Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
Хэргийн индекс | 101/2015/10881/И |
Дугаар | 101/ШШ2017/01321 |
Огноо | 2017-04-17 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2017/01321
2017 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 101/ШШ2017/01321 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Д.Цэрэндолгор, Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага Тойруу 13/1, Хуульчдын гудамж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ххххххххххххххххххх тоотод оршин суух, Б.Нд /РД: 000000000000/ холбогдох
25.188.031 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Давааням, Г.Гантулга,
Хариуцагч Б.Н,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа,
Иргэдийн төлөөлөгч Д.Алтанчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Өнөржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Давааням, Г.Гантулга нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргын 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн Албаны шалгалт явуулах тухай удирдамжаар баривчлах, хорих ангиудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулахаар шийдвэрлэсэн.
Шалгалтын бүрэлдэхүүнд Стратеги төлөвлөлт, мэдээлэл, дүн шинжилгээний төвийн ахлах аудитор, ахлах дэслэгч Б.Бадамхатан, аудитор, дэслэгч Б.Давааням, санхүүгийн үйл ажиллагааны мэдээ, судалгаа хариуцсан, мэргэжилтэн, дэслэгч Б.Баттуяа нар ажилласан ба Хорих 421 дүгээр ангийн 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 15-ны хооронд хяналт, шалгалт явуулсан.
Шалгалтаар Хорих 421 дүгээр ангийн санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагаа, мөнгөн хөрөнгийн тайлан, төсвийн гүйцэтгэл, албан хаагчдын цалин бодолт, авлага, өглөг, анхан шатны баримтын бүрдэл, хүчин төгөлдөр байдал, ажлын зохион байгуулалт, төсвийн хөрөнгийн зарцуулалт, үндсэн хөрөнгийн бүртгэл зэрэгт хяналт, шалгалт явуулсан.
Дотоод аудитын шалгалтаар Б.Н нь хувь хүнээс бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 530.492 төгрөгийн суутгал хийгээгүй, ангийн хүнсний материалд 6.649.079 төгрөгийг илүү зарцуулсан, шатахуунд 2.212.800 төгрөгийг илүү зарлагдсан, өдрийн албан хаагчдад эрх мэдлээ хэтрүүлж 15.589.660 төгрөгийн хүнсний материал илүү зарлагдаж нийт 25.188.031 төгрөгийн хохирлыг байгууллагад учруулсан зөрчил илэрч энэ нь баримтаар тогтоогдсон.
Хорих 421 дүгээр анги нь ялтан ажиллуулахдаа 57.000.000 төгрөгийн гэрээг санхүүгийн бүртгэлд тусгалгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн А/33 дугаар тушаалаар батлагдсан Ялтан гэрээгээр ажиллуулахад мөрдөх заавар-ын 4 дүгээр зүйлийн 4.2, Аж ахуйн нэгж байгууллагын дарга удирдлагатай ялтан ажиллуулах гэрээг хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны дарга нар харилцан тохиролцож байгуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү аж ахуйн газрын даргаар батлуулна гэсэн заалтыг зөрчиж ангийн даргаар гэрээ батлуулж үүнээс 31.535.000 төгрөгийн гэрээг ахлан нягтлан бодогч Б.Н байгуулж гарын үсгээр баталгаажуулсан байна.
Б.Нийн гаргасан дээрх зөрчил, үйлдлүүд нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт, материал, бодит тоо, мэдээнд үндэслэх, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасан анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасан хуурамч бичиг баримт бүрдүүлэн ажил гүйлгээг дансанд бичих, 20.1.7-д заасан анхан шатны баримт бүрдүүлээгүй, заавал хөтлөх ёстой журнал, ерөнхий дэвтэр, дэлгэрэнгүй бүртгэлийн дэвтрийг хөтлөөгүй байхыг нягтлан бодогчийн үйл ажиллагаанд хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байсан.
Мөн Б.Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1.4-т заасан жижүүрийн үүргийг 24 цагаар гүйцэтгэж байгаа офицер, ахлагч нар байгууллагын зардлаар хооллох баталгаагаар хангагдана гэсэн заалтыг зөрчиж тогтоосон нормоос илүү хүнсний материал зарлагдаж эрх мэдлээ хэтрүүлсэн.
Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 276 дугаар тушаалаар батлагдсан Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам-ын 3 дугаар зүйлийн 3.7.5-д заасан кассын бэлэн мөнгийг зориулалтын бус үйл ажиллагаанд зарцуулахыг хориглоно, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.8 дахь хэсэгт заасан ажлын байрны тодорхойлолт болон хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй зөрчлүүдийг гаргасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь Хууль зүйн сайдын 2014 оны 2 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хууль зүйн яам, түүний агентлаг, байгууллагын дотоод аудитын журам-ын 5 дугаар зүйлийн 5.1-д заасан Хууль зүйн яам түүний харьяа агентлаг, байгууллага нь дотоод аудитын нэгж, дотоод аудитортай байна заасны дагуу дотоод аудитын нэгж болон дотоод аудитортой.
Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтанд санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна, 69.7-д Дотоод аудитор нь санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй байна, 3 дугаар зүйлийн 3.3-т аудитор гэж энэ хуульд заасан шаардлагыг хангаж, аудитын байгууллагад аудитын үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэшсэн нягтлан бодогчийг хэлнэ, 4 дүгээр зүйлийн 4.1.49-д дотоод аудит гэж төсвийн хөрөнгийг зүй зохистой, үр ашигтай зарцуулах, эрсдлийн удирдлагаар хангахад чиглэсэн төсвийн дотоод хяналтын үйл ажиллагааг ойлгоно гэж заасны дагуу байгууллага дотроо хяналт шалгалт хийх дотоод аудиттай бөгөөд аудит нь шинжилгээний дагуу тогтоогдсон баримтын үндсэн дээрх зөрчлийг илрүүлж шийдвэр гаргадаг, дүгнэлт нь эрх бүхий шийдвэр юм.
Хорих 421 дүгээр ангийн 2014-2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд явуулсан шалгалтын зөрчил, баримтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр танилцуулж 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр тус асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанаар Хорих 421 дүгээр ангид хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг 14 хоногийн хугацаанд арилгаж, хариуцсан албан хаагчдад төлбөр барагдуулах үүрэг өгч, дээрх хугацаанд зөрчил арилгаагүй тохиолдолд хууль, хяналтын байгууллагад шилжүүлэх, шат дараалсан арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.
Стратеги, төлөвлөлт, мэдээлэл, дүн шинжилгээний төвөөс 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Хорих 421 дүгээр ангид ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Нд 25.188.031 төгрөгийн төлбөрийн акт тавигдаж актыг хүлээн зөвшөөрсөн.
Стратеги, төлөвлөлт, мэдээлэл, дүн шинжилгээний төвөөс 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 2а/2121 дугаартай албан бичгээр Хорих 421 дүгээр ангийн дарга, хурандаа М.Алтан-Очирт хандаж, зөрчил, хохирлыг арилгаж 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн дотор илтгэх хуудсаар танилцуулахыг мэдэгдсэн.
Хорих 421 дүгээр ангиас 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1/311 дугаартай албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын Зөвлөлийн хуралдаанаар өгсөн үүргийн биелэлтийг ирүүлсэн ба ангийн даргын 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1/293 дугаартай албан бичгээр Б.Нд төлбөр барагдуулах албан бичиг хүргүүлсэн ч хохирлыг барагдуулаагүй талаар тус ангийн дарга албан бичигтээ тусгасан байсан.
Стратеги, төлөвлөлт, мэдээлэл, дүн шинжилгээний төвөөс 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2а/2810 дугаартай албан бичгээр Б.Нд хандаж 25.188.031 төгрөгийн төлбөрийг 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар барагдуулаагүй байх тул 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн дотор барагдуулж байгууллагыг хохиролгүй болгохыг мэдэгдсэн ч байгууллагад учруулсан хохирлыг арилгалгүй, тавигдсан төлбөрийг хувьдаа ашиглаагүйг батлах нотлох баримтыг байгууллагад ирүүлэлгүй өдий хүрсэн.
Хувь хүнээс бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 530.492 төгрөгийн суутгал хийгээгүй, ангийн хүнсний материалд 6.649.079 төгрөгийг илүү зарцуулсан, шатахуунд 2.212.800 төгрөгийг илүү зарлагдсан, өдрийн албан хаагчдад эрх мэдлээ хэтрүүлэн 15.589.660 төгрөгийн хүнсний материал илүү зарлагдсан, нийт 25.188.031 төгрөгийн хохирлыг Б.Нээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Хорих 421 дүгээр ангид шалгалт явуулан, шалгалтын бүрэлдэхүүн танилцуулгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад танилцуулан энэ асуудал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хэлэлцэгдсэн.
Шалгалтын бүрэлдэхүүнд Стратеги төлөвлөлт, мэдээлэл, дүн шинжилгээний төвийн ахлах аудитор, ахлах дэслэгч Б.Бадамхатан, аудитор, дэслэгч Б.Давааням, санхүүгийн үйл ажиллагааны мэдээ, судалгаа хариуцсан, мэргэжилтэн, дэслэгч Б.Баттуяа нар ажилласан байсан ба Хорих 421 дүгээр ангийн 2014 оны 1 дүгээр сараас 2015 оны 4 дүгээр сарыг дуустал хугацааны санхүүгийн үйл ажиллагааг 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд шалгасан байсан. Энэ шалгалтаар намайг дуудаж тайлбар авах байх гэж бодож байсан бөгөөд шалгуулж байгаа хүний хувьд намайг огт дуудаагүй.
Миний хувьд өмнө нь Хорих 431 дүгээр ангид ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн тушаалын дагуу тус Хорих 421 дүгээр ангид ахлах нягтлан бодогчоор ажиллах болсон.
Би тус ангийн дарга н.Тэрбиштэй байгууллагын хөрөнгөний асуудлаас болоод маргалдан ангийн даргын байдалд нийцэж ажиллах боломжгүй болсон тул би өөрөө 2014 оны 10 дугаар сард шилжих өргөдлөө гаргасан. Касснаас бэлэн мөнгө баримтгүй гаргах, ангийн даргын хувийн мал нь албаны малтай холилдох зэргээр ангийн даргатай хамтран ажиллах хэцүү болсон тул гарах өргөдлөө өгсөн.
Шалгалтын бүрэлдэхүүн ямар баримтаар дутагдал гаргаад байгаа талаарх баримтаа танилцуулаагүй. Хорих ангийн ахлах нягтлан бодогч худалдан авалт хийх эрхгүй. Ангийн хүнсний материалыг илүү зарлагдсан гэсэн нь тодорхой бус. Тооцооны нягтлан бодогч нь өдрийн хоолны тооцоо бодохдоо ялтны тоо авч гаргадаг ба үүнийг үндэслэн зарлагдах хүнсний материалын баримт дээр тоо бүртгэлийн байцаагч, тооцооны нягтлан бодогч, хоол хүлээн авсан ээлжийн дарга, хянагч, тогооч, материал олгосон нярав, хянасан ахлах нягтлан бодогч, баталсан ангийн дарга гээд нийт 7 хүн гарын үсэг зурж байж ахлах нягтлан бодогч зарлагддаг.
Шатахуунд илүү зарлага гаргасан асуудлыг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй. Төсвөөс хэтрүүлж өр үүсгэсэн асуудал байхгүй, харин ч хэмнэсэн байгаа. Эрх мэдлээ хэтрүүлж, өдрийн албан хаагчдад 15.589.660 төгрөгийн хүнсний материал илүү зарлагдсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Системээрээ үнэгүй хоол иддэг бөгөөд үүнийг би ангийн даргатай ярилцаад тогтсон байсан.
Хувь хүнээс бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 530.492 төгрөгийн суутгал хийгээгүй, ангийн хүнсний материалд 6.649.079 төгрөгийг илүү зарцуулсан, шатахуунд 2.212.800 төгрөгийг илүү зарлагдсан, өдрийн албан хаагчдад эрх мэдлээ хэтрүүлж 15.589.660 төгрөгийн хүнсний материал илүү зарлагдсан, нийт 25.188.031 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь хариуцагч Б.Нд холбогдуулан гэм хорын хохиролд 25.188.031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь Хорих 421 дүгээр ангийн 2014-2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг үндэслэн тус ангид ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Нээс 25.188.031 төгрөгийг нэхэмжилнэ,
Хариуцагч Б.Н нь Мөнгийг дутагдуулаагүй, хохирол тооцсон зарим хугацаанд миний ажиллаагүй хугацааг хамруулсан, хохирлыг яагаад надад хариуцуулах болсон нь тодорхойгүй, баримтгүй тул төлөхгүй хэмээн тус тус тайлбарлаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргын 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн Албаны шалгалт явуулах удирдамжийг үндэслэн баривчлах, хорих ангиудын санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт явуулахаар шийдвэрлэн шалгалтын бүрэлдэхүүн Стратеги төлөвлөлт, мэдээлэл, дүн шинжилгээний төвийн ахлах аудитор, ахлах дэслэгч Б.Бадамхатан, аудитор, дэслэгч Б.Давааням, санхүүгийн үйл ажиллагааны мэдээ, судалгаа хариуцсан, мэргэжилтэн, дэслэгч Б.Баттуяа нар Хорих 421 дүгээр ангийн 2014 оны 1 дүгээр сараас 2015 оны 4 дүгээр сарыг дуустал хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хяналт, шалгалт явуулан 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр танилцуулга үйлдэн дараахь дүгнэлтийг гаргасан гэжээ.
Уг шалгалтаар Хорих 421 дүгээр анги хувь хүнээс худалдан авалт хийхдээ татвар суутган авч төсөвт төлөөгүй 21.2 сая төгрөгийн зөрчилд ноогдох 2.121.968 төгрөг, анхан шатны баримтгүй хүнсний материалыг зарлагдсан 17.827.762 төгрөгийн дутагдал, нормоос илүү зарцуулсан шатахуунд 5.307.500 төгрөгийн зөрчил, өдрийн албан хаагчдад зарцуулсан хүнсний материалд /мах, гурил/ 15.589.660 төгрөг, нийт 4 төрлийн 40.843.890 төгрөгийн зөрчил, дутагдал илэрсэн.
Үүнээс батлагдсан нормын дагуу зарцуулаагүй 5.3 сая төгрөгийн шатахууныг ахлах нягтлан бодогч, хошууч Б.Н, тооцооны нягтлан бодогч, ахлах дэслэгч С.Амаржаргал, шатахуун хариуцсан нярав, дэд ахлагч Ц.Пүрэвсүрэн нараар,
-Цалингийн дансанд нь илүү орсон нийт 15.4 сая төгрөгийг нэр бүхий албан хаагчаар,
-Өдрийн албан хаагчдад үндэслэлгүй зарцуулсан хүнсний материал 15.6 сая төгрөгийг ангийн удирдлага, ахлах нягтлан бодогч нараар хариуцуулан төлүүлэх,
-17.2 сая төгрөгийг ахлах нягтлан бодогч, хошууч Б.Н, материалын нярав, ахлагч Б.Байгал, дэд ахлагч Ц.Пүрэвсүрэн нараар, 462.500 төгрөгийг ахлах нягтлан бодогч, хошууч Б.Цэндсүрэнгээр тус тус нөхөн төлүүлэх,
-Суутган тооцоогүй орлогын албан татварын 2.100.000 төгрөгийг хошууч Б.Н, тооцооны ахлах нягтлан бодогч, дэслэгч Э.Батчимэг, материалын нярав, ахлагч Б.Байгал, дэд ахлагч Ц.Пүрэвсүрэн нараар төлүүлэх саналтай гэжээ.
/ХХ-ийн 299-303 дугаар тал/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж нэр бүхий албан хаагчдад төлбөрийг 14 хоногийн дотор төлөх хугацаа олгож, барагдуулаагүй тохиолдолд холбогдох байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
/ХХ-ийн 304-308 дугаар тал/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн б/1198 тоот тушаалаар Б.Нийг 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс Хорих 421 дүгээр ангийн ерөнхий нягтлан бодогчоор шилжүүлэн томилсон бөгөөд мөн даргын 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн б/186 тоот тушаалаар 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь чөлөөлж Хорих 401 дүгээр ангийн ахлах нягтлан бодогчоор томилсон нь уг тушаалуудын хуулбараар тогтоогдлоо.
/ХХ-ийн 286, 289 дүгээр тал/
Хариуцагч Б.Н нь 25.188.031 төгрөгийн хохирол учруулсан эсэх талаар дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 8215 дугаар захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон байна.
Шинжээч 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 90 тоот дүгнэлтдээ ...Хорих 421 дүгээр ангийн хүнсний материалын тайлан зарлагын журналтай анхан шатны баримтыг тулган шалгахад өдрөөр ажилладаг албан хаагчдад 15.589.660 төгрөгийн хүнсний материал хоолны рапортаар зарлагдсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1.4-т Жижүүрийн үүргийг 24 цагаар гүйцэтгэж байгаа офицер, ахлагч нар байгууллагын зардлаар хооллох зэрэг заалтыг зөрчсөн бөгөөд ажилчдын хоолонд өгсөн нь баримттай байна.
Хувь хүнээс бараа материал худалдан авахдаа 530.492 төгрөгийн татвар суутган аваагүй, шатахууны тайлан жолоочийн замын хуудас болон анхан шатны баримтыг тулган шалгахад түлш, шатахууныг батлагдсан нормын дагуу хяналт тавьж зарцуулдаггүйн улмаас 2.121.800 төгрөгийн шатахуун үр ашиггүй зарцуулсан зэрэг нийт 18.241.950 төгрөгийн санхүүгийн зөрчилтэй ажиллаж байсан байна.
Хүнсний материал үндэслэлгүй илүү зарлагдсан нь анхан шатны баримтаар нотлогдож байгууллагад 6.946.079 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдож байна.
Б.Н 25.188.031 төгрөгийн хохирол учруулсан гэх тооцоо нь үнэн зөв тавигдсан эсэхэд илрүүлсэн зөрчлийн хувьд тооцоолол үнэн зөв хийгдсэн байна.
Хүнсний материалын тайлан тооцоог 2014 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл ахлах дэслэгч С.Амаржаргал, 2014 оны 6 дугаар сарын 1-нээс хойш дэслэгч Э.Батчимэг нар хариуцан ажилладаг байсан байна.
Харин хүн амын орлогын албан татварт 530.492 төгрөг, хүнсний материал илүү зарлагдсан 6.946.079 төгрөг, нийт 7.476.571 төгрөгийг төлөхөөр байна гэжээ.
/ХХ-ийн 90-102 дугаар тал/
Талууд дээрх дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзсэн тул тус шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 802 тоот тогтоолын дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргах шинжээчээр томилж доор дурьдсан асуудлаар дүгнэлт гаргахыг даалгасан байна. Үүнд:
-Б.Н нь 25.188.031 төгрөгийн хохирол учруулсан гэх тооцоо үнэн зөв тооцогдсон эсэх,
-Хүнсний материал үндэслэлгүй зарлагдсан нь анхан шатны баримтаар нотлогдож байгууллагад 6.946.079 төгрөгийн хохирол учирсан гэх ба хүнсний материалын тайлан тооцоог 2014 оны 6 дугаар сарын 1 өдөр хүртэл ахлах дэслэгч С.Амаржаргал, 2014 оны 6 дугаар сарын 1-нээс хойш дэслэгч Э.Батчимэг нар хариуцан ажилладаг байсан гэх бөгөөд 25.188.031 төгрөгийн хохирлыг Б.Н нь бусадтай хувааж хариуцах эсэх, хувааж хариуцах бол хэдий хэмжээгээр хувааж хариуцах талаар дүгнэлт гаргахыг даалгажээ.
Шинжээчид 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 181 тоот дүгнэлтдээ ... Хорих 421 дүгээр ангийн 2014-2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд явуулсан шалгалтаар нийт 40.834.890 төгрөгийн зөрчил дутагдлыг тогтоосон байна. Үүнээс 25.188.031 төгрөгийн зөрчил, дутагдлыг Б.Н хариуцна гэсэн байна.
Шинжилгээнд ирүүлсэн баримтаар хүнсий материалаас 17.827.762 төгрөгийг анхан шатны баримтгүй зарцуулж хохирол учруулсан, хувь хүнээс бараа материал суутган авахдаа Хүн амын орлогын албан татвар суутгаж төсөвт төлөөгүй 2.121.968 төгрөгийн, төсөв норм хэтрүүлэн зарцуулсан 20.894.160 төгрөгийн, нийт 23.016.128 төгрөгийн санхүүгийн зөрчилтэй ажилласан нь тогтоогдож байна.
Шинжилгээнд ирүүлсэн баримтаар хүнсний материалаас 17.827.762 төгрөгийг анхан шатны баримтгүй зарцуулж хохирол учруулсныг тооцон гаргасан бөгөөд дотоод аудит нь ямар эрх зүйн үндэслэлээр ахлах нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч, нярав нарт хувь ногдуулан төлбөр тогтоосон нь тодорхойгүй байх тул эдийн засгийн шинжилгээгээр хохирлыг хувааж хариуцах эсэхийг шийдвэрлэх боломжгүй гэжээ.
/ХХ-ийн 131-134, 139-145 дугаар тал/
Мөн зохигчийн хүсэлтээр тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 931 тоот тогтоол болон 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 74 тоот тогтоолоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр нэмэлт шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэжээ.
Шинжээчид Хорих 421 дүгээр ангийн санхүүгийн анхан шатны баримт болох нийт 13 хавтас бүхий материалыг үндэслэн Б.Н нь 25.188.031 төгрөгийн хохирол учруулсан эсэх, 25.188.031 төгрөгийн хохирол учруулсан гэх тооцоо зөв тооцогдсон эсэх,
-Хорих 421 дүгээр ангийн 2014-2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд явуулсан шалгалтаар нийт 4 төрлийн 40.843.890 төгрөгийн зөрчил дутагдал тогтоосон гэх ба үүний 25.188.031 төгрөгийг Б.Н ямар үндэслэлээр хариуцах болох,
-Хүнсний материал үндэслэлгүй зарлагдсан нь анхан шатны баримтаар нотлогдож байгууллагад 6.946.079 төгрөгийн хохирол учирсан, хүнсний материалын тайлан тооцоог 2014 оны 6 дугаар сарын 1 өдөр хүртэл ахлах дэслэгч С.Амаржаргал, 2014 оны 6 дугаар сарын 1-нээс хойш дэслэгч Э.Батчимэг нар хариуцан ажилладаг байсан гэх ба 25.188.031 төгрөгийн хохирлыг Б.Н нь бусадтай хувааж хариуцах эсэх, хувааж хариуцах бол хэдий хэмжээгээр хувааж хариуцах,
-Илүү зарлагдсан хүнсний материалаас А.Цэндсүрэнд хариуцуулсан хэсгийг хасан үлдэх дүнгийн 40 хувь буюу 6.946.079 төгрөгийг ямар үндэслэлээр Б.Нд хариуцуулж байгаа болох,
-Өдрийн албан хаагчдад зарцуулсан хүнсний материалын зардал гэх 15.589.660 төгрөгийн дутагдал гарсан эсэх, гарсан бол хэн хариуцах, Б.Н дангаар болон бусад хамтран хариуцах эсэх,
-Хүн амын орлогын албан татвар суутгаж төсөвт төлөөгүй 2.121.968 төгрөгийн 25 хувь буюу 530.492 төгрөгийг ямар үндэслэлээр Б.Н хариуцах болох,
-Илүү зарцуулсан шатахууны 40 хувь буюу 2.121.800 төгрөгийг Б.Н ямар үндэслэлээр хариуцах болох талаар шинжилгээ хийн дүгнэлт гаргахыг даалгасан байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжилгээний бүртгэл, мэдээлийн хэлтсийн дарга 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04/5406 тоот болон 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 04/1354 тоот албан бичгүүдээр Нэмэлт шинжилгээ хийлгэх тогтоолд тавьсан асуултууд өмнө гаргасан 90, 181 тоот шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна. Зөрчил дутагдлыг хэрхэн хуваасан талаарх холбогдох нэмэлт баримт ирүүлээгүй байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д заасныг баримтлан шинжилгээ хийхээс татгалзаж материалыг буцаав гэжээ.
/ХХ-ийн 173-179, 191-198 дугаар тал/
Нэхэмжлэгч байгууллага нь шинжилгээ хийлгэхтэй холбоотой тус ангийн санхүүгийн анхан шатны бүхий л баримтуудыг ирүүлсэн талаараа тайлбарласан болохыг дурьдлаа.
Хорих 421 дүгээр ангийн 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар тус ангийн санхүүгийн үйл ажиллагаанд 4 төрлийн 40.843.890 төгрөгийн зөрчил, дутагдал илэрсэн, үүнээс Б.Н нь хувь хүнээс бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 530.492 төгрөгийн суутгал хийгээгүй, ангийн хүнсний материалд 6.649.079 төгрөгийг илүү зарцуулсан, шатахуунд 2.212.800 төгрөгийг илүү зарлагдсан, өдрийн албан хаагчдад эрх мэдлээ хэтрүүлж 15.589.660 төгрөгийн хүнсний материал илүү зарлагдсан, нийт 25.188.031 төгрөгийн хохирлыг хариуцна гэх боловч уг 25.188.031 төгрөгийг Б.Н ямар үндэслэлээр хариуцах болох, дотоод аудит нь ямар баримтыг үндэслэн ахлах нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч, нярав нарт хувь ногдуулан төлбөр тогтоосон нь тодорхой бус болох нь удаа дараагийн шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдлоо.
Хорих 421 дүгээр ангийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн бүрэлдэхүүн нь өдрийн албан хаагчдад үндэслэлгүй зарцуулсан 15.589.660 төгрөгийн хүнсний материалыг тус ангийн дарга болон ахлах нягтлан бодогчоор хариуцуулан төлүүлнэ хэмээн дүгнэлт гаргасан атлаа тухайн үед тус ангийн даргаар ажиллаж байсан н.Тэрбиш хохирол учруулсан нь тогтоогдоогүй, ахлах нягтлан бодогч үнэн зөв мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй учраас ангийн даргыг төлбөр төлөх үүргээс чөлөөлсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан ба төлбөрийг ямар үндэслэлээр гагцхүү ахлах нягтлан бодогч Б.Нээр төлүүлэхээр шийдвэрлэсэн талаарх баримтгүй байна.
Шинжээчийн Б.Н 25.188.031 төгрөгийн хохирол учруулсан эсэхэд илрүүлсэн зөрчлийн хувьд тооцоолол үнэн зөв хийгдсэн, тус анги санхүүгийн зөрчилтэй гэсэн нь уг дутагдлыг Б.Н хариуцна гэсэн ойлголт бус юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын дарга Ш.Эрхэмбаярын аман шийдвэрээр албан тушаалын байдлыг харгалзан төлбөрийг хувьчилж тогтоосон гэж нэхэмжлэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан ба холбогдох этгээдийн дүгнэлт, баримтгүйгээр төлбөрийг тухайн үед ажиллаж байсан албан хаагчдад хуваарилсан нь үндэслэлгүй.
/ХХ-ийн 35-36 дугаар тал/
Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хорих 421 дүгээр ангийн удирдлага ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан баталсан гэх боловч Б.Нд танилцуулан баталгаажуулсан нь тогтоогдоогүй тул түүнийг ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэх боломжгүй.
/ХХ-ийн 256-263 дугаар тал/
Хорих 421 дүгээр ангийн ерөнхий нягтлан бодогч, хошууч Б.Нийн 2014 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар шалгахад тэрээр амжилттай дүн үзүүлсэн нь шалгалтын үнэлгээгээр тогтоогдсон бөгөөд Хорих 421 дүгээр ангийн санхүүгийн албан хаагчдын 2014 оны ажил, үүргийн хуваарь тус байгууллагад хадгалагдаагүй нь мөн байгууллагын даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн тодорхойлолтоор тогтоогдсоныг дурьдлаа.
/ХХ-ийн 255, 264-269 дүгээр тал/
Б.Н нь 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Хорих 421 дүгээр ангийн ахлах нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгдсөн байхад 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрүүдэд өдрийн албан хаагчдад зарцуулсан мах, гурилын материалын үнэ, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр, 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрүүдэд корсо маркийн 22-97 УНЦ, камаз маркийн 05-65 УБН улсын дугаартай авто машинуудын шатахуунд зарцуулсан төлбөрийг Б.Н гаргасан гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
/ХХ-ийн 44-53 дугаар тал/
Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь Б.Нийг 25.188.031 төгрөгийн хохирол учруулсан гэх боловч энэ нь нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцэл, санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлогдоогүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй бөгөөд байгууллагад хохирол учирсан эсэхийг шүүх тогтоосны дараа санхүүгийн тайланд энэ талаар тусгана гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Дээрхээс дүгнэж үзэхэд 25.188.031 төгрөгийн хохирлыг хариуцагч Б.Н нь нэхэмжлэгч Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газарт учруулсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд шүүхийн зардлыг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан тул тус шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн шүүгчийн захирамжийн дагуу шинжилгээ хийж дүгнэлт гаргасан шинжээчийн зардал 400.000 төгрөг, мөн 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 802 тоот тогтоолын дагуу шинжилгээ хийж дүгнэлт гаргасан шинжээчдийн зардал 1.680.000 төгрөг, нийт 2.080.000 төгрөгийг нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гаргуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд олгох үндэслэлтэй.
/ХХ-ийн 96, 138 дугаар тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч Б.Нд холбогдох 25.188.031 төгрөг гаргуулах тухай Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газраас 2.080.000 төгрөг гаргуулан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Н.САРАНГҮН
ШҮҮГЧИД Д.ЦЭРЭНДОЛГОР
Б.ЦОЛМОНГЭРЭЛ