Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/244

 

 

 

 

 

 

   2021           03            11                                        2021/ДШМ/244  

 

Б.М-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Очбадрах,

шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Н.Нарантуяа,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Сонгинхайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М-э, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.М-эд холбогдох 2002004480312 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М-э,

 

Б.М-э нь 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Нарангийн голын дунд замд байрлах “Хүйш хар толгой”  нэртэй хүнсний дэлгүүрийн урд талд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай өвс гэх нэршилтэй, 0.2242 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

мөн 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр байрлах өөрийн гэртээ “өвс” гэх нэршилтэй, 111 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг, модон байшингийн амбаарын дээд хэсэгт “өвс” гэх нэршилтэй, 166 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Нийслэлийн прокурорын газраас: Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М-ийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаж байгаа нэр бүхий эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар хадгалж буй байгууллагын мэдэлд шилжүүлж, шүүгдэгч Б.М-э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.М-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.М-э давж заалдах гомдолдоо: “...2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр цагдаад баригдахдаа машинд мөргүүлж, зүүн хөлийн дунд чөмөг, зүүн гар шуугаараа хугарч хүнд гэмтэл аван гэмтлийн эмнэлэгт мэс засалд орж, гуяндаа төмөр тавиулан хадуулсан. Одоогоор биеийн байдал муу цагдан хорих 461 дүгээр ангид хэвтэн эмчлүүлж байна. Ид сурч боловсрох, ажиллах залуу насан дээрээ өөрийн гэм буруутай үйлдлээс болж хүнд гэмтэл авч ийм байдалд орсон. Мөн өөрийн хийсэн гэм буруутай үйлдэлдээ гүнээ харамсан, гэмшиж байгааг минь харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Н.Нарантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хнхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд... “энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодит нөлөөтэй” гэх үндэслэлээр хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. ...” гэж үзэж 1 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасныг хэрэглэн түүнд оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэх заалтыг хэрэглэх талаар өмгөөллийн үгээ явуулсан. Хэдийгээр дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал мөн боловч шүүхээс шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ төрлийн гэмт хэрэгт анх удаа холбогдсон, өөрөө уг бодисыг хэрэглэж байгаагүй, өөрөөс нь илрээгүй, шүүгдэгч зам тээврийн ослын улмаас хоёр удаа хагалгаанд орж 6 ширхэг хадаас тавиулсан бөгөөд одоо хоёр суга таягтай дахин хагалгаанд орох шаардлагатай байна. 409 дүгээр хаалттай хорих ангид эмнэлэг байхгүй тул эмнэлгийн тусламж авч чадахгүй биеийн эрүүл мэнд маш хүнд байгаа, анхнаасаа үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөвөөр тогтвортой мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагаанд огт саад учруулаагүй, гэм буруу дээр огт маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байсан зэрэг нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан зарчмыг харгалзан үзэх нь хуульд нийцэх байсан. Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмын нэг илрэл боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээг хэрэглэн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлагыг тухайн этгээдэд хөнгөрүүлэн оногдуулж болох байсан гэж үзэн Б.М-эд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн тухайд мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүх хуралдааны үед ямар нэгэн байдлаар гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлын тухайд, 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагад баригдах үедээ зугатааж яваад замын тээврийн осолд өртөн гэмтэл авч, мэс засалд орсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь улсын орны хүн амын эрүүл мэнд, удмын санд хор хохирол учруулдаг, нийгмийн хор аюул ихтэй гэмт хэрэг учраас анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг биеэр эдлүүлэх шаардлагатай, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.М-э нь 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Нарангийн голын дунд замд байрлах “Хүйш хар толгой”  нэртэй хүнсний дэлгүүрийн урд талд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 0.2242 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг мөн 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 94 дүгээр гудамжны 3 тоотод байрлах өөрийн гэртээ “өвс” гэх нэршилтэй, 111 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг, Сонгинохйрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 94 дүгээр гудамжны 3 тоотод байрлах модон байшингийн амбаарын дээд хэсэгт “өвс” гэх нэршилтэй, 166 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

гэрч Б.М-ын “...манай хашаагаар зөндөө л шарилж ургадаг, зулгаагаад л хаядаг. ...Сая хэрэг болсон өдөр манай хашаанд очиж үзлэг хийгээд мансууруулах үйлчилгээтэй өвс байна гэж байсан. ...М-э надад хэлэхдээ хар цүнх төмөр замын тэндээс олсон. Дотор нь байсан пүүзийг хараад авчихсан гэж хэлж байсан. ...” /хх 31-32/,

Б.М-ийн яллагдагчаар өгсөн “...зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Гялгар уутанд боосон багшралдаад муухай үнэр орчихсон өвс байсан. Мөн ундааны савтай өвс, гадаад паспорт, нэг хайрцаг тамхи зэрэг эд зүйлүүд байсан. ...Би өвсийг хадгалж байсан нь үнэн, сонирхоод хэрэглэж үзэх гэж байсан. ...” /хх 56-57/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай болон хуванцар савтай ургамал мэт зүйл, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаардаг болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 4843 дугаартай дүгнэлт /хх 36-38/,

хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-8/, орон байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 9-10, 12-15/, эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх 18-20/ болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.М-ийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.М-э нь гэртээ болон биедээ 3 хэсэг ууттай, нийт 277.2242 /0.2242, 111, 166/ грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч Б.М-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тухайн зүйлд заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр буюу 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Б.М-э, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарын хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөх талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

 

Хэдийгээр шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаар давж заалдах гомдолдоо дурдсан хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.М-э нь цагдаагийн байгууллагын ажилтнуудаас зугатааж явахдаа машинд мөргүүлж, зүүн хөлийн дунд чөмөг, зүүн гар шуугаараа хугарч хүнд гэмтэл авч, одоо хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар давж заалдах гомдолдоо дурдсан боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч Б.М-э, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-э, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                    Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН