан юм гэхээр нь намайг шүргэчихээд явчихлаа гэсэн чинь сүртэй юм эд зүйл эвдэрсэн бол телчихна гэж хэлсэн. Би юм эвдэрч хэмхэрэхдээ гол нь биш энд мотоцикль тавьж болохгүй гэж хэлсэн чинь С гэх залуу, эгчтэйгээ хамт нийлээд намайг пязда, гичий, нохой минь, гуйлгачин минь гэж доромжилоод хэрүүл хийгээд байхаар нь би өөрийнхөө лангуун дээр очсон. Тэгтэл намайг хэл амаар доромжилоод байхаар нь би буцаж Сын Лангуун дээр очоод одоо намайг элдэвээр хэлэхээ болиоч гаж хэлэхэд С гэх залуугийн эгч нь над руу дайрахаар нь би толгойгоо хамгаалаах хоёр гараараа толгойгоо барьсан байсан чинь миний толгойны үснээс зулгаагаад хажууд байсан лангууны хүмүүс бид хоёрыг салгасан. Тухайн үед миний ус тугаараа унаад, зүүн гарын дунд хуруу хөдөлгөж болохгүй хавдсан байна..." гэх мэдүүлэг, /хх-ийн 11/
Гэрч Х.Өийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо өөрийн лангуун дээрээ байж байхад Ж.Агын бараагаа хураадаг тэргийг нэг тэрэг түрж явсан хүн бага зэрэг мөргөөд түлхчихсэн тэгтэл тэрнээс болоод Ж.А нь лангуун дээр нь очиж уулзана гээд явсан тэгэхээр нь би Ж.Агийн хажуугийн лангуу учраас лангууг нь хараад үлдсэн. Удалгүй Ж.А ирээд А.А гэж эмэгтэй миний үснээс зулгаагаад зодсон гэж надад хэлсэн. Тухайн үед Ж.А нь намайг зодсон гэж ирэхдээ уйлсан байдалтай ирэхдээ миний хурууг гэмтээчихлээ гэж хэлж байсныг би санаж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 13/
Гэрч Х.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо өөрийн лангуун дээрээ байж байхад Ж.А нь нэг эмэгтэй хүнтэй лангууныхаа цаанаас маргалдаад байсан тэгээд Ж.А нь маргалдаад байсан хүнрүүгээ яваад очихоор нь би араас нь яваад очтол бүтээлэг зардаг А.А гэж эмэгтэй Ж.Агын үснээс зулгаагаад зогсож байхаар нь би гуйж очоод салгасан чинь А.А нь Ж.Агын үснээс зулгаагаад туг үс барьчихсан байсан тэгэхээр нь чи хүний үсийг ингэж зулгаагаад байхдаа яадаг юм гэж хэлсэн. Тэгээд би Ж.Агын лангуун дээр нь хүргэж өгөөд дараа нь очоод юу болсон талаар асуухад Ж.Алтантуягаас асуухад өөрийн зүүн нүдний хэсгээ харуулахад зүүн чамархай хэсэгт нь улайчихсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 7051 дугаартай “... Ж.Агийн биед зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн чамархаын хуйх, зүүн дунд хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэлтогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэсэн дүгнэлт /хх-ийн 20-21/,
Шүүгдэгч А.Аын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 27,34-48/ Шүүгдэгч А.Аын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд бичгээр гаргаж өгсөн хүсэлт /хх-ийн 82-85/,
Гэрч Г. гийн мэдүүлэг /хх-ийн 101-102/,
Гэрч Л.....гийн мэдүүлэг /хх-ийн 105-106/,
Гэрч Ц.Сын мэдүүлэг /ххийн 109-111/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч А.Ад холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.А нь 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Н зах дотор Ж.Атай маргалдаж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал зүүн чамархайн хуйх, зүүн дунд хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Ж.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, /хх-ийн 11/
Гэрч Х.Өийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 13/
Гэрч Х.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 7051 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-21/,
Гэрч Ц.Сын мэдүүлэг /ххийн 109-111/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу гэмт хэрэг үйлдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршиг болох хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, гэмтэл учруулсан, тодорхой хувийн сэдэлт, маргаан, тохиолдлын үндсэн дээр бий болдог. Хувийн сэдэлт дээр бий болсон гэмт хэрэг үйлдэгчийн довтолгоон, үүний улмаас хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол тодорхойлогдсоноор энэ гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинж хангагддаг.
Шүүгдэгч А.Аын үйлдлийн улмаас хохирогч Ж.Агийн биед хөнгөн хохирол учирсан болох нь хохирогчийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон ба уг шинжээчийн дүгнэлтэд хохирогчид учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж дүгнэснээс үзэхэд А.А тухайн агшинд хохирогчтой маргалдсан, биед нь халдаж гэмтэл учруулсан болохыг нотолж байна.
Өөрөөр хэлбэл хохирогч Ж.Агийн биед учирсан зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, зүүн дунд хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр үүссэн байх боломжтой нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн А.Ааас өөр этгээд энэ гэмтлийг учруулсан болон энэхүү гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч А.Аын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн, шүүхээс “Мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа хэт нэг талыг барьж явуулсан буюу хохирогч болон түүний талд мэдүүлэг өгч болохуйц хүмүүсийг гэрчээр мэдүүлэг авч зөвхөн эдгээр нотлох баримтыг яллах талын нотлох баримт болгон шүүгдэгчийг буруутгаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэн оролцогчийн эрхийг зөрчсөн үндэслэлээр шүүх хуралдааныг 60 хүртэлх хоногоор хойшлуулж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад А.Аыг гэмт хэрэг үйлдээгүй талаар нотлох баримт цуглараагүй болохыг дурдах нь зүйтэй.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ж.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч А.Аыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Хяналтын прокуророос шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” санал гаргасан болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч А.Ад тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хохирогчийн буруутай үйлдэл байсан зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдьэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болххыг тус тус дурьдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар А.Аыг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР