| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 195/2025/0393/Э/220/2024/1002 |
| Дугаар | 2025/ШЦТ/501 |
| Огноо | 2025-02-17 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Аззаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/501
2025 02 17 2025/ШЦТ/501
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал, улсын яллагч Д.Аззаяа, хохирогч Л.*****, шүүгдэгч Э.*****, түүний өмгөөлөгч Э.Түвдэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд Боржигон овогт *****ын *****т холбогдох эрүүгийн ***** дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ***** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ахын хамтаар **** дүүргийн **** хороо, ***** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний 355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан.
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж 1 жил 1 сарын хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан,
-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаар сольж 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 23/35 дугаартай тогтоолоор дуусгавар болсон,
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт *****ын ***** /РД:*****/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.***** нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Үнэгүй.мн сайтад байрлуулсан приус 40 зарна гэх зарын дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа машин худалдан авахаар холбогдсон М.*****ийг нисэхээс нэг хүн ирж үзнэ гэсэн, урьдчилгаа мөнгө хийчих гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн ***** дугаартай лансаар 5.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан.
Мөн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр цахим орчинд байрлуулсан байсан зарын дагуу холбогдсон Л.*****ийг хашаа байшин зарна гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух төөрөгдөлд оруулан Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн эзэмшлийн ***** тоот данс руу 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Э.*****: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч М.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Үнэгүй.мн сайт дээр ***** дугаартай приус-40 зарна гэх зар байршуулсан байсан. Тэгээд тухайн дугаар руу залгахад нэг эрэгтэй хүн аваад Орбитод цэргийн ангид ажилладаг, Нисэхээс нэг хүн ирж үзнэ гэсэн 5.000.000 төгрөгийн урьдчилгаа хийнэ гэсэн. Энэ хүний мөнгө орчихвол Нисэх рүү явлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би урьдчилгаа 5.000.000 төгрөгийг хийчихье танай ажил руу чинь яваад очий гэсэн. Тэгэхэд тэр залуу дансны дугаараа шууд хэлчихье гээд байсан. Тэгэхээр нь би мессежээр явуулчих гэхэд за би нөгөө дугаараасаа явуулъя гээд ***** дугаараас Хаан банкны ***** тоот данс явуулсан. Уг данс руу би өөрийнхөө Хаан банкны ***** тоот данстай интернэт банкаараа гэртээ байхдаа 21 цаг 36 минутад шилжүүлсэн. Мөнгө явуулчихлаа гээд тухайн залуу руу залгаж хэлэхэд данс явуулсан дугаар руугаа залгаарай нөгөө утасныхаа дууг хаалаа гэсэн. Тэгээд нөхөр бид хоёр гэрээсээ гараад замд явж байгаад 1 хороолол явж байгаад мессеж бичихэд хариу өгөхгүй байсан. Тэгээд Орбитод 0151 дугаар цэргийн ангид очоод ***** дугаар руу нь залгахад дуудаад авахгүй байсан. Тэгэхээр нь жижүүрээс нь ***** гэдэг хүн байна уу гэхэд тийм хүн манайд ажилладаггүй гэж хэлсэн. Тэгээд би 102 дугаарын утсанд дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 47 дахь тал),
Хоригдол хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 143 дахь тал),
Яллагдагчаар Э.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Нэг сургуульд хамт сурч байсан нөгөө ангийн *****, *****, ***** гэх 3 найз маань над дээр ирж ажил хийх үү гэж асууж байсан. Тэгээд би ямар ажил хийх юм бэ гэхэд зүгээр дансаа ашиглуулахад болно гэж хэлж байсан. Тэгээд бид нар буудар ортол тэр 3 зар тавьж хүмүүстэй холбогдож миний данснаас гадна өөр хүний дансаар мөнгө оруулаад залилан хийгээд байхаар нь би харж байгаад сурчихсан. Тэгээд би дурайж зар оруулж өөрийн дансаараа тийм үйлдэл хийсэн. Надад энэнээс гадна дахин нэг үйлдэл байгаа. Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр байгаа хэн гэдэг мөрдөгч дээр байгаа талаар мэдэхгүй байна. Тухайн хэргийг хамт нэгтгэж шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 72-73 дахь тал),
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 575 дугаартай шүүгчийн захирамж (1-р хавтаст хэргийн 139-140 дэх тал),
Хохирогч Л.***** Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан гомдол (1-р хавтаст хэргийн 214 дэх тал),
Хохирогч *****гийн *****ийн ***** тоот дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хавтаст хэргийн 215 дахь тал),
Шүүгдэгч Э.***** болон Л.***** нарын цахим хаягаар харилцсан мессежний хуулбарууд (1-р хавтаст хэргийн 219-224 дэх тал),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 14-16 дахь тал),
Хохирогч Л.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 20-ны 17 цагийн үед Үнэгүй.мн сайтад хашаа байшин зарах зар сонирхоод зар үзэж байгаад Тахилтад 2 давхар 42 мкв хэмжээтэй шалны халаалттай, дулаан бохирын шугам холбогдсон, өвлийн байшинг 25.000.000 төгрөгөнд зарна гэсэн зарын дагуу холбогдоход ***** гэх эрэгтэй Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Приус центэр засварын төв дээр байна гэхээр нь 19 цаг 30 минутын орчимд очоод ***** гэх эрэгтэйтэй уулзахад одоо 2-3 автомашин янзлах хэрэгтэй байна, эхнэр ирэхээр гурвуулаа очиж тухайн байшинг очиж үзье, олон хүн залгаад байгаа учир та урьдчилгаа 5.000.000 төгрөг над руу шилжүүлчих, би Үнэгүй.мн сайтад байршуулсан зараа устгачихье, тэгээд 21 цагийн үед Тахилт руу явъя гэхээр нь ***** гэсэн нэртэй өөрийнх нь данс руу би өөрийн эзэмшлийн ***** тоот дугаарын данснаас байшингийн урьдчилгаа гэсэн гүйлгээний утгатайгайаар шилжүүлсэн. 21 цагийн үед би ***** гэх хүнтэй уулзахаар болоод иргэний үнэмлэхийн зургийг нь аваад явсан бөгөөд 21 цагтаа ирэхэд приус центр нь хаачихсан, ямар ч хүн байхгүй, утас руу нь залгахад холбогдох боломжгүй, фейсбүүк мессенжэр чатаар дуудлага хийхэд авахгүй байж байгаад миний хаягийг блоклочихсон байсан...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 39-40 дэх тал),
Ялагдагчаар Э.***** 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Үнэгүй.мн сайтад фейсбүүкээс олон жилийн өмнөх хашаа байшингийн зураг оруулаад тухайн байшинг 25.000.000 төгрөгт зарна гэж үнэгүй.мн сайтад тухайн өдрөө байршуулсан. Тухайн өдрийн үдээс хойш над руу зарын дагуу холбогдож байна гэж эмэгтэй хүн залгаж орж ирээд тухайн хүн надаас хашаа байшин сонирхож байна үзэж болох уу гэж хэлэхэд нь би тухайн хүнд одоогоор надаа зав алга орой үзүүлж болно. Над руу олон хүмүүс залгаад байна, та харин урьдчилгаа мөнгө шилжүүлбэл би тухайн зарыг Үнэгүй.мн сайтаас устгалаа гэж хэлэхэд тухайн хүн надаа хоёулаа уулзаад яръя гэж хэлэхэд нь би та Баянгол дүүрэгт байрлах зурагтын урд талын приус центр дээр хүрээд ир гэж хэлээд тухайн хашаа байшин сонирхож байсан эмэгтэй надтай ирж уулзаад надаас урьдчилгаа хэдэн төгрөг хийх вэ гэж асуухад нь 5.000.000 төгрөг хийчих би ажлаа тараад цуг явж хашаа байшингаа явж үзье гэж хэлсэн. Тэгээд би тухайн хүнд өөрийн эзэмшлийн ***** тоот дугаарын дансаа өгч 5.000.000 төгрөг дансаараа авч залилсан.”... гэсэн мэдүүлэг (2- хавтаст хэргийн 59-61 дэх тал)
Яллагдагч Э.*****ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 24-29 дэх тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 84 дэх тал) зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Э.***** нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Үнэгүй.мн сайтад байрлуулсан приус 40 зарна гэх зарын дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа машин худалдан авахаар холбогдсон М.*****ийг нисэхээс нэг хүн ирж үзнэ гэсэн, урьдчилгаа мөнгө хийчих гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн ***** дугаартай лансаар 5.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан.
Мөн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр цахим орчинд байрлуулсан байсан зарын дагуу холбогдсон Л.*****ийг хашаа байшин зарна гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух төөрөгдөлд оруулан Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн эзэмшлийн ***** тоот данс руу 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Э.*****ийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд,
Хохирогч *****гийн *****ийн ***** тоот дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хавтаст хэргийн 215 дахь тал),
Шүүгдэгч Э.***** болон Л.***** нарын цахим хаягаар харилцсан мессежний хуулбарууд (1-р хавтаст хэргийн 219-224 дэх тал),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 14-16 дахь тал), зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч Э.***** нь ганцаараа бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үргэлжилсэн гэмт хэрэг гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.
Шүүгдэгч Э.*****ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.***** нь хохирогч М.*****д 5.000.000 төгрөг, Л.*****т 5.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг ... хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууц замаар залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: “...шүүгдэгч Э.*****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуульд зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 10 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 2 сар 10 хоногоор тогтоож, 2024 оны 8 сарын 15-ны өдрөөс эхлэн 187 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас хасаж тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч нарт 10.000.000 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлыг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгуулах саналтай...”гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...улсын яллагчийн дүгнэлт саналтай танилцлаа. Э.***** нь 2023 оны 03 дугаар сард залилах гэмт хэрэгт шийтгүүлсэн. 2022 онд үйлдсэн 3 үйлдлийн 2-т нь өнөөдөр яллах дүгнэлт үйлдэж оруулж ирж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа. Хэрвээ энэ хэргүүдээ нэгтгүүлээд шийдүүлсэн бол өнөөдрийн ийм асуудал үүсэхгүй байсан. Хэрэгт авагдсан баримтаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байгаа бөгөөд энэ талаараа анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Гэм буруугийн хурал дээр маргахгүй байгаа. Хохирлын хувьд хорих ангид ял эдэлж байгаа тул хохирол төлбөрийг барж барагдуулж чадаагүй. Ар гэрийн байдлын хувьд хүнд учир улсын өмгөөлөгч авч шүүх хуралдаанд оролцож байгаа. Ялын хувьд 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ялын тооцоогоор биеэр 4 сар 7 хоног эдэлсэн гэх боловч 2024 оны 02 сарын 27-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 99 хоногийг ял эдлэх хугацаанд тооцохоор заасан боловч ял эдэлсэн хугацаанд оруулаагүй байгааг нь зөвтгөж тооцуулах нь зүйтэй байна гэж үзэж байна.: Мөн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс цагдан хорих захирамж гаргаж 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хорих ангид өгсөн байдаг. Тиймээс цагдан хоригдсон нийт 197 хоногийг эдлэх ялаас тооцуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хариуцлагын хувьд гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөрөө цаашид төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ял дээр нэмж нэгтгэж өгнө үү... ” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Хэргийн шүүгдэгч Э.***** нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас биеэр 4 сар 07 хоногийн ялыг эдэлсэн баримттай байна. (хавтаст хэргийн 134 дэх тал), шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан 99 хоногийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас нь хасаж тооцоогүй ялын тооцоог гаргасан гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна. Учир нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ялын тооцооны лавлагаагаар түүнийг цагдан хоригдсон хоноггүй гэж биечлэн эдэлсэн ялыг 04 сар 07 хоног гэж тооцсон нь алдаатай байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас гаргасан 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн ялын тооцоог зөвтгөж шүүгдэгчийн цагдан хоригдсон 99 хоногийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас хасаж биечлэн эдэлсэн ялыг 7 сар 16 хоногоор тооцож өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг 1 жил 4 сар 14 хоног гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийн үйлдэлд тогтоогдоогүй болно.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, прокурор, өмгөөлөгч нарын гаргасан санал дүгнэлтийг шүүх харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Э.*****т 1 жилийн хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн,... бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэсэн журмын дагуу шүүгдэгч Э.*****т энэ тогтоолоор оногдуулсан 01 /нэг/ жил хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жил 04 /дөрөв/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын хэмжээг нийт 02 /хоёр/ жил 04 /дөрөв/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хорих ял гэж тогтоох нь зүйтэй.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 575 дугаартай шүүгчийн захирамжаар (1-р хавтаст хэргийн 139-140 дэх тал) хорих ангиас шилжүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болох нь нотлогдож байна.
Энэ хэрэгт Э.***** нь 2024 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх энэ өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 201 /хоёр зуун нэг/ хоногийг (хэргийн 167 дахь тал) Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцох” журмын дагуу түүний эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.*****д 5.000.000, Л.*****т 5.000.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд эдгээр баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх явцад хохирол төлбөр төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Э.*****өөс нийт 10.000.000 /арван сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч ****дүүргийн ***дугаар хороо, *** дугаар хороолол, **** тоотод оршин суух, /РД:*****/, Чонос овогт *****ын *****д 5.000.000 /таван сая/, хохирогч ***** дүүргийн ****** хороо, ***** тоотод оршин суух /РД:*******/ Боржигон овогт *****гийн *****т 5.000.000 /таван сая/ төгрөгийг тус тус олгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, эрүүгийн хэрэгт Э.*****ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт *****ын *****ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.*****т 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Э.*****т энэ тогтоолоор оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 575 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жил 04 /дөрөв/ сар 14 /арван дөрөв/ хоногийг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 02 /хоёр/ жил 04 /дөрөв/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ял гэж тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.*****т оногдуулсан 02 /хоёр/ жил 04 /дөрөв/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Э.*****ийн цагдан хоригдсон нийт 201 /хоёр зуун нэг/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Э.*****өөс нийт 10.000.000 /арван сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч ****х дүүргийн **** дугаар хороо, **** дугаар хороолол, **** тоотод оршин суух, /РД:*****/, Чонос овогт *****ын *****д 5.000.000 /таван сая/, хохирогч **** дүүргийн **** хороо, ***** тоотод оршин суух /РД:******/ Боржигон овогт *****гийн *****т 5.000.000 /таван сая/ төгрөгийг тус тус олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Энэ хэрэгт Э.*****ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.*****т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин ***** болох хүртэлх хугацаанд Э.*****т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ