Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 222

 

 

 

 

 

 

  2017           05            31                                         222       

                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч П.Болормаа,

хохирогч Д.Батбаяр,

шүүгдэгч Г.Ууганбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0938/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Галцогийн Ууганбаярт холбогдох эрүүгийн 2017 2601 0428 дугаар, 1 хавтаст хэргийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Боржигон овгийн Галцогийн Ууганбаяр Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Боди Транс” ХХК-нд авто ачигч ажилтай, ам бүл 4, эхнэр, 0-2 насны хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 6 дугаар гудамжны 27 тоотод оршин суудаг бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, 2 дугаар гудамжны 32 тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэл:

1.Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 291 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар  2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2.Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 227 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 1 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 9 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 151 дүгээр захирамжаар 1 жил 1 сар 24 хоногийг хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан (РД:ЧД88010811).

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Г.Ууганбаяр нь согтуурсан үедээ 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жавхлант” төвийн 2 давхарт байх “Жи” нэртэй шөнийн цэнгээний клубт хохирогч Д.Батбаярын зүй бус үйлдлийн улмаас түүний нүүрэн тус газар нь 1 удаа цохиж бие махбодид нь “эрүүний баруун булангийн далд хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ууганбаяр мэдүүлэхдээ:

Б.Ууганбаяр бид багийн найзууд юм. 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр ажил дээрээ байж байхад 19 цагийн үед Б.Ууганбаяр над руу залгасан. Тэгээд Б.Ууганбаяр залгаад ойрд уулзаагүй юм чинь уулзаж ганц нэг шил архи ууя гэж хэлсэн. Би зөвшөөрөөд “Жи” бааранд очсон. Тэнд 1 шил архи, хүний тоогоор нэг, нэг пиво авсан. Тухайн үед Бэхбат, Б.Ууганбаяр бид гурав хамт байсан. 30-40 минутын дараа Д.Батбаяр бааранд орж ирсэн. Бид авсан байсан архинаасаа нэг, нэг хундага уучихаад бүжгийн талбай дээр бүжиглэж байхад баарны хамгаалагч Б.Ууганбаярыг дагуулаад явсан. Б.Ууганбаяр орж ирэхгүй удаад байхаар нь би хойноос гарахад баарны үүдэн дээр зөндөө хүмүүс зодолдож байсан. Тэгээд харахад Б.Ууганбаяр баарны хамгаалагчтай зодолдож байхаар нь би дундуур нь ороод Б.Ууганбаярыг салгах гэтэл салахгүй байсан. Тэгээд Б.Ууганбаяр баарны хамгаалагч, тэнд байсан хүмүүс рүү дайраад байхаар нь түүнийг “боль” гээд түлхэж тохойгоороо цохисон чинь Б.Ууганбаяр ухаан алдаад унасан. Энэ үед Д.Батбаяр гарч ирээд хүмүүс рүү дайраад байхаар нь Батбаярыг “боль” гээд 2 удаа хэлсэн чинь миний үгийг тоохгүй байсан. Тэгэхээр нь би уурлаад Д.Батбаярыг нэг удаа цохисон. Тухайн үед Д.Батбаярын баруун шанаа руу нь нэг удаа цохисон. Тэгээд Д.Батбаяр яваад өгсөн. Өөрийнхөө хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Тухайн өдөр архинаас 2-3 хундага уусан. Мөн пиво жаахан уусан байсан. Гэхдээ өөрийнхөө үйлдлийг мэдэх боломжтой хэмжээнд байсан. Д.Батбаярыг мэддэг болоод 5 жил болж байна гэв.

2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Батбаяр мэдүүлэхдээ:

2017 оны 2 дугаар сарын 06-ны орой 22 цагийн үед Б.Ууганбаяр над руу залгасан. Тэгээд Б.Ууганбаяр надад хэлэхдээ “Жи” бааранд байна гэж хэлсэн. Тэгээд надаас ирэх юм уу гэж асуухаар нь би яваад очье гэж хэлсэн. Б.Ууганбаяртай ярьснаас хойш 20-30 минутын дараа “Жи” бааранд очсон. Очиход бааранд Б.Ууганбаяр, Г.Ууганбаяр, Бэхбат нар сууж байсан. Намайг ширээн дээр суух үед Б.Ууганбаяр, Г.Ууганбаяр нар 1 шил архи, 3 сав пиво авсан байсан. Надад нэг хундага архи хийж өгөхөөр нь уучихаад бүжиглэх гээд бүжгийн талбай руу гарсан. Бүжиглэж байхад баарны хамгаалагч Б.Ууганбаярыг дагуулаад гарсан. Б.Ууганбаяр орж ирэхгүй байхаар нь гараад харсан чинь баарны хамгаалагч Б.Ууганбаярыг барьсан хажуу талаас нь өөр хүмүүс цохиж байхаар нь эхлээд салгах гэж очсон. Харин дараа нь би өөрөө нөгөө хүмүүс рүү дайрч эхэлсэн. Б.Ууганбаярыг Г.Ууганбаяр цохиод унагаасан. Би Г.Ууганбаярыг “яаж байгаа юм болиоч” гэж хэлэхэд миний шанаа руу цохисон. Тухайн үед би хамгаалагч нар руу  дайрсан чинь Г.Ууганбаяр намайг боль гэж хэлэхээр нь Г.Ууганбаярын үгийг сонсохгүй баарны хамгаалагч нар руу дайраад байсан чинь намайг цохиод унагасан. Тэгээд зодоон дууссан хойно Б.Ууганбаяр бид хоёр тамхи татах гээд гадаа сууж байсан чинь миний эрүү өвдөөд шүлс хаяж болохгүй байхаар нь Б.Ууганбаяртай такси бариад гэмтэл дээр очсон. Г.Ууганбаяр надад эмчилгээний зардалд 250,000 төгрөг төлсөн. Мөн Б.Ууганбаяр бас надад мөнгө төлсөн. Нийт 400,000 гаруй төгрөг авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Эрүүгийн 2017 2601 0428 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн талаар баримтууд.

 

Мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох:

3.Хохирогч Д.Батбаярын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2017 оны 02 дугаар сарын 06-ны орой 22 цагийн үед манай найзууд болох Б.Ууганбаяр, Г.Ууганбаяр нар над руу залгаад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Жи” бааранд байна, хүрээд ир гэхээр нь би толгойтоос гараад очсон. Намайг очих үед тэр хоёр болон өөр зүс мэдэх Бэхээ нарын хамт байсан. Би орж мэндлээд, бид бүжгийн талбай дээр гарч бүжиглээд байж байтал манай найз Б.Ууганбаярыг хамгаалагч нь аваад гарсан юм билээ. Би тухайн үедээ дагуулж гарсныг нь мэдээгүй. Гадна үүдэнд бужигнаад байхаар нь би үүдэнд очоод хартал Б.Ууганбаярыг нөгөө Г.Ууганбаяр хамгаалагч нараас салгаж байсан. Тэгээд би дундуур нь ороод салгах гэтэл энд тэнд бөөн юм болоод баахан хүмүүс шавчихсан бужигнаад байсан. Б.Ууганбаярыг Г.Ууганбаяр шанаа руу нь 1 удаа цохиход Ууганаа газар ухаан алдаад уначихсан. Би “чи яаж байгаа юм бэ” гэтэл эргээд намайг бас нэг удаа гараараа эрүүний хэсэг рүү цохисон. Тэгээд би Б.Ууганбаярыг арай гэж авч гараад үүдэнд нь гарахад миний ам хөдлөхгүй, шүлсээ хаяж болохгүй байсан. Шууд гэмтлийн эмнэлэг рүү яваад зургаа авхуулахад миний эрүү хугарсан байна гээд гадуур шинжилгээ өгсөн. Тэгээд нөгөөдрөөс нь эхлээд 11 хоног гэмтлийн эмнэлэгт хэвтээд гарсан.

Эхлээд хамгаалагч нартай муудалцаад салгах гэтэл Б.Ууганбаярыг цохиод ухаан алдуулаад унагаачихсан. Тэгээд би “чи яаж байгаа юм бэ” гэтэл намайг бас цохисон. Тэгэхэд миний эрүү гэнэт өвдөлт мэдрээд эхэлсэн. Г.Ууганбаярын цохилтоос миний эрүү хугарсан. Миний эрүү, нүүр рүү өөр цохиж зодсон хүн байхгүй. Би тэр үед баар руу орох үедээ бага зэрэг архи уучихсан байсан. Ороод юм уугаагүй. Би эрүүл шахуу бага зэрэг үнэртүүлсэн байсан. Нөгөө 2 ширээн дээрээ 1 шил архи тавьчихсан, нилээн халамцуу байсан. Надад хохирлын мөнгө гэж 450,000 төгрөг өгсөн. Үүний 250,000 төгрөгийг Г.Ууганбаяр, 200,000 төгрөгийг Б.Ууганбаяр өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, Миний бие бүрэн эдгэрсэн, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг [1],

 

4.Гэрч Б.Ууганбаярын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2017 оны 02 дугаар дугаар сарын 06-наас 7-нд шилжих шөнө өөрийн найзууд болох Г.Ууганбаяр, Бэхбат нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байдаг “Жавхлант” төвийн 2 давхарын “Жи” нэртэй бааранд орцгоосон. Ороод 0.5 литрийн хар “Чингис” нэртэй архи, хүний тоогоор пиво, ундаа зэрэг зүйлс захиалаад ууж идэж эхэлсэн. Тэгж байхад Батбаяр над руу залгаад “хаана байгаа юм бэ” гэхээр нь би бааранд байна гэж хэлэхэд “найз нь яваад очих уу” гэхээр нь “за тэг тэг” гэж хэлээд байж байтал удалгүй 20-30 минутын дараа ирсэн. Бүгд мэндэлцгээгээд ширээн дээрээ сууж байгаад нэг, нэг хундага архи хийж уучихаад бүжгийн талбай дээр гарч бүжиглэцгээсэн. Тэгэхэд намайг тус баарны нэг хамгаалагч хүн уулзъя гэж байна гэж дагуулж гаргаад надтай маргалдаж эхэлсэн. Тэгээд бужигнаад тойрчихсон байсан. Манай найз Г.Ууганбаяр гарч ирээд намайг маргалдаж байхад салгасан. Би хамгаалагчтай нь бас хэрэлдээд маргалдаж байхад санаандгүй намайг “болиоч” гээд тохойлдоход би газар унаад ухаан алдсан байсан. Тэгээд нэг сэрэхэд ямар нэгэн хүн байхгүй, намайг Батбаяр дагуулаад баарнаас гарч байсан. Баарны үүдэнд Батбаяр манийх нь ам, эрүү өвдөөд байна гэхээр нь Гэмтлийн эмнэлэг рүү таксидаж яваад зургийг нь аваад үзүүлтэл эрүү нь хугарсан байна гэж хэлсэн. Тэгэхэд Г.Ууганбаяр цохисон байсан. Г.Ууганбаяр намайг салгах гэж байгаад санамсаргүй байдлаар цохисон. Тийм учраас би тухайн үедээ шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Мөн надад учирсан ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй байсан. Тийм болохоор надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Тэгэхэд бид нар бүгд ер нь нилээн халамцуу байсан. Бааранд орж архи болон пиво уусан. Батбаяр дотроос ууж идэж чадаагүй, дөнгөж орж ирээд ийм асуудал болсон. Гэхдээ гаднаас ирэхдээ халамцуу байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг [2],

-Мөн түүний 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн:

“...Намайг бүжгийн талбай дээр байхад 1 хамгаалагч намайг дагуулж гарсан. Намайг дагуулж гарахдаа гадна хүн дуудаж байна гэж хэлээд би гарсан. Тэгээд гарахад хүн байхгүй болохоор нь би хамгаалагчтай маргалдаж байсан. Г.Ууганбаярын хувьд хамгаалагч нартай ямар нэгэн байдлаар маргалдаж муудалцсан асуудал байхгүй. Намайг харин хамгаалагч нартай маргалдаад байхад салгасан. Тэгээд цаанаас Батбаяр гарч ирээд хүн, хүн рүү дайраад үсчээд байсан. Тэгээд Ууганбаяр салгах гээд цохиод авсан байх. Уг зодооны асуудал бид гурвын дунд болсон. Ер нь Батбаяр бид хоёроос болж Ууганбаяр уурандаа ийм хэрэгт холбогдсонд харамсалтай байна. ...” гэх мэдүүлэг [3],

 

5.Гэрч Ө.Оюунчимэгийн 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн:

 “...Би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах депогийн автобусны буудлын хойд талд “Жавхлант” төв болон 2 давхарт байрлах “Жи” шөнийн цэнгээний клубын зохион байгуулагч ажил хийдэг. Уг ажлыг хийгээд 3 жил гаруй болж байна. Манай байгууллагад хяналтын камер байгаа, мөн яг дотор бүжгийн талбай руу туссан камер байгаа боловч харагдах орчин их бүдэг, юу болж байгаа тухай бараг гарахгүй. Их анивчсан гэрэл болохоор бараг харагдахгүй. Манай хяналтын камер 7 хоног бичлэгээ хадгалагдаг тул одоо байхгүй. Манайх гэрээт хамгаалалтын албатай хамтран ажилладаг. Тухайн үед ямар хамгаалагч гарч байсныг мэдэхгүй байна. Өндөр нуруутай гэхээр бүгд ер нь ойролцоо байдаг. Би мэдэхгүй байна. Одоо манайх уг газартай хамтран ажиллахгүй байгаа. Өөр хамгаалагч нар солигдсон. Би энэ хэргийн талаар зүгээр сонсож байсан байх гэж бодож байна. Тэр үед нэг том махлаг биетэй шивээстэй залуу найзуудтайгаа муудалцаад зодолдсон гэсэн. Өөр зүйл тодорхой сайн мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг [4],

 

6.Г.Ууганбаярын сэжигтнээр 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2017 оны 02 дугаар сарын 06-ны орой 19 цагийн үед Б.Ууганбаяр над руу залгаад Бэхбат бид хоёр хамт явж байна, ганц нэг юм уух уу гэхээр нь тэгье гээд Өргөөгийн хажуу талд уулзаад 1-р хороолол орж байгаад болъё гээд гурвуулаа Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо Жавхлант төв дотор байдаг Жи нэртэй бааранд орцгоосон. Тэгээд ороод 1 шил архи болон пиво ундаа зэрэг зүйлс захиалаад сууж байтал Батбаяр 22 цаг өнгөрч байхад ирсэн санагдаж байна. Тэгээд архинаасаа ганц, ганц татчихаад бүжгийн талбай дээр бүжиглэж байтал баарны хамгаалагч Б.Ууганааг дагуулаад хаалгаар гарч байсан. Тэгээд баахан хүмүүс бужигнаад байхаар нь очоод хартал баарны хамгаалагчтай Б.Ууганбаяр заамдалцаад барилцаад авчихсан зогсож байсан. Тэгээд очоод Б.Ууганбаярыг салгаад хойш нь түлхэх гэж байгаад тохойгоороо Ууганбаярыг санамсаргүй цохитол ухаан алдаад газар уначихсан. Тэгэнгүүт Батбаяр нөгөө муудалцаж байсан хүмүүс рүү дайраад байхаар нь чи бас болиоч дээ гээд Батбаярыг шанаа руу 1 удаа хүчтэй цохитол доошоо нүүрээ бариад суучихсан. Тэгээд би буцаж ороод захиалсан ширээн дээрээ сууж байтал Ууганбаяр, Батбаяр, Бэхбат гуав гараад явчихсан байсан. Тэгээд маргааш нь би Батбаяртай гэмтлийн эмнэлэг дээр очиж уулзахад эрүү нь хугарсан байна гэж хэлсэн. Эмчилгээний зардал гэж 250.000 төгрөг өгсөн. Би амьхандаа хүмүүсээс өмөөрөөд цохисон. Батбаяр өөрөө дунд нь орилоод хүмүүсийг улам дэвэргээд байхаар нь би “чи болилдоо” гээд нэг удаа цохисон. Би тэр үед архинаас 2 хундага татсан, шилтэй пивоо талд нь оруулчихсан байсан. Өөр ууж идээгүй, ухаан санаа хэвийн бага зэрэг халамцуу байсан. Аймаар согтуу байгаагүй. Тухайн үед бүжиглэж байтал гэнэт татаад аваад гарчихсан. Тэр үед хүнтэй хоорондоо муудалцаж барьсан юм уу мэдэхгүй, аваад гарсан. Бүжгийн талбай дээр хүнтэй шөргөөцөлдөж маргалдсан байж магадгүй. Бид хоёр урьд нь муудалцаж хэрэлдэж байгаагүй. Анх удаа ийм асуудал болж байна. ...” гэх мэдүүлэг [5],

- яллагдагчаар 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн:

“...Би 2017 оны 02 дугаар сарын 06-ны орой 19 цагийн үед ажлаа тараад буух гэж байтал найз Ууганбаяр над руу залгаад ганц нэг юм уух уу гэхээр нь би за тэгье гээд 3, 4-р хорооллын “Өргөө”-гийн тэнд очиж уулзсан. Намайг очиход Ууганбаяр, Бэхбат гээд нэг найз нь хамт байсан. Бид гурав гэр рүүгээ дөхөж байгаад болъё гээд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны “Жи” бааранд 21 цаг өнгөрөөд ирсэн. Тэгээд баар руу ороод 1 шил архи болон хүний нэг, нэг пиво авч захиалаад сууж байхад Батбаяр 22 цаг өнгөрч байхад ирчихсэн байсан. Батбаярыг хэн яаж дуудсаныг мэдэхгүй байна. Мэнд мэдээд архиа уучихаад бүжгийн талбай дээр гарч бүжиглэцгээсэн. Тэгээд байж байтал Б.Ууганбаярыг нэг хамгаалагч дагуулаад хаалгаар гарч байсан. Би араас нь гарахад хүмүүс тойроод зогсчихсон хамгаалагчтай нь заамдалцаад маргалдаад зогсож байсан. Би дундуур нь орж салгахад Ууганбаяр тэр залуу руу дайраад байхаар нь “Чи болилдоо” гээд тохойгоороо санамсаргүй тохойлдчихсон чинь газар унаад өгсөн. Тэгэхэд цаанаас Батбаяр ирчихсэн нөгөө хэд рүү дайраад орилоод байхаар нь би “Чи бас хажууд нь болилдоо” гээд шанаа руу нь нэг удаа цохисон чинь нүүрээ дараад газар суучихсан. Тэгэхээр нь би буцаж ороод ширээн дээрээ сууж байтал араас орж ирэхгүй байхаар хартал явчихсан байсан. Би Батбаярын зүүн талын шанаа руу баруун гараараа нэг удаа цохисон. Цохих үед нүүрээ дараад доошоо суугаад өгсөн. ...Би санаатай цохиж гэмтэл учруулъя гэж бодоогүй. Хүмүүстэй бас муудах гээд дайраад байхаар нь салгах гэж байгаад уурандаа 1 удаа цохичихсон. Бид хоёр бие, биенээ бүр сайн мэддэг, дотны найзууд байгаа юм. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Их харамсаж гэмшиж байгаа. ...” гэх мэдүүлэг [6],

- яллагдагчаар дахин 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...Эхлээд Ууганбаярыг дагуулаад гарсан. Сүүлд сонсоход хүн уулзъя гэж дуудуулсан гэсэн. Тэгээд аваад гарчихаад байхгүй болохоор нь Ууганбаяр уурлаад хоорондоо маргалдаж байхад Батбаяр араас нь гараад маргаан болоод байхаар нь гарч салгах гэж байгаад уурандаа эхлээд Ууганбаярыг боль гэж түлхэж унагачихаад, Батбаярыг агсраад байхаар нь би уурандаа 1 удаа цохичихсон. Тэрнээс хамгаалагч нартай хэрэлдэж маргалдсан, зодолдсон зүйл байхгүй. Ууганбаярыг салгаад байж байтал Батбаяр араас ирээд хүн, хүн рүү үсчээд агсраад байхаар нь би хэд, хэд болиоч гэж хэлээд намайг огт тоохгүй байхаар нь хамгаалагч бид нарын дунд бөөн хэрүүл маргаан гарах бий гэж бодоод уурандаа салгах гэж 1 удаа шанаа руу нь цохичихсон. Батбаяр хамгаалагчтай маргалдаад байсан. Тэгээд би очиж салгах гэж байгаад ийм асуудал болсон. Батбаяр зүгээр явж байгаад таарсан хүмүүстэйгээ муудалцах гээд огт болж өгөхгүй, миний үгэнд орохгүй байсан. Тэнд 2-3 хамгаалагч зогсож байсан. Бас хэдэн энгийн хувцастай хүмүүс зогсож байсан. Тэгээд агсараад дайраад байхаар нь би салгах гэж байгаад Батбаярыг цохичихсон....” гэх мэдүүлэг [7],

 

7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2484 тоот актын:

Хэсэг газрын үзлэгт: Эрүүний баруун булан хэсгээр нилэнхүйдээ хаван, хавдартай, ам ангайлт хязгаарлагдсан. 2017 оны 2 дугаар сарын 7-ны компьютер томографикт тархинд голомтот өөрчлөлтгүй, гавал яс гэмтэлгүй, эрүүний баруун булан хэсгээр зөрүүтэй хугаралттай, зөөлөн эдэд хаван, хавдартай гэжээ.

2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн үзлэгт: Онош эрүүний баруун булангийн далд хугарал гэжээ.

Дүгнэлт:

 “...1.Батбаярын биед эрүүний баруун булангийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Г.Энхбаатар/...” гэсэн дүгнэлт [8],

 

8.Хохирогч Д.Батбаярын Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт 2017 оны 2 дугаар сарын 9-нөөс 20-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар [9], Амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар [10],

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

9.Гэрч М.Идэрзаяагийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн:

“...Би Г.Ууганбаяр гэж хүнийг танина. Ууганбаяр бол миний нөхөр байгаа юм. Бид хоёр анх 2010 онд танилцаад 2013 онд гэр бүл болж нэг гэрт амьдарч эхэлсэн. Гэрлэлтээ албан ёсоор 2013 онд батлуулсан. Одоо 2 хүүхэдтэй, том хүү маань 3 настай, бага хүү 1 ой 4 сартай. Бид хоёулаа ажил хөдөлмөр эрхэлж байгаа, хүүхдүүдийг маань хадам ээж хардаг. Манай нөхөр Ууганбаяр их ажилсаг, уур уцаар багатай, архи дарс уусан үедээ дуугүй орж ирээд унтчихдаг, хүүхдүүддээ халамжтай, их дөлгөөн зантай хүн байгаа юм. Жоохон муу зан ааш гэвэл хүнд ерөөсөө үгүй гэж хэлж чаддаггүй, юманд амархан уруу татагдчих гээд байдаг хүн байгаа юм. Өөр бол элдэв муу ааш байхгүй, агсам согтуу тавиад байдаггүй. Танилцаад байж байхад бас нэг хэрэгт холбогдоод 3 жил суучихаад гарч ирсэн. Би энэ хэргийн талаар нь мэдэхгүй байна. Надад ямар нэгэн зүйл хэлж яриагүй, 2 сарын дундуур нэг хүний эрүү хугалчихсан. Гэхдээ асуудалгүй болчихсон гэж хэлж байсан. Өөр бол зүйл яриагүй. ...” гэх мэдүүлэг [11],

 

10.Гэрч Г.Заяагийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн:

“...Би Ууганбаяр гэдэг хүнийг таньж мэднэ. Ууганбаяр бол миний төрсөн ах байгаа юм. Манайх эцэг эхээс гурвуулаа бөгөөд би хамгийн бага нь, Ууганбаяр ах хамгийн том хүүхэд нь юм. Манай ах 1988 онд Улаанбаатар хотод төрсөн. Бага насандаа бүгдээрээ эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн. Манай ах Сонгинохайрхан дүүргийн 105-р сургуулийн 10-р ангийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Сэлэнгэ аймгийн Шаамар суманд авто завсарчин мэргэжлээр 1 жил суралцаж төгссөн. Өөр боловсрол эзэмшээгүй. Тэгээд сургуулиа төгсөөд Говь-Алтай аймагт “Алтайн Хүдэр” ХХК-д ээлжийн ажил хийж байгаад Улаанбаатар хотод ирээд хэрэгт холбогдоод 3 жил Мөнгөнморьтод ял эдэлж байгаад гарч ирсэн. Шоронгоос гарснаасаа хойш нэг хамгаалалтын албанд ажиллаж байгаад болиод “Боди транс” ХХК-д жолооч ажил хийдэг. Манай ах одоо 2 хүүхэдтэй эхнэрийн хамт тусдаа амьдардаг. Манай ах бага байхын хар бор ажилд их сайн, одоо ч ажил хөдөлмөрт их сайн, хүнд их тусархуу зантай, бага байхын хоёр дүүгээ гэж явдаг. Архи дарс уусан үедээ элдэв зан ааш гаргаад байдаггүй, дуугүй мөрөөрөө орж ирээд унтаад өгдөг байсан. Ер нь байнгын ажил төрөлтэй, гэр бүлээ гэсэн санаа зорилготой амьдарч байгаа хүн байгаа юм. Ажлын хамт олондоо нэр хүнд сайтай, муу зан ааш гэвэл ер нь байхгүй дээ. Урьд нь дүрсхийгээд огцом уурладаг байсан. Одоо тэгж уурлахаа больсон. Надад хэлэхдээ найзуудтайгаа явж байгаад хэрэгт холбогдсон гэсэн. Тэгээд зардал мөнгийг нь өгчихсөн асуудалгүй гэж хэлж байсан. Өөр зүйл мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг [12],

 

11.Шүүгдэгч Г.Ууганбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа [13],  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [14], түүний хувийн бичиг баримтууд [15], Г.Ууганбаярын урьд ял шийтгэгдсэн талаарх Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 291, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 227 дугаар тус тус шийтгэх тогтоолын хуулбар, [16] болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримтлан тус хэргийг хянан шийвэрлэсэн болно.

 

Шүүхийн хууль зүйн дүгнэлт.

Нэг.Шүүгдэгч Г.Ууганбаяр нь согтуурсан үедээ 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жавхлант” төвийн 2 давхарт байх “Жи” нэртэй шөнийн цэнгээний клубт иргэн Д.Батбаярыг бусадтай хэрүүл маргаан хийх гэлээ, боль гээд байхад больсонгүй гэх шалтгаанаар буюу хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас түүний нүүрэн тус газар нь 1 удаа цохиж бие махбодид нь “эрүүний баруун булангийн далд хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-хохирогч Д.Батбаярын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...Бидний сууж байсан баарны гадна үүдэнд нь бужигнаад байхаар нь очоод хартал Б.Ууганбаярыг нөгөө Г.Ууганбаяр хамгаалагч нараас салгаж байсан. ...би дундуур нь ороод салгах гэтэл энд тэнд бөөн юм болоод баахан хүмүүс шавчихсан бужигнаад байсан. Г.Ууганбаяр Б.Ууганбаярын шанаа руу нь 1 удаа цохиход Ууганаа газар ухаан алдаад уначихсан. Би “чи яаж байгаа юм бэ” гэтэл эргээд намайг бас нэг удаа гараараа эрүүний хэсэг рүү цохисон....” гэх мэдүүлэг [17],  

- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...баарны хамгаалагч Б.Ууганбаярыг барьсан хажуу талаас нь өөр хүмүүс цохиж байхаар нь эхлээд салгах гэж очсон. Харин дараа нь би өөрөө нөгөө хүмүүс рүү дайрч эхэлсэн. Б.Ууганбаярыг Г.Ууганбаяр цохиод унагаасан. Би Г.Ууганбаярыг “яаж байгаа юм болиоч” гэж хэлэхэд миний шанаа руу цохисон. Тухайн үед би хамгаалагч нар руу дайрсан чинь Г.Ууганбаяр “намайг боль” гэж хэлэхээр нь Г.Ууганбаярын үгийг сонсохгүй баарны хамгаалагч нар руу дайраад байсан чинь намайг цохиод унагасан. ...” гэх мэдүүлэг,

            -мөрдөн байцаалтад:

-гэрч Б.Ууганбаярын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...намайг тус баарны нэг хамгаалагч “хүн уулзъя” гэж байна гэж дагуулж гаргаад надтай маргалдаж эхэлсэн. Тэгээд бужигнаад тойрчихсон байсан. Манай найз Г.Ууганбаяр гарч ирээд намайг маргалдаж байхад салгасан. Би хамгаалагчтай нь бас хэрэлдээд маргалдаж байхад санаандгүй намайг болиоч гээд тохойлдоход би газар унаад ухаан алдсан байсан. ...Баарны үүдэнд Батбаяр манийх нь ам, эрүү өвдөөд байна гэхээр нь Гэмтлийн эмнэлэг рүү таксидаж яваад зургийг нь аваад үзүүлтэл эрүү нь хугарсан байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг [18], 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дахин мэдүүлсэн “...Г.Ууганбаярын хувьд хамгаалагч нартай ямар нэгэн байдлаар маргалдаж муудалцсан асуудал байхгүй. Намайг харин хамгаалагч нартай маргалдаад байхад салгасан. Тэгээд цаанаас Батбаяр гарч ирээд хүн хүн рүү дайраад үсчээд байсан. Тэгээд Ууганбаяр салгах гээд цохиод авсан байх. ...” гэх мэдүүлэг [19],

-шүүгдэгч Г.Ууганбаярын сэжигтнээр 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн:

“...Б.Ууганбаярыг салгаад хойш нь түлхэх гэж байгаад тохойгоороо Ууганбаярыг санамсаргүй цохитол ухаан алдаад газар уначихсан. Тэгэнгүүт Батбаяр нөгөө муудалцаж байсан хүмүүс рүү дайраад байхаар нь “чи бас болиоч дээ” гээд Батбаярын шанаа руу 1 удаа хүчтэй цохитол доошоо нүүрээ бариад суучихсан. ...маргааш нь би Батбаяртай гэмтлийн эмнэлэг дээр очиж уулзахад эрүү нь хугарсан байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг [20], яллагдагчаар 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн “...Б.Ууганбаярыг нэг хамгаалагч дагуулаад хаалгаар гарсан. Би араас нь гарахад хүмүүс тойроод зогсчихсон хамгаалагчтай нь заамдалцаад маргалдаад зогсож байсан. ...би дундуур нь орж салгахад Ууганбаяр тэр залуу руу дайраад байхаар нь би “Чи болилдоо” гээд тохойгоороо санамсаргүй тохойлдчихсон чинь газар унаад өгсөн. Тэгэхэд цаанаас Батбаяр ирчихсэн нөгөө хэд рүү нь дайраад орилоод байхаар нь би “Чи бас хажууд нь болилдоо” гээд шанаа руу нь нэг удаа цохисон чинь нүүрээ дараад газар суучихсан. ...Би Батбаярын зүүн талын шанаа руу баруун гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг [21],  2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүлсэн мэдүүлэг [22], Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2484 тоот акт, дүгнэлт [23], Хохирогч Д.Батбаярын Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт 2017 оны 2 дугаар сарын 9-нөөс 20-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар [24], Амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар [25] зэрэг бичгийн нотлох баримтаар  тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Ууганбаярын “...баарны гадна найз Б.Ууганбаярыг бусадтай зодолдох гээд байхаар нь салгах явцад Д.Батбаяр бас хүн хүн рүү дайрч, орилоод байхаар нь түүнийг болиулах гэж цохисон...” гэх мэдүүлэг нь хэргийн газарт байсан хохирогч Д.Батбаяр, Б.Ууганбаяр нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй байх ба, шүүгдэгч Г.Ууганбаяр гэм буруугийн талаар маргаагүй.

Мөн хохирогч Д.Батбаяр, шүүгдэгч Г.Ууганбаяр нар нь бие биенийгээ 5 жилийн өмнөөс мэддэг болсон гэж мэдүүлэх ба тухайн хэрэг маргаан гарсан өдөр тэд “Жи” бааранд сууж, хамт архидан согтуурсан байна. Улмаар баарны хамгаалагчтай таарамжгүй харьцаа, хэрүүл маргааныг тэдэнд хамт байсан найз гэх Б.Ууганбаяр /гэрч/ нь үүсгэжээ. Дараа нь тус маргаанд хохирогч Д.Батбаяр оролцоход нь шүүгдэгч Г.Ууганбаяраас түүнийг бусадтай хэрүүл маргаан хийх гэлээ, боль гэсэн шаардлага тавьж таслан зогсоох гэхэд хүн хүн рүү үсчээд шаардлагыг хүлээж авсангүй гэж, хохирогчийн зүй бус ажиллагааны улмаас Д.Батбаярыг цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан байна.

Иймд шүүх шүүгдэгч Г.Ууганбаярт холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан шийдвэрлэсэн ба шүүгдэгчийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзэв.

 

Хоёр:Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Батбаярын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан, хохирогч Д.Батбаяр нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчүүлсэн байх боловч гэм хорын зардал нэхэмжилсэн нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй.

Харин мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Батбаяраас “...надад 450,000 төгрөг өгсөн. Үүний 250,000 төгрөгийг Г.Ууганбаяр, 200,000 төгрөгийг Б.Ууганбаяр өгсөн. Цаашид нэхэмжлэх зүйлгүй...” гэж, шүүгдэгч Г.Ууганбаяраас “...Д.Батбаярын эмчилгээний төлбөрт 250.000 төгрөг нөхөн төлсөн...” гэж тус тус мэдүүлсэн.

 Иймд хохирогч Д.Батбаярт шүүгдэгч Г.Ууганбаяр төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Гурав: Шүүгдэгчийн хувийн байдлын талаар.

Шүүгдэгч Г.Ууганбаяр нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр урьд хоёр удаа ял шийтгэгдсэн байх ба, сүүлд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 227 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 1 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 9 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 151 дүгээр захирамжаар 1 жил 1 сар 24 хоногийг хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, тус хугацаа нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дуусахаар байсан байна.

Энэ хугацаанд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль” батлагдаж, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс дагаж мөрдсөн.

Дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т “хорих газраас тэнсэн суллагдсан хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг” хэрэгсэхгүй болгохоор,

- 10 дугаар зүйлийн 10.5 д” Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй” тухай тус тус заасан ба  шүүгдэгч Г.Ууганбаярын эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 24 хоногоос үлдсэн хугацаа нь дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т хамаарч хэрэгсэхгүй болжээ.

Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт “хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол” ялгүй болох талаар заасан ба шүүгдэгч Г.Ууганбаярын хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж, түүнд оногдуулсан хорих ялын хугацаа дууссанаас хойш тоологдох ялтай хугацаа дуусаагүй байхад шинээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  

Шүүхээс шүүгдэгч Г.Ууганбаярт ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлснийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, урьд хорих ял эдэлж байсан байх тул түүнд оногдуулсан хорих ялыг хуульд зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Дөрөв. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримт үгүй, шүүгдэгч Г.Ууганбаяр цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овгийн Галцогийн Ууганбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Галцогийн Ууганбаярыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ууганбаярт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримт үгүй, шүүгдэгч Г.Ууганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Батбаярт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Ууганбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай. 

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Г.Ууганбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

 

 


[1] Хавтаст хэргийн 8 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 9 дүгээр тал.

[3] Хавтаст хэргийн 13 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 12 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 28 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 30 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 31 дүгээр тал.

[8] Хавтаст хэргийн 19 дүгээр тал.

[9] Хавтаст хэргийн 40-48 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 40-49 дүгээр тал.

[11] Хавтаст хэргийн 10 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 11 дүгээр тал.

[13] Хавтаст хэргийн 32 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 33 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 52-56 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 78-85  дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 8 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 9 дүгээр тал.

[19] Хавтаст хэргийн 13 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 28 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 30 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 31 дүгээр тал.

[23] Хавтаст хэргийн 19 дүгээр тал.

[24] Хавтаст хэргийн 40-48 дугаар тал

[25] Хавтаст хэргийн 49 дүгээр тал.