Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 156/ШШ2019/00001

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 156/ШШ2019/00001

Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2018/00584/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...................................оршин суух, С.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..................................... оршин суух, Т.Н холбогдох,

"эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Отгонзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Би 2011 онд Т.Н-той анх танилцан дотно харилцаатай болж, хоёулаа оюутан байсан учраас гэрлэлтээ батлуулаагүй байсан.

2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүү М.Е төрсөн. Т.Н нь 2014 онд хүүгээ төрөхөөс өмнө өөр хүнтэй болсон байсан. Хүүгээ ганц удаа ч эргэж ирдэггүй.

Иймд Т.Н-оос хүүхдийн тэтгэмж гаргуулах хүсэлтэй байгаа. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй учраас хүүгээ өөрийнхөө нэрээр овоглосон. Одоо хүүтэйгээ хоёулаа амьдарч байна гэв. (хх-ийн 1 тал)

 

 Хариуцагч Т.Н нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2011 онд анх С.М-тэй танилцсан. Шинжээчийн дүгнэлтээр 99,9% М.Е-ийн эцэг мөн гэж гарсан.

Би шинжээчийн дүгнэлт гарснаас хойш хүүгээ харсан. С.М надад хүүгийнхээ зургийг явуулж байгаагүй.

Би одоо өөр хүнтэй гэрлэсэн. Охин маань 3 настай. Иймд С.М-тэй дахин нийлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Хариуцагч Т.Н нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:...хүү М.Е миний хүү гэхэд эргэлзээтэй байгаа учраас хэргийг түдгэлзүүлж, эцэг тогтоолгох шинжилгээ хийж өгнө үү... гэжээ. (хх-ийн 18 тал)

 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Т.Н-оос эцэг тогтоолгож, хүү М.Е-т хүүхдийн тэтгэлэг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч С.М, хариуцагч Т.Н нар нь 2011 онд танилцаж, улмаар эр, эмийн харилцаатай болж, 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүү М.Е-ийг төрүүлсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 1 талхүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, (хх-ийн 4 тал) шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн № ..... дугаартай шинжээчийн дүгнэлт, (хх-ийн 23 талзэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Зохигчид нь тус тусдаа амьдарч байгаа бөгөөд хүү М.Е нь эхийнхээ асрамжинд байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.М нь 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү М.Е-ийг өөрийн асрамжинд авч эцэг Т.Н-оос тэтгэлэг тогтоолгохыг хүссэн бөгөөд хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн байна. 

 

Иймд зохигчдын хооронд хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй байна гэж үзэж хүү М.Е-ийг эх С.М-ийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

 

Мөн зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн № ........дугаартай шинжээчийн дүгнэлтээр хүү М.Е-ийн эцэг нь Т.Н мөн гэсэн дүгнэлт гарсан ба хариуцагч Т.Н нь хүү М.Е-ийн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрсөн байна. (хх-ийн 23 тал)

 

Иймд 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү М.Е-ийн эцэг Т.Н мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

           

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг  удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т зааснаар 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү М.Е-ийн эцэг нь хариуцагч Т.Н мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү М.Е-ийг эх С.М-ийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү М.Е-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, эцэг Т.Н-ийн сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж хүү М.Е-ийг тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Зохигчид нь хамтран өмчлөх, дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх С.М-т даалгаж,

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй болохыг дурьдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүү М.Е-ийг эцэг Т.Н-той уулзуулж байхыг эх С.М-т даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.М нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.Н-оос 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ЦЭРЭНДУЛАМ