2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/518

 

 

 

 

 

 

 

 

   2025          02           18                                     2025/ШЦТ/518

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, **** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал, улсын яллагч Т.Төмөртулга, шүүгдэгч Э.****-**** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

**** дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Тайжууд овогт ****ий ****-****д холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ****-ны өдөр **** аймгийн ****хайрхан суманд төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, ****** үсчин ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт **** дүүргийн *** дүгээр хороо **** тоотод орших суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Тайжууд овогт ****ий ****-**** (РД:******)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.****-**** нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө **** дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт гудамжинд тухайн үед үүссэн үл ялих шалтгааны улмаас хохирогч Н.****тай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хоёр бугалга, шуу, шилбэ, баруун гуя, өгзөгт цус хуралт, хэвлий бүсэлхий нуруу, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл бүхий  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг: Шүүгдэгч Э.****-**** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч Э.****-**** “...Өмнө нь болсон асуудлын талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Гурав: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Н.**** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 04 сарын эхээр ****-**** эгчийн түрээсийн байранд нь 2 сар хамт амьдрахаар болоод түрээсийн мөнгийг нь хувааж өгөөд байрласан. 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 21 цагийн үед ****-**** эгчийн найзуудтай бид хэд нэг найзынх нь гэрт очоод пиво хувааж уугаад юм ярьж суусан. Тэгээд дараа нь **** төвийн караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. За тэгээд шөнийн 01 цагийн үед караокеноос гарч ****-**** эгчийн найзынд нь очих гээд таксинд суусан. Таксинд ****-**** эгч надаас миний гар утсыг авсан биз дээ гэж асуухаар нь би гар утсыг нь авсан гэж бодоод авсан авсан гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн юунаас болж юу гэж маргалдсан гэдгээ бол сайн санахгүй байна. Тэгээд таксинаас буугаад ****-**** эгч намайг гичий, янхан гэж дуудаж эрийн дэвсгэр минь гээд хэлэх хэлэхгүй үгээр доромжилж эхэлсэн. Тэгэхээр нь хоёулаа аль алин согтуу байна эрүүл байхдаа учраа олъё гэж хэлээд ****-**** эгчийг хаяаад түрүүлээд гэр рүүгээ харих гээд **** дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин агуулахын баригдаж буй барилгын ертөнцийн зүгээр баруун талын гудамжинд алхаж байтал**** эгч араас гүйж  ирээд намайг үсдэж газар унагаагаад миний дээр гарч сууснаа миний хоёр хацар руу нэг нэг удаа алгадсан. Тэгээд гэдэс рүү нэг удаа мөн баруун гуя руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд намайг үсдэж газар чирсэн чинь ****-**** эгчийн нэг найз нь салгасан. ****-**** эгч чи хувцсаа аваад манайхаас зайл гээд элдвээр доромжилж орилоод би тэндээсээ ****-**** эгчээс салаад ганцаараа явсан...” гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн 11 дэх тал),

 

Гэрч У.****-**** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 29-ний орой **** дүүргийн **** дүгээр хороо **** зочид буудлын хойд талд байрлах караокеноос ****-****, **** болон  манай дахиад нэг эмэгтэй найзынхаа хамт гарч ирэхэд нь би уулзаад хамт такси бариад ****- худалдааны төвийн замын баруун талд айлд очих гэж байсан. Таксинаас буусны дараа гудамжинд ****-****, **** нар хоорондоо маргалдаад зодолдоод байх шиг байсан. Би тухайн үед очих байсан айлынх нь хашаан дотор орчихсон байсан. ****-****, **** хоёрыг хамт явж байсан эмэгтэй найз нь салгаж болиулсан. Юунаас болж хоорондоо маргалдаж зодолдсоныг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн 40 дэх тал),

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 7350 дугаар: “...Н.****гийн биед хоёр бугалга, шуу, шилбэ, баруун гуя, өгзөгт цус хуралт, хэвлий, бүсэлхий нуруу, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтас хэргийн 23-24 дэх тал),

 

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар  танилцуулсан баримт (хавтаст хэргийн 48 дахь тал),

 

Яллагдагч Э.****-**** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...прокурорын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолыг уншиж танилцаад хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед таксинаас буугаад Н.****гаас утсаа нэхсэн чинь таксинд миний утсыг үлдээгээд явуулсан байсан бөгөөд гар утсыг чинь би төлөөд өгчихье, аав, ээжээсээ мөнгө аваад өгье, танай ээж, аав чинь ядуу биз дээ гэж хэлэхээр нь би миний ээж, аав ядуу байтлаа чамаас хоногийн хоол нэхээ юу гэж хэлээд уурлаад хэрүүл, зодоон эхэлсэн. Тухайн үед **** миний гэдэс рүү хөлөөрөө 1 удаа тийрч бид хоёр үсдэлцэж шавхайн дээр халтирч газар унаж, өнхөрсөн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал)

 

Шүүгдэгч Э.****-Эрдэнийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 67-72 дахь тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтас хэргийн 54 дэх тал)  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Э.****-****д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Э.****-**** нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө **** дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт гудамжинд тухайн үед үүссэн үл ялих шалтгааны улмаас хохирогч Н.****тай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хоёр бугалга, шуу, шилбэ, баруун гуя, өгзөгт цус хуралт, хэвлий бүсэлхий нуруу, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Н.****, шүүгдэгч Э.****-**** нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар хүлээн мэдүүлэг мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 7350 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч У.****-Эрдэнийн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Н.****гийн эрүүл мэндэд нь “...хоёр бугалга, шуу, шилбэ, баруун гуя, өгзөгт цус хуралт, хэвлий бүсэлхий нуруу, хоёр өвдөгт зулгаралт...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Э.****-**** түүнийг үсдэж газар унагааж цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.****-****, хохирогч Н.****гийн биед хоёр бугалга, шуу, шилбэ, баруун гуя, өгзөгт цус хуралт, хэвлий бүсэлхий нуруу, хоёр өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

**** дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Э.****-****д ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.****-**** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

            2. Шүүгдэгч дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, прокурор гаргасан санал дүгнэлт зэргийг харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Э.****-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.****-****д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Э.****-****д оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.****гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчоос эмчилгээний зардалд хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн нэхэмжлэлгүй байх ба шүүх хуралдааны тов мэдэгдэж түүний хэрэгт тэмдэглүүлсэн ********5 дугаараар холбогдоход “гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэл хэрэгт авагдсан зэргийг харгалзан шүүгдэгч Э.****-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн ****  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тайжууд овогт ****ий ****-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.****-****д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.****-****д торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.****-****д оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн **** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.****-****д урьд авсан хувийн ****алгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн ****алгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ