| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2018/02104/И |
| Дугаар | 101/ШШ2018/02076 |
| Огноо | 2018-06-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2018/02076
зээл
| 2018 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 101/ШШ2018/02076 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, Голден парк 103-78 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Лхамаагийн Гансүх /регистрийн дугаар: ЦА66071416/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо 84/2 дугаар байр, 25 тоот хаягт оршин суух, Цэцүнг овогт Пүрэвдоржийн Мөнхтуяа /регистрийн дугаар: ХМ71060166/-д холбогдох
21,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг, Н.Бадамцэцэг, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Улаанбаатар төмөр замын Улаанбаатар өртөөнд хамт ажилладаг*******д 2013 оноос эхлэн хүүхэд АНУ явах гээд мөнгө хэрэг болоод байна, Засгийн газрын 880 төсөлд хамрагдах гэсэн юм, гаалиас машин буух гэж байна гэх зэргээр мөнгө зээлсээр байгаад нийт 20,700,000 төгрөгийг зээлсэн байсан. Ингээд зээлсэн мөнгөө авах гэхэд удахгүй өгнө гэсэн тул 2 тал харилцан тохиролцож 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээг бичгэн хэлбэрт оруулж 700,000 төгрөгийг нь хасч 20,000,000 төгрөг болгон 3 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй байхаар тохиролцож гэрээ байгуулж нотариатаар батлуулсан.
Гэрээ байгуулснаас хойш*******г зээлсэн мөгөө төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч удахгүй өгнө гэдэг ч миний ХААН банкны 5019429614 тоот данс руу 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 500,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарынэ 11-ний өдөр 200,000 төгрөг төлснөөс хойш ямар ч төлөлт хийгээгүй болно. Цагдаад эрэн сурвалжлуулснаас хойш мөнгийг чинь 2 саяар нь төлсөөр байгаад дуусгъя гэдэг ч төлөлт хийгээгүй.
Иймд үндсэн зээл 20,000,000 төгрөг зээлийн хүү 2,400,000 төгрөг, нийт 22,400,000 төгрөг болж байгаагаас Мөнхтуяа миний данс руу шилжүүлж төлсөн 700,000 төгрөгийг хасч 21,700,000 төгрөгийг*******гаас гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг, Н.Бадамцэцэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие, хамт ажилладаг *******ээс хамгийн анх 2013 онд машин гаалиас авах гэж 1,800,000 төгрөг, хүүхдээ сургуульд явуулах гэж 3,000,000 төгрөг, Засгийн газрын Жижиг дунд үйлдвэрийн төслийн зээл хөөцөлдөх гэж 1,500,000 төгрөг, нийт 10,500,000 төгрөгийг зээлж авсан. Эдийн засгийн хувьд хүнд байсан болохоор мөнгөө төлж чадаагүй. *******ийн эхнэр Тунгалаг бид 3 олон жил бие биенээ таньдаг, найз нөхөд явсан хүмүүс. 2014 онд нотариатаар орж зээлийн гэрээ хийхдээ ******* нь Чи надад нотариатаар ороод 20,000,000 төгрөг гээд бичээд өгөөч. Би байсан мөнгөө хүмүүст тараагаад өгсөн. Тунгалаг мэдвэл надад уурлаж, бөөн хэрүүл болно. Чамайг гэвэл хардаж уурлахгүй ээ. Чиний зээлийн бүтэхээр би зохицуулаад болгочихно гэж хэлсэн. Би энэ 2 гэртээ жоохон таарамж муутай байдаг болохоор За яах вэ, тэгье гээд Баянгол дүүргийн ард байдаг нотариатч дээр орж зээлийн гэрээ хийсэн. Тэр үед манай ажлын Эрдэнэсувд, Тайванмандах, Атарцэцэг зэрэг нэлээн хэдэн хүүхнүүдийн мөнгө зээлсэн байсныг би мэдэж байсан. Өөрөө ч тэр зээлийн гэрээ хийхдээ энэ олон хүүхнүүдийн нэрийг хэлбэр Тунгаа /эхнэр нь/ боож үхнэ, ганц чамайг гэвэл яах ч үгүй гээд би ч нээрээ тийм дээ гээд 20,000,000 төгрөгийн нэрээ хийж өгсөн. Тэр үеэс хойш жил гаран өнгөрч нөгөө хөөцөлдөж байсан зээл маань ч бүтэхээ байж би хүнд зээлийн хүүний мөнгө гэж өгсөөр хэцүү байдалд орсон. *******т хэлж хүлээж байхыг гуйсан. Мөнгөний боломж гарахаар нь бага багаар нь өгсөн. *******ийн эхнэр Тунгалаг утсаар ярьж Г.Хонгорзул гэдэг хүний ХХБ-ны дансанд 400,000 төгрөг, *******ийн өөрийн дансанд 500,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 200,000 төгрөг, 200,000 төгрөг зэрэг бага багаар нь өгч байсан. Би *******ээс авсан 10,500,000 төгрөгөөс өмнө өгсөн мөнгөний дүнг хасч үлдсэн мөнгөө төлнө. Тэгэхээр нэхэмжилсэн 21,700,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулж, зээлийн гэрээний үүрэгт 21,700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээнээс үзэхэд, зээлдүүлэгч ******* нь зээлдэгч*******д 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс мөн оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд 4 хувийн хүүтэй, алданги тооцохгүйгээр зээлдүүлсэн, талууд мөнгө хүлээлцэхдээ акт үйлдэх тухай тусгасан байна.
Талууд дээрх зээлийн гэрээг бичгээр байгуулахдаа өмнөх зээлүүдийн төлбөрийг нэгтгэн, бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд зээлдэгч, зээлдүүлэгч талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээх талаар Иргэний хуульд зохицуулсан, талууд зээлийн хүүг харилцан тохиролцож тогтоосон байх тул зээлийн гэрээний 1-д зааснаар, 20,000,000 төгрөгийн зээлийн хүүг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй.
Хариуцагч******* нь дээрх зээлийн төлбөрт 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 500,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 200,000 төгрөгийг тус тус төлсөн нь хэрэгт авагдсан *******ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх тул үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү 2,400,000 төгрөг, нийт 22,400,000 төгрөгөөс дээрх 700,000 төгрөгийг хасч тооцсон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбараа нотлох баримтаар нотлоогүйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч*******гаас 21,700,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******эд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 266,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА